| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/137 |
| Огноо | 2017-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.О |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2017/ШЦТ/137
2017 оны 10 сарын 31 өдөр 2017/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0144/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг
Улсын яллагч Д.Отгонтуяа
Хохирогч Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж
Шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш холбогдох 1739001240039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн нутаг “Буянт” гэх газар улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Х-ны амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Б: малдаа явчихаад орж иртэл миний гар утас дуугарсан. Тухайн үед 12 цаг өнгөрч байсан ба Ш-ын эхнэр Т ярьж байсан. Намайг туул манай гэрт хүрээд ирэх үү Х Ш-той хамт мотоцикльтой явж байгаад онхолдоод уначихлаа гэж хэлсэн. Ш-ын гэрээс хойш 300 орчим метр газар миний хүүхэд Х дээшээ харчихсан ухаангүй амьсгаатай байсан. Аймгаас ирсэн эмч бие нь муу байна тархинд нь хүнд гэмтэл авсан байна гээд аймгийн эмнэлэг рүү авч явсан. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 5 цагийн орчимд Бэрх хотын эмнэлэгт ирээд удалгүй манай хүү Х нас барсан. .. Тухайн үед Ш мотоцикль жолоодож манай талийгаач хүү ард нь суугаад явж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-28хуу/
Гэрч Д.Т-ын: Ш манай талийгаач хүү хоёр түрүүлээд мотоцикльтой явсан. ... Гэнэт тоос гарсан. Очиход Х, Ш хоёр ухаангүй хэвтэж байсан. ... аймгаас ирсэн гэмтлийн эмч Х-ийг тархиндаа хүнд гэмтэл авсан байна авч явна гэж хэлсэн. Бэрх тосгоны эмнэлэгт манай хүү Х 5 цаг өнгөрч байхад нас барсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33хуу/
Гэрч Д.Т: Ш-ын гэрээс хойд зүгт 2-3 км газарт хонхорт ороод гараад иртэл Ш, Х хоёр мотоцикльтойгоо унасан байсан. Тухайн мотоциклоос унадаг газар нь тэгшхэн газар байсан. Машины шороон замтай байсан. Х, Ш хоёр ухаангүй хэвтэж байсан. Норовлин сумын эмнэлэгт ортол Хос-Эрдэнэ ухаан ороогүй. ... Бэрхийн эмнэлэг ороод удалгүй нас барлаа гээд аав нь уйлаад байсан. Шижир болд жолоодож явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38хуу/
Гэрч Х.Г: 2 хүн мотоциклоос уначихсан хэвтэж байсан. Намайг очиход хурхирч байсан. Би суганаас нь тэврээд дугтарсан. Ш өөрөө босоод ирсэн. Б хүүхэд нь ухаангүй байсан. ... Ш би барьж явсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41хуу/
Шинжээчийн дүгнэлт: /2017.10.05 №56/
Талийгаач Т.Х тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины хаван, эдийн няцрал, чих, шанаа, гарын сарвуу, шагайн зулгарсан зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насан аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт. /хх-ийн 72-73хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-10хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн нутаг “Буянт” гэх газар улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Х амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт дахь хэсэгт .... тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан хэдий ч, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ... хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэж заасан нь заавал хэрэглэх зохицуулалт биш тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийн харгалзан үзэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн болон хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.Ш-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ш-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасч, 01 жил 06 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ш- оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ш авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА