Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 31

 

М.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0045/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор                                      Б.Батсүх

Хохирогч                                       Б.С-

Хохирогчийн өмгөөлөгч               Р.Лхамсүрэн

                                                      Б.Чинбаатар

Шүүгдэгч                                       М.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Дашдорж

                                                      М.Жаргалсайхан   

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой, М-ын А-д холбогдох, 201609000462 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгчид Б.Дашдорж, М.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай,  О- овогт М-ын А-

Шүүгдэгч М.А- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилж бусдад 215.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч О- овогт М-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилж бусдад 215.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар шүүгдэгч М.А-г 6 /зургаа/ жил, 8 /найм/ сар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 6 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч М.А-гаас нийт 125.500.000 төгрөг гаргаж, үүнээс  хохирогч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг 22-1-5 тоотод оршин суух Боржигон Донойгийн С-д 15.0 сая /арван таван сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг 16-165 тоотод оршин суух Боржигон Буяндоржийн Сэмжээтамид 56.500.000 тавин зургаан сая таван зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг 1- р хороолол 9-56 тоотод оршин суух Ягааныхан Жаргалын С-  54.00. 000 /тавин дөрвөн сая/ төгрөг тус тус олгох,

-  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сснсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

- Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А- давж заалдах гомдолдоо:

... Миний бие М.А- нь “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч “БНХАУ”-н иргэн холбоо /Ли шан/-д өгсөн юм. Энэ нь ямар учиртай вэ гэвэл холбоо нь надаас авсан 50 мянган ам доллараар зээл авч үйлдвэр явуулахад туслах зориулалттай байсан юм. 50 ам долларыг банкинд хийж холбоонд шилжүүлсэн баримт хавтаст хэргийн материалд байгаа. Энэ мөнгийг авах гээд би Хятад улсад 3 жил холбоог сахиж суусан боловч өгөөгүй, тэгээд буцаж ирэхдээ мөнгөгүй болж Хятадын цагдаагийн байгууллагад хандсан. Холбоо нь энэ мөнгийг 2 дугаар сарын 20-ны өдөр өгнө, 2 дугаар сарын 28-ны өдөр өгнө гэсээр байгаад одоо бүр хойшлоод 3 дугаар сарын 8-ны өдөр өгнө гэж хэлсэн, үүнийг л харж байна.

16 давхрын байрыг Б.С-ад 25,0 сая төгрөгөөр худалдаж авч өгсөн юм. Үүнийг 16 давхрын СӨХ-н дарга хийж байсан А-гаас худалдаж авсан болно.

А- нь байрны хөлсийг нь өгч чадахгүй, банкны зээлэнд 22 сая төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг нь өөрөө тоолж авсан юм. Үүнийг А-гаас асуухад сайн хэлж өгнө. Энэ хүн Мангиртад амьдарч байгаа. Энэ мөнгийг би өөрийн биеэр төлсөн тул сайн мэднэ. Б.С-аас ямар ч мөнгө гараагүй болно.

Б.С-ийн ээжээс 15 сая төгрөг түр зээлж барьцаанд байсан “Лексус 470” маркийн машиныг авч зах дээр зарж мөнгийг эргүүлж өгсөн. Ээж нь надад хэлэхдээ энэ мөнгийг авсан гэж хэлж байсныг өөрөөс нь асуух хэрэгтэй байна. Дээрх хэргийг нягтлан шалгаж шийдвэрлэж өгнө үү.., давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.

Шүүгдэгч М.А-н өмгөөлөгч Б.Дашдорж, М.Жаргалсайхан нар давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “нотолбол зохих байдал”ийг хуульчлан заасан байх бөгөөд 1.3 Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн дүүрэн нотолж чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Өмгөөлөгчийн зүгээс “мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.

Хохирогч В.Д-гээс 90,0 сая төгрөг авсан гэх хэргийн тухайд:

1-р хх-5-р талд хамтран ажиллах гэрээ /гарын үсэг хоёулаа зурсан/ байдаг бөгөөд тус газар нь анх /1-р хх-н 6-р талд талд газрын гэрчилгээний хуулбар /Болдбаатарын Жавхлан гэх нэр дээр/ байсан нь хэргийн материалд авагдсан байна. Тус газартай холбоотой хэргийн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч байсан нь 1-р хх-н 21-р талд В.Д-гээс авсан тайлбар: ...Ц.Э- намайг өөрийн танил ... М.А- гэж хүнтэй танилцуулж байсан... 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээнд заасан нийт үнийн дүнгийн 50 хувь болох 90 сая төгрөгийг бэлнээр өгсөн. 1-р хх-87-р талд гэрч Ц.Э-ын мэдүүлэг: ... Д- ах намайг газрын гэрчилгээний хуулбарыг аваад явуул гэсэн би А-гаас газрын гэрчилгээний хуулбарыг авч Д- ах руу явуулж байсан Банзрагчаас гэрчилгээний хуулбар аваагүй.

2-р хх-н 37-р талд гэрч П.Г-ын мэдүүлэг: Алтанцэцэгээр дамжуулж тэр Банзрагч гэж хүнд хэлээд Банзрагч Улаанбаатар хотоос Дарханд ирж А-тэй уулзсан. Тэгээд би түүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй гэж тухайн хэргийн гэрчүүд нь зөрүүтэй мэдүүлэг өгч байсан.

Мөн хохирогч В.Д- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж байцаалт өгсөн түүнийг хэрхэн яаж шийдвэрлэсэн тодорхой бус байна. 2-р хх-н 197-р талд хохирогч В.Д-гийн мэдүүлэг: ...нийтдээ 116.088.000 төгрөгийг би энэ асуудлаас болж зарлагдсан. Гэхдээ би хэргийн материалтай танилцсан, энэ М.А- гэж хүн хүнд хөрөнгө огт байхгүй юм байна лээ, дээр нь өөрөө өндөр настай аав ээж нь асуудлаас болж шаналж зовж байгаа байх гэж бодоод би энэ хүнээс энэ мөнгийг нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй гэж хэлмээр байна.

Тэгэхээр би дахин энэ асуудлаар гомдол санал нэхэмжлэх зүйл гаргахгүй гэдгээ хэлмээр байна мэдүүлэг өгсөн.

Хохирогч Б.С- болон Д.С- нарыг залилсан гэх үйлдлийн тухайд:

Доорх гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ялтан М.А- нь хохирогч Б.С-тай хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй. 2011 оноос 2014 оныг хүртэл амьдарч байсан.

1-р хх-н 103 дугаар талд гэрч Б.Н- мэдүүлэг: Миний дүү Б.С- Швед улс руу явах гээд надад 10 сая төгрөг үлдээсэн юм. ... надад мөнгө гээд байхгүй юмгүй, би дүүгийнхээ өгсөн мөнгийг хүнд зээлээд эргэлдүүлээд жоохон өсгөсөн тэрийгээ бүгдийг нь аваачиж өгсөн. 1-р хх-н 141-р талд хохирогч Б.С- мэдүүлэгт: 2011 онд М.А- Шведэд миний араас ирэхдээ эхнэр, хүүхдээсээ салсан бөгөөд тэр үеэс ерөнхийдөө эр, эмийн харилцаатай болж бид 2 дундаасаа 1 охинтой бөгөөд 4 настай.

1-р хх-н 47-р талд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны Б.С-аас авсан тайлбар: ... Монголдоо ирээд өөрт байгаа мөнгөөрөө байр авах гэхэд бага хэмжээний мөнгө дутаад М.А-гаас мөнгө авч одоо өөрийн амьдарч байгаа байрыг худалдан авч гэрчилгээг нь М.А- бид 2-н дундын өмчөөр гаргуулсан. 2-р хх-62-д Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Б.С-, М.А- нарын нэр байдаг.

2-р хх-н 104-105р талд М.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг: Ас: Дархан-Уул аймгийн 12 дугаар баг 16 дугаар байрны 165 тоот байрлах 4 өрөө орон сууц хэний өмч юм вэ? хар: Миний өмчийн орон сууц байгаа юм, би өөрөө 25 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн үед ажил хийж байсан болохоор 40-50 сая төгрөг бол миний халаасанд байдаг байсан. Надад байсан мөнгөө би А- гэж хүнээс авсан мөнгийг бэлнээр өгсөн.

2-р хх-н 139-р талд улсын бүртгэлийн мэдүүлэгт: М.А-, Б.С- нарын орон сууц нь Магвансүрэнгийн Амаржаргал гэж хүний нэр байсан байна. 2-хх-н 143-р талд Худалдах, худалдан авах гэрээнд зөвхөн худалдан авагч талаас М.А- нь зурсан байна.

“Эко капитал” ББСБ-аас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 80 000 000 сая төгрөгний зээл авч Хятад руу 50.000 доллар шилжүүлсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

1-р хх-182-190-р талд 2013-2014 оны хуулга /60-70 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна / Хаан банкны дансны хуулга, уг хуулганд 2014 оны 05 дугаар сарын 16-нд Эко капиталаас 70.000.000 сая төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 20-нд 10 сая төгрөг шилжүүлсэн баримт байна.

1-р хх-н 230-р талд гэрч Ж.С-гийн мэдүүлэгт: ... М.А- зээл авахын тулд “Эко капитал” ББСБ-н эдийн засагч Батсайхан 10.000.000 төгрөгийг өгсөн гэж Б.С-ад М.А- өөрөө хэлсэн гэдэг.

2-р хх-н 63-72-р талд “Эко капитал” ББСБ-н зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, 2-р хх-н 89-р талд гэрч О.Сарангэрэлийн мэдүүлэг: .. 2014 оны 4-р сард М.А- намайг УБ хотод ажиллаж байхад “Би Би Жи Эн” ХХК-г худалдаж авч байгаа... намайг хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаад өгөөч гэж гуйгаад би ажилд орсон.... тухайн үед яг хэнээс зээл авах талаар нь мэдээгүй, ямар ч гэсэн зээл авах гэж байна гээд Батсайхан гэж хүнийг дагуулаад яваад байсан, би ойлгохдоо Батсайхан гэж хүн зээл гаргаж өгөх гэж байгаа бололтой байсан, тэр Батсайханыг яагаад сайн таниад байна гэхээр манай ажил дээр ирж байсан 2 ихэр хүүхэдтэй байсан.

Хийгдвэл зохих ажиллагааны талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3.д “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэх судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчлан заасан байхад хавтаст хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтууд байсаар байхад шүүх анхаарч үзээгүй.

Уг хэргийн үйлдлийн хүрээнд миний үйлчлүүлэгч 4 үйлдлээр буруутгагдаж байгаа бөгөөд үйлдэл бүр өөрийн онцлог шинжтэй байхад нэгийг нь нөгөөгөөс ялгаж үзээгүй. Залилан мэхлэх гэмт хэргийн гол онцлог нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэж буцаан өгөх санаа зорилгогүйгээр өөртөө авдаг бол М.А- нь дээрх мөнгийг БНХАУ-руу тоног төхөөрөмж авах зорилгоор шилжүүлсэн бөгөөд уг мөнгөний араас хөөцөлдөж явсан талаар удаа дараа өөрөө болон гэрчүүд мэдүүлж байгаа боловч шүүх анхаарч үзээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирол, хор уршиг”-н талаар хуульчлан заасан бөгөөд 1 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчлан заасан бөгөөд анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 215.500.000 төгрөгийн хохирол гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь 2-р хавтаст хэргийн 98 дугаар талд 2018 оны 06 сарын 25-ны өдрийн “Капитал зууч” ХХК Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний баримт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэнд “Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар хороо, 16 дугаар байрны № 165 тоотод байрлах 50.5м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны (УБД Ү-2003003540) зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргав ...2018 оны 06 дугаар сарын 25 байдлаар 53.000.000 тавин гурван сая”, Хавтаст хэргийн 92 дугаар талд 2018 оны 06 сарын 25-ны өдрийн “Капитал Зууч” ХХК шинжээчийн дүгнэлтэнд 2018 оны 06 сарын байдлаар 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл уг хохирлын үнэлгээг гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2014 оны байдлаар буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаагаар үнэлэх ёстой байсан.

1-рт: Гэмт хэргийн хохиролд тооцсон үл хөдлөх хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх.

2-рт: Б.С- нарын орон сууц нь дундын өмч байх бөгөөд энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг мөн эсэх,

3-рт: М.А- нь 63 настай бөгөөд одоо хэргийн зарим болсон үйл явдлыг санаддаггүй нь энэ хүн үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх тал дээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс шинжээч томилж дүгнэлт гаргуулах,

4-рт: М.А- нь зээл аваад уг мөнгөөр тоног төхөөрөмж авахаар “БНХАУ”-н иргэн “Лин шан” гэх иргэнд шилжүүлсэн талаар баримт хэрэгт байдаг бөгөөд уг асуудлын талаар мөрдөн шалгах жиллагаа явуулаагүй бөгөөд уг нөхцөлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах,

5-рт: Зээл авахын тулд “Эко капитал” ББСБ-д ажиллаж байсан гэх Батсайхан гэх хүнийг гэрчээр байцаагаагүй, энэ хүний талаар 2 гэрч мэдүүлдэг, зээлд зуучилсан эсвэл зээл олгосон эсэхийг шалгах,

6-рт: М.А-н хувийн байдал болон түүний эрхэлж байсан уурхайн болон төслийн бизнес, аж ахуйн талаар нь бүрэн гүйцэд тодруулаагүй.

7-рт: “Би Би Жи Эн” болон “Холбоо уул” ХХК-н хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байхад тухайн хуулийн этгээдийн талаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч тухай хуулийн этгээдээс тайлбар аваагүй.

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3.д заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэж тус хуулийн 39.9 дүгээр 3.д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.А- тайлбартаа:

Б.С-ад ээжээс чинь мөнгө зээлээд “Хадгаламж зээлийн хоршоо”-с машиныг авч зах дээр машиныг зарчихъя гээд Лексус-470 маркийн авто машиныг зах дээр зарж 15.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгөөр нь “корона” гэдэг машиныг 8.000.000 төгрөгөөр авсан байтал хавтаст хэрэгт авагдсан баримтанд “корона” гэх машин дурдагдаагүй байна. н.А-гийн дансыг шалгах нь зүйтэй, би өөрийнхөө данснаас н.А-гийн данс руу 21.000.000-22.000.000 төгрөг шилжүүлж, үлдсэн мөнгийг бэлнээр өгч байрны түлхүүрийг авсан бөгөөд байрыг авахад би Б.С-аас нэг ч төгрөг гараагүй. Би Б.С-ын ээжид мөнгийг нь өгсөн байхад надаас мөнгө нэхэмжилж байна. Хадгаламж зээлийн хоршоо”-с авсан мөнгөө би хятад хүнд өгсөн. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.А-н өмгөөлөгч М.Жаргалсайхан, Б.Дашдорж нар  тайлбартаа:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3.д хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэх судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана... гэж заасан байхад хавтаст хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтууд байсаар байхад шүүх анхаараагүй.,  шүүгдэгчийг  4 үйлдлээр буруутгагдаж байгаа бөгөөд үйлдэл бүр өөрийн онцлог шинжтэй байхад нэгийг нь нөгөөгөөс ялгаж үзээгүй.

Залилан мэхлэх гэмт хэргийн гол онцлог нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэж буцаан өгөх санаа зорилгогүйгээр өөртөө авдаг бол М.А- нь дээрх мөнгийг БНХАУ-руу тоног төхөөрөмж авах зорилгоор шилжүүлсэн бөгөөд уг мөнгөний араас хөөцөлдөж явсан талаар удаа дараа өөрөө болон гэрчүүд мэдүүлж байгааг анхаараагүй, мөн  хуульд заасан нотолбол зохих байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн улмаас учирсан хохирол,  хэр хэмжээг бүрэн нотолж чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул  хэргийг бүхэлд нь хянан үзэж дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.., давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.С- тайлбартаа:

М.А-гээс миний хохирлыг хурдан гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

      Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.С-гийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн тайлбартаа:

М.А- нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Байр дуудлага худалдаанд орж хохирогч хохирч байна. Гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.С-ын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг шалгах явцад хүний эрхийг зөрчсөн, хууль бус эрүүдэн шүүсэн ажиллагаа хийгдээгүй, бүгд хуулийн дагуу хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Шүүгдэгч М.А-гийн үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч М-ын А-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилж бусдад 215.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

- Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар 6 жил, 8 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс нийт 125.500.000 төгрөг гаргаж, хохирогч  Д.С-д 15.0 сая /арван таван сая/ төгрөг, Б.С-ад  56.500.000 тавин зургаан сая таван зуун мянга/ төгрөг, Ж.С-д 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөг тус тус олгох, хохирогч В.Д- нь 90.000.000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл  шүүгдэгч М.А- нь 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 0.5 га газрыг иргэн В.Д-гийн нэр дээр шилжүүлж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  90 .000.000 /ерэн сая/ төгрөг бэлнээр авсан,

- 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.С-аас ...Миний төсөл дэмжигдсэн “Чингис бондын” санхүүжилт удахгүй орж ирнэ., тэр хүртэл унах машин ломбарднаас авах, ажил хөөцөлдөх мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээл, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хамтран амьдарч байсан иргэн Б.С-ын итгэлийг урвуулан ашиглаж хүү Г.Цогжавхлангийн нэр дээрх хадгаламжийг барьцаалуулан 3.500.000 төгрөгийн зээл тус тус авахуулж буцаан төлөөгүй,

- 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ж.С-, П.Жаргал нарын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 56 тоот, 42.1 мкв талбайтай 54.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууц, Б.С-, М.А- нарын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16 дугаар байрны 165 тоот, 50.5 мкв талбайтай 53.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 өрөө орон сууцуудыг “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14/004 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авч, Ж.С-, Б.С- нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.С-д 54.000.000 төгрөгийн, Б.С-ад 53.000.000 төгрөгийн хохирол  бусдад нийт 215.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан  залилах гэмт хэрэг үйлдсэн байна.  

Шүүгдэгч М.А-гийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:

- Тухайн үед болсон үйл баримт болон хохирогч Ж.С-, Б.С-,   В.Д-, Д.С- нарын гэрч Ц.Э-, Б.Ц-, Ц.Б-, Б.Ж-, А.А-, Х.Б-, Н.Б-, Б.Н-, Н.Ц-, П.Ж-,  П.Г- нарын мэдүүлэг, Б.Ж-ийн гэр бүлийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 6-р хуудас/, “Агуй рашаан” ХХК-ны аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 9-р хуудас/, М.А-, В.Д- нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ /1-р ххийн  5., 88-р хуудас/, Б.Ж-ийн  "Агуй рашаан" ХХК-тай байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээ /1-р хх-ийн  72-р хуудас/, Дархан хотын Захирагчийн албаны даргын 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай  М.А-г ажлаас чөлөөлсөн тухай тушаал /2-р ххийн 7-р хуудас /,  хохирогч Б.С-ын “Хас” банкнаас хадгаламж барьцаалж 3.500.000 төгрөгийн зээл авсан дансны хуулга, Д.С-ын “Хаан” банктай байгуулсан гэрээ /1-р хх-ийн 105-109-р хуудас/, М.А-, М.Амаржаргал нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 143-145-р хуудас/, М.А-, Б.С- нарын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 147-р хуудас/, П.Жаргал, Ж.С- нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн  62-р хуудас /, “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээний хуулбар /2-р хх-ийн  68-76-р хуудас/, “Капитал зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тайлан /2-р хх-ийн  92-93., 98-99-р хуудас/  зэргээр нотлогдож тогтоогдсон байна.          

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тооцож, хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга,  зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг ...шүүгдэгчийг яллах хангалттай баримт биш, зарим үйл баримтыг тогтоогоогүй, дутуу шалгасан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр  шүүхэд буцааж өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч шүүгдэгчийн үйлдэл  дээрх  нотлох баримт болон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон байх тул   шүүхийн дүгнэлтийг өөрчлөх,  хүчингүй болгох эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-гийн гаргасан ...хэргийг дахин нягталж үнэн, зөв шийдвэрлэж өгнө үү гэсэн., түүний өмгөөлөгч Б.Дашдорж, М.Жаргалсайхан нарын гаргасан  ... хуульд заасан нотолбол зохих байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн улмаас учирсан хохирол,  хэр хэмжээг бүрэн нотолж чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг  болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...  гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А- болон түүний  өмгөөлөгч Б.Дашдорж, М.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Ц.ТУЯА