Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0493/З |
Дугаар | 128/ШШ2020/0747 |
Огноо | 2020-12-02 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2020/0747
2020 оны 12 сарын 02 өдөр Дугаар 0747 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “И” ХХК,
Хариуцагч: ХУДТХ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргахыг ХУДТХт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани нь 2013 онд байгуулагдсан үүнээс хойш Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад татвараа төлж байсан. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай компанид татварын газраас хяналт шалгалт хийж, танай компани татвар төлөгчөөр бүртгүүлэх хэрэгтэй гээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 5208 тоот гэрчилгээ олгосон. Бидний эрхэлж байгаа ажил нь Эрчим хүчний яамнаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрчим хүчний чиглэлээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зураг төсөл боловсруулах гэсэн тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үүрэг явуулдаг, өөр чиглэлээр ажил үүрэг явуулдаггүй. Бидний хийж бүтээж байгаа ажил нь ярвигтай, хүнд эрдэм шинжилгээний ажил байдаг. Цахилгаан станцыг байгуулах төлөвлөх судалгааны ажил хийж техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулдаг. Энэ ажил нь Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлээд батлагдаж чадвал энэ төсөл нь хэрэгждэг. Манай компанийн боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлүүдээс нэлээн хэд нь батлагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бидний хийж байгаа ажил нь хүнээс туршлага, эрдэм шинжилгээний мэдлэг боловсрол шаарддаг. Манай компани томоохон ажил авч хийгээд 20 гаруй хүн ажиллуулаад, тогтмол 5-6 хүнийг цалинжуулдаг. Бидэнд ажил байнга байгаад байдаггүй, ихэвчлэн захиалгаар хийгддэг, ингэж хийгдэхдээ ихэвчлэн Эрчим хүчний яамны захиалгаар хийгддэг. Цахилгаан станцын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад захиалагч нь ажлын шаардлага гол зүйлсээ ажлын даалгавар дээрээ тавьсан байдаг. Үүнд ийм цахилгаан станц, ийм хүчин чадалтай, ийм газар баригдах, ийм байх ёстой гэсэн байдаг. Уг ажлын даалгаврыг бүрэн хангасан дизайн зураг төслийг боловсруулдаг. Бидний ажлын зураг төсөл дээр зураг төслийн компаниуд зураг төслөө хийдэг. Бид 2013 оноос хойш эрдэм шинжилгээний ажил гэх статусаар статистикийн газар бүртгүүлээд, жил бүр тайлангаа өгч байсан. Энэ тухай лавлагааг ХУДТХт гаргаж өгсөн. Хийж байгаа ажлаа Шинжлэх ухаан, технологийн хуулийн хүрээнд хийж байгаа, энэ хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Энэ тухай лавлагааг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас гаргуулж авсан. Манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш бөгөөд 2018 он хүртэл татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байсан. Биднийг татвар төлөгчөөр бүртгүүл гэхэд бид хийж байгаа ажлаа татварын байцаагч нарт тайлагнаад, татвараас чөлөөлөгдөж болох юм гэсэн учир бид төлдөггүй байсан. 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасуулах хүсэлттэй байгаа. 2013 оноос хойш нийт 20 гаруй техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Бидний энэ ажлыг тендерт оролцож авдаг учир зөвлөх үйлчилгээний ажил гэж үздэг зохицуулалт байдаг. Гэвч энэ ажил нь зөвлөх үйлчилгээ биш ажлын зураг боловсруулдаг ажил биш, дизайн зураг төслийн ажил юм...” гэв.
Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан “...эрдэм шинжилгээ судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэх заалтад хамаарч байх тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэхүү Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь 2006 онд батлагдаад хэрэгжиж байгаад, 2015 онд шинэчлэн батлагдсан. Өмнөх хууль болон өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд энэ зүйл заалт яг хэвээрээ тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч компани нь өөрийн явуулдаг үндсэн үйл ажиллагааг татвараас чөлөөлөгдөн гэж үзсэн учир бидэнд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэлээс хасах журмыг үндэслээд тухайн татварын албандаа манай компани нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ажил үйлчилгээ эрхэлж байгаа учир татвараас чөлөөлж өгнө гэх хүсэлт гаргасан. Гэтэл дүүргийн татварын алба эс зөвшөөрсөн учир Нийслэлийн татварын газарт хандсан. Гэтэл Нийслэлийн татварын газраас бидэнд албан ёсоор хариу өгөөгүй. Ингээд бид шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдэж шүүхэд хандсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т “...13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх бараа ажил үйлчилгээ, эдийн засгийн салбарын ангилалд заасан зүйлийг баримтлан чөлөөлөгдөх эсэхийг шийднэ” гэж тодорхой заасан байгаа. Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс манай компанид хариу өгөхдөө “танай үйл ажиллагаа эдийн засгийн салбарын ангилалд заасан гурван төрлийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Танай компани бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд хамаарна гэж заасан байгаа учир нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэж буруу тайлбарлаж тойруулсан хэлбэрээр манай эрх ашгийг зөрчсөн байна. Ямар ч компани байгуулагдахдаа үндсэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах чиглэлээс гадна тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах чиглэлүүд нээлттэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани нь Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулиас гадна Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиараа эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станцын техник эдийн засгийн үндэслэлийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр боловсруулдаг. Дээрх ажиллагаанууд нь эрдэм шинжилгээний үйл ажиллагаа гэдэгт хамаарна. ХУДТХ нь буруу тайлбар өгч, хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна. “И” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан “...эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээгдэхүүн ” хийж байгаа гэдэгт хамаарах вэ гэдгийг дараах хуулийн заалтаар тайлбарлаж байна. Монгол Улсын Их Хуралд 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл өргөн баригдаж хэлэлцэгдсэн. Уг хуулийг хэлэлцэж батлахтай холбоотойгоор бусад хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо шинжлэх ухааны бүтээлүүд нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлнө гэх заалтуудыг оруулж баталсан. Улсын Их Хурлын тамгын газраас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн үзэл баримтлалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Бидний хийж байгаа ажил яагаад шинжлэх ухаан технологийн төсөл гэдэгт хамаарах талаар тайлбарлая. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т “...шинжлэх ухаан технологийн төсөл гэж эрэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг онол арга зүйн өндөр түвшинд явуулж захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангасан үр дүнг бие болгон түүнийг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэн, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг хэлнэ” гэж тодорхойлсон. Иймд бидний үйл ажиллагаа Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т заасан нэр томьёо, эдийн засгийн бүх төрлийн салбарын ангилал, Сангийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын баталсан Эдийн засгийн бүх төрлийн салбарын ангиллын хоёр дугаар хавсралтаар баталсан тодорхойлолтын 72-т заасан “...шинжлэх ухааны суурь, судалгаа боловсруулалтыг гурван үйл ажиллагаанд хамруулна гээд 1. Суурь судалгаа, 2. Хавсарга судалгаа, 3. Туршилт боловсруулалт” гэх гурван төрөлд аль алинд нь хамаарч байгаа бүтээл туурвидаг юм. Нэхэмжлэгч “И” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх байтал татвар төлөгчөөр бүртгэж, татвар ногдуулж байгаад гомдолтой байгаа учир хасуулах хүсэлтээ гаргаж байна. Мөн бидний үйл ажиллагааг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүх хууль болон журамд зааснаар мөн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөг бол түүнээс албан татвар төлж төсөвт төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий Монгол улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээ борлуулалт хийсэн этгээд албан татвар төлөгч байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.12-т зааснаар “...эрдэм шинжилгээ туршилтын бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг хэдий ч нэхэмжлэгч компани нь бизнесийн зөвлөгөө өгөх, эрчим хүчний чиглэлээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. “И” ХХК нь дүрмийнхээ 1.4-т үйл ажиллагаа эрхлэх чиглэлээ заасан байдаг. Нэхэмжлэгчийн хэлсэн эрдэм шинжилгээний бүтээл туурвих, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх гэсэн нэг ч үг тухайн байгууллагын дүрэмд байхгүй. Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319А160 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эдийн засгийн бүх үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухай журамд “...эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын гурван төрлийн үйл ажиллагаа орно” гээд юу юу орох талаар заасан байдаг. 1. Урьдчилсан эрмэлзэлгүй тодорхойгүй юмс үзэгдлийг хууль үндсэн зүй тогтлыг илрүүлэн шинэчлэх шинэ мэдлэгийг бие болгоход чиглэгдсэн онолын болон туршилтын судалгаа, 2. суурь судалгааны үр дүнд бие болсон шинэ мэдлэгийг тодорхой эрмэлзэл зорилгоор бодит хэрэглээ болоход чиглэгдсэн судалгааг, 3. Судалгаа болон суурьт туршилтын үндсэн дээр бие болсон мэдлэгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн төхөөрөмж хийх шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем үйлчилгээг бие болгохоор эсвэл урьд өмнө нь хийснийг үлэмж сайжруулахад чиглэгдсэн судалгааг гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө үйл ажиллагаа ТЭЗҮ зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан “эрдэм шинжилгээ судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрөх боломжгүй. Мөн ТЭЗҮ зураг төсөл боловсруулдаг түүнийхээ хариуд гэрээгээр төлбөр авдаг нь өөрт нь ашиг болж очдог. ТЭЗҮ зураг боловсруулдаг Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг бүх газрууд буюу барилга, дулаан, цахилгаан гэх мэт байгууллагууд шинжлэх ухаан эрдэм шинжилгээ судалгааны ажлын хийдэг болж байна гэдэг агуулгыг хэлж байгаа. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд ТЭЗҮ зураг төсөл боловсруулж байгаа бүх аж ахуйн нэгж иргэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой болж байн гэдэг ойлголт өгч байна. Амгалангийн цахилгаан станцын зураг төсөл боловсруулах нь эрдэм шинжилгээ судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн биш юм. Туршилт биш тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бэлэн болгоод өгч байгаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж байгаа ажил юм. Энэ нь шинжлэх ухааны бүтээл туурвил ажил гэдэгт орохгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргахыг ХУДТХт даалгах” гэж тодорхойлжээ.
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс “...эрчим хүчний чиглэлээр шинээр баригдах цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэдэг, дагнасан, мэргэшсэн, эрдэм шинжилгээний байгууллага тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохгүй...” гэж хариуцагчаас “...нэхэмжлэгч нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил гүйцэтгэж орлого олдог тул нэмэгдсэн орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй...” гэж маргаж байгаа болно.
ХУДТХТУБ Ү.У, Э.Б нар нь “И” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 232018093 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 153,790,195.8 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Шалгалтаар “И” ХХК-ийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн байсан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, “5.2.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, “5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан”, 5.2.3-д “бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан” гэж зааснаар 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж 201021004173 дугаар гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч “И” ХХК нь бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө хуулийн этгээдээр 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс гурван жилийн хугацаатай “0.1-100 МВт болон түүнээс дээш эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах /03.9.2/, 0.1-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах /03.9.3/ ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний яамнаас авчээ.
Сангийн сайд, үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319,а/160 дугаар “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухай” тушаалаар эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, ангиллын тодорхойлолтыг хавсралтаар баталсан байх бөгөөд тушаалын хавсралтын 72 дугаарын дэд салбарт “Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны үйл ажиллагаа” багтжээ.
Энэ дэд салбарт шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын 1) суурь судалгаа: урьдчилсан үзэл бодол, эрмэлзэлгүй, тодорхой хэрэглээгүй, юмс үзэгдлийн хууль, үндсэн зүй тогтлыг илрүүлэн шинжилж шинэ мэдлэгийг бий болгоход чиглэгдсэн онолын болон туршилтын судалгаа, 2) хавсарга судалгаа: суурь судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг тодорхой эрмэлзэл, зорилгоор бодит хэрэглээ болгоход чиглэгдсэн судалгаа, 3) туршилт боловсруулалт: судалгаа болон сорилт туршилтын үндсэн дээр бий болсон мэдлэгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэсэн судалгаа зэрэг гурван төрлийн үйл ажиллагаа орохоор зохицуулсан байна.
Нэхэмжлэгч нь Эрчим хүчний яамны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ЗТ-008/17 дугаар “0.1-100 МВт болон түүнээс дээш эрчим хүчний эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах”, “0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” тусгай зөвшөөрлийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож, захиалагчийн өгсөн онцгой даалгаврын үндсэн дээр эрчим хүчний чиглэлээр “Амгалан дулааны станцыг цахилгаан дулаан хослон үйлдвэрлэх 50МВТ-аар өргөтгөх төслийн техник эдийн засгийн үндэслэлийн эцсийн тайлан”-г хийж гүйцэтгэж Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А/98 дугаар тушаалаар 11729 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ.
Тэгвэл техник эдийн засгийн үндэслэл нь техник-технологийн, эдийн засгийн, хууль эрх зүйн, үйл ажиллагааны, цаг хугацааны хувьд хэрэгжих боломж болон зах зээлийн, баялаг/нөөцийн боломжийн судалгаа бөгөөд энэ нь тухайн төсөл ашигтай юу, эсвэл ашиггүй юу гэдгийг хэлж өгдөг баримт бичиг бөгөөд төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тодорхойлохоос гадна төслийг цаашид нарийвчлан судлах, төслийн санхүүжилтийг шийдэх, бизнес төлөвлөгөө гаргах баримт бичиг болохын зэрэгцээ төслийг хэрэгжүүлэх, зогсоох, үргэлжлүүлэн судлах гэсэн тодорхой шийдэлд хүрэхийн тулд техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэдэг байна.
Нэхэмжлэгч компанийн хувьд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд ажил гүйцэтгэж орлого олдог тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-д “эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэсэн заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй байна.
Өөрөө хэлбэл “И” ХХК нь бизнесийн зөвлөгөө өгөх, эрчим хүчний чиглэлээр ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ашиг олдог, мөн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хөлсөөр захиалагчийн ажлын бичиг баримтыг боловсруулж байгааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “...энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг баримтална” заасанд хамруулах боломжгүй байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн дээр ашгийн төлөө үйл ажиллагааг эрхэлж байгааг эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шинэ болон нэмэлт мэдлэг, шинэ арга бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээний ажил гэж ойлгох боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг хуулийг судалж мэдээгүйгээс болж хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.2-д заасныг баримтлан “И” ХХК-ийн ХУДТХт “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргахыг ХУДТХт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ