Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2014/0291/з |
Дугаар | 221/МА2015/0223 |
Огноо | 2015-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0223
С.Оийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга өгч нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Оийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.О би 2002 оноос 2013 он хүртэл Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуарангийн 1175 тоот хашаанд өөрийн охин О.Тг, аав П.Сын хамт амьдарч байхдаа уг газартай хөрш зэргэлдээ байрлах манай аав П.Сын хашаагаар дамжин орохоос өөр гарцгүй одоогийн 2117 тоот газрыг өөрийн хүч хөдөлмөрөөр засан сайжруулж хүн амьдрах боломжтой болгон гэрээ барьж охины хамт амьдардаг байсан. Нийслэлийн болон дүүргийн онцгой байдлын албанаас манай амьдарч байсан газруудыг гол үер усны аюултай бүсэд байрладаг гэх шалтгаанаар эзэмшүүлдэггүй ба нүүхийг шаарддаг байсан. Жил ирэх тусам айл нэмэгдсээр 2004, 2005 оны үеэс айлуудад газрыг нь эзэмшүүлж эхэлсэн. Энэ үед аавын эзэмшиж байсан 1175 тоот газрыг аавын нэр дээр, 1175 газрын залгаа мухар газар /охин бид хоёр амьдарч байсан/-ыг өөрийн охин О.Тцийн хамт ззэмшихээр Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох материалыг өгсөн. Гэвч аав П.Сд 1175 тоот газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч, миний эзэмших хүсэлтэй газарт зөвшөөрөл олгохгүй байсан. Үүнээс хойш би Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох материалын хамт удаа дараа өгч байсан боловч хүлээж авахгүй, хүлээн авсан мөртлөө шийдвэр гаргадаггүй байсан.
2013 онд аавын эзэмшлийн газрыг дүү С.Нжд өв залгамжлуулж, нэр шилжүүлэхээр Баянзүрх дүүргийн газрын албанаас 1175 тоот газрын кадастрын зургийг гаргуултал миний 2002 оноос хойш амьдарсан, эзэмших эрх олгуулахаар удаа дараа хандсан боловч үер усны аюултай гэх шалтгаанаар зөвшөөрөл олгохгүй байсан уг газарт кадастрын зураглал хийгдэн мэдээллийн санд оруулсан байсан. Энэ талаар судлахад уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 486 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжаар Ц.Бд өмчлүүлсэн болохыг мэдсэн.
Иймд миний газар эзэмших, өмчлөх эрх ашгийг зөрчсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 486 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, уг газрыг С.О надад өмчлүүлэхийг даалгаж өгнө үү" гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө С.О би нэхэмжлэл гаргаад газар олголттой холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд маргаантай байгаа Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуаран 2117 тоот хаягт байрлах газарт улсаас Цахилгаан станц барих зорилгоор нөхөн олговор иргэдэд олгож Ц.Бд бүрэн шилжсэн байна.
Иймээс уг үйл ажиллагаатай холбоотой дээрх газрыг иргэний гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх боломжгүй болсон нөхцлийг харгалзан газрыг Ц.Бд эзэмшүүлж, өмчлүүлсэн захиргааны актаас Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.О миний бие өмчлөх эрхтэй байсныг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/695 тоот Нөхөн олговрын хөрөнгө гаргах тухай захирамжаас иргэн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, олговрыг миний өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тб шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Ц.Бд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1-р хэсэг Улаанхуарангийн 2117 тоотод 700 м.кв газрыг 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 486 тоот дүүргийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 242 тоот захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20.3-д заасны дагуу өмчлүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Маргаан бүхий 2117 тоот газар дээр С.О, О.Тц нарын нэрээр газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан гэх архивын материал дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байхгүй байна. Зохих зөвшөөрөлгүй оршин сууж байсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Ц.Бд газрыг өмчлүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Баянзүрх дүүргийн 10 хороо, 1 хэсэг, Улаанхуарангийн 1175 тоотод нэхэмжлэгчийн аав П.С 2008 оны 06 сарын 11-ний өдрийн 192 тоот шийдвэрээр анх эзэмших эрх үүссэн байна. Нэхэмжлэгч өөрөө Баянзүрх дүүргийн 11 хороо 22 товчоонд 2006 оноос хойш амьдарч байсан ба эзэмших, өмчлөх хүсэлтээ өгснөөр эзэмших эрх үүсжээ. Ийнхүү өөр газар газар эзэмшиж байсан атлаа Ц.Б газар эзэмшсэнээр газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй ба газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэх боловч нотлох баримтгүй байна. Одоо маргаан бүхий газарт 5 дугаар дулааны цахилгаан станц баригдаж байгаа тул нэхэмжлэгч газар эзэмших de facto, de jureболомжгүй гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2013 оноос Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр УС-15 орчимд Амгалан дулааны станцыг шинээр барих ажлын трасст тус дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1-2117А тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөгч Б.Дын 700м2 газар бүхлээрээ орсон. Б.Дын газрыг 2013 оны 07 дугаар 23-ны өдрийн А/695 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай захирамж гарсны дагуу иргэн Б.Дад 70,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож, газрыг чөлөөлж, Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар нь газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээг иргэн Б.Да болон нийслэлийн Өмчийн харилцааны газартай харилцан тохиролцож холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хийсэн гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6, Хаягжуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 486, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 242 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/695 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх ёстой.
Нэхэмжлэгч С.О би тус шуүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан 115 тоот шийдвэрийг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцахад хэт нэг талыг барьж, бодит байдалд үндэслэсэн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг байсаар атал маргаан бүхий захиргааны акт гаргах үед маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, мөн эзэмших, өмчлөх талаар өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй нь тогтоогдсон тул Б.Да, Ц.Б нарт эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 486 дугаар бүхий захирамж, уг захирамжид үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар бүхий захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/695 дугаар захирамжийг миний эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэсэн нь нотлох баримтад үндэслээгүй гэж үзэх үндэстэй байна.
Тухайлбал, хэрэгт миний өөрийн хүч хөдөлмөрөөр засан сайжруулж, хүн эзэмшин амьдрах боломжтой болгон амьдарч байсан газарт огт амьдарч байгаагүй атлаа хүч хэрэглэн булаан авч маргаан үүсгэн байж хашаа барьсан иргэн Б.Дын үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж байсныг нотлох баримт, түүнийг шалгаж байсан цагдаагийн ажилтан гэрч Дамдинсүрэнгийн мэдүүлэг, гэрч Галтын "маргаан бүхий газарт 10 гаруй машин шороо буулгаж, трактораар тэгшилж нягтаршуулсан, 300 000 төгрөгийн хөлс авсан" гэх мэдүүлэг байдаг. Мөн миний газар эзэмших, өмчлөх тухай өргөдөл хүсэлтийг хүлээн авахгүй буцааж, эсвэл бүртгэл хөтлөлгүй хүлээн авч, алга болгох зэргээр миний эрх ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж анхнаасаа надад тус газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхгүй байх зорилготой ажилласан БЗД-ийн газрын албаны хууль бус үйлдлийг харгалзан үзээгүй байна.
Учир нь Баянзүрх дүүргийн газрын алба хууль зөрчиж үер усны бүсэд орших газрыг иргэнд өмчлуүлсэн гэж үзэх үндэслэлтэй байдаг. Жишээлбэл, Нийслэлийн онцгой байдлын албаны Нийслэлийн зургаан дүүрэгт үер усны аюултай бүсэд суурьшсан айл өрхийн 2010, 2011 оны судалгаанд миний аав П.С болон С.О манай бүртгэл байдаг. Би аав П.Стай хамт өргөдлөө өгсөн байхад миний өргөдөл байхгүй болж, аавд газрыг эзэмшүүлсэн төдийгүй миний эзэмшихийг хүссэн газрыг Ц.Бд эзэмшүүлсэн нь Б.Да болон хэн нэгэн албан тушаалтны ашиг сонирхол байсан нь ойлгомжтой байдаг.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдуулсан газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэнд уг газрыг эзэмшүүлж болно гэж заасан. Бодит байдал дээр би маргаан бүхий газарт 2002 -2013 оныг хүртэл амьдарч байсан. Гэвч Баянзүрх дүүргийн Газрын албанаас үер усны аманд байрласан гэдэг шалтгаанаар миний өргөдлийг хүлээн авдаггүй байсан. Мөн хэл ам гаргаж байж өргөдөл хүсэлтээ хүлээлгэж өгдөг ч хариу ирүүлдэггүй.Учрыг асууж очиход өргөдөл болон холбогдох баримтуудыг хүлээн авсан бүртгэл ч байдаггүй, өргөдлийг маань алга болгочихдог байсан.
Жишээлбэл, Захиргааны хэргийн шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий газарт, эд зүйл, баримт материалд үзлэг хийж, тэмдэглэл хийсэн байдаг. Энэхүү тэмдэглэлд миний аав П.Сын газар эзэмших хүсэлт, түүнийг бүртгэж авсан лавлагаа газрын албанд байдаггүй. Гэвч П.Сын 2004 онд газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, 2008 онд газар эзэмшсэн тухай хүсэлт нь архивт байдаг ба зөвхөн шүүхээс хийсэн ажиллагааны энэ тэмдэглэлд л байдаггүй. Энэ мэтээр миний өргөдлийг түүнтэй хамт алга болгосон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Иргэн Б.Да нь 2009 оны 05 дугаар сард хүч хэрэглэн аав П.Сын хашааны модыг эвдэж, гарц болгон ашиглаж өөрийн огт амьдарч байгаагүй миний засан сайжруулсан орц гарцгүй газарт хэдхэн хоногт хашаа барьж бидэнтэй маргалдаж, цагдаагаар шалгуулж байх хугацаанд Баянзүрх дүүргийн газрын алба Б.Да, Ц.Б нарт газрыг эзэмшүүлэх тухай маргаан бүхий шийдвэрийг 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын огнооноос харагддаг.
Мөн би 2008-2009 оны хооронд маргаан бүхий газартай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, харъяаллын маргаан биш гэх үндэслэлээр буцааж байсан тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гаргасан Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/2738 дугаартай албан тоот хэрэгт байдаг.
Үүнээс гадна Аерогеодези ХХК-иар кадастрын зураг хийлгэж байсныг тодорхойлсон тодорхойлолт, кадастрын зураг зэргээс миний газраа эзэмшихийг хүсэж хөөцөлдөж байсан гэдгийг харах боломжтой.
Мөн Ц.Бд эзэмшүүлсэн газрын нэгж талбарын дугаар нь маргаан бүхий газрын нэгж талбарын дугаараас өөр байдаг. Тухайлбал 2009 оны 11 дүгээр сарын 06-ны 486 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Ц.Бд 1865 0311 3480 35 нэгж талбарын дугаар бүхий газрыг БЗД-ийн 10-р хороо, Улаанхуаран 2117 тоот хаягт 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Харин маргаан бүхий газрын кадастрын зургийн нэгж талбарын дугаар 1864 9311 9640 40 байна гэдэг нь миний 2004 онд Аэрогеодези ХХК-иар авахуулсан кадастрын зураг болон бусад нотлох баримтаар нотлогддог.
Өөрөөр хэлбэл Ц.Бгийн эзэмших эрхийн гэрчилгээнээс болон түүний газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд дурдагдсанаар өөрийн эзэмшиж байсан 1865 0311 3480 35 нэгж талбарын дугаар бүхий газрыг өмчилж авахаар хүсэлт гаргасан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, УС гудамж, 2117тоот хаягт байрлах 1864 9311 9640 40 дугаар нэгж талбартай газрыг өмчлүүлсэн тухай кадастрын зургийн лавлагаа байна.
Иргэн Б.Да болон Ц.Б нарын хүсэлтээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс хууль сануулсаар атал зориуд худал мэдүүлэг өгснийг дурдах нь зүйтэй гэж үзэх байна. Учир нь Б.Да гэгч хэзээ ч уг газарт амьдарч байгаагүй төдийгүй нөхөн сэргээлт хийж мод бут тарьж, голын далан сэтэлж гольдрил өөрчлөөгүй, цэвэрлэгээ ч хийж үзээгүй хүн гэдгийг, мөн маргаж буй газар нь миний аав П.Сын хашаагаар дамжихаас өөр ямар нэгэн орц, гарцгүй тул түүний хашааг эвдэж гарц болгон ашигласан үйлдлийг би аавынхаа хамт цагдаагийн байгууллагаар шалгуулж байсныг анхаарч үзнэ үү.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 486 дугаар бүхий захирамж, уг захирамж болох Ц.Бгийн хүсэлтэд үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар бүхий захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/695 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 486 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 2117 тоот амины хашааны 700 м.кв газрыг Ц.Бгийн хүсэлт, түүнд хавсаргасан тус дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2009 оны 1242 дугаар Ц.Б нь өөрийн гэсэн газаргүй, айлын хашаанд бүртгэлтэй болно гэсэн тодорхойлолт, Н ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн амины хашааны зориулалтаар эзэмшүүлж, гэрчилгээ олгожээ.
Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжаар Ц.Бгийн газар өмчлөхийг хүссэн өргөдөл, дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтыг үндэслэн уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/695 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн Амгалан дулааны станцыг шинээр барихтай холбогдуулан Ц.Бгийн өмчилсөн дээрх газрыг төрийн өмчид буцаан авч, 70 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх дээрх маргаан бүхий захиргааны актуудыг хууль зүйн үндэслэлтэй, уг актуудын улмаас нэхэмжлэгч С.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Оийн ... миний өөрийн хүч хөдөлмөрөөр засан сайжруулж хүн эзэмших боломжтой болгон амьдарч байсныг нотлох хэрэгт авагдсан баримтууд, гэрч Дамдинсүрэн, Галт нарын мэдүүлэг зэргийг үнэлээгүй, уг газарт огт амьдраагүй атлаа хүч хэрэглэн хашаа барьсан нь цагдаагийн байгууллагын шалгуулсан баримтаар нотлогдож байхад харгалзан үзээгүй ... гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан ... маргаж буй газрын хогийг цэвэрлэн, шороо асгуулж байсан, мөн 2008 онд Да /Ц.Бгийн гэр бүлийн хүн/-тай уг газарт хашаа хатгахаас болж маргалдаж байсан, мөн тухайн газар орчим нь үер усны аюултай газарт хамаардаг байснаас газрыг эзэмшүүлдэггүй байсан зэрэг нь тогтоогдож байх боловч хэрэгт авагдсан тус дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолтууд, өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч Л.С /хэсгийн ахлагч хийж байсан/, Б. зэрэг гэрчүүдийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7-83 тоот 615 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын албанд гаргасан Ц.Оийн хүсэлтэд ... БЗД-ийн товчоонд 2006 оноос хойш амьдарч байсан, 2007 онд газрын албанд өргөдлөө гаргасан... амьдарч байгаа газрын гэрчилгээ, бичиг баримтыг олгож өгнө үү гэж дурдсан байдал зэргээр нэхэмжлэгч С.О нь 2000-2006 он хүртэл аав П.Сын хашаанд өрх тусгаарлан амьдарч байсан нь тогтоогдож байх бөгөөд харин маргаж байгаа газар буюу Ц.Бд эзэмшүүлж, өмчлүүлсэн газарт 2006 оноос хойш 2013 он хүртэл тасралтгүй эзэмшиж, амьдарсаар байсан нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийг нотлох баримтыг буруу үнэлсэн, зарим баримтыг үнэлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Давж заалдах гомдолд ... миний эзэмшихийг хүссэн газрыг Ц.Бд эзэмшүүлсэн нь хэн нэгэн албан тушаалтны ашиг сонирхол байсан нь ойлгомжтой. Газрын тухай хуулийн 27.5-д заасны дагуу эзэмших эрхтэй. ... Газрын өргөдлийг Газрын алба үер усны аманд байрласан гээд хүлээж авдаггүй байсан. ... аав П.Сын хамт газар өмчилж авахыг хүссэн өргөдлөө гаргасан боловч П.Ст газар эзэмшүүлсэн атал өргөдөл нь байдаггүй, түүнтэй хамт өргөдлийг алга болгосон байхыг үгүйсгэхгүй. гэжээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар захирамжаар П.Ст 662 м.кв газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон, харин С.От газар эзэмшүүлээгүй, хариу өгсөн талаар ямар нэгэн баримт байхгүйгээс гадна 2008-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч харьяаллын биш гэж буцаасан гэх боловч тухайн үед нь бусдад эзэмшүүлэхээс өмнө Баянзүрх дүүргийн газрын албаны хүсэлт шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар харьяалах захиргааны байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, мөн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, газрын албаны албан бичгүүдээр С.Оээс маргаж буй газрыг эзэмших хүсэлт, өргөдөл бүртгэгдээгүй байна.
Мөн Ц.О нь түүний аав П.Ст газар эзэмшүүлснээр урьд нь үерийн аюултай гэж эзэмшүүлдэггүй байсан газрыг эзэмшүүлж эхэлснийг мэдсэн атлаа маргаж буй газраас өөр байршилд 2011 онд 11 дүгээр хорооны Товчооны 7-83 тоот газрыг эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн газрын албыг Ц.Оийн хүсэлтийг үрэгдүүлсэн, зориуд шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь маргаж буй газрыг эзэмших ашиг сонирхол байсан боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан журмын дагуу хүсэлтээ гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үндэслэлгүй талаар болон хариуцагчийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн гомдолд ... Б.Да, Ц.Б нарын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс худлаа мэдүүлсэн ... гэх боловч шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиных нь хүсэлт болгосон гэрчүүдийг асуусан байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу хууль сануулан авсан гэрчийн мэдүүлгийг худал гэж үзэх эрхгүй, түүнчлэн шүүх шийдвэртээ зөвхөн гэрчийн мэдүүлгүүдийг үндэслээгүй, хэрэгт авагдсан дээр дурдсан бусад баримтуудыг харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулж, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэлтэй дүгнэлт хийж Ц.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Оийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ