| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/00012/И |
| Дугаар | 130/ШШ2018/00043 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2018/00043
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ш сумын 5 дугаар багт байршилтай, Б ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ш сумын 8 дугаар багт оршин суух, Хар бүргэд овогт Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-ны Баян-Өлгий аймгийн Ш сумын 5 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг Р үйлчилгээний төвийн 3 х 6 метрийн хэмжээтэй зууны байрыг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг даалгаж өгөхийг шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Ш сумын 5 дугаар багт /хуучин соёлын төв/ 2900 м кв газар эзэмшдэг. 2017 оны хавраас эхэлж зочид буудал, үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгыг уг эзэмшил газарт холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон ажил эхлэх зөвшөөрлийн дагуу барьж байна.
Гэвч барилга барих ажил эхлэхээс өмнө бидний эзэмшил газарт ямар ч зураг төсөвгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүй, зөвшөөрөлгүйгээр Р үйлчилгээний төвийн эзэн Н нь 3 х 6 метрийн хэмжээтэй зуухын байрыг... дур мэдэн өргөтгөж барьсан.
Манай компанийн зүгээс хариуцагчид эдгээр зуухын байрыг сайн дураар буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч ирсэн. Р үйлчилгээний төвийн хойд талд барьсан зуухын байрны асуудлаас болж манай компанийн барилга баригдах ажил 15 хоногоор саатсан.
Тухайлбал, манай барилга баригдахаар төлөвлөгдсөн ухаж бэлтгэгдсэн газарт өөрчлөлт орж, тухайн буцаагаад булсан зэрэг төлөвлөгдөөгүй ажлууд хийгдэж илүү зардал гаргаж багагүй хэмжээний материаллаг хохирол амссан. Нөгөө талаас ингэснээр цаг хугацаа алдаж чирэгдэл боллоо.
Иймд Б ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Ш сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031304202 дугаар бүхий 2900 м кв талбайтай хууль ёсны эзэмшил газарт барьсан хариуцагч Р үйлчилгээний төвийн зуухын байрыг ... албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Энэ 2900 м2 газрыг хууль журмын дагуу Б ХХК эзэмшиж байгаа. Гэтэл хууль ёсны эзэмшилд хууль бусаар халдсан асуудал гарсан. Халаалтын зуухны байрыг бусдын газар дээр өргөтгөж барьсан асуудал байгаа. Үүнийг удаа дараа Б ХХК-аас шаардсан байдаг. Үүнээс гадна Газрын харилцаа Хот байгуулалтын газраас албан ёсны мэдэгдэл хүргүүлж газрыг чөлөөлөхийг шаардаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариу мэдэгдээгүй байна.
Ийнхүү хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэхээр удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч газрыг чөлөөлж өгөөгүй байна. Тиймээс энэхүү хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхээс нэхэмжлэлийн хуулийг хариуцагчид гардуулсан байгаа. Гэвч хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбарыг ирүүлэлгүй байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Б ХХК нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийнхөө эзэмшил бүхий газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэл гаргахаас өмнө хуульд заасан хугацаанд удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу Газрын харилцаа Хот байгуулалтын газраас удаа дараа газрыг чөлөөлөхийг шаардсан шаардах бичгийг хүргүүлж байсан боловч. Хариуцагч талаас ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байна. Шүүхэд хандахаас өмнө Газрын харилцаа хот байгуулалтын газарт хандсан. Энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж ав гэсний дагуу шүүхэд хандсан. Өмнө нь 1 удаа шүүхэд хандаж байсан боловч шүүхээс нэхэмжлэлийг буцааж байсан. Иргэний хуульд заасны дагуу шударга эзэмшигч Б компани нь эд хөрөнгөө иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. Нэгэнт өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан болохоор иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасны дагуу энэ шаардлагаа гаргаж байгаа.
Энэ газраа өмчлөгч ашиглах ёстой байсан. Тухайлбал тухайн газрыг чөлөөлж авто тээврийн зогсоол болгох байсан. Р компанийн тухайн газарт хууль бусаар барилга өргөтгөж барьснаас болж тухайн ашиглаж чадахгүй байгаа. Ийнхүү эзэмших эрхэд саад учруулж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнээс гадна газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч маань бусдын эзэмшил газар дээр барилга барьчихсан байна. Р компани газрын хуульд заасны дагуу газраа эзэмшиж байгаа боловч хууль бусаар хөрш зэргэлдээ эзэмшигчийн эрхэд халдсан байна. Газрын тухайн хуулийн 35 дуугаар зүйлийн 35.3.5-д заасан газар эзэмшигчийн үүргээ бас хэрэгжүүлэхгүй байгаа асуудал бас байгаа. Барилга өргөтгөсөн нь кадастрын зураг болон бусад баримтуудаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь Баян-Өлгий аймгийн Ш сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031301202 дугаар бүхий 2900 м.кв талбайтай эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг газарт барьсан Р үйлчилгээний төвийн зуухны байрыг албадан буулгахыг даалгаж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б ХХК-д Баян-Өлгий аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаартай шийдвэрийг үндэслэн 2900 м кв газрын Ш сумын 5 дугаар баг, Ховд гол хуучин соёлын төвийн байршилтай газраас үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Баян-Өлгий аймгийн Газрын албаны даргаас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг, Баян Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаартай захирамж, тухайн газрын кадастрын зураг зэргээр тогтоогдсон байна.
Газрын Кадастрын байршлын зураг нь Х.Н-ын нэр дээр үйлдэгдсэн боловч тус аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаартай захирамжаар иргэн Нурлатын 031304202 нэгж талбарын дугаартай 2900 м кв талбайтай эзэмшил газрын эрхийн гэрчилгээг Б ХХК-д үйлчилгээний зориулалтаар 7 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба энэхүү шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрчилгээ олгогдсон тул тухай нотлох баримт нь хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзнэ.
Б ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 06 дугаартай, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10 дугаартай албан бичгүүдийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хаяглаж Р ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан байрыг буулгах арга хэмжээ авч өгөхийг хүсэж хүргүүлсэн байх ба Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Б ХХК-д хариу ирүүлсэн ба Р ХХК-ийн зуух барьсан газар нь кадастрын зургийн дагуу бусдын эзэмшил газарт хамаарагдаж байгаа тул зөвшөөрөлгүй барьсан зуухыг буулган газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн боловч хүлээж авахаас татгалзав гэжээ.
Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 372 дугаартай албан бичигт Ш сумын 5 дугаар багт хуучин соёлын төвийн хойд талд байршилтай Р үйлчилгээний төвийн барилгын доорхи талбай 112 м кв талбайтай. Үүнийг аймгийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаар захирамжаар Н-д эзэмшүүлсэн байна. Р үйлчилгээний төвийн хойд талд байгаа зуухны доорх газар Б ХХК-ийн эзэмшлийн газар болно гэж тодорхойлжээ.
Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн А-д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заалтыг зөрчиж, аймгийн Засаг даргын шийдвэрээр олгосон газраас илүү газарт зөвшөөрөлгүй дур мэдэн өргөтгөж барьсан зуухны байрыг 2017 оны 5 дугаар сарын 05-ны дотор буулган газрыг чөлөөлж өгөх талаар 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 09 дугаартай мэдэгдэл хүргүүлж байсан боловч хариуцагч талын зүгээс хүлээн авахаас татгалзаж байсан байна.
Нэхэмжлэгч талаас албадан буулгаж, газар чөлөөлүүлэхийг хүсч буй газар дээрх Р үйлчилгээний төвийн зуухны байрны байршлын зургуудыг гаргаж ирүүлсэн байна.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Р үйлчилгээний төвийн зуухны байр нь Б ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Ш сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031301202 дугаар бүхий 2900 м кв талбайтай эзэмшил газарт баригдсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч Н-д нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг няцаах, үгүйсгэх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Мөн Н-гийн өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цаг хүртэл хойшлуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Р дэлгүүрийн эзэн Н нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-т заасныг буюу Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг зөрчиж, бусдын эзэмшил газарт 3 х 6 метрийн хэмжээтэй зуухны байрыг барьсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б ХХК-ийн эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг газарт барьсан Р үйлчилгээний төвийн зуухны байрыг албадан буулгахыг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б ХХК-ийн эзэмшлийн Ш сумын 5 дугаар багт байршилтай 2900 м кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Б ХХК-ийн газарт баригдсан Р үйлчилгээний төвийн хойт талд баригдсан 3 х 6 метрийн хэмжээтэй зуухны байрыг албадан буулгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Б ХХК-ийн эзэмшлийн Ш сумын 5 дугаар багт байршилтай 2900 м кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Б ХХК-ийн газарт баригдсан Р үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 3 х 6 метрийн хэмжээтэй зуухны байрыг албадан буулгасуай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н-гаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М