Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
Хэргийн индекс | 105/2022/0535/Э |
Дугаар | 2022/ШЦТ/570 |
Огноо | 2022-04-14 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/570
2022 04 14 2022/ШЦТ/570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгч Ц.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гт холбогдох эрүүгийн 2206 00000 1034 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
....
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо ... тоотод байхдаа хамтран амьдрагч Б.Бийг “намайг гадуур хонож, өнжөөд явлаа” гэж хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар толгой хэсэгт нь сандлаар цохих, нүүр хэсэгт нь гараараа цохих, самардах, маажих зэргээр биед нь халдаж, баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, баруун завж, зүүн нүдний гадна булан, доод зовхи, хацар, шанаанд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өдөр ажилтай байсан. Ц.Гт үнэн байдлыг буюу “хонууд, өнжүүд гадуур явлаа” гэж хэлээд, байсан айлаас нь очиж авсан. Тэгээд л тухайн үйл явдал болсон. Миний нүүрэнд сорви үүссэн тул эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.
Эрүүгийн 2206 00000 1034 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ц.Г гэх эмэгтэйтэй 3 сарын өмнөөс танилцаад 3 сар хамт амьдарч байна. Ц.Г архи уугаад гэртээ ирэхгүй 1 хоног болохоор нь би өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 03:00 цагийн үед Цайз 16 дугаар хорооллын урд талд айлаас очиж аваад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 10 дугаар зуух гэдэг газар хашаан доторх дүүгийнхээ Монгол гэрт ирсэн. Ц.Гт хоол хийж чи ирэхгүй юмаа гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд шууд над руу дайраад миний толгой руу сандлаар 2 удаа цохиод дараа нь миний нүүр рүү 1 удаа гараараа цохиод нүүрийг гараараа самардаад маажсан тэгээд яваад өгсөн. Миний нүүр маажуулсан сорвитой баруун нүд хөхөрч хавдсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнхшүр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б ах Ц.Гт хандаж “чи яагаад утсаа салгаад, гэртээ ирэхгүй байгаа юм бэ?” гэж хэлэхэд Ц.Г хэсэг чимээгүй сууж байгаад босож ирээд ах Б.Б ахын цээж орчим руу түлхэж үсдэж аваад нүүрийг нь хумсаараа хэд хэдэн удаа маажсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3549 дугаартай:
“1. Б.Бийн биед баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, баруун завж, зүүн нүдний гадна булан, доод зовхи, хацар, шанаанд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа 18 цагийн орчимд тараад найз Мөнхцэцэгийн гэр болох Цайз-...-д байх гэрт нь очиж хоноод маргааш нь ажлаа хийж байгаад оройн 19 цагийн орчимд Б.Бийн гэрт нь очиход хаалга нь цоожтой байсан тул түүний ... дугаарын утсанд өөрийн ... дугаарын утаснаас холбогдоход “чи гадуур хонох дуртай юм байна, би ажил дээрээ ирээд түлхүүрээ ав гэж уурлаад байсан тул” би найз Мөнхцэцэгийн гэрт очиж бид хоёр 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад унтаж амарсан шөнө цагийг нь санахгүй байна Б.Б Мөнхцэцэгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн тэгээд бид хоёр Б.Бийн хүргэн гэх залуугийн гэр рүү явж замдаа 1 шил Монгол гэх нэртэй 0,5 литрийн архи аваад Б.Б хүргэнийхээ гэрт очиж тэр хоёр архиа хувааж уусан. Тэгээд унтаж амрахаар хэвтэж байх үед Б.Б миний хажууд ирээд “чи гадуур хонож өнжөөд явлаа” гэж хэрүүл маргаан хийгээд байсан тул би ...түүний нүүр орчимд зүн гараараа 1-2 удаа маажсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо .... тоотод байхдаа хамтран амьдрагч Б.Бийг “намайг гадуур хонож, өнжөөд явлаа” гэж хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар толгой хэсэгт нь сандлаар цохих, нүүр хэсэгт нь гараараа цохих, самардах, маажих зэргээр биед нь халдаж, баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, баруун завж, зүүн нүдний гадна булан, доод зовхи, хацар, шанаанд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр ажилтай байсан. Ц.Гт үнэн байдлыг буюу “хонууд, өнжүүд гадуур явлаа” гэж хэлээд, байсан айлаас нь очиж авсан. Тэгээд л тухайн үйл явдал болсон” гэх,
хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..миний толгой руу сандлаар 2 удаа цохиод дараа нь миний нүүр рүү 1 удаа гараараа цохиод нүүрийг гараараа самардаад маажсан...” гэх,
гэрч Б.Мөнхшүр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б ахын цээж орчим руу түлхэж үсдэж аваад нүүрийг нь хумсаараа хэд хэдэн удаа маажсан...” гэх,
шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...түүний нүүр орчимд зүн гараараа 1-2 удаа маажсан” гэх мэдүүлгүүд,
“Б.Бийн биед баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, баруун завж, зүүн нүдний гадна булан, доод зовхи, хацар, шанаанд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3549 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б нь эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэсэн боловч шүүхэд баримт ирүүлээгүй байх тул гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ц.Гээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гт оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ц.Гээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА