| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0218/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/190 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/190
2018 оны 10 сарын 25 өдөр 2018/ШЦТ/190 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0218/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч Б.М. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М.д холбогдох 1839000000229 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М. нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Механикжуулалтын 1-11 тоот хашааны гадна байсан Г.Энхцэцэгийн автомашины урд талын хайрцагнаас 1.720.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М. нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Механикжуулалтын 1-11 тоот хашааны гадна байсан Г.Энхцэцэгийн автомашинаас 1.720.000 төгрөгийг хулгайлсан болох нь:
Хохирогч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 4.600.000 төгрөгийг өөрийн машины дунд хайрцаганд хийсэн байсан. Дүү нар маань өөрсдөө 3.000.000 төгрөг олсон, таниас 2.500.000 төгрөг авч гэж хэлээд надаас 2.500.000 төгрөг авсан. Би тэр мөнгийг дүү Чимэдбальдарт өгөхдөө өөрийн машиндаа суулгаж байгаад тоолж өгсөн. Намайг машин дотор мөнгө тоолоод Чимэдбальдарт өгч байхад цонхны цаана цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүн хараад зогсож байсан. Тэгээд мөнгөө хүлээлгэж өгөөд цаана нь үлдсэн 2.088.000 төгрөгийг машиныхаа голын хайрцаганд үлдээгээд машинаа түгжээд дүүгийнх рүү орсон. Би машиныг түгжихдээ хаалгаа дотор талаас нь татаж хаахгүй бол түгжигддэггүй гэдгийг мэдэхгүй хаагаад явсан байсан. ...Би хүнээс хүүтэй авсан мөнгөнийхөө үлдэгдэл 2.088.000 төгрөгийг буцааж өгөх гээд очсон чинь мөнгө маань арай бага болсон байсан. Тэгээд тоолоод үзсэн чинь манай дүү нар бид аваагүй гэсэн. Тэгээд мөнгөө тоолж байхад хажууд хараад зогсож байсан залууг авчихлаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 тал/,
Гэрч Н.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...машинаа янзлаад байж байсан чинь Б.М. би явлаа, найз ирчихээд байна гэсэн. Тэгээд би юм бодоогүй байж байтал мөнгө алга болсон гэсэн яриа гарсан. Тэгээд Б.М.г утсаар нь дуудсан. Түүнийг ирээд удаагүй байхад цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Г.Б.М.гийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй учир надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхцэцэгт 1.720.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Энхцэцэг нь хохирлоо бүрэн хүлээж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 46 тал/ гэсэн тул шүүгдэгч Б.М.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М.д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М.гийн хувьд бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М.г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.г 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М.д оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Хэнтий аймаг дахь Онцгой байдлын газарт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ