Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/41

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Алдар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: С.Равжиргаваа,

Шүүгдэгч. Н.Төмөрсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржгин овогтой Сугарын Равжиргаваа,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боожир овогтой Норовсамбуугийн Төмөрсүх нарт холбогдох эрүүгийн 1827001490080 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт оршин суух гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржгин овогтой Сугарын Равжиргаваа /РД:ЙК69092314/,

2. Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр баг, “Тахилга” гэх газар оршин суух Боожир овогтой Норовсамбуугийн Төмөрсүх /РД: ЙЗ93021211/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газраас хохирогч Д.Жамбалсүрэнгийн 14 тооны, хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн 1 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч Д.Жамбалсүрэнд 10.150.000 төгрөгийн, хохирогч Б.Мөнхдэмбэрэлд 500. 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Равжиргаваа нь өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй ..” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Төмөрсүх нь өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайадууг хулгайн адуу гэж мэдээгүй алдуул мал гэж бодоод авсан. Энэ тал дээр эргэлзээтэй байна. Үүнийг шалгуулъя гэсэн саналтай байна ...” гэв.

Хохирогч Д.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай мал хөдөө Есөнзүйл сумын “Хавцгайн гол” гэдэг газар нутагладаг Дамдинсүрэн гэдэг айлд байдаг юм. Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр адууныхаа дэлийг засах гээд Өлзийт сумаас хөдөө мал руугаа явсан. Намайг уг газар явж очиход манай адуу байхгүй байсан. Тухайн үед би Есөнзүйл сум болон Өлзийт сумын нутгаар адуугаа хайгаад олоогүй. Мөн манай малчин Дамдинсүрэн бас эрж хайгаад олоогүй. Би адуугаа эрж хайгаад олохгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Би сартай цавьдар азаргатай 14 тооны адуугаа алдсан. Мөн манай адуунд Мөнхдэмбэрэл гэж хүний 1 тооны хул алаг шүдлэн байсан. Тэгэхээр нийт 15 тооны адуу алдагдсан. Манай адуунд бүгд зүүн талын гуяны хонхор хэсэгтээ “Т” үсгэн тамгатай, Мөнхдэмбэрэлийн хул алаг шүдлэн нь “хүрээтэй туухай” тамгатай байсан. 14 тооны адуу бүгд зүүн талын гуяны хонхор хэсэгтээ “Т” үсгэн тамгатай бүгд дэлтэй байсан. Үүнээс гадна Мөнхдэмбэрэлийн хул алаг шүдлэн засмал дэлтэй байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гарсан манай 14 тооны адууны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй “Вендо” гэдэг үнэлгээний компани манай адуунуудыг хэт багаар үнэлсэн байна. Алдсан адуугаа ахиж үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Манай адууг хулгайлсан этгээдүүдээс би 14 тооны адууныхаа үнэ өртгийг авмаар байна. Би адуугаа азаргаар нь алдсандаа их гомдолтой байна. Би өвөлжингөө адуугаа тэжээсэн өвснийхөө өртөг, адуугаа эрж хайсан шатахууны өртөг зэргийг нэхэмжилнэ. Үүнийг баримтаар гаргаж өгнө. Манай адууг хулгайлсан Равжиргаваа болон залуучуудад маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

Хохирогч Д.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би адууг маань хулгай хийсэн нөхдүүдээс хохирлын мөнгөө аваагүй. Би маш их гомдолтой байна. Хохирлын мөнгөө нэхэмжилнэ. Тухайн үед адуугаа алдахад эрж хайсан, нааш цааш явсан шатахууны мөнгө болон тухайн адуунуудыг 2017-2018 оны өвөл тэжээсэн тэжээлийн мөнгийг баримтаар нэхэмжилнэ. Миний хохирлын мөнгийг ойрын хугацаанд бүрэн барагдуулахгүй бол шүүх хурлын нээлттэй хийлгэх хүсэлт гаргаж шүүх хуралд өөрийн биеэр оролцоно....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,

Хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 07 дугаар сарын эхээр Д.Жамбалсүрэн гэж айлын адуунд хул алаг зүстэй зүүн талын гуян дээрээ хүрээтэй туухай тамгатай шүдлэн байдасаа тавьж байсан юм. Учир нь Жамбалсүрэн ахын азарга нь зүүн талын буюу Сүхбаатар аймгийн гаралтай гээд байдаг болохоор төл авах санаатай тавьсан юм. Миний хул алаг шүдлэн байдас 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Жамбалсүрэн ахын сартай цавьдар азаргатай 14 тооны адуутай хамт алдагдсан. Тэдний адуу ер нь манай ойр хавиар бэлчээрлэдэг болохоор өдөр болгон шахуу хардаг байсан. Жамбалсүрэн ахын адуу 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр манай ойр хавиар харагдахаа больсон. Жамбалсүрэн ахын 14 тооны адуу болон миний 1 тооны хул байдас зэргийг Өлзийт сумын иргэн Равжиргаваа болон Төмөрсүх, Билэгтсүрэн, Наранбаатар нар хулгайлж аваад зарсан сурагтай байсан. Би энэ талаар цагдаагаас сонссон. Равжиргаваа гэж хүн Есөнзүйл сумын “Хавцгайн гол” гэх газар манайхтай ойрхон нутагладаг юмаа. Миний хул алаг байдсыг 350.000 төгрөгөөр хямдхан үнэлсэн байна лээ. Би уг үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй. Дахин үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна. Хул алаг байдас миний унаган адуу байгаа юм. Ямар нэгэн наадамд түрүүлж айрагдаж байгаагүй. Би хулгайч нараас алдсан хул алаг байдасныхаа өртгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Жамбалсүрэнгийн адуутай хамт миний 1 тооны адууг хулгайлсан этгээдүүд миний хохирлыг барагдуулаагүй. Би хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна. Би хөдөө мал дээрээ ганцаараа байдаг зав муутай. Тухайн үед зав гарвал шүүх хуралд сууна. Би 1 тооны адууг маань хулгай хийсэн нөхдүүдээс мөнгө авахгүй, алдсан адуугаа орлуулж тухайн этгээдээс охин адуу авна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Билэгтсүрэнгийн өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Есөнзүйл сумын төв дээр банкнаас зээл авах гээд явж байсан чинь Төмөрсүх таараад хүнээс 10 гаран тооны адуу авах гэж байгаа гэж ярьж байсан. Маргааш орой нь гэгээтэй байхад Төмөрсүх Есөнзүйл сумын төв дээр над дээр ирээд нөгөө адуугаа авахаар болчихлоо үнэ ханшаа тохирчихлоо машинаа дуудчихлаа хоёулаа хамт хөдөө яваад ачаадахъя гэхээр нь би Төмөрсүхтэй хамт Есөнзүйл сумын нутагт нутагладаг Наранбаатарын гэрт очсон. Тэднийд хүн байгаагүй. Төмөрсүх бид 2 хоол хийж идээд байж байтал харанхуй болсон. Өвөрхангай аймгаас адуу ачих гэж байгаа машин ирсэн. Жолооч нь Самбуу гэдэг хүн байсан. Төмөрсүх, Самбуу бид гурвыг Наранбаатарын гэрт хоолоо идчихээд сууж байсан чинь 21 цагийн үед гэрийн гадаа морь дугараад хүн ирсэн. Төмөрсүх гэрээс гараад буцаж ирэхдээ нөгөө адуу өгөх хүн чинь ирчихлээ яваад гялс аччихъя гээд бид нар гарсан. Төмөрсүх машинтай урд ороод би араас нь Самбуугийн автомашин дотор суугаад араас нь дагаад малын саравчин дээр очсон. Тэр саравч Наранбаатарын малын саравч байсан. Бидний очоод удаагүй байж байтал Равжиргаваа адуугаа туугаад араас саравчин дээр ирсэн. Бид нар тууж ирсэн адууг нь хамт хашаад авто машин дээр ачиж байхад Наранбаатар эхнэр хүүхэдтэйгээ бид нар дээр ирсэн. Тэгээд бид нартай адууг хамт автомашин дээр ачсан. Бид нар 15 тооны адууг автомашин дээр ачиж 23:00 цагийн үед дууссан байх. Төмөрсүх намайг адуу ачсан автомашинд суугаад зам дагаад явж бай би араас нь гарал үүслийн бичиг аваад очъё гэсэн. Би Самбуутай хамт хоёулаа Улаанбаатар хот руу хөдөлсөн. Төмөрсүх, Равжиргаваа, Наранбаатар нар малын саравчин дээр үлдсэн. Самбуу бид хоёрыг адуу ачсан автомашинтайгаа Тарны пост өнгөрөөд Элсэн тасархай орох гээд явж байхад Төмөрсүх, Наранбаатар, түүний эхнэр нар араас Наранбаатарын цагаан өнгийн приус маркийн автомашинтай гүйцэж ирээд бид нар бууж уулзсан. Төмөрсүх, Самбуу бид хоёрт ундаа ус өгсөн. Төмөрсүх, Наранбаатар түүний эхнэр Самбуу бид хоёроос түрүүлээд явсан бид хоёр араас нь дагаад явсан. Самбуу бид хоёр Лүнгийн пост орох гэж явж байсан чинь Самбуу намайг Төмөрсүхээс гарал үүслийн бичиг ээ авсан уу гээд асуудаа гэсэн. Би Төмөрсүх рүү залгаад гарал үүслийн бичиг ээ авсан юм уу гэж асуусан чинь авчихсан гэж надад хэлсэн. Лүнгийн пост орохын алдад Төмөрсүх миний гар утас руу залгаад постон дээр цагдаа байхгүй байна шууд явчих гэсэн. Самбуу бид хоёрыг Эмээлт орохын алдад Эмээлтийн наахан хэсэгт Төмөрсүх, Наранбаатар нар зам дээр саарал микро автомашинтай хүнтэй уулзаад зогсож байсан. Самбуу бид хоёрыг автомашинтайгаа дөхөөд очсон чинь Төмөрсүх араас дагаад яв гэсэн. Тэгээд бид нар өглөө 07-08 цагийн үед Эмээлт ороод Төмөрсүхийн уулзаж байсан микро автомашинтай хүний мал мах авдаг хашаан дотор нь орсон. Би тэр хүнийг танихгүй. Төмөрсүх тэр ченж залууд 13 тооны адууг зарсан. Үлдсэн бор зээрд зүстэй 2 адууг нь голоод авахгүй байсан. Тэр адуу авсан ченж Төмөрсүхээс адуу авахдаа гарал үүслийн бичиг нь хаана байгаа юм гэсэн чинь гарал үүслийн бичиг хийдэг хүн нь байхгүй хийлгэж амжаагүй хүрээд ирлээ гэж Төмөрсүх хэлсэн. Би Төмөрсүхийг адуу зарж байхад нь гарал үүслийн бичиг яагаад хийлгээгүй юм гэсэн чинь гарал үүсэл хийдэг хүн нь байхгүй хийлгэж чадаагүй юм гэхээр нь тэгээд яагаад хийлгэчихсэн гээд худлаа ярьсан юм гэсэн чинь буруу гарынх байгаа юм гэж хэлсэн. Бид нар 13 тооны адуугаа өгчихөөд үлдсэн 2 тооны адуугаа хашаанаас аваад гарсан. Хашааны гадаа байж байсан чинь миний урд өмнө мал өгч байсан Сансар ченж над дээр ирээд чи ямар малтай ирсэн юм гэхээр нь би малтай ирээгүй манай 2 найз хэдэн адуутай ирсэн чинь 2 адуу нь гологдоод үлдчихлээ гэсэн. Тэгээд Сансар, Төмөрсүх хоёр уулзаад хоёр тооны адууг өгөхөөр болсон. Бид нар адуугаа зарчихаад Наранбаатарын приус маркийн автомашинтай нь Улаанбаатар хот ороод би үлдсэн. Бид нар нийт 15 тооны цавьдар азаргатай 2 бортой бараан голдуу адуунууд ачсан. Тэр адуунууд Т үсгэн тамгатай байсан. Равжиргаваа ах ганцаараа тууж ирсэн. Төмөрсүх адууг ачиж байх үед Равжиргаваа ахын адуу гэсэн. Би Төмөрсүх Равжиргаваа ах хоёрыг хоорондоо наймаа хийж байгаа юм болов уу гэж бодсон. Сүүлд нь Эмээлт дээр очоод гарал үүслийн бичиг хийлгээгүй болохоор нь хулгайн адуу болох талаар нь мэдсэн. Надад мөнгө өгөөгүй. Надад Улаанбаатар хотод ажил гараад тэр өдөр би унаа олдвол хот явах санаатай байсан. Тэгсэн чинь Төмөрсүх ирээд адуу ачаад өгчих гэхээр нь үнэгүй машин байна адууг нь ачиж өгөөд машинд нь суугаад явчихъя гээд адуу ачсан машинд нь зам зааж өгөөд хамт хот явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хуудас 123-124 дүгээр хуудас/,

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би автомашин дээр ачсан 15 тооны адууг хулгайн адуу болох талаар мэдээгүй. Тухайн үед Равжиргаваа гэдэг хүнийг Төмөрсүхэд өөрийнхөө адууг зарж байна гэж ойлгосон. Тэд нар надад хулгайн адуу болох талаар юм хэлж яриагүй. Эмээлт дээр ченжид өгөхөд нь гарал үүслийн бичиггүй тэр ченж зураг авна гээд байхаар хулгай адуу юм байна гэж ойлгосон. Би Төмөрсүхийг танина. Бидний хооронд төрөл садангийн холбоо байхгүй. Төмөрсүхийг Төөгөө гэж дууддаг. Билэгтсүрэнг Билгээ, Равжиргавааг Гаваа гэж дуудаг юм байна лээ. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай ойролцоо байдаг саравчин дээрээс Самбуу гэж хүний цагаан өнгөтэй автомашинд марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна 15 тооны Т үсгэн тамгатай 2 бортой 1 хонгор алагтай ер нь бараан зүсмийн адуунууд ачсан. Тухайн адуунуудыг Төмөрсүх, Билэгтсайхан, Равжиргаваа, автомашины жолооч Самбуу бид 5 автомашин дээр ачсан. Равжиргаваа тухайн 15 тооны адууг мориор тууж ирсэн гэсэн. Миний автомашинд бензин хийж өгсөн. Хэдэн төгрөгөнд хийж өгсөн талаар санахгүй байна. Төмөрсүх адуу зарсныхаа 2-3 хоног дараа 2018 оны 07 дугаар сарын 26-27-ны үеэр миний автомашиныг худалдаж авъя гээд би түүнд зарсан. Тухайн үедээ Төмөрсүх надад 6.000.000 төгрөг өгсөн. Би автомашинаа түүнд 10.000.000 төгрөгөөр зарсан. Үлдсэн мөнгийг нь өгөөгүй байгаа. Тэр автомашин нь Тоёота приус-20 маркийн 16-71 ӨВО улсын дугаартай автомашин байгаа...” /хх-ийн 1 дүгээр хуудсын 129-130 дугаар хуудас/ Төмөрсүх Нямбаатар ченжид та Төмөрсүхийн өөрийн зураг, иргэний үнэмлэхний нь зургийг авчихгүй юу наад адуу чинь Төмөрсүхийн адуунууд гэж хэлсэн. Тэгээд Нямбаатар ченж түүний зураг, иргэний үнэмлэхний зураг зэргийг аваад байх шиг байсан. Би тухайн адуунуудыг Равжиргаваа гэдэг хүнээс Төмөрсүх худалдаж авсан гэж ойлгосон тийм учраас ченжид өөрийнх нь адуунууд гэж хэлсэн. Би Нямбаатар ченжийг яаж мэдсэн гэхээр 2018 оны 07 дугаар сарын эхээр өөрийнхөө малаас Улаанбаатар хот руу хэдэн тооны мал оруулж зарахдаа Нямбаатар ченжид өгч байсан болохоор түүнийг зүс мэднэ. Би тухайн үед ченжид адуунууд Төмөрсүхийн адуу болох талаар хэлсэн. Мөн түүнийг хөлсний машинаар адуугаа ачуулж ирсэн талаар хэлсэн. Тухайн үед бичиг байхгүй гээд авах үгүй нь мэдэгдэхгүй байгаад байхаар нь хурдан явах гээд яараад би таньд урд өмнө мал өгч байсан наад адуунууд чинь нэг тамгатай нэг айлын адуунууд гэж хэлээд та авчихаад гэсэн. Тэрнээс би тухайн адуунуудыг хулгайн адуу болохыг мэдчихээд ченжид зарах тал дээр нь идэвхитэй оролцсон асуудал байхгүй. Төмөрсүх, Равжиргаваа гэдэг хүнээс нэг ижил тамгатай адуунууд авсан болохоор нь Равжиргаваа гэж хүнийг өөрийнхөө адууг Төмөрсүхэд зарж байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хуудсын 130- 132 дугаар хуудас/,

Гэрч С.Нямбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө намайг гэртээ байхад урьд өмнө надад мал өгч байсан. Наранбаатар гэж залуу манай найз адуутай ирж байгаа юм та ирээд авчихаач гэсэн. Би өглөө гэрээсээ гараад Эмээлт захын овооны доор 08 цагийн үед уулзаад адууг нь авахаар болсон. Тэгээд би тэднийг өөрийнхөө машинтай дагуулаад хашаандаа орсон. Адууг хашаанд буулгахаас өмнө би малынхаа бичиг баримтыг гаргаад ир гэсэн чинь бичиг баримт байхгүй гэсэн. Наранбаатар манай найзын өөрийнх нь адуу байгаа юм хөлсний автомашинаар ачин ирсэн машин нь явах гээд яараад байна гэсэн. Тэр адууны эзэн залууг Төмөрсүх гэж байсан. Тэр залуу гарал үүслийн бичиг хийлгэх гэсэн чинь оройтоод хийдэг хүмүүс нь байхгүй байсан юм. Миний өөрийн адуунууд байгаа юм гэсэн. Би бичиггүй адуу авахгүй гэсэн чинь Наранбаатар би танд урьд өмнө мал өгч байсан та авчихаач нэг айлын нэг тамгатай адуунууд байгаа юм санаа зоволтгүй гээд байсан. Тэгээд би гуйгаад байхаар нь нэг тамгатай адуунууд байхаар нь итгээд авсан. Тэр үед би адууны эзэн Төмөрсүх гэж залуугийн иргэний үнэмлэхний зураг, адуу ачсан машин зэргийг нь гар утсаар авч байсан манай хүүхэд устгачихсан байна лээ. Тэд автомашин дээр 15 тооны адуу ачсан байсан. Би түүнээс 13 тооны адууг нь тус бүр 500.000 төгрөгөөр бодож нийт бэлэн 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн адуу дотор 2 жижиг биетэй адуу байхаар нь аваагүй. Тэд өөрсдөө машин дээрээ ачаад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Сансар-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2018 оны 07 дугаар сарын 23 билүү 24-ний өдөр “Эмээлт” зах дээр ажил дээрээ байж байхад 12 цагийн үед урд өмнө надад нэг удаа мал өгч байсан зүс таних залуу та манай найзын 2 даагыг авчихаач, хужаагийн үйлдвэр дээр адуу өгсөн чинь хоёрыг нь жижиг байна гээд авахгүй байна. Та авчих гэсэн би бичиг баримт нь байна уу гэсэн чинь нэг бичигтэй ирсэн. Хужаагийн үйлдвэр дээр адуу өгөхдөө бичгээ өгчихсөн гэсэн. Төмөрсүх гээд шар залуу нь миний өөрийн адуу байгаа юм та авчих гээд байсан. Тэр хоёр даага нь нэг нь бор зүстэй, нөгөөх нь сартай зээрд зүстэй жижиг биетэй байсан. Би хулгайн адуу болох талаар мэдээгүй. Тэр 2 адуу зүүн талын гуян дээрээ Т үсгэн тамгатай байсан шиг санагдаж байна.....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141-143 дугаар хуудас/,

Гэрч Д.Самбуудоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг Өвөрхангай аймагт байхад Есөнзүйл сумын Наранбаатар гэх залуу Есөнзүйл сумаас Улаанбаатар хот руу хүн адуу ачуулъя гээд байна ачих уу гэж ярьсан. Тэгэхээр нь би ачъя гэсэн. Би Өвөрхангай аймгаас 18 цаг өнгөрөөж гараад орой нар жаргах гэж байхад Есөнзүйл сумын хөдөө Наранбаатарын гэрт ирсэн. Тэдний гэрт Төмөрсүх, Билэгтсүрэн 2 хоол хийгээд сууж байсан. Наранбаатар гэртээ байхгүй байсан. Хоол идээд сууж байхад гэрийн гадаа морьтой хүн ирээд Төмөрсүх, Билэгтсүрэн 2 ачих адуу ирчихлээ гээд саравчин дээр очиж ачъя гээд бид нар саравчин дээр очиж 15 тооны адууг автомашин дээр ачсан. Тэр 15 тооны адууг Гаваа гэдэг хүн морьтой тууж ирсэн. Тэгээд Билэгтсүрэн бид хоёр миний автомашинтай ачсан адуугаа аваад хөдөлсөн. Тэд Есөнзүйл сум орж гарал үүслийг бичиг аваад араас чинь очъё гээд үлдсэн. Тэгээд би адуу ачсаныхаа өртөг болох 525.000 төгрөгийг Төмөрсүхээс аваад Улаанбаатар хот орсон. Тэд нар үлдсэн. Би 73-89 ӨВО улсын дугаартай өөрийнхөө эзэмшлийн “Хюндай Трак” нэртэй цагаан өнгийн автомашинаар ачсан. Би тэр адуунуудыг хулгайн адуу болох талаар мэдээгүй. Хулгайн адуу болох талаар тэд нараас хэн ч надад ярьж хэлээгүй. Би бодохдоо Билэгтсүрэн, Наранбаатар, Төмөрсүх нарыг тухайн 15 тооны адууг Гаваа гэж хүнээс худалдаж авч байгаа юм болов уу гэж бодсон. Тухайн адуунууд Т үсгэн тамгатай бор, хул, зүстэй бараан голдуу 15 тооны адуу байсан. Би замдаа гарал үүслийн бичиг авсан эсэх талаар тэд нараас асуугаагүй. “Эмээлт” зах дээр очоод ченж машины зураг аваад эхлэхээр нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144-145 дугаар хуудас/,

Гэрч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 07 дугаар сарын 22-ны үеэр миний маллаж байсан Д.Жамбалсүрэн гэж хүний сартай цавьдар азаргатай 15 тооны адуу алга болсон. 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Д.Жамбалсүрэн адууныхаа дэлийг засаг гээд ирсэн чинь адуу нь олдоогүй. Тэдний адуунууд “Хавцгайн гол” орчимоос холддоггүй байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээх ххийн 149-150 дугаар хуудас/,

Гэрч Э.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Адуу авч байгаа ченж гарал үүслийн бичиггүй мал байна. Та нар зургаа авахуул гэхээр нь манай нөхөр Самбуу бид хоёрынх биш ээ эзэн энэ гээд Төмөрсүхийг зааж өгөөд тэр ченж нь Төмөрсүхийн зургийг авсан гэж манай нөхөр над дээр ирэхдээ хэлсэн. Төмөрсүх, Билэгтсүрэн 2 урд өмнө адуу авна гээд яваад байдаг байсан болохоор нь Гаваа гэж хүнээс худалдаж авсан гэж ойлгосон. Нөхөр бид 2 тэр машиныг худалдаж аваад удаагүй байж байгаад Улаанбаатар хот яваад ирсэнийхээ дараа Төмөрсүхэд 10.000.000 төгрөгөөр зарсан. Төмөрсүх 6.000.000 төгрөгийг өгчихсөн байгаа. Үлдсэн 4.000.000 төгрөгийг нь өгөөгүй. Тэгж байгаад өгнө...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Гэмт хэргийг гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд /1 дүгээр хх-ийн 4-20 дугаар хуудас/

Хохирлын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 179-180, 203-204 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нар нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газраас хохирогч Д.Жамбалсүрэнгийн 14 тооны, хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн 1 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч Д.Жамбалсүрэнд 10.150.000 төгрөгийн, хохирогч Б.Мөнхдэмбэрэлд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Д.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/,

хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас/ гэрч Ц.Билэгтсүрэн, Б.Наранбаатар, С.Нямбаатар, Ч.Сансар-Эрдэнэ, Д.Самбуудорж, Д.Дамдинсүрэн, Э.Ариунзаяа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 123-126, 129-132, 139-140, 141-143, 144-147, 149-150, 151-152 дугаар хуудсууд/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Төмөрсүхийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ...Н.Төмөрсүхийг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй харин алдуул мал ашигласан гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Н.Төмөрсүх нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт урьдчилан амлаж С.Равжиргавааг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж гэмт хэргийн хамжигч болох нь гэрч Ц.Билэгтсүрэнгийн мэдүүлэгт “...Лүнгийн пост орох гэж явж байсан чинь Самбуу намайг Төмөрсүхээс гарал үүслийн бичгээ авсан уу гээд асуудаа гэсэн. Би Төмөрсүх рүү залгаад гарал үүслийн бичгээ авсан юм уу гэж асуусан чинь авчихсан гэж надад хэлсэн. Лүнгийн пост орохын алдад Төмөрсүх миний гар утас руу залгаад постон дээр цагдаа байхгүй байна шууд явчих гэсэн. Тэр адуу авсан ченж Төмөрсүхээс адуу авахдаа гарал үүслийн бичиг нь хаана байгаа юм гэсэн чинь гарал үүслийн бичиг хийдэг хүн нь байхгүй хийлгэж амжаагүй хүрээд ирлээ гэж Н.Төмөрсүх хэлсэн. Би Н.Төмөрсүхийг адуу зарж байхад нь гарал үүслийн бичиг яагаад хийлгээгүй юм гэсэн чинь гарал үүсэл хийдэг хүн нь байхгүй хийлгэж чадаагүй юм гэхээр нь тэгээд яагаад хийлгэчихсэн гээд худлаа ярьсан юм гэсэн чинь буруу гарынх байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлэгт “...2018 оны 07 дугаар сарын 22-ны үеэр миний маллаж байсан Д.Жамбалсүрэн гэж хүний сартай цавьдар азаргатай 15 тооны адуу алга болсон. 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Д.Жамбалсүрэн адууныхаа дэлийг засах гээд ирсэн чинь адуу нь олдоогүй. Тэдний адуунууд “Хавцгайн гол” орчимоос холддоггүй байсан ...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Мөн хохирогч Д.Жамбалсүрэн, Б.Мөнхдэмбэрэл нар нь дээрх алдагдсан адуугаа Цагдаагийн байгууллагад алдагдсан тухай эрэн сурвалжлуулж байгаагүй алдагдсан 15 тооны адуунууд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газарт байнга нутагладаг талаар гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь хүсэлтэндээ “...Шүүгдэгч Н.Төмөрсүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1-т зааснаар “гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдэснийг зөрж гүйцэтгэх гэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 2-т зааснаар “гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй гэж зааснаар шүүгдэгч Н.Төмөрсүхэд ял халдаахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж заасан тул боломжгүй нарын үйлдэл зөрч гүйцэтгэсэн үйлдэл байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарагдахгүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар мөнгө угаах гэмт хэргийн шинж байх тул зүйлчлэлийг өөрчилж ял эрүүгийн хариуцлага хүлээлгэн өгнө үү гэжээ.

Шүүх дараах хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Н.Төмөрсүхэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна гэж дүгнэв.

Учир нь хохирогч Д.Жамбалсүрэн, Б.Мөнхдэмбэрэл нар нь дээрх алдагдсан адуугаа Цагдаагийн байгууллагад алдагдсан тухай эрэн сурвалжлуулж байгаагүй алдагдсан 15 тооны адуунууд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газарт байнга нутагладаг.. гэсэн мэдүүлгүүдээс үзхэд шүүгдэгч Н.Төмөрсүхээс шүүгдэгч С.Равжиргаваагийн үйлдэл зөрж үйлдсэн зүйлгүй, харин бусдын 15 тооны адууг хулгайлахдаа урьдчилан амлаж 1500.000 төгрөгийг шүүгдэгч С.Равжиргаваад шилжүүлэн, авто машинаар болон дээрх 15 тооны адууг зарж борлуулсан идэвхитэй үйлдэл гаргасан гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Төмөрсүх нь тохиролцсон төлбөрөөс үлдэх 2.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Равжиргаваад адууг зарж борлуулсны дараа шижүүлснээрээ бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж үзэн шүүгдэгч Н.Төмөрсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн хамжигч гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нар нь гэм буруутай, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржгин овогтой Сугарын Равжиргаваа,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боожир овогтой Норовсамбуугийн Төмөрсүх нарыг гэм буруутайд тооцуулахаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нарын цагдан хоригдсон 71 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулах, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн С.Равжиргаваагийн хувьд ногдох хөрөнгөнөөс 10.950.000 төгрөгийн үнэ бүхий 11 тооны адуу, 9 тооны үхэр, Н.Төмөрсүхийн хувьд оногдох хөрөнгөнөөс 4.400.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхэр, 50 тооны хонийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Төмөрсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Жамбалсүрэнд хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/13 дугаарт үнэлгээгээр Д.Жамбалсүрэнгийн 14 тооны адууны төлбөр 10.150.000 төгрөг төлөх байснаас С.Равжиргаваагийн хамт нийт 17.500.000 төгрөг төлсөн байна.

Шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Равжиргаваад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Төмөрсүх нарт хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгин овогтой Сугарын Равжиргаваа, Боожир овогтой Норовсамбуугийн Төмөрсүх нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Сугарын Равжиргаваад 1 /нэг/ жил 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Боожир овогтой Норовсамбуугийн Төмөрсүхийг 1 / нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сугарын Равжиргаваад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ хоногийн хорих ялыг, шүүгдэгч Норовсамбуугийн Төмөрсүхэд оногдуулсан 1 / нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Равжиргаваагийн хувьд ноогдох хөрөнгө болох 11 тооны адуу, 9 тооны үхэр зэргийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 49 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Төмөрсүхийн хувьд ноогдох хөрөнгө болох 2 тооны үхэр 50 тооны хонь зэргийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 50 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч С.Равжиргаваагийн цагдан хоригдсон 71 /далан нэг/, Н.Төмөрсүхийн цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Равжиргаваагийн эзэмшлийн “Хонгор” зүсмийн морийг хурааж Улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Равжиргаваа, Н.Төмөрсүх нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА