Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2018/00024

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, М овогт Ж-ийн Т-ий нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ё сургууль /захирал Т.Д/-д холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Т-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Ё сургуулийн захирал Т.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Д  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн сахиул бөгөөд жижүүрээр эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус сумын Ё сургуульд анх 2014 оны 1 дүгээр сараас эхлэн галч, сахиулын амралтын өдрөөр долоо хоногийн хоёр өдөр сахиулаар ажиллахаар ажилд орж ажилласан юм. 2015 оноос галчийн илүү цагийг өөр хүнд өгч зөвхөн сахиулын амралтын цагаар ажиллаж сард 140000 төгрөгийн цалин авч ажиллаж ирсэн. Гэвч сургуулийн захирал намайг сургуулийн төсөв хэтэрсэн, цалингийн сан хүрэхгүй, мөр орон тооны цомхтгол гэх шалтгаанаар ажлаас халсан. Тэгвэл цалингийн сан хүрэхгүй байгаа бол надаас хойно ажилд орсон галчаар Ы.Ахмет, өөрийн төрсөн нагац ахын хүү З.Боласханыг номын санчаар, сургуулийн бүх багш нар жижүүр хийж байсан мөртлөө жижүүр гэж томилон маш өндөр цалингаар авч ажиллуулж байна. Энэ З.Боласханы эхнэр Ж.Жансаулег угаагчаар, өөрийн нагац эгчийн бэр М.Кирисийг цэвэрлэгчээр, тогоочийн илүү цагт Амангүлийг тус тус ажиллуулж байна. Т.Д- захирал болмогц өөрийн төрөл садангаа авч, төрийн ажлыг төрлийн алба болгож ажиллаж байна. Манай эцэг уг сургуульд 30 гаруй жил ажиллаж байгаад өвчний улмаас нас барж, уг ажилд томилсон юм. Т.Д-ы ажилд авсан өөрийн хамаатан садан, төрөл төрөгсөд нь сургуулийн дээрх шалтгаанд нөлөөлөхгүй, урьд өмнө олон жил ажилласан намайг ажлаас халж байгаа нь хууль бус явдал юм. Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж ядуу өнчин, өрөөсөн намайг халж байгаа шалтгааныг хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье гэжээ

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирал Т.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ё сургуульд 2016 оны 09-р сарын 13-ны өдөр захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Би ажил авахаас өмнө захирлаар ажиллаж байсан Б.Н нь Ж.Т-ийг ажилтай болгох зорилгоор шинээр орон тоо үүсгэн сургуулийн сахиулын илүү цагт ар гэрийн гачигдлыг харгалзан 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захирлын дугаар 3 тушаалаар түр ажилтнаар ажилд авч, тушаалд нь өр байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор тамга, тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааварт тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг бусад байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглоно гэж заасан байна. Тус Ё сургууль 80 сурагчтай, сургалтын 5 бүлэгтэй. Манай сургуульд Засгийн газраас батлагдсан 18 орон тоо байгаа ба Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтний бүртгэлд орон тоог тодорхой харуулсан байна. Манай сургуулийн төсвийн хувьд энэ оны цалингийн сан, НДШ-ийн санхүүжилт танагдсанаас болж цалингийн сан, НДШ-ийн төсөв хүрэлцэхгүй байгаа. Батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, цалингийн сандаа багтаан, батлагдсан орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах талаар аймаг дахь Төрийн аудитын газраас албан шаардлага ирүүлсэн. Энэхүү зөрчлийг арилгах, сургуульд байгаа илүү орон тоо цөөрүүлэх талаар Ж.Т-д 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дугаар 02 “Мэдэгдэх хуудас” өгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаар захирлын тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Ж.Т-ий хувьд хамт олны дунд ажиллах чадвар таруу, удаа дараа ажил тасалсан, захирлын зүгээс тавьсан шаардлагуудыг хүлээн авдаггүй, ажлын цагтаа архи уудаг, сургуулийн дотоод журмыг баримталдаггүй, цагдаагийн байгууллагад удаа дараа асуугдаж байсан. Иймд Ж.Т-ий шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. 

Нэхэмжлэгч Ж.Т-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ж.Т- анх 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Галч болон цахиул бөгөөд жижүүрээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 11-р сарын 01-ний өдрийн Сургуулийн захирлын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Анх ажилд авахдаа түр хугацаагаар томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Улирлын болон тухайн ажлын үйлчлэх хугацаагаар ажилд орж байгаа болон дагалдан суралцагчдын сургалтын хугацаа 6 сараас илүүгүй байна гэсэн хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Т- бол тасралтгүй 4 жил ажилласан болохоор уг ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй байна. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн хуулийн заалт бий. Анх ажилд томилсон тушаалд хөдөлмөрийн гэрээний заалтыг тусгаагүй мөртлөө мэдэгдэх хуудас ажлаас чөлөөлөх тушаалуудад хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн заалтуудыг үндэслэсэн тул хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Мөн Т- анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “цалингийн сан хүрэлцэхгүй байгаа бол надаас хойш галчаар ажилд орсон нагац ах Ахмет, өөрийн төрсөн нагац ахын хүү Болысханыг номын санчаар, сургуулийн бүх багш нарыг жижүүрээр томилон өндөр цалингаар авч ажиллуулж байсан. Мэдэгдэх хуудсыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгч. 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр халах тушаал гаргасан нь мөн хууль зөрчсөн байна. Орон тоо хасагдсан тухайгаа ажил олгогч нэг сарын өмнө мэдэгдэнэ гэснийг бас зөрчиж 18 хоногийн дараа халсан байна. Иймд Ж.Т-ийг Ё сургуулийн сахиул бөгөөд жижүүрээр эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирал Т.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ Ё сургуульд сахиулын түр орон тоонд ажиллаж байсан Т-ийг энэ сургуульд өмнө нь захирлаар ажиллаж байсан Б.Н гэдэг хүн ажилд авсан. Манай сургуульд 18 ажилчин ажиллах ёстой байсан. Тухайн үед манай сургуульд илүү орон тоо үүсгэж, сонгуулийн үеэр хүмүүсийг ажилтай болгох зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гаргаж илүү орон тоо үүсгэж сахиулын илүү цагт ажилтай болгосон байгаа. Өнгөрсөн жил би бас илүү орон тоо үүсгэж авсан байсан нэг багшыг шүүхэд өгч ажлаас нь гаргаж байсан. Одоо Аудитын байгууллагаас манай сургуулийг шалгаад илүү орон тоо байгаа талаар тогтоож өгсөн. Тэгээд надад илүү орон тоог хасаж цалингийн санд багтаан ажиллах талаар албан шаардлага ирүүлсэн байгаа. Тэр шаардлагын дагуу би сахиулын илүү цагт ажиллаж байсан Т-ийг ажлаас гаргасан. Тухайн үед Т-ийг ажилд авсан захирал нь ажилд томилох тушаалдаа Булган сумын 10 жилийн дунд сургуулийн тамгыг ашигласан байна. Манай сургуулийн тамга бас биш. Тамганы тухай хуулиар бол өөр байгууллагын тамга тэмдэг хэвлэмэл хуудсыг бусад байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглосон байдаг. Энд өөр байгууллагын тамгыг ашиглаж хүмүүст тушаал гаргаж цалинжуулж байгааг Аудитын байгууллагаар бас тогтоосон байна. Энэ хүний яриад байгаа сүүлд ажилд авсан гэх хүмүүсийн талаар би Авилгатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Одоо хариугаа өгөх байхаа. Төрөл садангийн нэг ч хүнийг би эрх мэдлээрээ далимдуулж ажилд аваагүй. Би хүнийг ажилтай болгох талаас нь бодохоос биш гаргах талаас нь огт боддоггүй. Би энэ хүнийг бас ажилтай болгох гэж хөөцөлдөөд явж байгаа. Энэ хүний орон тоо илүү орон тоо болох нь тогтоогдсон. 18 хүн ажиллах ёстой байхад 19 хүн болоод илүүдээд байгаа. Жилийн эцсээр орон тоо нэмүүлэх тухай хүсэлт гаргадаг юм байна. Орон тоог нэмүүлэх болон сургууль бариулах талаар хөөцөлдөж явж байгаа. Өнөөдрийн байдалд манай сургуулийн төсөв 10 сая төгрөгөөр танагдсан байгаа нөхцөлд энэ бас боломжгүй байгаа. 10 сая төгрөг гэдэг чин манай байгууллагын 3 хүний цалин байгаа. Тухайн үед манай байгууллагын төсөв танагдсан илүү орон тоог хас гэж Аудитын байгууллагаас мэдэгдэхэд би Т-д “дараа жил орон тоо нэмэгдвэл чамайг эргүүлж авъя” гэж ярьсан байгаа.

Одоо эндээс орон тоо нэмэх боломжгүй гэж байгаа тул буцаагаад ажилд авч чадахгүй гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар,  хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Ж.Т-ий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалаар тус сургуулийн галч, сахиулын бөгөөд жижүүрийн илүү цагт Ж.Т-ийг түр томилсон байна.

Нэхэмжлэгч Ж.Т-ийг дээрх анх ажилд томилсон тушаалд “түр” гэж заасан боловч Ж.Т- нь тасралтгүй 4 жил тус сургуульд ажиллаж байсан нь  зохигчдын мэдүүлэг, Ж.Т-ий НДД№А0912907 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус нотлогдож байгаа тул уг ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирал болон нэхэмжлэгч (ажилтан) Ж.Т- нарын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.2-т заасан эрхлэх албан тушаалд гэдэгт “сахиулын илүү цаг сахиул” гэсэн байна. 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д ”Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэсэн боловч уг “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.7-д “хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” гэж заасан нь хууль зөрчсөн байна. 

 Мөн хариуцагч буюу ажил олгогч  “хөдөлмөрийн гэрээ”-г хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан, харилцан тохиролцсон нөхцөл байдлын талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт зөрчигдсөн байна.

Иймд ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч  энэ хөдөлмөрийн гэрээний 6.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрээний биелэлтийг талууд дүгнээгүй байна. Мөн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6.2-т заасны дагуу  “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацаа дуусмагц талууд цуцлах санал тавиагүй тул уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцох нь зүйтэй байна. 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирал нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2 болон сургуулийн дотоод журмын 6.3.6, 6.3.7 дах заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Т-ийг сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөхөд дараах байдлаар хууль зөрчсөн байна.

Үүнд:

1) Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар тухайн сахиул бөгөөд жижүүрийн “орон тоо хасагдсан”, эсхүл тухайн “орон тоо цөөрүүлсэн” эсэхийг тушаалд тодорхой тусгаагүй байна. 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирал нь Ж.Т-ий ажиллаж байсан орон тоог цөөрүүлсэн гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно. 

Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтний гарын үсэгтэй Ё сургуулийн бүтэц орон тооны жагсаалтад  манаач жижүүрийн орон тоо-1 гэж бичигдсэн боловч энэ жагсаалт нь 2016 оных байгаа тул энэ хэрэгт хамааралгүй болно. 

Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн тус сургуулийн 2017 оны төсвийн санхүүжилт танагдсанаас болж цалингийн сан хүрэхгүй байгаа гэх 2016-2017 оны төсвийн төлөвлөгөөний харьцуулалт ба зөрүү, мөн Төсвийн байгууллагуудын 2016, 2017 оны төсвийн төлөвлөгөө нь мөн энэ хэрэгт хамааралгүй болно. Учир нь, 2016 онд болон 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжлэгч Ж.Т- нь тус сургуульд сахиул бөгөөд манаачаар ажиллаж байсан нь дээрх Хөдөлмөрийн гэрээ болон Ж.Т-ий НДД№А0912907 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 4, 5 дугаар хуудсанд байгаа бичилтээр тус тус нотлогдож байгаа болно. 

Мөн Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/53БӨА-2017/05-га дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын шаардах хэсгийн 1-д” батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, цалингийн сандаа багтаан, батлагдсан орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах” гэж тусгасан боловч энэ нь батлагдсан орон тооноос гадуур сахиулын бөгөөд жижүүрийн орон тоонд Ж.Т-ийг авч ажиллуулсан гэдгийг нотолж чадаагүй болно. 

Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ё сургуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт нь нэхэмжлэгч Ж.Т-ий нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.  

2) Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай  “Мэдэгдэх хуудас”-аар Ж.Т-д түүний ажиллаж байсан илүү цагийн орон тоо цөөрүүлэн 2017 оны 10 дугаар сарын 31-нээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн байна

3) Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгосон эсэх асуудлыг тушаалдаа тусгаагүй байна.

4) Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ж.Т-ий хувьд хамт олны дунд ажиллах чадвар таруу, удаа дараа ажил тасалсан, захирлын зүгээс тавьсан шаардлагуудыг хүлээн авдаггүй, ажлын цагтаа архи уудаг, сургуулийн дотоод журмыг баримталдаггүй, цагдаагийн байгууллагад удаа дараа асуугдаж байсан гэх боловч тухайн үед зөрчил тус бүрийг шалган тогтоож хэлэлцэж байсан эсэхийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын арга хэмжээ авч байсан талаарх нотлох баримтаа хариуцагч шүүхэд гаргаж өгч чадаагүй болно. Мөн энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Т-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Т-ийг Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн сахиул бөгөөд жижүүрээр эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан өөрт нь буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Т-ийг Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн сахиул бөгөөд жижүүрээр эгүүлэн тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчид буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё сургуулийн санхүүгээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МАНГИЛИК