| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2022/0549/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/571 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/571
2022 04 14 2022/ШЦТ/571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
Улсын яллагч А.Амарсанаа,
Шүүгдэгч Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Аод холбогдох эрүүгийн 2206 00859 0739 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
..
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “зуух өшиглөлөө” гэх шалтгаанаар хохирогч Д.Аг толгойн тус газар нь баруун гараараа алгадаж цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Ажил тараад гэрт ирсэн чинь эхнэр уурлаад зуух өшиглөөд байхаар нь би чи яахаараа амьдарч байсан гал голомтоо ингэж байдаг юм бэ? гээд араас нь гараад нэг алгадсан. Одоо хамт амьдрахгүй, тусдаа амьдарч байна” гэв.
Эрүүгийн 2206 00859 0739 дугаартай хэргээс:
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хаяг тоотыг мэдэхгүй зааж өгч чадах нийтийн байрны түрээсийн өрөөнд найз Хуягаар уртасгагчаа янзлуулж байхад салсан нөхөр Б.А орж ирээд элдэв бусаар хэлж доромжлоод байхаар нь чи яагаад миний гэр оронд ирчихээд охиныг чинь гэрт чинь хүргэж өгчихөөд байхад одоо яах гэж байгаа юм бэ гэж асуухад чи хүнтэй суучихсан болохоор нөхрийг чинь харах гэж ирлээ гэх мэт элдэв бусаар хэлж доромжилж ямар нэгэн зодоон хийлгүй явсан. Тэгээд би хойноос нь явж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ... тоотод оршин суудаг салсан нөхөр Б.Аын гэрт ороод охин А.Сондорыг аваад гарах гэхэд Б.А хаалгаар гаргахгүй миний гутлыг тайлж хөл нүцгэн явуулна гэж хэлэхэд нь чи хүйтэн өвөл хүн хөл нүцгэн явуулах гэлээ гэж хэлээд зуухыг нь өшиглөөд охиноо хөтлөөд хашааны хаалгаар гарах гэж байхад салсан нөхөр Б.А хойноос ирж баруун гараар миний зүүн чих хэсэгт 1 удаа хүчтэй алгадахад нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд зугтаж явсан. Тухайн өдөр өөр ямар нэгэн маргаан зодоон цохион болсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2355 дугаартай:
“1. Д.Агийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргаж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Аод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод “зуух өшиглөлөө” гэх шалтгаанаар хохирогч Д.Аг толгойн тус газар нь баруун гараараа алгадаж цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2355 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Д.Агийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Аын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.Аоос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Аод оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Д.А нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.Аоос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА