Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/322

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* *******, Хэрээд овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 1921006880358 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сум 6 дугаар баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Бодонгууд овогт ******* *******. /РД: *******/,                                                                                                                            

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6-р баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэрээд овогт ******* *******. /РД: /,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч хониноос нийт 254 тооны хонь, хурга тасарсаныг бусдынх болохыг мэдсээр байж завшиж бусдад 26.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч хониноос нийт 254 тооны хонь, хурга тасарсаныг бусдынх болохыг мэдсээр байж завшиж бусдад 26.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь ******* нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч хониноос нийт 254 тооны хонь, хурга тасарсаныг бусдынх болохыг мэдсээр байж завшиж бусдад 26.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921006880358 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 30-нд би аймгийн төвөөс ирсэн. Маргааш нь ...манай ээж болон дүү нар “ахаа манай ямаа чинь их, хонь чинь цөөрөөд байна” та хонио бүртгэж үзээрэй гэж хэлэхээр нь хонио тоолоод үзсэн. Тооллогоор 240 гаруй тооны хонь дутсан. Тэгэхээр нь ойр хавийн айлаар хонио хайсан боловч олоогүй. 3,4 хоногийн дараа ...******* гэх айлын хонин дотор манай имтэй хонь харагдсан юм. ...Манай хонь танай хонин дотор байх шиг байна, би үзээдхүү гэж асуухад ******* ах “Тэгээ, байвал аваад яв” гэсэн. Тэгээд би хонин дотор нь ороод харахад миний хонь им, тамгаараа байсан. ...хонийг нь хашиж байгаад ялгасан. Ялгахад 190 толгой хонь, ганц ишиг гарсан. Тэгээд “Ахаа танай хониноос манай хонь гарсан” аваад явлаа шүү гэж хэлээд аваад явсан юм. ...Цогоогийн хонь дотор шинээр имнэсэн 20 гаруй тооны хонь байна” гэхээр нь би ...“Манай хонь танай хонин дотор байна” “Чи яагаад имнээ вэ” гэж асуухад “Танай хонь манай хонинд байхгүй” гэж хэлсэн. ...Цогоогийн эхнэр нь “Үнэхээр танай хонь мөн бол аваад яв” гэж хэлсэн. Тэгээд хонио ялгахад 25 тооны эр хонь байсан. ...Алдсан хонь дотор 90 гаруй хурга, 125 эр, эм нийлсэн төлөгнүүд байсан. ...25 тооны хонь дутаад байгаа юм.... Би алдсан хонио нэгийг нь 100.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...Би ******* гэдэг хүнээр эм хонио харуулахаар хөлс мөнгөө тохироод 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн орой ...эм хонинуудаа авчирлаа та тоолоод хүлээгээд авах уу гэхийнхээ хажуугаар танай хонь арай олон юм байна уу гэхэд ******* ах “Дорнодоос манай хамаатнууд хургатай хонинууд авчираад тавиад байгаа” гэж хэлсэн. ...хашаатай хонинуудыг нь гаргах үеэр имийг харахад жигтхэн имтэй хонинууд бололтой зүүн чих нь бүтэн, баруун чинь араас догол болон урдаасаа ухам имтэй, хонинууд харагдсан. ******* ахын өөрийнх нь хонины им нь зөв тал нь урдаасаа догол, баруун чих нь араасаа догол имтэй байдаг. ...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр очиж харуулж байсан эм хонинуудаа буцааж авахад нөгөө өмнө харагдаж байсан хонинууд байхгүй байхаар нь та нөгөө хонинуудаа яагаа вэ гэж асуухад айлын хонь тасарч ирээд байсан юм би чамд худлаа хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,  

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар аймгийн баяр наадам дуусгаад 7  дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэртээ ирэхэд хонь мал дутуу юм шиг байна гэж хэлсэн. Бид ч маргааш өдөр нь буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өглөө хонь, малаа тоолоход 1190 хонь байхаас 937 хонь тоологдож 253 хонь дутаж үүнээс 63 хурга, 130 бүдүүн эм хонь, 60 төлөг дутсан. Ойр хавиар хоёр хоног хайсан боловч олоогүй ...манай гэрээс 10 гаруй км зайд байдаг “******* гэх айлын хонинд манай имтэй хонь байна оллоо” гэсээр ирсэн. Маргааш өглөө буюу 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өглөө нөхөр маань найз Мөнхтайван гэх хүний хамт ******* гэх айлаас хонио ялгаж авчирсан. Авчирсан хонинуудыг тоолоход 63 хурга, 126 эм хонь, 1 ишиг уг айлын хониноос ялгаж авчирсан байсан. 8 дугаар сарын 10-ны үеэр *******ийн хүргэн болох *******ын хонин дотроос 25 толгой хонинуудаа олоход хонинуудын баруун чихний имтэй хэсгийг мухарласан, мөн хоёр чихийг мухарлаж имнэсэн байсныг олж авсан. *******ын хонины дундаас олж авсан хонинуудаас 13 толгой сувай эм хонь /3 настай/, 12 толгой эр хонь /3настай/ ирсэн. ...Одоо 253 хонь анх дутаж байснаас *******ынхаас 190 толгой хонь, хүргэн *******ынхоос 25 толгой хонь, нийт 215 тооны хонийг олж, одоо 38 толгой хонь үлдэж байна. Эдгээрийг нас хүйсээр нь ялгавал эр төлөг 25, эм төлөг 13 дутаж байна. ...эм төлгийг 100.000 төгрөгөөр, эр төлгийг 120.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

            Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө эрт босоод хонио харахад манай хонины хойд талд нэлээн олон тооны хонь, 1 тооны ишиг байхаар нь очиж харахад баруун чих нь хойноосоо догол, урдаасаа ухам имтэй, зүүн чих нь бүтэн имтэй хэнийх нь ч мэдэгдэхгүй хонь байхаар нь өөрийнхөө хоньтойгоо  нийлүүлээд бэлчээрт 2 хонож байхад Норовлин сумын гэх залуу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр надаар эм хонинуудаа харуулна гээд хонио туугаад гэрийн гадаа ирсэн. ... танай хонь их олон болоо юу гэж асуухаар нь “аймгаас манай хамаатаны хүмүүс хонь авчирч тавиад байгаа” юм гэж хэлсэн. ...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манайхаас зүүн хойно байдаг адуугаа олоод явж байна гээд надтай уулзаад ...манай хонин дундуур явж хараад манай имтэй хонь байна гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өглөө Мөнхтайван гэх залуугийн хамт ирж манай хониноос өөрийнхөө имтэй 190 тооны хонь, 1 ишигээ ялгаж аваад явсан. ...манай хүргэн ******* манай хонинд айлын хонь нийлсэнийг мэдээгүй манай хониноос 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр аймаг руу явахдаа 14 тооны хонь ачиж явахдаа айлаас ирсэн имтэй хониноос авч явсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ирээд манайхаас хонио ялгаж авахдаа имтэй хониноос нь авч явсан байсан. Яг хэдэн хонь авсаныг нь тухайн үед мэдээгүй бөгөөд дараа нь 25 хонь авч явсныг мэдсэн. ...Би нутгийн иргэд болон Цагдаагийн газарт мэдэгдээгүй ...сураглаад ирэх байх гэж бодоод ирэхээр нь өгнө гэж байсан юм. Манайд нийлсэн хониноос 190 тооны хонь, нэг ишиг ялгаж авсан ба хүргэн *******ын хониноос 25 тооны хонь ялгаж авсан. ...38 тооны хонь дутсан гэсэн бөгөөд ...хохирогч Цэрэнхорлоод малын үнэ болох 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хөдөө бэлчээр дээр хадам аав *******тай таарч уулзахад манай гадаа нэлээн олон тооны гадны им тэмдэгтэй хонь ирээд байна. Хонио алдаад эрэл, сурал болж байсан хүмүүс байна уу гэж асуухаар нь “би мэдэхгүй байна очиж үзье” гээд ганцаараа хадам аавын хонь байгаа газарт очиж үзэхэд нэлээн олон тооны хонь хадам аавын хонинд нийлсэн байхаар нь имийг нь харахад баруун талын чих нь хойноосоо догол имтэй хонинууд харагдсан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хадам аав *******ын хонинд нийлсэн гадны имтэй хониноос 14 толгой хонь, өөрийнхөө хониноос 7 тооны хонийг өөрийн эзэмшлийн портер маркийн 36-52 ДОР улсын дугаартай автомашинд ачаад аймаг руу ирж “Хаан хүнс” гэдэг газарт нэг хонийг амьдаар нь 80.000 төгрөгөөр бодож зарсан. Тэгээд сумруугаа буцсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өглөө хадам аав *******ынхаас өөрийнхөө хонийг ялгаж авахдаа гадны имтэй айлын хониноос 25 тооны хонь авсан. ...гадны имтэй хонинуудыг 2 чихний үзүүрийг тэгшилж хайчлаад бэлчээрт гаргасан. Тэр өдөр хонин дээр байж байхад гэх манай нутгийн залуу ганцаараа ирээд “танай хонин дунд манай хонь нийлсэн байна” гэхэд нь мөн юм уу гэхэд мөн гэж хэлсэн. ...манай хониноос 25 тооны хонио ялгаж аваад явсан. ...Би нутгийн иргэд болон Цагдаагийн газарт мэдэгдээгүй нэг нь сураглаж ирвэл хэлнэ гэж байсан. ...Манайд нийлсэн 25 тооны хонио ялгаж авсан мөн хадам аав *******ын хониноос 190 тооны хонь, нэг ишиг ялгаж авсан. Мөн 38 тооны хонь дутсан гэсэн бөгөөд түүний үнэ болох 2.500.000 төгрөгийг хохирогч Цэрэнхорлоод хадам аав *******ын хамтаар бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ******* сумын 2-р багийн малчин хонинд үзлэг хийсэн тэмдэглэл,  /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

            -Эд зүйлийн үнэлгээ, малын жишиг үнэлгээ, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /хх-ийн 48- 51 дүгээр хуудас/,

            Хохирогч хохирол төлсөн баримт, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт /53-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, Цагаан овоо сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40-42, 44-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1921006880358 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч хониноос нийт 254 тооны хонь, хурга тасарсаныг бусдынх болохыг мэдсээр байж завшиж бусдад 26.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Цэрэнхорлоо /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ц. /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Б. /хх-ийн 31-32/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бүлэглэн завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, хялбар аргаар малтай, мөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, хохирогч нь өөрийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдын эзэмшлийн алдуул малыг өөрийн өмчлөлд шилжүүлэн өөр им тавих, зарж борлуулах зэргээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч *******, ******* нар нь 254 тооны мал буюу хонь, хурга зэргээс 215 тооны  хонь, 1 ишиг зэрэг малыг хохирогч буцаан авсан харин үлдэх 38 толгой буюу 25 толгой эр төлөг, 13 толгой эм төлгийн үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан хохирогч нь гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бүлэглэн завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид нарыг тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын *******, *******ын  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* *******, Хэрээд овогт ******* ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бүлэглэн завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр 300 / гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын *******, *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН