| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2018/00213/И |
| Дугаар | 134/ШШ2018/00024 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 134/ШШ2018/00024
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ийн
Хариуцагч: Ш-О д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б түүний өмгөөлөгч Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б нь “ШО” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Б нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “ШО” ХК-д сэлбэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэнэт дуудан захирлын зөвлөлийн хурлаар оруулан ажил тасалсан гээд үүрэгт ажилаас нь шууд чөлөөлсөн байгаа. 2017 оны 06 дугаар сарын 7, 8 хоног ажил тасалсан гэж үндэслэлгүйгээр захирлын хуралд оруулсан ямар нэгэн арга хэмжээ авалгүй шууд ажлаас чөлөөлсөн.
Иймд, хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж үзээд иргэний зүгээс гомдол гаргаж байна. Миний гомдлыг шийдвэрлэж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Б “ШО” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/263 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.4, захирлын зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн удаа дараа ажил тасалж, тасалсан цаг нь 64 цаг болж, ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халсан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан болно. Б байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10-д “...хүндэтгэх шалтгаангүйгээр 3 түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан, жилийн турш ажил тасалсан буюу ажлаас хоцорсон цаг нь 40 цаг хүрсэн бол” хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байна. Б нь 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын хүртэлх хугацаанд нийт 64 цагийн ажил тасалсан бөгөөд ажил тасалсан байдлыг сар бүрээр нь дурдвал:
2017 оны 02 дугаар сарын 8, 9, 10, 13-ны өдрүүдэд, 3 дугаар сард 9, 10-ны өдрүүдэд, 6 дугаар сард 12, 13-ны өдрүүдэд ажил тасалсан болно. Б олон өдрөөр дараалан ажил тасалж буй байдал нь туйлын ноцтой бөгөөд хамт ажиллаж буй ажиллагсдад сөрөг нөлөө ихээр үзүүлж байсан юм. Ажил тасалсан шалтгааны талаар Б тодруулахад “хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаан дурддаггүй бөгөөд яадаг юм, ядраад байсан болохоор ажилдаа очоогүй юм, би ажил таслаагүй, өвчтэй байсан” гэсэн тайлбар тавьдаг байсан болно.
2017 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Б ажил тасалсан ба ажлын хамт ажиллагсдадаа худал мэдээлэл өгч, 12-ны өдөр ирснээр, 13-ны өдөр өвчтэй гэсэн үндэслэлийг цагийн бүртгэлийн баримтанд бүртгүүлсэн байна.
2017 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ажиллаагүй болох нь Санхүү, эдийн засаг, хангамжийн хэлтсийн дарга А захирлын зөвлөлийн хурал дээр хэлсэн тайлбар, бусад албан хаагч нарын тайлбараар тогтоогдож байгаа болно. 2017 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагааг Б нөхөн авчирсан боловч авчирсан эмнэлгийн магадлагааг хэн, хэрхэн бичсэн, эмчийн нэр байхгүй, тамга, тэмдэг байхгүй зөвхөн гараар бөглөсөн албан ёсны гэж баримтын хэмжээнд үнэлэх ямар ч боломжгүй зүйлийг авчирч өгсөн болно. Б нь ажил байдлын хувьд ажлын цаг ашиглалт муу, ажлын байранд байх хугацаа нь туйлын дутмаг бөгөөд ажил таслах, өвчтэй гэсэн байдлаар ажлыг байнга хойш нь уядаг ажилдаа туйлын хайхрамжгүй ажилтан байсан юм. Сэлбэгийн нягтлан бодогчийн ажил бол өдөр бүр ажлын байран дээрээ байх шаардлагатай ажил бөгөөд уурхайн бүх сэлбэг, хэрэгсэл тус ажилтны мэдэлд байдаг. Уг албан хаагч ажилдаа ирэхгүй байх нь сэлбэг, хэрэгсэл шаардсан ажилтнууд сэлбэгээ авах боломжгүй байдалд хүрч, уурхайн машин, техник сул зогсоход хүрч, ажлын хийдэл үүсч, уурхай алдагдалд ордог туйлын ноцтой асуудал юм. Б нь 2016 оны 02 дугаар сард ажил тасалсан үндэслэлээр ШО” ХК-ийн захиргаанаас сануулах шийтгэл хүлээж байсан ажилтан юм. Өөрийн гаргасан алдаагаа ухаарч ойлгохгүй, уг алдааг дахин давтан гаргаж буй үйлдэл нь итгэл, ажлын хариуцлага даахгүй ажилтан болохоо харуулсан болно. Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.2 “ажилтны хүсэлтийг “өргөдлийг” үндэслэн 1 өдрийн /ээлжийн/ чөлөөг хэлтэс, алба, хэсгийн удирдлага, 5 хүртэлх өдрийн чөлөөг тэргүүн дэд захирал, 7 хүртэл өдрийн чөлөөг гүйцэтгэх захирал олгоно” 8.3.3 “ажилтны чөлөө хүссэн өргөдөл, чөлөө авах болсон шалтгааныг нотолсон баримтыг хавсарган ЗХБХэлтэс хүлээн авч зохих шийдвэрийг гаргуулж ажилтанд чөлөөний хуудас бичиж олгоно” 8.3.5 “ ажилтны чөлөө авч байгаа баримтанд эмнэлгийн магадлал, тодорхойлолт ...зэрэг баримтуудыг хавсаргана” 8.3.6 “чөлөөг зохих журмын дагуу аваагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно” хэмээн заасан байна.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө зөвшөөрөл авах ёстой албан хаагч эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэхгүй, зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн ажилдаа ирэхгүй байх, холбогдох нотлох баримтаа авчирч өгөхгүй, албан ёсны шаардлага хангахгүй баримт авчрах нь туйлын харамсалтай үйлдэл билээ. Б 2017 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь тус уурхайн ажилтнуудын тайлбар, хурлын тэмдэглэл, гарын үсгийн тайлал, тамга тэмдэггүй эмнэлгийн магадлал зэргээр нотлогдож байгаа болно. О.Бямбажав нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б намайг 2017 оны 06 дугаар сард 7-8 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр захирлын зөвлөлийн хуралд оруулсан гэж дурджээ. Б 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын ажил тасалсан хугацаа нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.10-д заасан хугацаанаас хэтэрсэн, 2017 оны 02, 03 дугаар сард дараалан тасалсан өдрүүдийн асуудал 2017 оны 07 дугаар сарын эхээр ажилчдын ажилласан нийт цагийн баланс гаргах үед илэрсэн учир захирлын зөвлөлийн хурлаар О.Бямбажавын асуудлыг хэлэлцсэн байна. Нэхэмжлэлд ямар нэг шат дараалсан арга хэмжээ авалгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн учир дээрх шийдвэр хөдөлмөрийн хуулийг зөрчсөн хэмээн дурджээ. ШО ХК-ийн зүгээс Б ажлаас чөлөөлөхөд хөдөлмөрийн хуулийг зөрчсөн зүйл огт байхгүй болно. Б гаргасан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлтэй бүрэн тохирсон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг ажилтан гаргасан, ажил тасалсан үндэслэл нь тогтоогдсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн гурван хэлбэрийг зааж өгсөн хэдий ч ажилтны гаргасан зөрчлөөс шалтгаалж аль нэгийг сонгон хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Б гаргасан зөрчил нь туйлын ноцтой бөгөөд Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн тул ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Иймд, Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч “ШО” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас “... удаа дараа ажил тасалж, тасалсан цаг нь 64 цаг болж, ажлын хариуцлага алдсан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ...” хэмээн маргана.
Нэхэмжлэгч Б нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 952 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно”, мөн хуулийн 79.4-д “энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана” гэж зааснаас үзэхэд шүүх нэхэмжлэлийг буцааснаар тасалдсан хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдож эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 952 дугаар шүүгчийн захирамжаар буцаасан өдрөөс хугацааг тоолж эхлэх ба 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Ажилтан нь “ШО” ХК-д 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн бараа материал, сэлбэгийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагдсан талаар зохигчид маргаагүй.
Зохигчид дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна гэж үзэв.
“ШО” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 17-ны өдрийн Б/263 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн “...удаа дараа ажил тасалж, тасалсан цаг нь 64 цаг болж, ажлын хариуцлага алдсан” гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, дуусгавар болгожээ.
Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.
Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан О.Бямбажавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10-т “... ээлжийн амралт, олгосон чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоногоор хэтрүүлсэн, мөн хүндэтгэх шалтгаангүйгээр 3 түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан, жилийн турш ажил тасалсан буюу ажлаас хоцорсон цаг нь 40 цаг хүрсэн бол” зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлийг харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Б нь 2017 оны 02 дугаар сарын 08, 09, 10, 13-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ажлын 8 өдөр буюу нийт 64 цаг ажил тасалсан болох нь “ШО” ХК-ийн төв конторын ажилтнуудын 2017 оны 02, 03, 06 дугаар сарын цагийн бүртгэл, Санхүү, эдийн засаг хангамжийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, “ШО” ХК-ийн захирлын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэл, цалингийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хэдийгээр хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10 дахь заалтыг ноцтой гэж тодорхойлоогүй боловч уг зөрчлийг ажил олгогчийн санаачлагаар шууд ажлаас халах хариуцлага хүлээлгэхээр зааж, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан ноцтой зөрчил гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил байх тул “ШО” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 сарын 17-ны өдрийн Б/263 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “ … шат дараалсан арга хэмжээ аваагүй, 2017 оны 02 дугаар сард 36 цаг илүү ажилласан нь дотоод журмаа зөрчсөн, 03 дугаар сарын 09, 10-нд ажил тасалсан гэдгийг зөвшөөрч байгаа, 2017 оны 6 дугаар сарын 12-нд шалтгаантай байсан талаар хэлтсийн даргад мэдэгдсэн, 13-нд өвчтэй байсан” гэж тайлбарлана.
Нэхэмжлэгч Б нь 2017 оны 02 дугаар сард 32 цаг ажил тасалсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй,
Мөн “... 2017 оны 06 дугаар сарын 12-нд шалтгаантай байсан талаар хэлтсийн даргад мэдэгдсэн...” гэх боловч гэрч “ ...Г.Надмидсүрэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өглөө ажилдаа ирээгүй, дараа нь нөхөж бүртгээд өөрөө гарын үсэг зурчихсан байсан, би бүртгээгүй, бүртгэсэн хүний гарын үсэг байхгүй”, гэрч С.Одбаяр “...12-нд би чөлөө өгөөгүй, хурдан ирээрэй, өнөөдөртөө амжиж ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байх ба энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй,
2017 оны 06 дугаар саын 13-нд өвчтэй байсан талаар эмнэлгийн магадлагаа өгсөн байх боловч энэ баримт нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Эмнэлгийн магадлагаа гаргах журам”-ын 4.5-д “ ...эмнэлгийн магадлагаа дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна ...” гэсэн нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу ерөнхий эмчийн гарын үсэггүй, дугааргүй, байгууллагын тэмдэг дарагдаагүйгээс ямар эмнэлгийн магадлагаа болох нь тодорхойгүй зэргээс ажилтан нь чөлөөтэй, өвчтэй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... тухайн саруудад цалингийг нь хасч олгож байгаа нь зөрчлийг илрүүлээд цалинг хассан, 3 дугаар сард гаргасан зөрчлийг илрүүлэхгүй явсаар байгаад 7 дугаар сард илрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн үед нь арга хэмжээ аваагүй байж одоо нөхөж авч байгаа нь буруу, сүүлд гаргаж өгсөн нотлох баримтыг нөхөж хийсэн байна” гэж маргана.
Хэрэв хариуцагч байгууллага ажилтанд арга хэмжээ авсан бол хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулдаг арга хэмжээнүүдийн аль нэгийг авсан байхыг ойлгоно. Гэтэл ажилтан хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрлөсөн хөлсөндөө тохирсон цалинг авсан байна.
Санхүү, эдийн засаг хангамжийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлээр ажилтанг ажил тасалж байсныг илрүүлсэн байх бөгөөд “Ш-О” ХК-ийн захирлын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хурлаар арга хэмжээ авах тухай хэлэлцэж шийдвэрлэж, улмаар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б “ШО” ХК-д холбогдуулан гаргасан бараа, материал сэлбэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.