Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/597

 

     2022       04         20                                   2022/ШЦТ/597

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Хохирогч Б.С,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Од холбогдох эрүүгийн 2206 00000 0938 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

...

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Э.Мыг бусадтай хардаж, улмаар биед нь халдаж баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, хамар, хацар, баруун нүдний зовхи, хуйх, зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд зодооныг салгахаар ирсэн хохирогч Б.Сы нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас биед нь дух, зүүн, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдрийн 02 сарын 22-ны шөнө намайг Э.М дуудсан. Тэгээд 10.30 минут болж байхад Э.М бид хоёр машинд сууж байгаад ногоон дэлгүүр орсон. Тэгсэн чинь Э.М уржигдар бид хоёр муудалцсан. Цаадах чинь гэртээ ирээгүй. Тэгээд Мөөгий хоёуллаа пиво ууя гээд 10 лааз пиво авсан. Тэгээд бид хоёр ажлынхан зогсоол дээр байж байгаад нэг нэг пиво уусан. Тэгсэн чинь Г.О залгаад байхаар нь би Г.О залгаад байна аягүй бол бөөн юм болно гээд би явсан. Тэгээд бид хоёр хөлбөмбөгийн талбай нь тэнд зогсоод хэрвээ намайг асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлэхээр нь за гээд явсан. Тэгээд намайг Г.О яадаг янхан бэ? хаагуур явж байгаад ирсэн бэ?, Э.Мыг хаана ямар буудалд үлдээсэн бэ? гэж хэлсэн. Ер нь бол байнга намайг ингэж хэлж доромжилдог. Би нөхөр 4 хүүхэдтэй, бага маань 01 нас 6 сартай.  Манайх хөрш айл олон жил энд амьдарч байна. Тэгээд Э.М Г.О хоёр зодолдож байхаар би гараад очсон, би тийм ойрхон очоогүй. Тэр дэлгүүрийн камер дээр байгаа. Эхлээд намайг нэг цохисон, сүүлдээ хэдэн удаа цохисныг би мэдэхгүй унасан. Тэгээд  цагдаа руу залгасан. Э.Мын ээж нь гарч ирээд Г.Оыг болиулсан. Тэгээд тэр өдрөө бүх шинжилгээгээ өгсөн. Одоо хүртэл миний хоёр нүдний хөх арилаагүй байна. Тэгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд миний зүүн талын чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн. Би өчнөөн удаа хувийн эмнэлгээр явсан. Би эмчид үзүүлсэн бүх зургаа авчирсан энд байгаа. Би эм тарианы мөнгө нэхээгүй. Намайг урьд ямар байсан тийм нүүр царай болгож өгөөч гэж хэлмээр байна” гэв.

 

  Эрүүгийн 2206 00000 0938 дугаартай хэргээс:

 

  Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед гэртээ ажлаа тараад ирсэн чинь эхнэр Э.М нь гэртээ байхгүй байхаар нь гар утас руу нь олон удаа залгасан боловч гар утсаа авахгүй байсан юм. Тэгээд би гэрээсээ гараад хайх гэж явж байсан чинь Э.Мын найз Б.Стай таараад эхнэрийгээ асуусан чинь Б.С нь нэг ч удаа таараагүй ээ гэж хэлээд гэр рүүгээ яваад орсон юм. Улмаар би байрныхаа буланд тамхи татаад зогсож байсан чинь эхнэр Э.М нь машинтайгаа байрны гадна талын ил зогсоол руу ороод ирэхээр нь би гүйж очсон чинь Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буугаад ирэхээр нь уур хүрээд нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон, тэгсэн чинь Б.С нь ардаас ирээд миний хүзүү хэсэгт маажаад байхаар нь Б.Сыг 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өчигдөр орой найз Б.Стай 23 цагийн үед уулзаад бид 2 миний машин дотор суугаад юм яриад сууж байсан чинь манай нөхөр Г.О байн байн залгаад байсан. Тэгээд би утсаа авсан чинь хаана байга янхан бэ? гэхээр нь би утсаа таслаад дуудлагыг нь аваагүй. Соёлоод хоёулаа гэр рүүгээ орьё би түрүүлээд орж байя гээд Соёлоо гэртээ ороод “манай нөхөр Бямбасүхтэй утсаар яриад танай эхнэр Сити шоп гэх дэлгүүрээс үнсэлцэж байгаад буулаа” гэж Г.О утсаар хэлэхээр нь чи чинь юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн байсан. Соёлоо над руу тэгж ярихаар нь би машинаасаа буугаад урдаас Соёлоо гарч ирсэн. Тэгсэн манай нөхөр байрны хажуу талаас гарч ирээд үгийн зөрөөгүй намайг зодсон.Тэгтэл Соёлоо намайг өмөөрсөн чинь Соёлоог бас цохиж зодоод, намайг дахин ирж зодсон. Миний нүүр, зүүн гар, хэвлий хэсэг өвчинтэй хавдсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Ээрмэлийн 12 дугаар байрны 67 тоотод нөхөр, 4 хүүхдийн хамт байж байсан чинь найз Э.М нь над руу фэйсбүүк чатаар залгаад уулзах уу, гараад ир би байрны гадна машиндаа ганцаараа сууж байна гэж хэлэхээр нь би гэрээсээ ганцаараа гарч очоод машинд нь хамт сууж байгаад ...бид хоёрыг пиво уугаад сууж байхад нөхөр Г.О залгаад байсан, тэгэхээр нь бид хоёр Г.Оыг хүрээд ирэх байх гэж бодоод тухайн газраасаа хөдлөөд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөл бөмбөгийн талбайн хажууд машинтайгаа очоод тухайн газарт машин дотроо сууж байгаад дахиад нэг, нэг шил пиво уугаад би гэр рүүгээ харьлаа гэж хэлээд машинаас буугаад гэр рүүгээ алхаад орсон юм. Тэгээд би гэрт ороод удаагүй байж байсан чинь Г.О над руу залгаад чи Э.Мыг аль буудалд үлдээсэн бэ, хоёр янхан минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан чинь манай нөхөр Д.Бямбасүх миний гар утсыг аваад чи манай эхнэрийг юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Г.О нь чи наадах хоёрыгоо мэдэхгүй байна, танай авгай чинь нэг залуутай үнсэлцээд хар машинаас буулаа гэх мэтээр хэлсэн, тэгсэн чинь манай нөхөр Д.Бямбасүх нь над руу уурлаж эхэлсэн, тэгэхээр нь би Г.Од чи юу яриад байгаа юм бэ, камераа шүү гэж хэлсэн чинь чи угаасаа л ийм шүү дээ, 3 охин хүүхэдтэй байж биеэ үнэлэж явахаа болиоч гэж хэлэхээр нь би чамд хангалттай доромжлуулж байна гэж хэлчихээд Цагдаагийн газарт хандахаар би гэрээсээ гарч ирсэн чинь Э.М нь яг байр руу эргээд машинтайгаа орж ирсэн, тэгээд Э.М нь машинаа зогсоолд байрлуулчихаад машинаа буугаад ирсэн чинь л Г.О нь хаанаас ч юм гарч ирээд шууд Э.Мыг толгойны үснээс нь барьж авч, газарт унагааж, нүүр рүү нь өшиглөөд байсан, тэгэхээр нь би ойртож очоод Г.Од хандаж чи болиочээ, хүн аллаа шүү дээ гэж хэлсэн чинь Э.Мыг зодохоо больж шууд над дээр гүйж ирээд гараа атгаж байгаад миний зүүн тал руу 2-3 удаа цохиж газарт унагаасан, тэр үед би босч чадахгүй болоод газарт сууж байсан чинь Э.Мын ээж Энхцэцэг эгч гарч ирээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн чинь Г.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинтайгаа зугтаад яваад өгсөн юм. Улмаар Цагдаагийн байгууллагын ажилчид ирээд Э.М бид хоёрыг хэлтэс дээр авчирсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 3409 дугаартай:

“1. Э.Мын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, хамар, хацар, баруун нүдний зовхи, хуйх, зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 3398 дугаартай:

“1.Б.Сы биед дух, зүүн, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41-64 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Э.Мыг бусадтай хардаж, улмаар биед нь халдаж баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, хамар, хацар, баруун нүдний зовхи, хуйх, зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

тухайн цаг хугацаанд зодооныг салгахаар ирсэн хохирогч Б.Сы нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас биед нь дух, зүүн, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э.М Г.О хоёр зодолдож байхаар би гараад очсон, би тийм ойрхон очоогүй. Тэр дэлгүүрийн камер дээр байгаа. Эхлээд намайг нэг цохисон, сүүлдээ хэдэн удаа цохисныг би мэдэхгүй унасан” гэх,

хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр намайг зодсон.Тэгтэл Соёлоо намайг өмөөрсөн чинь Соёлоог бас цохиж зодоод, намайг дахин ирж зодсон.” гэх,

хохирогч Б.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Г.О хаанаас ч юм гарч ирээд шууд Э.Мыг толгойны үснээс нь барьж авч, газарт унагааж, нүүр рүү нь өшиглөөд байсан, тэгэхээр нь би ойртож очоод Г.Од хандаж чи болиоч, хүн аллаа шүү дээ гэж хэлсэн чинь Э.Мыг зодохоо больж шууд над руу гүйж ирээд гараа атгаж байгаад миний зүүн тал руу 2-3 удаа цохиж газарт унагаасан.” гэх,

шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буугаад ирэхээр нь уур хүрээд нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон, ...Б.Сыг 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохисон юм” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 3409 дугаартай “Э.Мын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, хамар, хацар, баруун нүдний зовхи, хуйх, зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх, дүгнэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 3398 дугаартай “Б.Сы биед дух, зүүн, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэнлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Оын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Э.М, Б.С нарын биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Оын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Оын хохирогч Э.М, Б.С нарын биед халдаж хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.О нь хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Э.М, Б.С нар нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Г.Ооос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Оыг үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.О нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Оыг үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Од оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Э.М, Б.С нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Г.Ооос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА