Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2015/0537/З |
Дугаар | 221/МА2015/0498 |
Огноо | 2015-11-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2015/0498
Б.Т*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгчД.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М*******, Л.С*******, Ё.О******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Т*******ын нэхэмжлэлтэй, М*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Р*******ийн 2015 оны 58 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байх ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчжээ.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цаашид МХЕГ гэх стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц орон тоог шинэчлэн баталсан Шадар сайдын тушаал нь Засгийн газрын 387 дугаар тогтоолыг бүхэлд нь зөрчиж байна.
Иймд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Р*******ийн 2015 оны 58 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин /ТЗ-10-3, холбогдох бусад нэмэгдэл/-г олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч МХЕГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар Тамгын газрын чиг үүрэг, бүтэц, орон тоо үндсээрээ өөрчлөгдөж, бие даасан хоёр нэгж болж, гомдол гаргагч Б.Т*******аас үл хамаарах шалтгаанаар түүний орон тоо хасагдсан. Тиймээс МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 58 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэл болгосон бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйл, 27.2.3-д заасныг зөрчөөгүй.
Төрийн албаны зөвлөлийн МХЕГ-ын дэргэдэх Салбар зөвлөлийн даргын тушаалаар томилогдсон маргаан хянан шалгах комиссоос иргэн Б.Т*******ын гаргасан гомдлыг хянан шалгаад тус газрын Тамгын газрын даргын орон тоо хасагдсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д Б.Т*******т 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэн 2015 оны 30 дугаар тогтоолоор баталгаажуулсан.
Б.Т******* нь дээрх тушаалыг гардаж авснаас хойш 1 сар 18 хоногийн дараа 03 дугаар сарын 31-ний өдөр буюу гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байхад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 39.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана гэснээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Р*******ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалын Б.Т*******т холбогдох хэсгийг хүчингүй болгон, Б.Т*******ыг МХЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Т*******ын ажлаас халагдсан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн 143 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх 6 202 396 /зургаан сая хоёр зуун хоёр мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөгийн олговроос Б.Т*******ын тэтгэмжид олгосон 4 413 678 /дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуун далан найман/ төгрөгийг хасч тооцон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор нөхөн төлөхийг М*******д даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М******* давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
...Харин өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгж болох Төрийн захиргаа удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үнэлсэн нь дараах холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудасны дээд эхний мөрөнд Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-т 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан..., зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн... гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж-ийг шинээр бий болгосныг ойлгоно гэжээ.
Дээрх тогтоол, шийдвэрээс үзэхэд, Төрийн захиргаа, удирдлагын газар нь Тамгын газрын өөрчлөгдөн байгуулагдсан бүтцийн нэгж биш харин шинээр байгуулагдсан нэгж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг маргаан, үйл баримтыг үнэлэхдээ татан буугдсан Тамгын газар нь Төрийн захиргаа, удирдлагын газар болон өөрчлөгдсөн гэж үзэж дээрх тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Т*******ын эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр байхад түүний албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг үндэслэн ...ажлаас чөлөөлсөн ....тушаалын холбогдох хэсгийг захиргааны хууль бус акт болохыг тогтоож гэж үнэлсэн нь дараах холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
а/ МХЕГ-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц орон тоог шинэчлэн баталсан Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар МХЕГ-т Төрийн захиргаа, удирдлагын газар, Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар гэсэн хоёр үндсэн шинэ нэгж байгуулагдаж, татан буугдсан Тамгын газар (хуучин нэрээр)-ийн чиг үүрэгт байсан эрсдэлийн үнэлгээ, удирдлага, үйл ажиллагааны болон хяналт шалгалтын төлөвлөлт, тайлагналтай холбоотой чиг үүргийг Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар-т хариуцан ажиллах болсон бөгөөд байгууллагын захиргаа удирдлагын үйл ажиллагааг Төрийн захиргаа, удирдлагын газар хэрэгжүүлэхээр болсон.
Улсын Их Хурлын 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас мэргэжлийн хяналтын шинэчлэлийг гүнзгийрүүлэх талаар тодорхой бодлого, хяналтын шинэ арга хэлбэрүүдийг нэвтрүүлж байгаа бөгөөд одоо шилэн хяналтыг бий болгох, хяналтын байгууллагын хөгжлийн дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулж батлуулах ажлыг хийж байна.
Засгийн газрын бодлого, зорилтын дагуу эдгээр ажлуудыг хариуцан гардан зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий газрыг Шадар сайдын дээрх тушаалаар МХЕГ-т байгуулсан нь Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар юм.
Дээрх чиг үүрэг Тамгын газарт хавсарга байдлаар хэрэгжиж байсныг болиулж, Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын, Санхүү аж ахуйн, Мэдээлэл, олон нийттэй харилцах, Хяналт, шинжилгээ, үнэлгээний болон Гадаад харилцааны гэсэн 5 хэлтэстэй ажиллаж байсан Тамгын газрыг татан буулгаж, дээрх 2 газрыг шинээр байгуулсан.
Төрийн захиргаа, удирдлагын газар нь Хууль, эрх зүй, хүний нөөцийн, Захиргаа, санхүү аж ахуйн, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах гэсэн 4 хэлтэстэй ажиллаж байна.
Тиймээс Төрийн захиргаа, удирдлагын газар, Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар нь чиг үүргийн хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч шинэ газар болох нь тодорхой харагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-т мөн зүйлийн 27.2.4-т заасан "...орон тоо хасагдсан ... гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-д зааснаар тус тус ойлгоно., Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласан байна.
б/Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2-д Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны....албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи бусад албан тушаал хамаарна., 3-т Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал /цаашид удирдах албан тушаал гэх/-д томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.3, 10.4,...-д заасан болон тухайн албан тушаал (ажлын байр)-д тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино, 10-т Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь энэ журмын 9-т заасан /агентлагийн дарга/-аас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна гэж заажээ.
Дээрх хууль, тогтоомжийн заалтаас харахад агентлагийн шинээр байгуулагдсан нэгжийн даргаар томилогдох этгээдийг заавал Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулж, нэр дэвшүүлсэн этгээдийг агентлагийн дарга томилохоор зохицуулагдсан байна.
МХЕГ-т хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдсан Төрийн захиргаа, удирдлагын газар, Эрсдэлийн үдирдлага, стратеги төлөвлөлтийн газрын дарга нарыг дээрх журмын дагуу сонгон шалгаруулах асуудлыг МХЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цагаас 88.8 хувийн ирцтэйгээр хуралдан хэлэлцэж, нэгжийн дарга нарыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 14-ийн а-д заасны дагуу сонгон шалгаруулсан.
Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4-т Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан... ...сонгон шалгаруулах... гэж төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан, өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулахыг ойлгоно.
Ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтайг анхаарвал зохино гэж заажээ.
Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Эрсдэлийн удирдлага стратеги төлөвлөлтийн газрын даргаар томилогдсон 2 иргэн нь төрийн байгууллагад, тэр дундаа хяналтын байгууллагад 20 гаруй жил түүнээс 10 гаруй жил удирдах албан тушаалд ажиллаж байгаа, мэргэжил, боловсрол, мэргэшил, дадлага туршлагын шалгуураар нэхэмжлэгч Н.Т*******аас илүү гэдгийг шүүх хуралд тайлбарласан бөгөөд шүүх хурлын тэмдэглэлд энэ тухай тусгагдсан байгаа болно.
Мөн хэрэгт авагдсан шинээр байгуулагдсан нэгжийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтуудын ажлын байранд тавигдах шаардлага өмнөх /Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт/-оос илүү өргөн хүрээтэй болж, тусгагдсан нь дээрх шалгуурыг нотолж байгаа болно.
МХЕГ-ын дарга Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шалгаруулалтын дүн, дүгнэлтийг үндэслэн дээрх хоёр нэгжийн даргыг томилсон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.
Анхан шатны шүүхээс ... албан тушаалын орон тоог хасагдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь буруу тул нэхэмжлэгчийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
МХЕГ-ын Тамгын газрын даргын албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, харин өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгж болох Төрийн захиргаа удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн нь дараах холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгтийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр баталгаажуулсан МХЕГ-ын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт-д уг ажлын байрны зорилгыг МХЕГ-ын үйл ажиллагааг захиргаа, эрх зүй, хүний нөөц, санхүү, аж ахуйн удирдлага, зохион байгуулалтаар хангах, байгууллагын хэтийн болон дунд хугацааны зорилтыг тодорхойлж, төлөвлөлтийг хийх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах, үр дүнгийн гэрээг бүх шатанд байгуулж, биелэлтийг хангуулах, гадаад харилцааг хөгжүүлэх, .... газрын удирдлагуудыг цаг үеийн бодитой мэдээлэл, бодлогын зөвлөгөөгөөр хангах гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан МХЕГ-ын дарга Ш.Р*******ийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан МХЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт-д МХЕГ-ын захиргаа, эрх зүй, хуний нөөц, санхүү, аж ахуй, гадаад, дотоод хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж, газрын дарга, удирдлагуудыг цаг үеийн мэдээ, мэдээлэл, бодлогын зөвлөгөөгөөр хангах гэжээ.
Хэрэгт авагдсан МХЕГ-ын дарга Ш.Р*******ийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт-д МХЕГ-ын хэтийн болон дунд хугацааны зорилтыг тодорхойлж, төлөвлөлтийг хийх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангуулах, байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын төлөвлөлт, эрсдэлийн удирдлагын мэдээллийн сан, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтаар хангахад оршино гэжээ.
Дээрх ажлын байрны тодорхойлолтуудаас харахад татан буугдсан Тамгын газрын хэрэгжүүлж байсан чиг үүргүүдийг шинээр байгуулагдсан Төрийн захиргаа, удирдлагын газар, Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрууд хэрэгжүүлэхийн зэрэгцээ, шинэ чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Гэтэл шүүх яагаад нэхэмжлэгчийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргаснаа, яагаад Эрсдэлийн удирдлага стратеги төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргаагүй талаараа үнэлэлт өгөөгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үнэлэлт хийсэн байдлаас харахад нэхэмжлэгч нь Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд мөн томилогдож болох агуулга харагдаж байгаа нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх, үндэслэл бүхий байх шаардлага хангагдахгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс албан тушаалын чиг үүрэг нь хэвээр байхад түүний албан тушаалын орон тоог хасагдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь буруу тул нэхэмжлэгчийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Б.Т*******ыг Ажлаас чөлөөлөх тухай захиргааны актын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй болно гэсэн үндэслэлд шүүх нэхэмжлэгч Б.Т*******ыг томилохоор шийдвэрлэсэн Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд МХЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг томилсон бөгөөд уг тушаал хэрэгт авагдсан байгаа болно.
Мөн хэрэгт авагдсан МХЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тушаалаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилсон.
Гэтэл шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсээгүй тул гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч, Б.Т*******ыг тушаалаа мэдсэнээс хойш гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байх боловч тэрээр Төрийн албаны зөвлөлд гомдол гарган уг гомдлын хариуг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 823 дугаар албан тоотоор хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй байна гэсэн үндэслэлийн тухайд:
МХЕГ-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар байгуулагдсан ажил хүлээлцүүлэх комисс нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан иргэн Б.Т*******т түүнийг ажлаас чөлөөлсөн МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 58 дугаар тушаалыг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр уншиж танилцуулан, тушаалын хуулбар хувийг гардуулан өгч, ажил хүлээлцүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тэмдэглэлээр баталгаажсан байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2010 оны 08 дугаар тогтоолын 20-т Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь заалтыг дараах байдлаар ойлгож хэрэгжүүлнэ" гэсэн хэсгийн 20.1-т "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан журмын дагуу гаргасан гомдлыг Төрийн албаны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянах... гэж тайлбарлажээ.
Дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгч Б.Т*******ын хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 823 дугаар албан тоотыг шүүхээс үндэслэл болгож, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь нотлох баримт болон үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Харин Ажлаас чөлөөлөгдсөн тушаал гардаж авсан тухай тодорхойлолт гэж Б.Т******* гомдолдоо хавсаргасан МХЕГ-ын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/676 тоот албан бичгийн тухайд Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Т******* 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллага дээр ирж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл өгөх гэсэн боловч хуулийн хугацаа нь өнгөрсөн байна.
Иймд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гардаж авч, ажил хүлээлцүүлсэн гэсэн тодорхойлолт бичиж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс-т хаягласан МХЕГ-ын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/676 тоот албан бичгийг боловсруулж өгсөн, харин тушаалын хуулбар хувийг гардуулж өгөөгүй гэсэн тайлбарыг МХЕГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно.
Үүнээс үзэхэд Б.Т******* нь уг бичгийг өөрийн хууль бус үйлдлийг халхавчлах зорилгоор авсан байх тул хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй гэсэн нь дээрх хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, үйл баримтыг бүрэн үнэлээгүй, буруу дүгнэж шийдвэрлэсэн байна. МХЕГ-ын даргын 2015 оны 323 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4413678 төгрөгийн тэтгэлгийг Б.Т*******т олгохоор шийдвэрлэж, түүнтэй утсаар холбогдож зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр түүний дансанд уг мөнгийг шилжүүлсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шалгахдаа холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үйл баримт, нотлох баримтуудыг буруу үнэлж, эргэлзээгүй үнэн зөв үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн шүүхийн шийдвэр эргэлзээгүй, үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 526 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Ажилд томилох тухай 2014 оны 08 дугаар сарын 01-ний 304 дүгээр тушаалаар Б.Т******* тус газрын Тамгын газрын даргаар томилогдож ажилласан байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт болон Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 25 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор М******* 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 58 дугаар тушаалаар нэр бүхий удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь буруу, мөн тус газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл хууль бусаар хуралдаж, шинэ бүтэц орон тоон дээр томилогдох ажилтныг нэр дэвшүүлсэн нь үндэслэлгүй гэж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар Тамгын газрын чиг үүрэг, бүтэц, орон тоо үндсээрээ өөрчлөгдөж, бие даасан 2 нэгж болж, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар түүний орон тоо хасагдсан гэж тус тус тайлбар гарган маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...-аар зохицуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоог 137 байхаар, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагын орон тоог дарга 1, дэд дарга 2, нийт орон тооны дээд хязгаарыг 129 байхаар, мөн тус газрын бүтэцэд 9 газар байхаар өөрчлөн баталсан.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд Л.Бямбасүрэнг, Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд Ж.Гантөмөрийг томилсон нь тус хурлын тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Гэтэл дээрх тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрыг татан буулгаж, Төрийн захиргаа, удирдлагын газар, Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар гэсэн 2 үндсэн нэгж болгон зохион байгуулж, түүний чиг үүрэгт байсан эрсдлийн үнэлгээ, удирдлага, хяналт шалгалтын төлөвлөлт, тайлагналтай холбоотой чиг үүрэг Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газарт шилжиж, бусад чиг үүргийг Төрийн захиргаа, удирдлагын газар хэрэгжүүлэхээр болсон байх бөгөөд тодруулбал, Тамгын газар нь Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын, Санхүү аж ахуйн, Мэдээлэл олон нийттэй харилцах, Хяналт, шинжилгээ, үнэлгээний болон Гадаад харилцааны гэсэн 5 хэлтэстэй байсан бол шинээр байгуулагдсан Төрийн захиргаа, удирдлагын газар нь Хууль эрх зүй, хүний нөөцийн, Захиргаа, санхүү, аж ахуйн, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах гэсэн 4 хэлтэстэй болж, нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч нь байгууллагын зохион байгуулалтын бүтцээс хамаарч ажлын байр нь үгүй болж орон тоо хасагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Учир нь хариуцагчаас байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийхдээ тухайн албан тушаалтны ажлын байр, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн төдийгүй түүнийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Б.Т*******ыг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны хуулийн заалтыг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Зүй нь, дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмын дагуу хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага нь тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны чиг үүргийг өргөтгөн 2 газар шинээр бүрдүүлж, хуучин Тамгын газрын хэрэгжүүлж байсан ажлыг 2 хувааж хариуцуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд энэ тохиолдолд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд урьд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах байжээ.
Түүнчлэн хариуцагч Б.Т*******т 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг олгохдоо түүний өөрийнх нь зөвшөөрлөөр цалингийн дансанд нь дээрх мөнгийг шилжүүлснийг байгууллагын бүтэц, зохион байгуулалтын дагуу ажлаас чөлөөлснийг Б.Т******* хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Б.Т******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Р*******ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2 удаа хандаж, тус зөвлөлөөс 04 дүгээр сарын 27-ны өдөр 660 дугаар албан бичгээр, 05 дугаар сарын 26-ны өдөр 823 дугаар албан бичгээр хариу авсны дараа 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Ийнхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН