Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2017/00032

 

Ж.Мядагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 151/ШШ2017/00902 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Даваадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Басан, Б.Энхзул нарт холбогдох

“9 699 515 төгрөгийн үнэ бүхий хургатай хонь 26, ишигтэй ямаа 1, хуц 1, 8 тооны үхэр гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “26 хонь, 1 ямааг охин Д.Амаржаргалд үлдээсэн болохыг тогтоолгох, П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Амаржаргалд оногдох хэсгийг гаргуулах тухай, мөн 4 үхэр үхэж, 1 бяруу чононд идүүлснийг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч П.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч П.Даваадорж миний бие болон миний бие ээж Ж.Мядаг бид тус шүүхэд Н.Басан, Б.Энхзул нараас 26 тооны эм хонь, 26 хурга, 1 эм ямаа, 1 ишиг, 1 хуц, мөн 9 тооны үхэр, нийт бод бог нийлсэн 64 тооны мал нэхэмжилсэн. Ээж маань одоо 80 нас хүрсэн өндөр настай хүн учир шүүхийн ажиллагаанд оролцоод явах боломжгүй болсон. Мөн миний бие одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа, тусдаа гараагүй учир бид хоёрын эд хөрөнгө нь бидний дундын эд хөрөнгө учир тус тусдаа нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзлээ. Миний бие цаашид шүүхийн ажиллагаанд ганцаараа нэхэмжлэгчээр оролцох болсон. Иймд хариуцагч Н.Басан, Б.Энхзул нараас 26 тооны эм хонь, 26 хурга, 1 эм ямаа, 1 ишиг, 1 хуц, мөн 9 тооны үхэр, нийт бод бог нийлсэн 64 тооны 9 450 000 төгрөгийн үнэ бүхий малыг маань гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“2014 оны намар 10-р сарын 20-нд Батсүмбэр сумын Хавчиг ганга гэх өвөлжөө рүүгээ нүүхдээ Басангынд хуцанд гаргах гэж 26 эм хонь, 1 эм ямаа, 1 хуц үлдээсэн. Үлдсэн хонио авч нүүсэн. Гэтэл түүнээс хойш 2014 оны 12-р сарын 29-31-ний хооронд бид хоёр таарч тохирохгүй салсан. Энэ хэрэг 3 жил үргэлжилж байна. 2014 оны 12-р сарын 30-ны өдрөөс хойш хүүхдийн тэтгэлэг энэ тэр гэж шүүх цагдаагаар яваад 3 жил болж байна. 26 хургатай эм хонь, 1 ишигтэй ямаа нийт 54 тооны бог малыг Басангаас нэхэмжилж байна. 1 хуц нэхэмжлэхээсээ татгалзаж байна. Мөн 2015 оны 3-р сарын 26-нд манай ээжийг Батсүмбэр сумын Уйлант гэх газар байхад намайг Улаанбаатар хот руу явсан эзгүй хойгуур 15 үхрийг Басан, Энхзул 2 тууж явсан байсан. Энхзул анх манай гэрт ирэхдээ 7 үхэртэй ирсэн. 7 үхрээ авах нэрийдлээр миний 9 үхрийг туугаад явсан. Хар алаг үнээ, хар алаг бяруу, шар цоохор үнээ, бор бяруу, хар халзан үнээ, бор цоохор бяруу, хар бяруу, хар охин тугал, ягаан бяруу зэргийг тууж явсан байсан. Хар халзан, хар алаг, шар цоохор үнээ бүгд хээлтэй явсан. Энхзулаас эдгээр 9 үхрийг нэхэмжилж байна. Бод бог нийлсэн 63 малыг нэхэмжилж байна. Миний эзэмшлийн үхрийг туугаад явсан учир нэхэмжилж байна. Малаа малаар нь нэхэмжилнэ. Энхзулаас 9 үхэр нэхэмжилж байгаа. 54 бог малыг Басангаас нэхэмжилж байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр хамт амьдарч байхдаа 26 хонийг 2014 оны 10-р сарын 20-нд Хавчиг гангаруу нүүхдээ аавынд үлдээсэн. Нэг ямаа нь бол хашаа давж зугтаад үлдээсэн юм. Анхан шатны хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүх хуралдаан дээр Даваадорж охиндоо үлдээсэн гэж хэлж байсан. Энэ 26 хонь, 1 ямаанаас би охиндоо сард нэг хонийг хэрэглэсэн. Тухайн үед охиндоо тэтгэлэг төлдөггүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй зүйл нэхэмжлээд байна. Төллүүлнэ гэж тавиагүй. Төллүүлнэ гэж тавьсан бол гэрээ хийж авах байсан байх. 2014 оны 10-р сарын 20-нд Хавчиг гангаруу нүүхэд аав надад өмч болгож 14 тооны үхэр өгсөн. Үүнд: ягаан үхэр, ягаан тугал, улаан үхэр, улаан тугалтай, шар цоохор гунж, ягаан гунжин үхэр, хар алаг үхэр, бор халзан тугалтай, хар халзан үхэр, хар тугал, цагаан нүүртэй ягаан үхэр, бор тугал, ягаан бяруу өгснийг Хавчиг гангаруу нүүхдээ авч гарсан. Даваадоржийн нэхэмжлээд байгаа нь хар алаг үхэр, хар тугалтай юм болов уу. Хар тугал нь хар бяруу болоод чонод идүүлсэн. Би Мядаг гуайн гаднаас 13 үхэр тууж явсан. Ягаан үхэр, ягаан бяруу, ягаан гунж, улаан үхэр, хар бяруу, хар алаг үхэр, бор халзан бяруу, шар цоохор гунж, ягаан гунжин үхэр,цагаан нүүртэй ягаан үхэр, бор бяруу, хар халзан шүдлэн ийм тооны үхэр тууж явсан. Хар алаг үхэр, хар халзан үхэр, шар цоохор үхэр, бор бяруу, бор халзан бяруу, хар халзан шүдлэн эд нарыг Даваадорж нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа малынхаа эм зүсийг буруу хэлээд байна. Баруун талын чихэндээ цуулбар эмтэй. Араасаа ухсан эмтэй” гэжээ.

Хариуцагч Б.Энхзул сөрөг нэхэмжлэлдээ: “1.П.Даваадорж нь 2014 оны 10 дугаар сарын 20-нд өвөлжөө рүүгээ нүүхдээ өөрөө сайн дураараа охиндоо 26 хонь, 1 ямаа үлдээсэн болохыг тогтоолгох, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Иймд зохигчдын дундаас төрсөн охин Анхжаргалд эцэг Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Анхжаргалд оногдох хэсгийг гаргуулах, /Иргэний хуулийн 108-д заасан өмчлөх эрх бүхий этгээд нь охин Анхжаргал юм/. 2.П.Даваадорж нь 9 үхэр Энхзулаас нэхэмжилж байгаа боловч Даваадоржийн үхэр дандаа хайнаг /усан гүзээ гээд/ цэвэр монгол үхэргүй юм. Энэ үхэр нь одоо надад байхгүй учир миний миний 14 үхрээс хар халзан шүдлэн үхэр нь 2015.03.25-ны үеэр, хар алаг 6 настай үнээ 2015 оны 03 сарын 26-ны үеэр, Хар халзан зүстэй үнээ 7 настай 2015 оны 03 сарын 29-ний үеэр, бор бяруу 04 сарын 01-ний үеэр тус тус үхсэн болохыг 1 үхрийг нь 2014 оны 11 сарын 21-нд чоно идсэн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Энхзул шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайларлахдаа: “Даваадорж нь 26 хонь, 1 ямааг охиндоо үлдээсэн болохыг тогтоож өгнө үү. Мөн хар халзан эр шүдлэн, бор бяруу, хар алаг үнээ зэрэг 5 тооны үхэр үхсэн болохыг тогтоолгомоор байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй боловч 6 сар хамт амьдарсан. Иймд Даваадоржийн өмч хөрөнгөөс охиндоо оногдох хувийг нь гаргуулмаар байна. Тэгэхээр бид хоёрын дундаас төрсөн охин Анхжаргал өмчлөх эрхтэй гэж бодож байна. Даваадоржийн аавынд тоолуулсан 100 хонь, 100 ямаа, 28 үхэр нь өөрийнх нь өмч мөн учраас охин Анхжаргалд оногдох хувийг гаргуулахыг хүсч байна” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч П.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “26 хонийг би охиндоо өгөөгүй, өгсөн гэсэн баримт байхгүй. Аав нь 14 үхэр өгсөн гэж худлаа ярьж байна. Манайд анх ирэхдээ улаан үнээ, хар тугал, ягаан үнээ, ягаан тугал, шар цоохор гунж, ягаан үнээ, ягаан тугал зэрэг 7 үхэртэй ирсэн. Намайг байхгүй хойгуур миний үхрийг туугаад явсан байсан. Шар цоохор үнээг Бат-Эрдэнэээс, хар халзан эр шүдлэн, Хар алаг, хар халзан үнээг тус тусд нь тугалтай нь Бөхцоожоос авсан. Хар бяруу чононд идүүлсэн нь үнэн. Шүүхээр ороод би хүүхдэдээ тэтгэлэг төлөөд явж байгаа. Хар бяруу чоно идсэн гэдгийг би мэднэ. Бусдыг нь би мэдэхгүй. 100 хонь, 100 ямаа, 28 үхрийн хувьд нүүж ирээд удаагүй өөрсдөө өвөлжөөгүй болохоор эдний аавынд тоолуулсан, Басан өөрөө манай дээр тоолуулчихгүй юу гэхээр нь тоолуулсан. Энэ мал миний өөрийн өмч биш, ээж бид хоёр өрх нэг учраас бидний дундын өмч. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Басангаас /Ж.Мядагийн үлдээсэн/ 2 670 338 төгрөгийн үнэ бүхий 26 эм хонь, 1 эм ямаа гаргуулж нэхэмжлэгч П.Даваадоржид, хариуцагч Б.Энхзулаас 1 900 000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр /үнээ-1, бяруу-2, тугал-1/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Даваадоржид тус тус олгож, П.Даваадоржийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 үхэр, мөн /Ж.Мядагийн/ 26 хурга, 1 ишиг нэхэмжилсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хариуцагч Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас /Хар халзан шүдлэн үхэр, хар алаг үнээ 6 настай, хар халзан 7 настай үнээ, бор бяруу/ 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, хар бяруу чононд идүүлж үхсэн болохыг тогтоож, 26 хонь, 1 ямааг охин Д.Анхжаргалд эцэг П.Даваадорж нь үлдээснийг тогтоолгох гэсэн шаардлагыг, мөн Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Басангаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд төлбөл зохих 57 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн нэхэмжлэгч П.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Энхзулаас 45 350 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваан гаргуулж, П.Даваадоржид олгох, мөн хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Энхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч Ш.Дуламжав миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэгийн даргалж шийдвэрлэсэн Ж.Мядаг, П.Даваадорж нарын хамтарсан нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Басангаас 26 хургатай эм хонь, 1 ишигтэй ямаа, хуц бүгд 4.850.000 төгрөгийн үнэ бүхий 55 бог мал, хамтран хариуцагч Б.Энхзулаас 3 тугалтай үнээ, шүдлэн үхэр 1, бяруу 2 бүгд 4.600.000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны үхэр /бод/ нийт 9.450.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч П.Даваадоржид холбогдох 26 хонь, 1 ямааг охин Д.Амаржаргалд үлдээсэн болохыг тогтоолгох, Л.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Амаржаргалд оногдох хэсгийг гаргуулах, мөн 4 үхэр үхэж, 1 бяруу чононд идүүлсэн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн дугаар 151/ШШ2017/00892 тоот шийдвэрийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад доор дурьдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1.   Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, миний үйлчлүүлэгч Ж.Мядаг, П.Даваадорж нарын нэхэмжлэлийн 1 дэх шаардлага 26 хургатай эм хонь, 1 ишигтэй ямаа, 1 хуц нийг 55 бог мал буюу 4.850.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө нэхэмжилснээс зөвхөн 2.670.338 төгрөгийн үнэ бүхий 26 хонь, 1 ямааг Н.Басангаас гаргуулан Ж.Мядагт олгуулахаар шийдвэрлэж, 26 хурга, 1 ишиг, хуц тус тус гаргуулах шаардлагыг нь ,

2.  Мөн хамтран нэхэмжлэгч П: Даваадоржийн нэхэмжлэлийн шаардлага болох 9 тооны үхэр буюу 4.600.000 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлийн шаардлагаас 1.900.000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр /үнээ 1, бяруу 2, тугал 1/-ийг тус тус гаргуулахаар шийдвэрлэж, 2.700.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны үхэр гаргуулах тухай шаардлагыг нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг илт хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч нэхэмжлэгч нар нь 2015 оны 08 дугаар сарын 17-нд дээрхи шийдвэрт заагдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч талын үндэслэл муутай хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үл харгалзан олон удаа хойшлуулж, бүтэн 2 жил 14 хоногийн дараа хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын нэхэмжилсэн малын үнэлгээг тухайн орон нутгийн 2015 оны бог бод малын үнэлгээг харгалзан үзээгүй, хариуцагч талын хүсэлтээр гаргуулсан үнэлгээг хэрэглэсэн нь иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх хуулийн зарчим алдагдсан гэж үзэж байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч талын эрх зөрчигдсөн 2015 онд бог, бод мал аймгийн хэмжээнд зах зээлийн үнэ ханш өндөр байсан, энэ үеийн үнэлгээгээ нэхэмжлэгч тал гаргаж өгсөөр байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй өрөөсгөл хандсан.

Хамтран нэхэмжлэгч Ж.Мядаг, П.Даваадорж нар нь 3-н жилийн төл, малын ноос, ноолуур, ашиг шимээрээ хохирч яваа гэдгийг шүүгч мэдсээр байж өмгөөлөгч миний 2017 оны 03 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч нарынхаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өгсөн тодруулга болон шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлт, тайлбарыг огтхон ч авч хэлэлцээгүй, хариуцагч талын хууль эрх зүйн үндэслэлгүй тайлбар, жилийн дараа таньдаг малын эмчээрээ гуйж хийлгэсэн 4 тооны үхэр үхсэн гэж хийж өгсөн актыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гзж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлиин 40.1-д заасан шүүх хэргиин оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн зохицуулалтай нийцээгүй гэж үзэж байна.

Хариуцагч талын гэрч болох малын эмчийн гаргасан акт нь хариуцагч талын гуйлтаар нөхөж бичиж өгсөн гэж эмч С.Батбаатар шүүхэд гэрчээр оролцохдоо мэдүүлж байсан.

Ийм эргэлзээтэй нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлснийг нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа болно.

Гэтэл шүүгч маань ийм эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан малын эмчийн актыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Хар халзан шүдлэн үхэр, Хар алаг үнээ 6 настай, Хар халзан үнээ 7 настай, Бор бяруу” 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, “Хар” бяруу чононд идүүлж үхсэн болохыг тогтоосон нь хуульд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар хэргийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн бол миний үйлчлүүлэгч нар 3 жилийн төлөө алдахгүй байсан ба нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас 3 жилийн төл нэхэмжлээгүй 1 жилийн төлөө нэхэмжилснийг нь хангаж шийдвэрлэсэн бол 80 гарсан хөгшин гомдохгүй байсан, үүнийг ч шүүгч дотоод итгэлдээ тунгаан бодоогүй нь харамсалтай.

Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш магадлалд заагдсан зөрчлөө засаад 30 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад ямар ч ажиллагаа хийлгүй, бүтэн 6, 5 сарын дараа хэргийг шийдвэрлэхдээ түрүүчийн гаргасан алдаа, зөрчлөө давтаж байгааг ойлгохгүй байна. 

Энэхүү маргаан нь шүүгчээс нэг их мэдлэг шаардахааргүй, жирийн иргэн ч хар ухаанаараа шийдвэрлэчих асуудал байхад 3 он дамжуулан шийдвэрлэж нэхэмжлэгч талын эрх ашгийг хэт хохироож байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Мөн шүүх 4 тооны үхэр үхсэн, 1 тооны үхэр чононд идүүлсэн гэсэн малын эмчийн актыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн, уг акт байхад 5 тооны үхрийг үхсэн болохыг онцгой ажллагааны журмаар тогтоон шийдвэрлэснийг хууль зүйн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нөгөө талаас нь авч үзвэл: 5 тооны үхэр үхсэн гэдгийг шүүх тогтоох мэргэжлийн байгууллага нь биш бөгөөд дээрх үхэр үхэж үрэгдсэн асуудал хариуцагч нарын хариуцлагатай шууд холбоотой, маргаж байгаа малыг нэхэмжлэгч нарт малаа авахаар очиход нь өгчихсөн бол болох байсан ба үхсэн гээд байгаа үхрүүд нь 2015 оны намар адуу хайж яваад Н.Басангийн малыг билчээрт байхад нь харахад үхсэн гээд байгаа үхрүүд амьд байсан гэдгийг өмгөөлөгч миний үйлчлүүлэгч П.Даваадорж Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас гаргасан дугаар 151/ШШ2017/00006 тоот шийдвэрийн 2 дахь хуудаст бичигдсан тайлбарт тодорхой ярьсан нь тусгагдсан байгаа. / 1-р хх-ийн хуудас/

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр,шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг эд хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж зохицуулсан байгааг ч шүүх анхаарч үзээгүй миний үйлчлүүлэгч Ж.Мядагийн нэхэмжилсэн 26 тооны хурга, 1 тооны ишгийг, хамтран нэхэмжлэгч П.Даваадоржийн соёолон насны 3 тооны үнээ, эр шүдлэн 1, бяруу 1 бүгд 5 тооны үхрийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хохироосон тул энэхүү давж заалдах өргөдлийг гаргаж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 151/ ШШ2017/00902 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, Ж.Мядаг, П.Даваадорж нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийн талаар: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “...Нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно”, 68.3-т “Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно” гэсэн хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэснээс хэргийн зохигчийн эрх зүйн байдал тодорхойгүй болж, Ж.Мядаг, П.Даваадорж нар нь хамтран нэхэмжлэгч эсэх, эсхүл П.Даваадорж нь дангаараа хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан, эсхүл нэхэмжлэгч нар нь хоёр хариуцагчид тус тусад нь холбогдуулан тус тусдаа нэхэмжлэл гаргаж буй эсэх нь ойлгомжгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсгийн заалтуудыг зөрчжээ. Тухайлбал,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар срын 06-ны өдрийн 151/ШЗ2016/01347 дугаар захирамжаар Б.Энхзулын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Даваадоржид холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө гаргуулах тухай хэргээс 26 бог мал, 14 бод мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласан байх боловч тусгаарласан шаардлагадаа иргэний хэрэг үүсгэхгүйгээр Ж.Мядагийн нэхэмжлэлтэй Н.Басанд холбогдох хэрэгт тусгаарласан шаардлагаа нэгтгүүлэхээр захирамж гаргасан нь тус тусдаа үүсгэсэн хэд хэдэн иргэний хэргийг нэг ажиллагаагаар нэгтгэн хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна. Дээрх шүүгчийн захирамжаас үзвэл 26 бог мал, 14 бод мал гаргуулах тухай шаардлагын нэхэмжлэгч нь Б.Энхзул гэж тодорхойлогдсон байх ба Ц.Мядагийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Басанд холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь дээрх маргаж буй малыг Н.Басангийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж гаргуулахаар мөн шаардлага гаргажээ.     

Ц.Мядагийн нэхэмжлэлтэй Н.Басанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШЗ2016/1583 захирамжаар “Ж.Мядагийн нэхэмжлэлтэй, Н.Басанд холбогдох иргэний хэрэгт Б.Энхзулын нэхэмжлэлтэй, П.Даваадоржид холбогдох иргэний хэргийн эд хөрөнгийн маргаантай хэсгийг нэгтгэх”-ээр зааж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг нэгтгэх уг захирамжаа 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШЗ2017/02096 дугаар захирамжаар илт үндэслэл муутай гэх үндэслэлээр хүчингүй болгосон хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу зөвтгөж явуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчин явуулснаас П.Даваадорж, Б.Энхзул нар нь бие даасан нэхэмжлэгч эсэх, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг төлөөлөн итгэмжлэлээр оролцож байгаа эсэх эрх зүйн байдал тодорхойгүй болж, эрх зүйн маргааны оролцогч талууд хэн болох нь тодорхой бус болсон байна.

Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, эсхүл сөрөг нэхэмжлэл мөн эсэхийг зааглан ялгахгүйгээр зарим шаардлагыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтад хамааруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр хэт удаашруулан хууль зөрчсөн алдаа гаргаж байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт болон нотлох баримтад үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.14 дэх заалтыг буруу хэрэглэсэн, ... хэрэгт ямар ч ажиллагаа хийхгүйгээр давж заалдах шүүхийн өмнөх магадлалд заасан алдаа зөрчлөө давтаж байгаа...” талаарх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2017/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийндавж заалдах гомдлыг хангасугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 150 төгрөгийг улсын төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдсугай.           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА                  

                                        ШҮҮГЧИД                                    Ш.ТӨМӨРБААТАР           

                                                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР