Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 13

 

2018 оны 01 сарын 17 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00013

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хаан банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т-г нь тус банкны салбараас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14/518 тоот зээлийн гэрээ байгуулж 2500000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1500000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 1000000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1014075 төгрөг дээр 3500000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 4041020 төгрөг дээр 3800000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 6656092 төгрөг дээр 2000000 төгрөгийг тус тус нэмж авсан болно.

Зээлдэгч Н.Т-г нь зээлийн гэрээний 7.1.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй, Улаанбаатар хотод байгаа сурагтай байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Хаан банкны Ховд салбар нь Хариуцагч Н.Т-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Зээлдэгч Ж овогт Н-ийн Т нь Ховд аймгийн Жаргалант сумын .... багийн .. айлын орон сууцны ..тоотод оршин суухгүй байгаа нь Ховд аймгийн Жаргалант сумын . багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 186 дугаар тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд 1989 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, ........... дугаарын регистртэй, Ж овогт Н-ийн Т-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар 1989 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, .......... дугаарын регистртэй, Ж овогт Н-ийн Т-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н-ийн Т /........./-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ