Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Н.Энхтуяа, В.Нэргүй, Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн
хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Нэргүй, Д.Тунгалаг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Энхтуяа нарт холбогдох 132/2017/0169/Э индекстэй, эрүүгийн 715000690076 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1967 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэжээл бэлтгэгч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, **-** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт В Нэргүй 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, **-** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сүмбүү овогт Д Тунгалаг
 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, **-** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүлтүүш овогт Намсрайн Энхтуяа
Холбогдсон хэргийн талаар: 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Тарнын гүүр” гэх нэртэй газарт хоорондын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдох явцдаа шүүгдэгч Н.Энхтуяа нь иргэн Ө.Батмэнд, Ө.Оюунчимэг нарын эрүүл мэндэд, шүүгдэгч
В.Нэргүй нь Н.Э******* эрүүл мэндэд, шүүгдэгч Д.Тунгалаг нь В.Н*******ийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох
баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Н*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, Шүүгдэгч Н.Э******* өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоосоо уучлал гуйж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Т өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, 1715000690076 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Ө.Б өгсөн: Манайх Рашаант сумын Тарнын гүүр гэх газарт цайны газар болон хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр найзтайгаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд найз маань надад архи авч өгнө гээд Э******* дэлгүүр рүү дагуулж очсон. Тэднийхээс 1 шил архи аваад лангуун дээр нь тавиад байж байтал намайг гаднаас хүн уулзья гэхээр нь гарч уулзчихаад эргэж орж иртэл худалдагч Энхтуяа “чи сая архиа аваад гарсан шүү дээ” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ, би лангуун дээр чинь орхиод гарсан ш дээ” гэсэн чинь зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр нь би “за, за тэгвэл дахиад 1 шил архи өгчих би мөнгийг нь маргааш өгье” гэхэд надад архи өгөөгүй. Тэр үеэр тэднийд пиво ууж байсан Юндэн эхнэртэйгээ хажууд ирээд намайг янз бүрээр хэлээд байхаар нь би тэдэнтэй хэсэг маргасан. Юндэнгийн эхнэр нь миний нүүр рүү хэд хэд нулимаад маажсан. Намайг учиргүй нулимаад байхаар нь би тэр эмэгтэйг үсдээд доош нь дарсан чинь бүгдээрээ над руу дайрсан. Тэр дотор Энхтуяа, түүний хүү Нямдаваа, Юндэн нар байсан. Бүгдээрээ ноцолдоод гадаа гарч шалбааганд намайг унагасан. Тэр үед намайг дэвсэх нь дэвсээд, модоор цохих нь цохиж байсан. Миний санахаар Нямдаваа нүүр рүү 1 удаа, Юндэн 2 удаа гараараа цохисон. Юндэнгийн эхнэр нь миний нүүрний баруун хэсгийг урсан. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор хэн нь хаана цохисныг сайн харж чадаагүй гэх мэдүүлэг /хх 23-26 тал/,

Хохирогч Ө.О өгсөн: Манайх Рашаант сумын Тарнын гүүр гэх газарт цайны газар болон хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2017 оны 8 сарын 04-ний өдөр Э*******д оройн 22 цагийн орчимд утсандаа нэгж авахаар ороход Энхтуяа, Юндэн болон түүний эхнэр гэсэн хүмүүс пиво ууцгааж байсан. Хэсэг хугацааны дараа Э******* гэрээс манай ах Б дуу гараад байхаар нь ахыгаа авахаар Э******* гэрийн гадаа очиход гэр дотроос Батмэнд ахыг хүмүүс түлхэж унагаагаад цохиж зодсоор гарч ирсэн. Тэгтэл Энхтуяа гэрийнхээ гаднаас улаан өнгийн тоосго шүүрч аваад миний зүүн ташаа руу шидсэн. Тэгээд би ахыгаа тэднээс салгаж болиулсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,

Гэрч Ш.Юоржийн өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 04-ний орой 17 цаг өнгөрч байхад Тарнын гүүр рүү өөрийн эхнэр Т хамт өөрийн эзэмшлийн мотоциклиор найз Э*******х руу очоод бид жаахан айраг уугаад суусан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад гаднаас Батмэнд нэг залуутай орж ирээд Э******* худалдаа наймаа хийж байгаад гараад явсан тэр үед юу худалдаж авсан талаар би хараагүй. Тун удалгүй Батмэнд ганцаараа орж ирээд архиа авъя гэхэд Энхтуяа чамд архийг чинь өгсөн шүү дээ гээд хэрүүл маргаан үүссэн. Манай эхнэрийг хараад чи тэр архийг уугаа биздээ гэж доромжилж эхэлсэн тэгж байгаад эхнэрийн маань хамар руу цохиод авсан. Би тэр үед Б юу ч яриагүй. Батмэнд удалгүй гэрийн хаалгыг эвдэж орж ирээд манай эхнэрийн үснээс зулгааж газар чирэхээр нь би салгаж, Б гадагш түлхэж гаргасан. Дараа нь Нэргүй гэрт орж ирээд Э******* толгой, болон гар руу нь чулуугаар цохьсон. Тэр үед Н*******ийн охин нь “Энхтуяа чи хэдэн хүний толгой залгиж байгаа билээ алуурчин минь, чи угаасаа алуурчин шүү дээ” гээд нэлээд доромжилж байгаад явсан гэх мэдүүлэг /хх 31 тал/,

Гэрч Д.Тунгалагийн өгсөн: Би 2017 оны 8-р сарын 04 ний орой 17 цаг өнгөрч байхад Тарнын гүүр рүү өөрийн нөхөр Юоржийн хамт мотоциклоор очоод найз Э*******д ороод жаахан айраг уугаад суусан . Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад гаднаас Батмэнд нэг залуутай орж ирээд Э******* худалдаа наймаа хийж байгаад гараад явсан. Тэр үед юу худалдаж авсан талаар би хараагүй. Тун удалгүй Батмэнд ганцаараа орж ирээд “архиа авъя” гэхэд Энхтуяа “чи сая аваад гараа биздээ” гэсэн чинь Батмэнд намайг хараад “чи тэр архийг уугаа биздээ” гэхээр нь би “юу гэж хүний архийг уудаг юм бэ” гэтэл хэл амаар доромжилж байгаад хамар руу цохиод авсан. Тэгэхээр нь би лангууны араас гарч очоод Б мөр рүү нь цохьсон. Тэр үед Батмэнд гадагш гарч явахдаа үүдний шавар дээр халтирч унасан. Тэр үед Энхтуяа дэлгүүрээсээ гарч ирээд намайг гэрт оруулсан. Б ээж Нэргүй ирээд намайг “чи миний хүүхдийг зүгээр байхад цохиж авсан” гэхээр нь би “юу гэж хүнийг зүгээр байхад цохиж авах юм бэ, танай хүүхэд чинь намайг зүгээр сууж байхад хамар руу цохиод цус гоожуулсан” гэсэн чинь Нэргүй надруу дайраад байсан. Н*******ийн охин нь ирээд намайг “архичин Тарнын гүүрэн дээр ирж архи ууж биеэ үнэлдэг хүүхэн” гэж доромжилоод байхаар нь бид нар дэлгүүрт нь ортол араас Батмэнд дэлгүүрийн хаалгыг эвдэж орж ирээд миний үснээс зулгааж газар унагаж байгаад газраар чирэхэд манай нөхөр намайг салгаж авсан. Гадаа байхад Нэргүй чулуу барьчихсан намайг цохих гээд хөөгөөд байсан юм, тэр чулуугаа бариад дэлгүүрт орж ирээд Э******* толгойруу цохьсон. Энхтуяа толгойгоо барьтал дахиад гар руу нь цохьсон юм. Тэр үед Н*******ийн охин нь “Энхтуяа чи хэдэн хүний толгой залгиж байгаа билээ алуурчин минь, чи угаасаа алуурчин шүү дээ” гээд нэлээд доромжилж байгаад явсан гэх мэдүүлэг /хх 32 тал/, Гэрч Н.Э******* өгсөн: ...уур хүрээд та нар зайлцгаа гэж хашгираад гарт тааралдсан зүйлээ шидэлж байхад Ө.Оюунчимэг оногдчихсон юм...  зүүн ташааны орчимд нь цус гарч байсан, би юу шидсэнээ санахгүй байна. ...Ө.Батмэнд над руу архи нэхээд агсраад дайраад байхаар нь нүүр болон хацар орчимд нь маажиж, алгадаж цохьсон...гэх мэдүүлэг /хх-34 тал/, Гэрч В.Н*******ийн өгсөн: ...Тунгалаг намайг түлхсэн ба түүнээс болж би хөлөндөө гэмтэл авсан. ...Тэр явдал дууссаны дараа намайг хэл амаар доромжлоод хашгираад байхаар нь би Э******* дэлгүүрт ороод түүнтэй үсдэлцэж зууралдаж байгаад Э******* зүүн нүдний дээхэн талд нь гараа атгаж байгаад нэг удаа цохьсон... гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч Ө.Ж өгсөн: Манай ээж Тарнын гүүрэн дээр цайны газар ажиллуулдаг юм. Би тэр өдөр ээжийндээ ойр зуурын юм хийж өгөхөөр очсон. Тэгээд багын найз Б тааралдаад хээр гарч 2 шил архи хувааж уусан бөгөөд 2 дахь архийг задалж байсныг санаж байна. Цааш юу болсныг мэдэхгүй байгаа. Маргааш нь Бд ороход зодуулсан гээд хэвтэж байсан. Батмэнд намайг “хүнд зодуулж байхад чи дээр хэвтчихээд босохгүй байсан гэж хэлсэн” гэх
мэдүүлэг /хх 38 тал/,

В.Н******* яллагдагчаар өгсөн: Би хүүхдийг маань зодоод байхаар нь “та нар яаж байгаа юм бэ, болиоч” гэтэл Тунгалаг “танай хүүхдийг яасан ч яадаг юм” гээд байсан. Тэгэхээр нь би “юу гэж байгаа юм, та нар хүүхдийн нүүр муухай болголоо” гэж хэлээд Э******* толгойн хэсэгт нь цохисон. Мөн хоорондоо үснээсээ зулгаалцаад байж байхад манай охин намайг, Э******* төрсөн хүү Нямдаваа нь салгасан. Тухайн үед би эрүүл, Энхтуяа, Юндэн, Тунгалаг, манай хүү Батмэнд нар
согтуу байсан. Миний биед Тунгалаг гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх 60 тал/,

Н.Э******* яллагдагчаар өгсөн: 2017 оны 8-р сарын 04-ний шөнө 00 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тарнын гүүр гэх газарт өөрийн гэртээ Тунгалаг, Юндэн, бид 3 айраг уугаад сууж байхад гаднаас Жаргалсайхан согтуу орж ирээд нэг шил архи зээлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь 0,5 летрийн Улаанбаатар архийг өгөөд гаргасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Батмэнд орж ирээд “архиа аваагүй байна, одоо авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “сая өгөөд гаргасан ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл дахин “архи авъя, та нар худлаа яриад байна, согтуугаар далимдуулж архи өгсөнгүй” гээд хэрэлдэж эхэлсэн. Тэгээд Тунгалаг, Батмэнд хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл Батмэнд Тунгалагийг гараараа цохиж хамраас нь цус гаргасан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байхад Нэргүй гаднаас орж ирээд намайг цохисон. Тэгээд би зөрүүлээд Н******* цохиж бид хоёр хоорондоо барьцалдаж аваад үснээсээ зулгаалцаж зодолдсон. Тэгээд манай хүүхэд Нямдаваа, Н*******ийн охин Оюунчимэг нар бид хоёрыг салгасан. Тэгээд би гэрт байсан тоосгоны талыг хаалгаар гаргаж шидэх гэж байгаад О санамсаргүй гэдэс хавьцаа нь оносон. Удалгүй байж байгаад бид нар салсан гэх мэдүүлэг /хх 62 тал/,
Д.Тунгалагийн яллагдагчаар өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын нутагт байрлах өөрийн гэрээсээ нөхрийн хамтаар 16 цагийн орчимд Тарнын гүүр рүү найз Э******* гэрт очсон. Э******* гэрт очоод айраг ууж суугаад орой болгосон. Тэгээд байж байхад Батмэнд, Жаргалсайхан нар нь гаднаас согтуу орж ирсэн. Э******* ярьж байснаа архи худалдан авсан, аваагүй гэж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгж байснаа Батмэнд намайг цохиод авсан. Тэгээд Б би муудалцаад намайг зодох үед нь би урдаас нь эсэргүүцээд байж байхад манай нөхөр бид хоёрын дундуур орж салгасан юм. Тэгээд тухайн газарт Энхтуяа, Нэргүй нар нь бас маргаж зодолдсон. Миний хувьд Б маргаж хэрэлдсэн. Тэрнээс биш би өөр хүнийг цохиж зодож хэрэлдсэн зүйл байхгүй. Тэгж байгаад бид нар салцгааж явсан юм гэх мэдүүлэг /хх 64 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн
1. Ө.О биед зүүн ташаанд цус хуралт, шарх, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 47 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн No10067 тоот
1. В.Н*******ийн биед зүүн хөлний шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх
дүгнэлт /хх-50 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн
1.Ө.Б биед баруун хацар, дух, баруун нүдний зовхи, дээд уруул, хүзүү, зүүн дал, цээж, бүсэлхий, зүүн тохой, хэвлий, баруун бугалга, зүүн өвдөг шилбэнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-53 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5, 11 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65- 78 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-79-83 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Тарнын гүүр” гэх нэртэй газар Н.Энхтуяа нь гэртээ Д.Тунгалаг, түүний нөхөр Ш.Юорж нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний дэлгүүрээс архи худалдан авахаар орж ирсэн Ө.Б “худалдан авсан архийг өгсөн, өгөөгүй” гэх шалтгаанаар маргаж, энэ маргааны явцад Н.Энхтуяа нь Ө.Батмэнд болон ахыгаа авахаар орж ирсэн Ө.Оюунчимэг нарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан, В.Нэргүй нь өөрийн хүү Ө.Б өмөөрч Н.Э******* чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Д.Тунгалаг нь В.Н******* хүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар толгой руу нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар өгсөн хохирогч Ө.Батмэнд, Ө.Оюунчимэг, шүүгдэгч Н.Энхтуяа, В.Нэргүй, Д.Тунгалаг нарын хохирогч, гэрч болон яллагдагчаар татагдаж өгсөн мэдүүлгүүд, болсон үйл баримтыг харсан гэрч Ш.Юоржийн мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл, түүнийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн No 10108, 10068, 10067 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан шууд нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Иймд шүүгдэгч В.Нэргүй, Д.Тунгалаг нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Э******* хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Энэ хэрэгт хохирогч В.Нэргүй, Н.Энхтуяа, Ө.Батмэнд, Ө.Оюунчимэг нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Шүүгдэгч В.Нэргүй, Н.Энхтуяа, Д.Тунгалаг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч Н.Э******* хөрөнгө орлогын байдал, хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулын ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч В.Нэргүй, Н.Энхтуяа, Д.Тунгалаг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Хэрэгт шүүгдэгч В Н*******ийн эцгийн нэрний эхний үсгийг “Б” гэж зөрүүтэй бичсэн байгааг анхаарах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Боржигон овогт В Нэргүй, Сүмбүү овогт Д Тунгалаг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Бүлтүүш овогт Намсрайн Э******* хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Нэргүй, Д.Тунгалаг нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Э******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Э******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч В.Нэргүй, Д.Тунгалаг, Н.Энхтуяа нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч В.Нэргүй, Д.Тунгалаг, Н.Энхтуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Нэргүй, Д.Тунгалаг, Н.Энхтуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД