| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0210/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/193 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.С |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/193
2018 оны 10 сарын 26 өдөр 2018/ШЦТ/193 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0210/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өргөн буу овогт Милишийн Бд холбогдох 1839000000215 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах Цэцэрлэгт хүрээлэнд иргэн Г.Мгийн толгойн тус газар автомашины таван бул гэх төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах Цэцэрлэгт хүрээлэнд иргэн Г.Мгийн толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... дэлгүүрээс 0.75 граммын архи аваад гудамжинд Б бид хоёр хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад явъя гэсэн чинь Б би та хоёртой хамт жоохон алхаад архиа гаргая гээд Л бид хоёртой хамт зүүн тийшээ явсан. Тэгээд 3 дугаар багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн хашаагаар ороод хашаан дотор явж байхдаа би Быг одоо харь гэсэн чинь чи намайг хүргээд өгчих гэхээр нь чи өөрөө явчих гэсэн чинь надруу агсраад чи муу урианхай мэддэг юм уу гэхээр нь чи хүнийг яс үндсээр нь дуудаж болохгүй шүү дээ гэсэн чинь Б барьж явсан машины төмрөөрөө миний зүүн талын хөмсөг рүү тас хийтэл цохьсон. Тэгээд би доошоо тонгойтол миний хөмсөгнөөс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/
Гэрч Н.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Быг дагуулаад 3 дугаар багт байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн хашаагаар ороод явж байхад Б гэнэт Мг чи муу урианхай зүгээр байгаарай гэж хэлэхээр нь М та нар яахаараа намайг урианхай энэ тэр гэдэг юм. Танай эхнэр хүртэл зун хамт хонь хайчилж байхад урианхай гээд дуудаад байсан гэж хэлсэн чинь Б барьж явсан төмрөөрөө толгойруу нь цохисноо цаашаа яваад өгөхөөр нь чи ямар сонин юм хүн цохьчихоод яваад өгөх юм гэж хэлсэн чинь Б яадаг юм дахиад цохисон ч яадаг юм гээд төмрөө бариад дайраад байхаар нь цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан хүүхдүүд хориод Быг явуулсан. Мгийн зүүн хөмсөгнөөс нилээн цус гараад байхаар нь би гараараа сайн дар гээд Мг дагуулаад Саригт байдаг найзындаа очиход харанхуй болчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд нэг эмэгтэй хүн эхлээд түргэн дууд гэхээр нь би түргэн дуудсан. Эмнэлэг дээр 23 цагийн үед очоод М хөмсгөндөө оёдол тавиулаад дусал хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 хуудас/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 411 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1. Шүүгдэгч Ө овогт М Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч М.Бд оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгчдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ