Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/323

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч М.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгид овогт Мөнхжаргалын Нямсүрэнд холбогдох эрүүгийн 1921000000346 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 1-р баг Улаан худагийн 0-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх, Хатгид овогт Мөнхжаргалын Нямсүрэн. /РД: ЖБ82121977/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: 

Шүүгдэгч М.Нямсүрэн нь Дорнод аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Улаан худагийн 0-5 тоотод байх гэртээ согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шөнийн 03 цагийн орчимд эхнэр Г.Ганцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Нямсүрэн нь Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг Улаан худагийн 0-5 тоотод байх гэртээ согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шөнийн 03 цагийн орчимд эхнэр Г.Ганцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000000346 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Гэрч Г.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр 09-ний өглөө 12 цагийн орчим манай ээж Лхагвасүрэн над руу залгаад дүү чинь нөхөртөө зодуулсан, бэр очиж гэртээ авчирсан байна гэсэн. ...би тэр өдрөө гэрт нь очиж Ганцэцэгийн хувцсыг авахдаа нөхөр Нямсүрэнтэй нь уулзсан. Тэгэхэд нөхөр нь танай дүү чинь эхлээд миний аймхай руу цохисон тэгэхээр нь би өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 Гэрч Г.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 05 цагийн үед ...ажил дээрээ жижүүртэй хонож байхад миний төрсөн эгч Ганцэцэг нь над руу утсаар залгаад “Нямсүрэнд зодуулчихлаа намайг 11 дүгээр сургууль дээрээс ирж ав” гэхээр нь эхнэр Түвшинжаргал руу утсаар залгаж “эгч Ганцэцэгийг Бунханы сургууль дээрээс очиж аваад гэртээ авчир” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 08 цагт ажлаа тарчхаад гэртээ очиход эгч Ганцэцэгийн хамрын дээд талаас нь цус гарчихсан, толгой өвдөөд байна гээд байж байсан. Тэгээд би эгчийгээ эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 05 цагийн үед унтаж байхад манай нөхөр залгаад ...эгч Ганцэцэгийг Бунханы сургууль дээрээс аваач гэсэн. ...Бунханы сургууль дээр очиход Ганцэцэг эгчийн хамар нь шалбарч зодуулсан байхаар нь юу болсон бэ гэхэд нөхөр Нямсүрэн нь зодож ухаан алдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, 

Хохирогч Г.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 8-ны орой ...Одончимэг гэх хүүхний гэрт найз нарын хамт архи уугаад сууж байхад 20 цагийн орчимд манай нөхөр Нямсүрэн согтуу орж ирээд архи уумаар байна, та нарт архи авч өгье гэхэд тэнд байсан хүүхнүүд хэрэггүй гэхэд та нар муу сайн гуйлгачид баян хүний архи уух ходоодгүй новшнууд гэх зэргээр элдвээр доромжилсон. ...хамт гэртээ харихад намайг цохиж эхэлсэн. Цохихдоо миний гэдэс рүү гараараа цохихоор нь газар унатал миний нүүр рүү өшиглөсөн. Яаж зодож цохисныг нь мэдэхгүй байна. Би ухаан алдсан. Нэг сэрэхэд гэрийн гадна хэвтэж байсан. Босч хашаанаасаа гараад 11 дүгээр сургууль дээр очиж жижүүрийн утсаар дүү Хатанбаатарыг дуудсан..., зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

   Шүүгдэгч М.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Эхнэр тухайн хэрэг болохоос өмнөх 7 хоногийн өмнө дандаа архи ууж байсан. Мөн тухайн өдөр согтуу байсан. Гэрийнхээ хашаа руу орж ирээд маажих гээд дайрахаар нь түлхсэн чинь газар унасан. ... миний буруу. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

     Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 721 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Г.Ганцэцэгийн биед хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи,баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Яаралтай тусламжийн хуудас, үзлэгийн онош /хх-ийн 18 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 28-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1921000000346 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Нямсүрэн нь Дорнод аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Улаан худагийн 0-5 тоотод байх гэртээ согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шөнийн 03 цагийн орчимд эхнэр Г.Ганцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд “...үйлдсэн хэргээ хүлээн...” мэдүүлсэн мэдүүлэг” , гэрч Г.Ууганцэцэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Г.Хатанбаатар /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Г.Түвшинжаргал /хх-ийн 14 дүгээр хуудас/,  хохирогч Г.Ганцэцэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 721 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, үзлэгийн онош /хх-ийн 18 дугаар хуудас/  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Г.Ганцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч М.Нямсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Мөнхжаргалын Нямсүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Мөнхжаргалын Нямсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нямсүрэнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Нямсүрэнгийн ЖБ82121977 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгид овогт Мөнхжаргалын Нямсүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхжаргалын Нямсүрэнг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нямсүрэнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нямсүрэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Нямсүрэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Нямсүрэнгийн ЖБ82121977 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  М.Нямсүрэнд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН