Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Жи мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох “590.550 төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй  танилцаад:

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          ... “Жи мобайл” ХХК нь 2016 оны 09 дүгэр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төвтэй ЖМ16/732 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч тус төвийн дарга П.Баянжаргал гарын үсэг зурж, тэмдэг дарсан.

          Гэрээний дагуу 2.198.000 төгрөгний үнэ бүхий гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдан авсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ гүйцэтгээгүй төлбөрөө бүрэн гүйцэтгээгүйн улмаас 393.700 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

               Иймд Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төвөөс ЖМ16/732 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр болох 393.700 төгрөгийг, гэрээний 3.3-т заасан “... төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө” гэсний дагуу алданги 196.850 төгрөг, нийт 590.550 төгрөгийг гаргуулж, компанид учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү! гэжээ.

                Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

                Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” өрхийн эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү! гэжээ.

 

         ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-иас хариуцагч Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан “590.550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төв нь “Жи-Мобайл” ХХК-д төлөх 590.550 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

               Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төв биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18.366.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 18.366.50 төгрөгний тал хувь болох 9.183.25 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 9.183.25 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох “590.550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18.366.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 18.366.50 төгрөгний тал хувь болох 9.183.25 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 9.183.25 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                                  ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ