| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0143/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/194 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/194
2018 оны 10 сарын 29 өдөр 2018/ШЦТ/194 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0143/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Г Сд холбогдох 1839000330093 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.С нь 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3Б-20 тоотод 8 сартай буюу бага насны хүүхэд болох Д.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С нь 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3Б-20 тоотод 8 сартай Д.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
1. Хохирогч У.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.С нь миний хойд ээж байгаа юм. 2018 оны 09 дүгээр сараас аймгийн төвд охин Д.Этэй хамт ирсэн юм. Ингээд өөрийн 2 дүүгийн хамт, хүүхдээ харж байсан. 2018 оны 10 дугаар сард манай аавын бие өвдөөд би оронд нь өөрийн охин Д.Эийг аймгийн төвд аав дээрээ орхиод хөдөө мал руугаа явсан. Манай хойд ээж 2018 оны 10 дугаар сарын сүүлээр ирсэн. Би 5 сартай байхад нь хүүхдээ хөхнөөс нь гаргасан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард манай хөдөө гэр өвөлжөөндөө буугаад байхад аав Ууганбаяр маань хүүхдийг хөдөө авчирч над дээр 7 хонуулсан. Орой аав маань машинтай ирээд охины бие муу байна эмнэлэг рүү явья гээд намайг дагуулаад аймгийн төв дээр ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд охиноо харахад охин маань цусгүй юм шиг болчихсон. Нүүр, хөл, гар, бие нь бүгдээрээ хавагнасан байсан. Ил харагдах хөхөрч хавдсан зүйлгүй байсан. Намайг харахад нүүр, хацар болон өөр бусад газарт хөхөрч хавдсан зүйл байхгүй байсан. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охиноо аваад Улаанбаатар хотод Эх нялхсын эмнэлэгт 2 хоног хэвтсэн. Томографад харуулсан чинь тархины баруун талын яс цууралттай, тархиндаа цус хурсан байна гээд амьсгалын сэхээний тасаг руу оруулсан. Тэрнээс хойш 20 гаран хоног эмчилгээ хийлгэсэн. ...Манай охин Эийн толгой тархи, гэдэс зовиур байхгүй, биеийн байдал хэвийн болсон. 2018 оны 08 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод шинжилгээний хариунууд хэвийн гарсан. Хүүхдийн маань биеийн байдал сайн байгаа учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хав 7-8, 16-18, 2 хав 23-24 тал/
2. Гэрч С.Ан мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг орой хадам аав Ууганбаяр шөнө 00 цагийн үед ирээд Дд хүүхдийн чинь бие нь болохгүй байна гээд аваад явсан. Тэгээд би 4, 5 хоногийн дараа аймгийн төв рүү ороод эмнэлэг дээр очоод охин Эийн хамт салхилж байхад хажуу өрөөний 2 хүүхэн хоорондоо охиныг ээж нь толгойг нь гэмтээчихсэн юм шиг байна гэж ярихаар нь би Дд охины ээж нь толгойг нь гэмтээсэн гэж яриад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хав 25-26 тал/
3. Гэрч Л.У мөрдөн байцаалтад өгсөн: “...Эмч үзлэг хийгээд эм бичиж өгөөд гарсан. Тэгээд гараад явснаас хойш эхнэр бид хоёр маргалдсан. Тэр үед би гэрийнхээ баруун хойно гэхээр сандал дээр суугаад гэрийн хойд тал голлуулж тавьсан зурагт үзээд буруу хараад сууж байсан. Тэгэхэд эхнэр С баруун орон дээр зээ охиныг тавиад заримдаа өргөөд байж байсан. Тэгээд би Сд чи хүүхэд унагаачихсан юм уу гэж уурласан. Тэр үед эхнэр чи тэгвэл өөрөө энэ хүүхдээ авахгүй юу гэж хэлээд орон дээр тавьж байсан... Надтай маргаж байх үед С хүүхдийг орон дээрээс унагаад, намайг эргэж харахад орон дээр тавьж байсан юм шиг байна. С одоо надад хэлэхдээ би чамтай хэрэлдэж байхдаа орон дээр тавих гэж байгаад дутуу тавиад газар унагаасан юм...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хав 26-27 тал/
4. Шүүгчдэгч Г.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эийг арчлаад өлгийдөж хуурайлаад байсан. Тэгээд Э уйлагнаад байхаар нь би Ууганбаярт уцаарласан чинь Ууганбаяр чи юундаа уурлах вэ дээ гэхээр нь манай хоёр хүүхэд өвчин ороохдоо ингэж аймаар өвчин ороодоггүй, би энэ хүүхдийн ухааныг нь олж зүгээр болгож чадахгүй юм байна гэтэл одоо яалтай билээ дээ гээд хээв нэг суугаад анзаарахгүй байсан. Тэр үед би хүүхдийг гартаа барьж орон дээр буцаагаад тавих гэтэл орны наад талд хальт тавьтал хүүхэд маань орон дээрээ унаж уйлсан...” гэх мэдүүлэг /2 хав 30-31 тал/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №678 тоот
“...-Эийн биед зулай ясны хугарал, тархины баруун тал, бөмбөлгийн зулай хатуу хальсан доорхи цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хавтас 47 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгчдэгч Г.Сийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Д.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /2 хав 23-24 тал/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э овогт Г-н Сийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Сд тэнсэгдсэн хугацаанд хохирогчийн биед учруулсан хохирлыг эмчлүүлэх талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгчдэгч Г.Сийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгчдэгч Г.Сд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ