| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0149/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/108 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/108
2020 оны 06 сарын 02 өдөр 2020/ШЦТ/108 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0149/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Отгонзаяа
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-д холбогдох 2039001960133 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Хогийн хонхор гэх газарт тус сумын харъяат Д.Г-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын тусгай хамгаалалттай газар худаг ухууллаа гэж маргаж нүүр рүү нь цохиж, газарт унаган өшиглөх зэргээр зодож Д.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Г-н өгсөн:...2020 оны 04 дүгээр сарын 08-ны 18 цагийн үед би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт байх гэрийнхээ гадаа модоо хагалаад байж байтал Б өөрийн хөх өнгийн 0247 хэү улын дугаартай Bongo-3 маркийн машинтайгаа ирээд суучих гэхээр нь суусан чинь хөдлөөд явсан, асуусан чинь гол дээр очиж чамтай тооцоо бодно ална гээд Баянмөнх, Цолмонбаяр чинь хаана байна гэснээ машинаас буугаад намайг заамдаад зүүн талын маань өвдөг рүү өшиглөөд унасан байхад маань дээрээс дэвсэж, өшиглөж зодсон. Тэгээд дараа нь хоёулаа хамт архи ууна, чи байж бай, би архинд явчихаад ирье гээд хөдлөөд явсан. Ирэхдээ архи авчираад миний толгой дээрээс архи асгаад нүүр лүү цацаад дахиж өшиглөөд наад архиа уу чи ч гэсэн архичин байсан байсан биз дээ гээд байсан. Тухайн үед нь Гансүх ах архи авчирч өгөхөд нь хамт ирсэн байсан. Гансүх ах надад салфетка өгөөд би цусаа арчиж байх үед Б ахин архинд явж ирээд ирэхэд малын эмч Орхонтуул хамт Гансүх ахын машинтай ирээд авчирсан архийг нь Б , Орхонтуул бид 3 хамт хувааж уугаад архиа дуусгалгүй Орхонтуул уухгүй болохоор нь гэрт нь буулгачаад явж байхдаа дэлгүүрээс дахин архи авсан байх аа, тэгээд Галхүүгийн гэрт очоод яг юу болсныг санахгүй байна. Би өөрөө архи уудаггүй хүн болохоор жаахан уугаад согтчихсон юм шиг байна лээ...Баян-Овоо сумын 3 дугаар багт байх улсын тусгай хамгаалалттай газар худаг зөвшөөрөлгүй ухсанаас болоод маргаан үүссэн юм аа. Тэгээд машиндаа оруулаад дахиад яриад байхаар нь би түрүүлээд нэг удаа нүүр лүү нь нэг удаа цохьсон. Ер нь согтуу байгаагүй юм аа голын эрэг дээр очоод намайг автомашинаас буулгаж зодсоныхоо дараа нь архи уусан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Улаанбаатар хот ороод хэвтэн эмчлүүлэх үед эмчилгээний бүх зардал мөн хэвтэн эмчлүүлэх, эм тариа, унааны зардлыг бүгдийг нь өгсөн. Би Б д гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 хуу/
Гэрч Ц.Гансүхийн өгсөн... Би Хэнтий аймгийн Баян-Овоо суманд амьдардаг. Хэнтий аймгийн Хэрлэн сум Баян-Овоо сумын хооронд машинаар хүн зөөдөг. Тухайн өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэрлэн сумаас орой 20 цагийн үед Баян-Овоо сум орсон. Баян-Овоо сум ороод Талын тайхар гэх нэртэй хүнсний дэлгүүр орж хэрчсэн гурил өгч байхад Б таараад гол хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгсөн. Голын эрэг дээр хүргэж өгөхөд тэнд Bongo-3 маркийн машины хажууд Ганбаатар согтуу, хүнд зодуулсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/
Гэрч С.Наранцэцэгийн өгсөн:...Мэндмээ гэх манай сумын ерөнхий боловсролын сургуулийн багш залгаад манайд танай нөхөр Б хоёр зодолдоод байна ирж ав гэсэн. Тэгээд би явган гэрээсээ очиж байхдаа ЗДТГ-ын нягтлан Баасансүрэн рүү залгаад Галхүүгийнд Ганбаа, Бямбаа хоёр зодолдоод байна гэнэ ээ хүрээд ирээч гэж хэлээд Галхүүгийн хашааны хаалгаар ороход Б согтуу машин барьж явах гээд харин тэнд байсан хүмүүс согтуу хүнээр машин бариулахгүй ээ гээд хоргоогоод байж байсан, харин гэрт нь ороход ширээний зүүн талын сандал дээр зодуулчихсан байдалтай цус арчсан сальфетка газар байсан ба шар чингис нэртэй 0.75 литрийн савлагаатай хагархай архины шил Ганбаагийн хөл дор нь байсан. Тэгээд манай нөхрийн баруун нүд нь хөхөрчихсөн зүүн хөмсөгний дээд талд язарсан уруул нь хавдчихсан уруулнаас нь цус гараад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Гэрч Г.Пүрэвсүхийн өгсөн:...Манайд тэр хоёр 21 цагийн үед ирсэн байхаа би гэрт ороход нь гадаа малаа хашаад байж байсан юм аа... Малаа хашаад гэрлүүгээ ороход архины шил хагарсан байдалтай байсан ээж, эхнэрүүд лүү нь залгаад ирж ав гэж хэлсэн. Тэгээд л удалгүй ирцгээсэн дээ өөр юм мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу /
Гэрч М.Орхонтуулын өгсөн:... Ганбаа найз чинь голын эрэг дээр байгаа архи уусан байна лээ чамайг аваад ир гэсэн гэхээр нь сумын төвийн зүүн урд талын бургас буюу хогийн хонхорын урд доор очиход Б даргын машинд цусаа гоожуулсан нүд нь хавдсан, уруул нь сэтэрсэн сальфеткаар цусаа арчаад сууж байсан. Тэгээд чулууны хажууд 2,3 удаа цусаа арчсан сальфетка байсан тэгэхээр нь юу болчих воо гэхэд Б дарга надад эрэг нураад чулуун дээр уначихсан юм аа гэсэн, тэгээд би айгаад эртхэн ямар ч гэсэн сумын төв рүү оръё гэхэд архи хундагалаж өгсөн тэгэхээр нь би уугаагүй...Ганбаа даргын хувцас нь нилдээ өвс болчихсон, нилээн ноцолдсон байдалтай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/
Гэрч Г.Ариунтунгалагын өгсөн:...2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 30 минутын үед өөрсдийн биеэр эмнэлэгт ирсэн. Анхны үзлэг хийх үед зүүн талын хөмсөгөн дээр ямар нэгэн хүчин зүйлийн улмаас зүсэгдсэн шархтай, баруун талын нүд нь хөхөрч хавдсан, нүдээ тагласан байдалтай баруун талын дух нь хавдаж дээд уруул нь хавдсан, доод уруулын дотор хэсэгт 2.5 см орчим хэмжээтэй шүдэнд хавсрагдаж язарсан байдалтай. Тэгээд өөрөө анх орж ирэхдээ зүүн талын хөл нь доголж орж ирсэн үзлэг хийхэд зүүн өвдөгний гадна дээд хэсэгт нь бага зэргийн хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 179 дугаартай дүгнэлт
Н. Б ийн яллагдагчаар өгсөн:...Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуу/
Н. Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 хуу/
Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 59-60 хуу/
Яллагдагч Н. Б ийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 61 хуу/
Хохирогч Г-аас гаргасан “Н. Б тай эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 62 хуу/ шүүх хуралдааны үед шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн “Баян-Овоо сумын иргэн Ш.Баттуяа, Г.Эрдэнэсүрэн нарын гаргасан худгийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн тухай” Хэнтий аймгийн Байгал орчин аялал, жуулчлалын газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаартай албан бичгийн хуулбар, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай “Уст цэг гаргахыг хориглох тухай” тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н. Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Хогийн хонхор гэх газарт хохирогч Д.Г-тай улсын тусгай хамгаалалттай газар худаг ухууллаа гэх шалтгаанаар маргалдаж цохих, өшиглөх зэргээр зодож зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун нүдний зовхи, хэвлий, зүүн шуунд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Г , гэрч Ц.Гансүх, С.Наранцэцэг, Г.Баасансүрэн, Г.Пүрэвсүх, М.Орхонтуул нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Г-г зодсоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Н. Б ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 61 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 64 хуу/ гарган яллагдагчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Н.Б хүлээн зөвшөөрч /хх-ийн 64, 70 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Н. Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Г нь Н. Б тай эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн хохирлын талаар маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай тодорхойлолт /хх-ийн 62 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н. Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ