Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 159

 

Ө.Б-, Б.Б-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00310/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 951 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Д.Х-д холбогдох

          “Хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б-, өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-аас:

Би эхнэр Д.Х-тай 1985 онд гэр бүл болж өнөөдрийг хүртэл 32 жил хамт амьдарч байна. Бид 3 хүүхэдтэй, 4 ачтай. Ө.Б- миний бие төрийн байгууллагад тасралтгүй 34 жил ажиллахдаа нийт авсан цалингаа гэр бүлийн амьдралдаа зориулж ирсэн ба бид асрамжийн хүүхдүүдтэй тул эхнэр Д.Х- тодорхой тогтсон ажил албагүй үр хүүхдүүдээ өсгөж ирсэн билээ. Ө.Б- миний 1983-1994 онд ажилласан цалингийн тодорхойлолт олдоогүй ба олж бүрдүүлсэн цалингаа итгэлцүүрээр тооцоогүй ба Үүнд: 1995-2004 онд 6.025.659 төгрөг, 2006-2008 онд 14.072.390 төгрөг, нийт 136.110.432 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авчээ. Үүнээс гадна 2005 онд миний хуримтлуулсан цалин хөлс дээр миний Эрэл банкнаас 06/168 тоот гэрээгээр 5.500.000 төгрөгийн зээл, 2009 онд 09/078 тоот гэрээгээр 15.000.000 төгрөгийн зээл, 2011 онд Хас банкнаас 00253599 банкны дугаараар 700.000 төгрөгийн зээл, 2011 онд Хас банкнаас 00253599 банкны дугаараар 12.500.000 төгрөгийн зээл, 2013 онд Хас банкнаас 00253599 банкны дугаараар 15,000,000 төгрөгийн зээл авч банкны өрийг өөрийн орлогоор төлж барагдуулж байв.  

Эцэст нь эхнэр Д.Х-ын бие хүндээр өвдөж Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ороход Хас банкнаас 22.000.000 төгрөгийн цалингийн зээл авч, нийт эхнэр Х-тай 32 жил хамтран амьдрахдаа 76.200.000 төгрөгийн зээл авч, 212.310.432 төгрөгийн орлогыг гэр бүлдээ зориулсан байна. Иймээс Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.5, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Дархан сум 12 дугаар баг 21 дүгээр байрны 31 тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-гээс:

Би 1986 онд төрсөн хэлгүй, дүлий халамжийн 100 хувийн хугацаагүй групптэй. 0-9 насны 4 хүүхэд мөн хөгжлийн бэрхшээлтэй 100 хувийн групптэй эхнэр О.Соёлмаа нарын 6 ам бүлтэй. Мөн төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй 100 хувийн групптэй, Дархан сум 12 дугаар баг, 21-31 тоот хаягтай Б.Б-гийн хамт 12 дугаар баг 21-31 тоот байрандаа ажиллаж амьдарч байна. 2007 онд аав ээж, 2 бидний хуримыг Дархан буудалд хийж Дархан сум 12 дугаар баг, 21 дүгээр байрны 31 тоот 3 өрөө байрны түлхүүрийг хуримын зочид, заал дүүрэн олон түмний дунд гардуулж өгсөн юм. Тэр жилдээ 21-31 тоот байраа өөрийн эзэмшлийн 03 тоот өрөөтэй холбон тохижуулж, үйлдвэрлэлийн зориулалтаар болгон, ажиллуулж байсан худалдааны заалаа засаж тоноглон гурил үйлдвэрлэдэг байсан. Ингэж тохижуулахдаа бид хуримтлуулсан тэтгэмжийнхээ мөнгө болон хуримаар олсон 4.500.000 төгрөгийг зарцуулж тохижуулсан. Мөн 2012 онд дахин засвар хийж, хойд урд талдаа өргөтгөл хийж дэлгүүрийнхээ бүх тоноглол, төхөөрөмжийг шинэчилж 12 сая төгрөг зарцуулсан. Бид төрсөн дүү Б.Б-, 4 хүүхдийнхээ хамт 7 ам бүлээрээ энэ байранд ажиллаж амьдарч байгааг орчины иргэд батлана. Иймээс Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2-т мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар Дархан сум 12 дугаар баг, 21 дүгээр байрны 31 тоот 3 өрөө байрны өмчлөгч мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х-аас:

Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Капитал банкны барьцаанд байгаа маргаан бүхий байр бол Ө.Б-ын 32 жилийн хөдөлмөрөөрөө авсан байр мөн. Уг байрыг Б.Б-д зориулж хуриман дээр нь түлхүүрийг нь гардуулж өгч байсан. Б.Б- уг байрандаа дэлгүүр ажиллуулж урсгал завсар, хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн 12.000.000 төгрөгийн материал, тоног төхөөрөмж авчирч 2 удаа завсар хийсэн. Бид дэлгүүрээрээ амьдардаг байсан. Бид байраа барьцаалж зээл авдаг байсан. Зээл авахад олон хүний гарын үсэг зуруулдаг тул би өөрийнхөө нэрээр гэрчилгээ гаргуулсан. Би Ө.Б-ын гарын үсгийг хуурамчаар зурж, байраа барьцаалж бусдад зээл авч өгсөн. Байраа банкны барьцаанд тавьсан гэдгээ гэр бүлийнхэндээ хэлээгүй. Би гэр бүлийнхнээ хуурч өрөнд оруулсан. Бусдын хуйвалдаанд хууртагдаж байраа банкны барьцаанд тавьсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайванаас:

Капитал банкны эрх ашиг зөрчигдөж байна. Д.Х-тай Капитал банк гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээл авч, уг зээлийн барьцаанд шинэ хорооллын 21 дүгээр байрны 31 тоотыг барьцаалсан. Албан ёсоор хуулийн дагуу бүртгэл хийгдсэн. Энэ зээл төлөгдөхгүй болсон тул манай байгууллагын зүгээс анхан шатны шүүхэд хандсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг асуудал нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Өнөөдрийн хэлэлцэж буй маргааны улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Шинэ хорооллын 21 дүгээр байрны 31 тоотыг Капитал банкны барьцаанд хэвээр үлдээж өгнө үү. Уг байрны өмчлөгчид хамтран өмчлөгч нэмэх, хувьд ногдох хэсгийг гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Шийдвэр гэрчилгээгээр баталгаажсан. Нэхэмжлэгч хариуцагч нар гэр бүл тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаах зорилготойгоор энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нотлох баримтаа бүрэн гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрийнхөө хөдөлмөрөөр байрыг авсан гэж байгаа боловч уг байрыг худалдаж авсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Капитал банкны зүгээс зээл олгохдоо маргаан бүхий орон сууцны лавлагааг авсан. Уг байр 2002 Цэвээнсүрэн, Мөнгөнцэцэг, дараа нь Дарьсүрэнгээс Х-д бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байсан. Дараа нь Дарьсүрэн уг байрны өмчлөгчөөс хасагдаж Х-ын уг байр үлдсэн. Капитал банкийг зээл олгох үед уг байран дээр хамтран өмчлөгч нэмж хасагдсан зүйл байгаагүй. Шүүх шийдвэрээ гаргахдаа үүнийг нь харгалзаж үзнэ үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 951 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т зааснаар хариуцагч Д.Х-ын 2009 оны 11 дүгээр сарын 23-наас хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2003001281 дугаарт бүртгэгдсэн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 21 дүгээр байр, 31 тоот орон сууцны зориулалттай 37.8 м.кв, 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 129.6-д зааснаар хариуцагч Д.Х-аас 40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ө.Б- нараас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 72.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, Б.Б-гээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгож,

Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1985 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтын Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 651 дугаартай шүүхийн шийдвэрийг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 365 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Ө.Б- нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Х-д холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөгч нар мөн болохыг тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 135/2017/00310 индекс бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түтгэлзүүлсүгэй. ...гэснийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 21 дүгээр байр, 31 тоот орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-2003001281 тоотод бүртгэлтэй 37.8 м.кв 3 өрөө байртай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, бусад хуульд заасан ажиллагааг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж өөрчилөн, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 365 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-,Б.Б-, өмгөөлөгч Д.Оюунчимэг нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх орон сууцыг дундын өмчлөл мөн болох нь тогтоогдсон, улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр нэмэгдэх хасагдах хэлцлээр бүртгүүлэх эсэх нь өөрсдийнх нь сонголт байна гэсэн атлаа хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үндэслэл болохгүй гэх зэрэг ойлгомжгүй бөгөөд хоёрдмол утгатай дүгнэлт гаргасан. Гэр бүлийн дундын өмч үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцанд одоогоор 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл, 4 хүүхдийн хамт 2007 оноос эхлэн оршин сууж байгаа, засаж тохижуулан өргөтгөл хийсэн, банкны барьцаанд тавьсан үнээс 2 дахин их үнэтэй болсон зэрэг байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нар нь хариуцагч Д.Х-д холбогдуулан “Гэр бүлийн дундын өмч болох орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Б- Дархан сумын 12 дугаар баг, 21 дүгээр байр, 31 тоот гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлжээ. /хх-100/

Хариуцагч Ө.Б-ын гарын үсгийг би хуурамчаар зурж, байраа барьцаалж бусдад зээл авч өгсөн. Байраа банкны барьцаанд тавьсан гэдгээ гэр бүлийнхэндээ хэлээгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан байна. /хх-81/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:

  1. Нэхэмжлэгч Б.Б-н нэмэгдүүлсэн шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлээгүй байна.
  2. Нэхэмжлэгч Б.Б- нь гэр бүлийн дундын өмч болох орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхой бус байхад нэмэгдүүлсэн шаардлагын  талаар шүүх тодруулаагүй байна. 
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаж хэн нэгэн этгээд оролцоогүй байхад хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан баримтаар бие даасан шаардлагыг хариуцагчид гардуулжээ.
  4. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай шаардлагыг хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан баримтаар хариуцагч М.Энхтайванд гардуулсан байна. Гэвч М.Энхтайван хариуцагч биш байна.
  5. Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 21 дүгээр байр, 31 тоотын орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа, зээлийн үүргийг Д.Х-аас гаргуулахаар шийдвэрлэсэн Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 651 тоот шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байхад Капитал банкны Дархан салбарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамж  хэрэгт авагдаагүй байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулсан ба шийдвэрийн үндэслэх хэсэгт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ...уг орон сууц банкны зээлийн гэрээний барьцааны зүйл, хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх нь манай эрх ашгийг хөндөж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлахыг дурдаж байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 951 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                          ШҮҮГЧИД                                             С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ