Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00830

 

Л.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн       

          2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2019/00050 дугаар шийдвэр,

          Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 226/МА2019/00016 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.Ө-

          Хариуцагч: Л.Г-

          7.490.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ө-, хариуцагч Л.Г-, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-10-03-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын дагуу Г-ээс 11,322,375 төгрөг гаргуулна. Үүнд өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөг.Эгч Чимэдцэеэ талийгаачийг сахиж 3 сарын цалин буюу 1,800,000, Хэнтий аймаг, Говьсүмбэр аймаг руу 3-4 удаа явсан унаа болон хоол хүнсний 690,000 төгрөгийн зардлууд орж байгаа юм. Би сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирсон. 3,832,375 төгрөгийн  шаардлагаас татгалзаж,үлдэх 7,490,000 төгрөгийг авна гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдээгүй тул хэзээ нэгэн цагт үнэн зөв тогтоогдож намайг цагаатгана гэдэгт итгэдэг. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 11,322,375 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж нэхэх талаар дурдсан. Өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөг, эгч Чимэдцэеэ цалин 1,800,000 төгрөг, унаа хоолны зардал 690,000 төгрөг нэхсэн нь баримтаар тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 157/ШШ2019/00050 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Чоносон овогт Лувсанбалдангийн Г-ээс 5 сая төгрөгийг гаргуулан Л.Ө-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.490.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Л.Ө- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Л.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

           Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 226/МА2019/00016 дугаар магадлалаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2019/00050 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Л.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Л.Ө-аас  134,790 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар Л.Г- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсан байна.

           Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л. Г-ийн давж заалдсан гомдлыг 2019.06.07-ны өдөр хүлээн аваад, хариу тайлбартаа давахын шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох тухайгаа маш тодорхой бичин шүүхэд өгсөн болно. Давж заалдах шатны шүүх хурал болохоос 7 хоногийн өмнө буюу 2019.06.27-нд би тус шүүхийн шүүгчийн туслах Алтансувдын ...3096 дугаар бүхий утас руу залгаж хуралдаанд оролцох боломжгүй болох тухайгаа, биеийн эрүүл мэндийн талаар учирлаж хэлэхэд тэрээр манай шүүхийн шүүгч нар амрах гэж байгаа тул хурлыг хойшлуулахгүй, таныг байхгүйд хийнэ гэж загнасан. Яагаад шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэхээр УИХ-ын гишүүн аварга Б.Бат-Эрдэнэ нь сайн ажиллаж байгаа аравтын дарга нарыг шагнаж, биднийг БНХАУ-н Манжуур хот руу авч явах хугацаатай давхацсан учраас би өөрөө хуралдаанд оролцох бүхий л боломжоо тооцоолж Алтансувд руу ярьсан юм. Би орон сууцны аравтын даргаар ажилладаг болно. Тэгээд Манжуур руу явж 2019.07.02-ны өдөр буцаж ирмэгцээ дахин Алтансувд руу ярьж өөрийхөө ирснийг хэлээд олон хоног халуунд, автобусанд явсан тул даралт ихсээд нь шүүх хуралд аймагт очиж оролцох боломж, биеийн эрүүл мэндээс шалтгаалан оролцох боломж алдагдаж байгааг, эрүүл мэндээ эмчид үзүүлсэн талаар учирлахад мөн л бүдүүлэг, харилцааны соёлгүй байдлаар шүүгч нар амрах гээд хурал хойшлуулахгүй гэсэн шаардлагаа тулгасан. Би хурал хойшлуулах хүсэлтээ эмчийн бичигтэй дагалдуулж явуулая гэхэд Алтансувд нь хэрэггүй, та зөвхөн хүсэлтээ л явуулчих, эмчийн бичиг хэрэггүй, тэгээд болно гэсэн. Тэгэхээр нь би Алтансувдын зөвлөснөөр хүсэлтээ явуулсан чинь намайг оролцуулалгүйгээр эмчийн магадлагаа байхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж хуралдааныг хийсэн байсан. Үүнд би их гомдож байна. Яагаад надтай шүүхийн ажилтан ингэж бүдүүлэг харилцах болов. Яагаад надад эмчийн магадлагаа хэрэггүй, зөвхөн хүсэлтээ явуул гэж зөвлөв гэхээр анхнаасааа давахын шүүхийхэн Л.Г-ийн талд асуудлыг шийдэх гэж намайг хуурч, төөрөгдүүлж, худал хуурмаг зөвлөгөө өгч миний итгэлийг аваад, ардуур хуйвалдаж илт хууль бус шийдвэр гаргаж иргэн намайг хохироож байгааг эрс эсэргүүцэж байна. Шүүх хуралдааны дараа би энэ талаар Алтансувдаас тодруулахад намайг загнаж, улмаар шүүгчээр давхар загнуулсан болно. Ингэж л шүүгч шүүхийн ажилтангүй нийлж намайг хохироож байна. Мөн хуралдааны дараа Алтансувд нь дээд шүүхэд гомдлоо гаргаж, шууданд хийж дээд шүүх рүү явуулаарай гэж зөвлөсөн. Хэрэв би энэ зөвлөгөөг дагаж шууд дээд шүүхэд хандсан бол дээд шүүх миний гомдлыг хүлээж авахгүй байсан байна. Энэ талаар мэдээд дахин Алтансувдтай ярихад тэрээр: Би андуурсан байна лээ гэж байсан. Үүнийг би андуурал гэж үзэхгүй байна. Намайг оролцуулалгүйгээр миний эрхийг ноцтой зөрчин хуралдаан хийснийг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн төлбөрт өгсөн 5сая төгрөгийг ... гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй... гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна. Хэрвээ Л.Г- нь миний дүүг алаагүй бол би яах гэж өмгөөлөгч авч өөрийгөө эдийн засгаар давхар давхар хохироох билээ. Хэрэв энэ эрүүгийн хэргийг олон жилээр сунжруулж, шийдвэрлэхгүйгээр, будлиантуйлаагүй бол би яах гэж өмгөөлөгч авах билээ. Мөн улсын тэмдэгтийн хураамжид надаас 134,790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг огт ойлгоогүй болно. Шүүх уг нь гаргасан шийдвэрээ ямарч хүн ойлгохоор тайлбарладаг байх ёстой. Гэтэл энэ хэсгийг яаж ч уншиж ухаад ойлгосонгүй. Давж заалдах шатны шүүх хуулийг илт буруу тайлбарласан байна. Илт миний эсрэг ажиллаж байгааг Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн залруулж засаж өгнө үү. Иргэн надтай туйлын бүдүүлэг муухай харьцаж байсан Алтансувдад хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. Хууль мэдэхгүй иргэн шүүхийн ажилтандаа итгэхгүй өөр хэнд итгэх юм бэ. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Сүүлд нь албан ёсоор хэлэхэд Л.Г- нь намайг шүүх хуралдаанууд дээр, давж заалдсан гомдолдоо хуурамч нотлох баримт бүрдүүлдэг, бүх шүүгч нарт нөлөөлдөг гэж ор үндэсгүйгээр гүжирдэн гүтгэж, намайг харлуулж, аль болох хариуцлагаас зайлсхийх оролдлого хийж ирсэн. Л. Г-ийн аллагыг Монголын бүх шатны шүүхийн шүүгчид үнэн зөвөөр нь шийдвэрлэсэн. Хүн гүтгэх гүжирдэх хуультайг Л. Г- мэдмээр юм. Энэ байдлаа дахин давтан гаргаад байвал би гүтгэн гүжирдсэн хэргээр цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргах болно гэдгийг хатуу сануулж байна. Эрхэм шүүгчид та бүхэн санаатай, алдаатай магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож, өөрийн байр суурийг хэлж тайлбарлах тул оролцох бололцоогоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Л.Ө- 2018-11-12-ны өдөр шүүхэд хандаж, Л.Г-ээс “...өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөг, сахиурт гаргасан зардал 1,800,000 төгрөг, тээвэр хоол зэрэгт зарцуулсан 690,000 төгрөг...” нийт 7,490,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. 

           Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө, нэхэмжлэл баримтаар тогтоогдохгүй байна гэж маргажээ. 

      Анхан шатны шүүх Л.Г-ээс 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ “...өмгөөлөгчтэй байгуулсан гэрээгээр эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг 5 сая төгрөг гэж тохиролцсон байна...өмгөөлөгч нь шүүх хуралдаанд орсон байна...” гэсэн дүгнэлт хийжээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...хохирогч эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авсан... өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

       Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй....шүүгчийн туслах Алтансувдын зан харилцаанд гомдолтой байгаа тул арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна... 5сая төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй гэснийг зөвшөөрөхгүй...улсын тэмдэгтийн хураамж надаас гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй байна...” гэжээ.

         Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-10-03-ны өдрийн 2017/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолоор Л.Г-ийн гэм буруу тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь гэмт хэргийн хохирогчийн эмчилгээтэй холбогдуулан өөрийн гаргасан зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй.  

        Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

        Л.Ө- гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ.

          Хэрэгт авагдсан баримтаар, өмгөөлөгчид төлсөн мөнгөний хэмжээ тогтоогдоогүй буюу эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн зардалд 350,000 төгрөг /хх 13/ нэхэмжилсэн ч шүүх хэрэгсэхгүй болгосон ба энэ нь өмгөөлөгчид 5,000,000 төгрөг төлсөн гэх /хх93/ үйл баримтыг үгүйсгэж байгаагаас гадна нэхэмжлэлийн энэ шаардлагыг нотлох өөр баримт / өмгөөлөгч энэ орлогоос татвар төлсөн гэх мэт/ байхгүй тул нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-г зөрчинө. 

        Харин нэхэмжлэгч нь тээврийн зардалд 690,000 төгрөг зарцуулсан нь бичгийн баримтаар /хх 91/ тогтоогдсон, үүнийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул хоёр шатны шүүх нэхэмжлэлээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. 

           Иймд хариуцагчаас 690,000 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 497,510 дугаар зүйлд нийцнэ. 

         Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, ноцтой зөрчил гаргаагүй байх тул “..шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй..” гэх гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.2., 165 дугаар зүйлд заасны дагуу хангах үндэслэлгүй байна.   

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 690,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр,магадлалд оруулав.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 226/МА2019/00016 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2019/00050 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Г-ээс 690,000 төгрөг гаргуулан Л.Ө-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, хоёр дахь заалтын “...94.950 төгрөгийг...” гэснийг “...40,300 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

         2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ