Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 0008

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        03             21                                               08

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар захирамжтай Б.Бт холбогдох 1838007370431 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Г.Сэндэнсүрэнгийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шар тугч овогт Б-ын Б, ….. оны 2 дугаар сарын ....-ний өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .................../.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт иргэн Э.Чтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар захирамжаар шүүгдэгч Б-н Б-т холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурджээ.

Прокурор Г.Сэндэнсүрэн эсэргүүцэлдээ: ...Шүүх 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг Хүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” буюу хохирогч Э.Ч, шүүгдэгч Б.Б нарын эрүүл мэндэд хэр хэмжээний хохирол учирсан болох, гэрчээр н.Оюундаваа, Э.Ч нараас мэдүүлэг авч хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох зорилгоор шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Б.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу хохирогч Э.Ч, шүүгдэгч Б.Б нарын эрүүл мэндэд хэр хэмжээний хохирол учирсан болох, гэрчээр н.Оюундаваа, Э.Ч нараас мэдүүлэг авч хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй гэх үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцсон атлаа хэргийг прокурорт буцаасан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг зөрчжээ.

Мөн шүүх хуралдаан даргалагч нь улсын яллагчаар яллах дүгнэлтийг уншиж сонсгоогүй, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээнийг явуулаагүй, шүүгдэгчээс хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж, зөвшөөрвөл түүнээс мэдүүлэг авах зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүй шүүх хуралдааныг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйл, 35.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа юм.

Үүнээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу-дүрсний бичлэгээс эрс зөрүүтэй, шүүх хуралдаан эхэлсэн, дууссан цагийг 15 цаг 30 минут гэж бичсэн, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйл 1, 2, 39.8 дугаар зүйлийн 1.9-д заасныг зөрчиж байна.

Иймд прокурор Г.Сэндэнсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                           Н.БАЯРХҮҮ