Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2014/0029

 

2014 оны 01 сарын 08 өдөр                    Дугаар 29                                      Улаанбаатар хот

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч З.У нарыг оролцуулан, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл- Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар захирамжийн М.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4, 5.1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж V байгаа нь үндэслэлгүй. М.Г нь хуулийн дагуу хүсэлт гаргасан тул өөрийнх нь эзэмшлийн газар гэж үзэж газрыг өмчлүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд М.Г-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй, уг захирамж нь Д.Д-ийн газар өмчлөх эрхийг зөрчөөгүй гэжээ.

Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Д талийгаач Л.Т-аас газрыг худалдан авсан баримт байхгүй байхад, шүүх Д.Д-ийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч Д.Д нь сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар захирамжаар 2116 мкв газрыг өмчилж авсан байхад шүүх миний хувийн өмчид халдаж байгаа явдалд гомдолтой байна. М.Г би 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар захирамжаар газраа хуулийн дагуу худалдаж авсан. Д.Д, бид 2 сумын газрын албанаас тус тусдаа газар авсан, миний газар дээр байгаа 4 тал барилгын хана нь буулгаад авч явах боломжтой, талийгаач Л.Т-аас Д.Д авсан гэж өөрөө хэлдэг болохоос биш түүнд 2007 оны 10 сарын 05-ны өдөр эхнэр н.Б-тай хийсэн хуурамч байшин худалдах худалдан авах гэрээнээс өөр нотлох баримт байхгүй. Гэрч Б гэрээг нөхөж хийсэн хууль бус болохыг гэрчилдэг. Тэр үед талийгаач Л.Т өөрөө амьд байсан, тийм болохоор Д.Д-т 4 тал хана, газрын талаар ямар ч баримт байхгүй нь батлагдаж байна. Надтай маргалдаж байгаа газар нь хууль бус болохыг Дашбалбар сумын Засаг даргын 2013 оны 8 сарын 02-ны өдрийн 1/1085 тоот, мөн аймгийн Засаг даргын орлогч Х.Х-ын 2013 оны 8 сарын 13-ны өдрийн 1/2412 тоот зэргээр нотлогдоно.

Шүүх миний үндсэн хууль, иргэний хуульд заасан газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн тайлбарласнаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байхад ямар үндэслэлээр миний хувийн өмчид халдаж байгааг дүгнээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Д Л.Т-аас 4 тал хана болон газрын талаар ямар нэг баримт талийгаач Г.Ц-д болон одоо ажиллаж байгаа газрын даамал М.Г сумын удирдлагад өгч байсан нотлох баримт байхгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй байхад шүүх санаанаасаа дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Энэ талаар шүүхийн дүгнэснээр Д.Д-т 2005 онд үл хөдлөх хөрөнгийн доорх газрын талаар ямар ч баримт байхгүй, ер нь үл хөдлөх хөрөнгө гэсэн нотлох баримт байхгүй, 4 тал тоосгон хана, дуусаагүй хаягдсан хаана ч бүртгэлгүй тоосгон хана гэдгийг сумын захиргаа газрын алба, даамал, гэрчүүд нотолж байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан нь буруу байна. Шүүгч Б.О нь өөрөө шийдвэрээ тайлбарлахдаа нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж хэлээд ийм шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байна.

Шүүх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг баримталж байгаа нь буруу гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Д.Д, бид 2 үндсэн хууль, иргэний хуульд зааснаар газраа үнэ төлбөргүй сумын захиргаанаас өмчилж авсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Д өөрөө газраа авсан мөртлөө миний хувийн газар дээр байгаа хүнээс ам тохиролцоогоор авсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, ямар ч баримтгүй 4 тал барилгын тоосгон хана, дуусаагүй барилгыг нураагаад нүүлгэж явахгүй миний хувийн өмчид халдаж байгаа явдалд гомдолтой байна.

Сумын Засаг дарга 2005 оны 3 сарын 3-ны өдрийн 16 тоот захирамжийг хууль ёсны олгосон, намайг дээрх газрыг өмчилж авахад хэн нэгэн хүний газартай давхцаагүй, бусдын эзэмшил болон ашиглалтад байгаагүй газрыг би өөрөө өргөдөл өгч хуулийн дагуу өмчилж авсан.

Иймд Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01 өдрийн 21 тоот шийдвэрийг хүчингүй болгож иргэн миний үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээд М.Г-ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар захирамжийн М.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Уг захирамжаар М.Г-т “3750 мкв” газрыг эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “миний байшингийн доорх газрыг М.Г-т давхардуулан эзэмшүүлсэн” гэж тодорхойлжээ.

Дашбалбар сумын Улз нэгдэл нь 1988 оноос эхлэн 16 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж, газар олгож, барилга барихыг зөвшөөрч байсан болох нь Дашбалбар сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 23 дугаар тогтоол, Улз нэгдлийн ерөнхий хорооны 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар албан бичиг, 5-р багийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 254 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Эдгээр барилгуудаас Улз нэгдлийн өмч хувьчлах үед Б.Б нь нэг барилгыг хувьчлан авч, дараа нь н.Л гэх хүнд шилжүүлж, Л нь өөрийн хүү Л.Т-т шилжүүлэн, барилгыг эзэмшиж байсан буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар “дуусаагүй барилга Л.Т-ын өмч байсан” гэдгийг зөвшөөрч, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь Л.Т-аас 2007 онд тухайн барилгыг худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч М.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэхдээ талууд тухайн үед худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байх ба энэ байдал нь нэхэмжлэгчийг тухайн барилгыг эзэмших эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.

Л.Т нь нэхэмжлэгчид барилгыг худалдах үедээ түүний доорх газрын гэрчилгээ, бичиг баримтыг захиргааны байгууллагаас гаргуулж өгөхөөр харилцан тохиролцож байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч М.Б-ын “манай нөхөр Л.Т газраа хөөцөлдөж, Д ахад авч өгнө гэдэг байсан” гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд “газар эзэмших хүсэлт гаргаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах, улмаар түүний хууль ёсоор худалдан авсан барилгын доорх газрыг эзэмших эрхийг хязгаарлах боломжгүй.

Учир нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга нь газрын үндсэн бүрдэл хэсэг болж, газартай хамт ашиглагдах тул барилгын доорх газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид байна.

Гуравдагч этгээдийн “дуусаагүй 4 тал барилгын хана, үл хөдлөх хөрөнгө гэх нотлох баримт байхгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.2-д зааснаар газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламжийг үл хөдлөх хөрөнгөд тооцохоор, баригдаж дуусаагүй барилгыг иргэний эрх зүйн харилцаанд оруулж болохоор зохицуулжээ.

Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийг барилгыг худалдан авсан гэх баримт нотолгоо, гэрээ байхгүй” гэж маргаж байгаа боловч тухайн барилгыг хууль ёсоор эзэмшигч Л.Түмэнбаяр нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгчид дуусаагүй барилгыг худалдсан болох нь гэрч М.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн гуравдагч этгээд нь тухайн маргаан бүхий газрыг 2005 онд өмчлөх үед тухайн газарт Л.Т-ын эзэмшлийн дуусаагүй барилга байсныг мэдэж байсан болох нь түүний “Л.Т ахыг барилгыг буулгаад авах байх гэж бодож байсан” гэх тайлбараар тогтоогдож байна. Улмаар гуравдагч этгээд нь тухайн үед барилгын эзэмшлийн асуудлыг хэрхэхийг тодруулаагүй, түүний эзэмшихийг хүссэн газар дээр бусдын барилга байгааг мэдэж байсан атлаа 8 жилийн дараа бусдын барилгыг буулгахыг шаардаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн тухайн барилгын доорх газар нь “гуравдагч этгээдийн өмчлөлийн газарт хамаарч байгаа’’ гэх нотлох баримт байхгүй байна. Учир нь захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д заасныг зөрчиж, М.Г-т газар эзэмшүүлсэн захирамж гаргахдаа газрын байршлыг тодорхой зааж өгөөгүй, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил зааг тодорхойгүй байна.

Захиргааны байгууллага нь гуравдагч этгээдийн газар өмчлүүлэх захирамж, гэрчилгээнд газрын хэмжээг “3750 мкв” гэсэн атлаа газрын кадастрын зурагт газрын хэмжээг “2123 мкв” гэж өөрчилсөн нь ойлгомжгүй, газрын хэмжээ зөрүүтэй байна.

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолж, шалгасны үндсэн дээр газар өмчлүүлэх шийдвэр гаргах ёстой. Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нь тухайн өмчлөхийг хүссэн газар дээр бусдын барилга байгаа болохыг мэдэж байсан атлаа шалгаж тогтоогоогүй, түүний эзэмшлийн асуудлыг тодруулалгүйгээр, М.Г-т газар өмчлүүлсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн барилга доорх 63 мкв газрыг эзэмших эрхтэй байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг эзэмшил газартаа орох, гарах гарцтай байх боломжоор хангах үүрэгтэй.

Харин газар давхцаагүй хэмжээгээр буюу М.Г-ын өмчлөлийн “3750 мкв” газар өмчлөх эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хүрээнд хэргийг шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй.

Энэ хэрэгт гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа 3750 мкв газар нь бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөвхөн эрх зөрчигдөж буй барилгын суурь, түүнд хамаарах орчны газрын хэмжээгээр нэхэмжлэгч маргах эрхтэй.

Иймээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, 30 хоногийн хугацаанд гуравдагч этгээдийн газрын хил заагийг координатжуулж, газар дээр нь хэмжилт хийж, бусдын газартай давхцуулалгүйгээр газар өмчлүүлэх, мөн нэхэмжлэгчид эзэмшиж байгаа барилгын доорх газрыг болон эзэмшил газартаа орох, гарах орц гарцыг шийдвэрлэх замаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хөндөхгүйгээр газар өмчлүүлэхийг хариуцагч Дашбалбар сумын Засаг даргад даалгаж, Дашбалбар сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар захирамжийн М.Г-т холбогдох хэсгийг түдгэлзүүлж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 21 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар захирамжийн М.Г-т холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргад 30 хоногийн хугацаанд М.Г-ын эзэмшил газрын хил заагийг координатжуулж, баталгаажуулан, бусдын газартай давхцуулалгүйгээр газар өмчлүүлэх, мөн Д.Д-т эзэмшиж байгаа барилгын доорх газар, түүнд хамаарах орчны газрыг өмчлүүлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс эсхүл, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.