Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 64

 

Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0799 дүгээр магадлалтай, Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 853 дугаар шийдвэрээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийн “Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0799 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжийг хүчингүй болгон, Ч.Эрдэнэчимэгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Эрдэнэчимэгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Монгол Улсын Засгийн газраас 8.976.195 /найман сая есөн зуун далан зургаан мянга нэг зуун ерөн тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалган шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн хугацаатай томилсон.

Энэ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т "Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2, 4. 6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно" гэж хуульчилсны дагуу авсан арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, Зохицуулах зөвлөл хамтын удирдлагатай байгууллагын хувьд тус зөвлөлийн хурлын шийдвэр гаргахад зохицуулах зөвлөлийн дарга бусад гишүүдийн адил саналын нэг эрхтэй байдаг тул дээрх хуулийн 9.4 дэх хэсгийн "Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2, 4, 6 жилээр хийнэ" гэсэн зохицуулалт нь зөвлөлийн дарга, гишүүдэд нэгэн адил хамаарах юм.

Мөн түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасны дагуу зохицуулах зөвлөлийн дарга, гишүүдийг анх томилохдоо 2, 4, 6 жилийн аль хугацаагаар томилох эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарч байна. Харин анхны томилгооны хугацааг сунгах тохиолдолд 6 жил хүртэл хугацаагаар сунгаж болохоор зохицуулсан хуулийн заалт байна. Хэрэв цаашид зөвлөлийн дарга, гишүүдийг дахин улируулан ажиллуулах шаардлагатай гэж үзвэл тухайн улируулан сунгасан томилгоо нь 6 жил байхаар 2 өөр ойлголтыг хуульчилсан байгаад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй, хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн.

Дээр дурдсан зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийг 2 жилийн хугацаагаар томилсон бөгөөд анхны томилгоог сунгаагүй. Нэгэнт Ч.Эрдэнэчимэгийн анх томилогдсон бүрэн эрхийн хугацаа дууссан тул дараагийн даргыг томилсноор түүний эрх, үүрэг дуусгавар болно. Мөн нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг нь түүнийг томилсон шийдвэрийн үйлчлэх хугацаа 2 жилийн дараа дуусгавар болсноор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болохоо мэдэж байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

2.   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хот суурины ус хангамж, ариутгах татуургын  ашиглалт,  үйлчилгээг зохицуулах зөвлөлийн  даргын  албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан тушаалтанд хамааруулж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд Төрийн захиргааны албан тушаалтанд хамаарах албан тушаалуудыг нэрлэж заасан бөгөөд маргаан бүхий албан тушаал нь түүнд хамаарахгүй байна.

Түүнчлэн төрийн захиргааны албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч байна. Төрийн жинхэнэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөдөг.

Гэтэл Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөдөггүй, байнгын ажлын байр биш бөгөөд бүрэн эрхийг нь Төрийн албаны тухай хуулиар бус Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 46 дугаар тогтоолоор баталсан "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм"-ээр тус тус зохицуулдаг.

3.     Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийн маргааны үйл баримт нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбоотой буюу маргаан бүхий акт нь Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 50 дүгээр захирамж юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн хугацаатай томилсон нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт, үйл баримтад бус өөр акт, үйл баримтад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0799 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2012.05.30-ны 56 дугаар захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид "Зохицуулах зөвлөл" гэх/-ийн дарга, гишүүдийн анхны томилгоог хийсэн бөгөөд Зохицуулах зөвлөлийн даргын томилгооны хувьд уг захирамж нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасан хугацаа /6 жил/-г хангаагүй гарсан гэсэн асуудалтай холбогдуулан нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг нь тухайн үед шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага, түүний шүүх хуралд хэлсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, мөн уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ерөнхий сайдын 2012 оны 56 тоот захирамжийг хууль ёсны захиргааны акт гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0799 тоот магадлалын хянавал хэсэгт"Хуулинд Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоосон байхад Монгол Улсын Ерөнхий сайдын 2012.05.30-ны өдрийн 56 дугаар захирамжаар Ч.Эрдэнэчимэгийг 2012.06.01-ний өдрөөс2 жилийн хугацаагаар томилсон нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ." гэсэн нь захиргааны хэргийн маргаан үүсгэсэн Ерөнхий сайдын 2016 оны 50 дугаар захирамжийг ямар ч маргаан үүсгээгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүчин төгөлдөр 2012 оны 56 дугаар захирамжтай холбож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайд 2012 оны 56 дугаар захирамжийн дагуу 2012.06.01-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар томилсон нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасантай нийцээгүй гэж үзсэн бол тухайн үед захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дуусгавар болсон байна.

Харин нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгээс Ерөнхий сайдын 2016 оны 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагад байхгүй Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 56 дугаар захирамжаар Зохицуулах зөвлөлийн даргаар Ч.Эрдэнэчимэгийг 2012.06.01 -ний өдрөөс 2 жилийн хугацаагаар томилсон нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасантай нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Ерөнхий сайдын 2016 оны 50 дугаар захирамжийг холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012.05.30-ны өдрийн 56, 2016.04.12-ын 50 дугаар захирамжууд нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт нийцэж гарсан бөгөөд тухайлбал, Ерөнхий сайдын 2012 оны 56 дугаар захирамжийн хувьд Зохицуулах зөвлөлийн дарга нь хамтын шийдвэр гаргадаг үйл ажиллагаа буюу Зохицуулах зөвлөлийн хуралдаанд саналын нэг эрхтэй оролцдог гишүүн юм. Өөрөөр хэлбэл Зохицуулах зөвлөл нь орон тооны 1 /дарга/, орон тооны бус 4, нийт 5 гишүүнтэй бөгөөд Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг олонхын саналаар шийдвэрлэдэг. Иймд Зохицуулах зөвлөлийн гишүүн гэдэгт Зөвлөлийн дарга орох бөгөөд Ерөнхий сайдаас Зөвлөлийн даргын анхны томилгоог 2 жилийн хугацаагаар тогтоосон нь зөв байсан.

2. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0799 тоот магадлалын хянавал хэсэгт "Зохицуулах зөвлөлийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар байх тул нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх ба эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана." гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн '\23.2А-р,"шүүх хэрэглэвэл зохих хуулийг... буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн" гэж заасныг зөрчсөн байна.

Зохицуулах зөвлөл нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар 2012 онд байгуулагдсан бие даасан, хамтын шийдвэр гаргадаг зохицуулах байгууллага бөгөөд тус байгууллагын статусыг одоо хүртэл Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор тодорхойлоогүй, удирдах болон нэгжийн албан хаагчид нь Төрийн албаны тухай хуулийн аль нэг ангилал, зэрэглэлд хамаардаггүй, тусдаа хуулиар зохицуулагддаг байхад "Зохицуулах зөвлөлийн даргын албан тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч" гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ... бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ." гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл аливаа шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэх үүрэгтэй байдаг.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэгтэй, бие даасан, хамтын шийдвэр гаргадаг, тухайн салбарын хуулиар байгуулагдсан 3 дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байдаг бөгөөд тэдгээрийг дурдахад Эрчим хүчний тухай хуулиар Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны тухай хуулиар Харилцаа холбооны зохицуулах хороо, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг тус тус байгуулсан байдаг. Эдгээр зохицуулах байгууллагын статусыг одоо хүртэл Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор тодорхойлоогүй, удирдах болон нэгжийн албан хаагчид нь Төрийн албаны тухай хуулийн аль нэг ангилал, зэрэглэлд хамаардаггүй байна.

3. Хэрэв Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "... шүүх захиргааны хэрэг үүсгэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.06.08-ны өдрийн 00062 дугаар захирамжаар Э.Пүрэвжавыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байхад шүүхийн шийдвэрт Зохицуулах зөвлөлийн дарга оролцсоноор тодорхойлсон ... зэрэг алдаа гаргасныг анхан шатны шүүх анхаарвал зохино." гэж үзсэн юм бол анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн байна гэж үзэн мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах байсан.

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.06.08-ны өдрийн 00062 дугаар захирамжаар Э.Пүрэвжав намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэж уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж байгаа гэж ойлгож байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.12.20-ны өдрийн 221/МА2016/0799 тоот магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар захирамжаар “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан томилолтын хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр Ч.Эрдэнэчимэгийг зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг “... хуулийн 9.4-т зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг 6 жил, гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийнэ гэж тодорхой заасан. Ерөнхий сайд намайг зөвлөлийн даргаар анх томилохдоо 6 жилийн хугацаагаар томилох ёстой байтал 2 жилийн хугацаагаар томилж хууль зөрчсөн. Миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй” гэж, хариуцагч “... Ч.Эрдэнэчимэгийг зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн хугацаагаар томилсон, томилолтын хугацаа дуусгавар болсон” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Монгол улсын Ерөнхий сайд 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар Ч.Эрдэнэчимэгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд 2 жилийн хугацаагаар томилсон, тэрээр тухайн үед анхны, энэхүү томилгооны талаар ямар нэгэн гомдол, санал гаргаж, хууль бус гэж маргаж байгаагүй байх бөгөөд уг томилолтын хугацаа дуусахын өмнө, зохицуулах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар “Гишүүдийн ажиллах хугацааг сунгах тухай” асуудлыг хэлэлцэн, Ч.Эрдэнэчимэгийг тус зөвлөлийн даргаар, Б.Жигжидийг гишүүнээр тус бүр 4 жилийн хугацаагаар томилуулахаар шийдвэрлэж, эрх бүхий этгээдэд санал болгож байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийг зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн хугацаагаар томилсон байх бөгөөд уг хугацаа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, томилох эрх бүхий этгээд хугацааг сунгаагүй тул “томилолтын хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т заасантай нийцсэн байна.     

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Ерөнхий сайд томилно”, 9.4-т “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж тус тус заасан.

Хуулийн 9.4-т заасан “...Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, ...” гэсэн нь “зөвлөлийн гишүүд гэдэгт зөвлөлийн дарга, гишүүд багтана, зөвлөлийн гишүүдийн анхны томилгоо нь зөвлөлийн дарга, гишүүдэд нэгэн адил хамаарна, Ерөнхий сайд зөвлөлийн дарга, гишүүдийн анхны томилгоог хийхдээ 2,4,6 жилийн аль нэг хугацаагаар томилох” гэсэн ойлголт болохоос зөвхөн зөвлөлийн орон тооны бус гишүүдийн анхны томилгооны асуудлыг зохицуулаагүйн гадна томилолтын хугацааг дуусахаар сунгах асуудлыг хуульчилсан байна.  

Иймд Монгол улсын Ерөнхий сайд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Ч.Эрдэнэчимэгийг зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн  хугацаагаар томилж, томилолтын хугацаа дуусгавар болоход үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, анхан шатны шүүх маргаан бүхий акт хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.    

Давж заалдах шатны шүүх “...хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг Зохицуулах зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байхаар, гагцхүү зөвлөлийн гишүүдийг 2, 4, 6 жилийн хугацаагаар томилж байхаар зохицуулсан гэж ойлгоно”, “Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоосон байхад Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар зөвлөлийн даргаар Ч.Эрдэнэчимэгийг 2 жилийн хугацаагаар томилсон нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасантай нийцээгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчдын маргаагүй захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж, “зохицуулах зөвлөлийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь нэхэмжлэгчийг анх томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйлд заасны дагуу томилоогүй учир төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон гуравдагч этгээдийн “давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн“ гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн хэвээр үлдээх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0799 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА