Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0391

 

Иргэн Б.Чулуунбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              Б.Сувд-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Чулуунбат миний бие 2002 онд гэр бүлээрээ амьдралын шаардлагаар Өвөрхангай аймгийн Хужирт сумаас шилжин ирээд нэг жил айлын хашаанд амьдарч байгаад 2003 оны 9 сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамж 427 тоот хашааг тус хорооны иргэн С.Дашбалжираас 450.000 төгрөгөөр худалдан авсан. /тэр үедээ газрын гэрчилгээ байхгүй хүүгийнхээ хашааг таллаж өгсөн гэж байсан/. Тэгээд бид нар 2003 оны 10 дугаар сард 17 дугаар хороо болон Газрын албанд өргөдөл өгөхөд манайхыг үерийн аман дээр буусан байна зөвшөөрөл өгөхгүй гэсэн шалтгаанаар манай материалыг хүлээж авахгүй байсан. Харин хашааныхаа араар үерийн далан хий гэж байсан. Манайх далангаа хийж чадахгүй байж байгаад 2013 онд хийчихээд Газрын албанд үзүүлэхээр газрын албан дээр очсон чинь манай 10 жил гаран амьдарсан, одоо ч амьдарч байгаа газрыг маань Бадарчийн Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжаар Бадарчийн Мөнх-Эрдэнэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 37-427 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 509.93 м.кв талбай бүхий газарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч Б.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрыг татан оролцуулахыг хүсэж байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 тоот захирамжаар иргэн Б.Мөнх-Эрдэнэд 509.43 мкв газрыг өмчлүүлэхээр захирамж гаргасан байна. Үүнийг Мөнх-Эрдэнэд 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан байна. Мөнх-Эрдэнэ энэ өмчлөлийн гэрчилгээг 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр З.Аюурзана гэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өмчлөх эрх З.Аюурзанад шилжсэн. Одоогоор энэ өмчлөл хүчинтөгөлдөр байгаа учир Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас олгосон өмчлөлийн асуудлыг давхар хүчингүй болгуулах

шаардлагатай байна. Энэ эрхийн акт нь өөр байгууллага гаргасан ба урьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ шаардлагагүй байсан учир одоо Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрыг хамтран хариуцагчаар татаж иргэн З.Аюурзанад олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ““Б.Чулуунбат нь 2002 онд гэр бүлээрээ Өвөрхангай аймгийн Хужирт сумаас шилжиж ирээд 1 жил айлын хашаанд амьдарч байгаад 2003 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот хашааг тус хорооны иргэн С.Дашбалжираас худалдан авсан. Тухайн үед 528 м.кв газрыг 450.000 төгрөгөөр худалдаж авсан. 2003 оны 10 дугаар сард Дүүргийн газрын албанд эзэмших талаар өргөдөл гаргасан. Дүүргийн газрын албанаас энэ газар үерийн амны газар танайхыг далангаа хийсний дараа өргөдлөө өг гэсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Чулуунбат дахин Дүүргийн газрын албанд хандаагүй. Өөрсдөө газраа сунгаж татсан байдаг. Сунгаж татсан газрын ард талаар нь далан хийсэн байдаг. 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Ж.Аюурзана гэдэг хүн Б.Чулуунбат гэдэг айлыг нүүлгэнэ үү гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгч маргаан бүхий газар дээр 2003 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Далан барьж байх хооронд Б.Мөнх-эрдэнэ гэдэг хүн маргаан бүхий газрыг Ж.Аюурзана гэдэг хүнд худалдаж гэрчилгээ гаргуулсан байдаг. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулинд иргэнд газрыг шууд өмчлөх заалт байгаа боловч маргаан бүхий газрыг шууд иргэнд эзэмшүүлэх боломжгүй. Яагаад гэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжинд тусгаж өгөөгүй байхад бүрэн эрхээ хэтрүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга өмчлөх эрхийн захирамж гаргахдаа дүүргийн Засаг даргын уламжилснаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу гаргаж өгөх ёстой. Гэтэл уг асуудал Дүүргийн газрын албанаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргахад ямар ч материал ирээгүй. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа ямарч нотлох баримтгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2-т заасан хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Дүүргийн Засаг даргын захирамж хүчингүй болсон тохиолдолд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэл өөрчлөгдөх ёстой гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анх иргэн Б.Мөнх-Эрдэнийн гаргасан хүсэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга 2015 оны 20 дугаар Захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот хашааны 509.93 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшүүлсэн. Энэ Б.Чулуунбатын нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот хашаа нь манай мэдээллийн сан болон газрын байршлын кадастрын санд иргэн Б.Мөнх-Эрдэнийн бүртгэлтэй бусдын газартай ямар нэгэн давхцалгүй. Газрын тухай хуулиар заавал дүүргийн Засаг даргаас захирамж гарсны дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж эзэмшүүлсэн гэсэн ойлголт байхгүй. Нийслэлийн Засаг даргын өмчлүүлэх эрх нь хуулиар нээлттэй байгаа. 2005 оны үед 2004 оны кадастрын зургийн мэдээллийн сантай бүрдүүлж байсан. 2005 оноос нэгдсэн кадастрын мэдээллийн сан гэж бий болсон. Тухайн газарт амьдарч байсан айлуудын кадастрыг нь сэргээгээд баталгаажуулалт хийгдсэний дагуу зарим айлуудад Нийслэлийн Засаг даргын захирамжаар шууд өмчлүүлж байсан. Тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өргөн барьсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай өмчлүүлэх

батлуулах ёстой байсан. Тэгэхдээ үүнийг тухайн үед баримтлаагүй. Яагаад гэхээр зөвшөөрөлгүй амьдарч байсан айлууд нь нүүдэггүй байсан. Сүүлд нь олон жил амьдарсан айлуудад нь өмчлүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Г-2202006579 дугаартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 37 дугаар гудамжны 127 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 510 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.Мөнх-Эрдэнэд олгосон. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Б.Мөнх-Эрдэнийн өмчлөлд бүртгэж 16234 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн З.Аюурзанын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж 27276 тоот гэрчилгээ олгогдсон байна.

Дээр дурьдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасны дагуу бүртгэлийг хийсэн нь хуулийн дагуу бүртгэсэн. Хэрэв бүртгэхээс татгалзаж буцаасан бол мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчсөн эс үйлдэл болох байсан. Бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийж энэ талаарх мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан аливаа шийдвэрийг хянах эрхгүй, талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ хэлцэлд хөндлөнгөөс оролцох, аль нэг талд нь давуу үйлчлэх зэргээр гэрээний эрх чөлөөнд халдах эрхгүй, мөн хуульд зааснаас өөр баримт бичиг, нотлох баримт шаардах эрхгүй юм. Хэрвээ шаардсан бол энэ нь харин хууль бус үйлдэл, эс үйлдэл болох байсан. Хэрэв иргэн Б.Мөнх-Эрдэнэ, З.Аюурзана нарын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэж буй бол иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд энэ уг бүртгэлийг хийсэн бүртгэлийн байгууллагын хариуцах асуудал биш билээ. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Бадарч овогтой Мөнх-Эрдэнэ миний бие Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 37-427 тоот хашааг 1998 онд Д.Адилзаяа гэдэг хүнээс худалдаж авсан. Д.Адилзаяа Монголын Үндэсний Радиод сурвалжлагчаар миний эгчтэй цуг ажилладаг байсан. Энэ хашаанд миний эцэг Бадарч амьдарч байгаад 2002 онд нас барсан. Ийм учир ууган хүү Мөнх-Эрдэнэ миний бие хуулийн дагуу өөрийн нэр дээр авах хүсэлтийг газрын өргөдөл, кадастрын зургийн хамт газрын албанд өгсөн. Аав амьдарч байх үед газрын гэрчилгээ өгөгдөөгүй байсан. 2005 онд газрын гэрчилгээ гарч ирсэн. Нэгэнт аав маань үгүй болсон учир тэр үед эхнэр хүүхэд аваагүй миний бие эгчийндээ амьдрах болсон учир хашаагаа хажуу айлдаа захиад явсан. Тогтсон ажил төрөлгүй байсан учир тэр үед би хөдөө ажил хийж явсаар нэг удаа хашаандаа иртэл Өвөрхангайн айл буучихсан байсан. Хашаагаа захиж үлдээсэн хажуу айлаасаа асуутал айл буулгасан юм гэж хэлсэн. Би өөрийн эзэмшлийн хашаагаа Аюурзана гэдэг хүнд зарсан. Тэгээд хашааг суллаж өг гэж нөгөө айлд удаа дараа очиж хэлж байсан боловч улсууд нь зугтаагаад уулзаж өгөөгүй. Тэр үед би Солонгос явах болсон учир уулзаж чадаагүй явсан. Солонгосоос ирсэн чинь хашаа авсан Аюурзана ирж уулзаад хашаандаа бууж чадахгүй байна гэж хэлсэн. Ийм учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд З.Аюурзанын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн З.Аюурзана нь 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээс Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот буюу 510 м.кв газрыг 6.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Б.Мөнх-Эрдэнэ зарахдаа энэ айлыг нүүлгэж өгнө гэсэн байдаг. Тэгтэл энэ айл нь одоог хүртэл нүүгээгүй учраас хашаандаа амьдарч чадахгүй байгаа. Ийм учраас Ж.Аюурзанын эрх хөндөгдөж байгаа. Маргаан бүхий газарт амьдарч байгаа Б.Чулуунбат болон н.Нэргүй нартай удаа дараа уулзаж байсан. 290 м.кв газрыг худалдаж авсан. 450 м.кв гэж ярьж байсан. Тэгтэл кадастрын зургаар 528 м.кв газар байгаа. Маргаан бүхий газрын кадастр анх гаргахдаа Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн 2005 онд Газрын албанд өргөдөл өгсөн. Энэ өргөдлийн дагуу кадастрын зураг бий болсон. Нэхэмжлэгч Б.Чулуунбат гэдэг хүн 2003 оноос хойш энэ талаар явсан байж газрын албанд өргөдлөө өгөөгүй байгаа. Б.Мөнх-Эрдэнэ 2005 оноос кадастрын зураг хийлгээд нэгж талбарын дугаар аваад Газрын албаны санд бүртгүүлсэн. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас маргаан бүхий газарт холбоотой лавлагаа гаргуулсан байгаа. Энэ маргаан бүхий газар 2005 оноос хойш 18640318923284 нэгж талбарын дугаартай 510 м.кв талбайтай газар нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын кадастрын мэдээллийн санд анх 2006 онд Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй хэвээр байна гэсэн. Үүнээс хойш ямар нэгэн мэдээллийн сантай давхацсан зүйл алга. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбатын Нийслэлийн Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамж, З.Аюурзанад олгосон Г-2202006579 дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Чулуунбат давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрээс эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж найна. Үүнд:

1. Б.Чулуунбат миний бие 2002 онд гэр бүлээрээ амьдралын шаардлагаар гэр бүлээрээ Өвөрхангай аймгийн Хужирт сумнаас шилжиж ирээд нэг жил айлын хашаанд амьдарч байгаад 2003 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар гудамж Сурагчийн 427 тоот хашааг тус хорооны иргэн С.Дашбалжираас 450.000 төгрөгөөр /тэр үедээ газрын гэрчилгээ нь гаргаагүй байсан/ авсан үнэ нь зөвхөн хашааны үнэ байсан .

Тэгээд тэр үедээ дүүргийн газрын албанд ирж өргөдөл өгөх гэтэл үерийн далангийн газар байна гээд зөвшөөрөл өгөөгүй харин манайхыг далангаа барьж дуусгаад зөвшөөрөл аваарай гэж хэлээд өргөдөл аваагүй тийм болохоор нь бид нар үерийн далангаа барьж дуусаад 2013 онд очтол өөр хүний өмчлөлийн гэрчилгээ гарсан байна гэж газрын албаны хүн хэлсэн. Ийм л юм болсон. Шүүх маш их удаж байж шийдвэрлээд  бүтэн 3 сарын дараа арай гэж хэл ам болж байж шийдвэрэээ гаргуулж авсан. Шүүгч нь маш их хүнд сурталтай. Би үнэхээр үнэн зөв шийдвэр гаргасангүй гэж бодож байгаа анхнаасаа л миний талд шийдвэр гарахгүй гэдэг нь ойлгомжтой байсан.

2. Нийслэлийн засаг даргын захирамжаар манай газар өмчлөх газрын төлөвлөлтөнд ороогүй байхад орсон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн.

3. Дээрх өмчилж авсан хүмүүс миний газар дээр оршин суудаггүй байхад оршин сууж байсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4. Манайхыг газрын албанд хандаж байгаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна учир нь бид нар хандаад далангаа барь гэж хэлсний дагуу далангаа хийгээд дараа нь очиж байхад ингэж дүгнэсэн нь буруу иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх “... гуравдагч этгээд Б.Мөнх-Эрдэнийн газар өмчлөхөөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж гаргасан Нийслэлийн Засаг даргын газар өмчлөх эрх олгосон захирамж, бэлэглэлийн үндсэн дээр З.Аюурзанын өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэл нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна” гэж зөв дүгнэсэн байна.

Иргэн Б.Мөнх-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сурагчийн 37-427 тоот хаягт байрлах газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамжаар өмчлүүлсэн[1], улмаар уг захирамжид үндэслэн түүнд газар өмчлүүлэх тухай шийдвэр[2] гарсан, 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн З.Аюурзанад шилжүүлэн өгч Г-2202006579 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг[3] Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас /хуучнаар/ олгосон нь дээрх хуульд заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Чулуунбат нь “...бид газрын албанд хандаад далангаа барь гэж хэлсний дагуу далангаа барь гэж хэлсний дагуу далангаа хийгээд дараа нь очиж байхад манайхыг газрын албанд хандаж байгаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  Учир нь:

Нэхэмжлэгчээс төрийн захиргааны эрх бүхий байгууллагад хандаж хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох иргэн Б.Мөнх-Эрдэнэд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41 дүгээр тогтоол, 9/48 дугаар тогтоолуудыг үндэслэсэн байх бөгөөд уг тогтоолуудаар нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээг тогтоож, 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан, дээрх төлөвлөгөө болон иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт гуравдагч этгээд Б.Мөнх-Эрдэнэд өмчлүүлсэн газар хамаарч байгаа эсэх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай газар өмчлөх газрын төлөвлөлтөнд ороогүй байхад орсон мэтээр дүгнэсэн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.2-д “газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт”, 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ”, 13.5.4-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”, 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг”, 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж тус тус заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучнаар/ гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Нийслэлийн Засаг даргын өмчлөх эрх олгосон захирамж зэрэг баримтаас үзвэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 37-427 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 509.93 м.кв газрыг иргэн З.Аюурзанын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, тус бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Б.Чулуунбатын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн хаягт оршин суудаг байхыг шаардахгүй байх тул нэхэмжлэгчийн “дээрх өмчилж авсан хүмүүс миний газар дээр оршин суудаггүй байхад оршин сууж байсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР   

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ