Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/196

 

 

 

    

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр                 2018/ШЦТ/00196                               Хэрлэн сум

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0124/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               М.Сайнболд,

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн өмгөөлөгч                                              Д.Ганхуяг,

Хохирогч                                                                       Г.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Б,

Шүүгдэгч                                                          Б.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Бд холбогдох 1839000400084 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг “Буянт” гэх газар иргэн Г.Тын баруун нүдэн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг “Буянт” гэх газар иргэн Г.Тын баруун нүдэн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Г.Тын “...тэр хүүхэн миний хувцаснаас барьж татаж чангаагаад байхаар нь хувцаснаас нь барьсан гарыг нь тавиулсан. Гэтэл тэр хүүхэн гэнэт миний энгэрээс зуурч аваад, миний нүүр рүү 2-3 удаа самардаж маажих үедээ хамрыг маань цохисон. Тэгээд миний энгэр заамнаас татаад тавихгүй болохоор нь гарыг тавиулах гээд гарын шуун дээрээс нь 2 гараараа барьж байгаад арай гэж тавиулахад, өөрийнхөө хүчинд хөл алдаж дов сондуултай газар байсан болохоор арагшаа унасан. Ингээд нөгөө хүүхэн босч ирээд над руу дахин дайрахад Балт бас над руу зэрэг дайрч чи манай эхнэрийг зоддог хэн бэ гэж хэлээд хоёулаа намайг зэрэг зуурч аваад хоёр талаас барьж аваад эхнэр нь нүүр рүү маажих гэж самардсан, нөхөр нь миний баруун нүдний хөмсгийг цохисон. тэгээд тэр хоёр намайг дарж аваад доош дарах үед эхнэр нь миний үснээс үсдээд дарсан. Тэр үед галч Б, жолооч Гэ хоёр намайг салгасан. Тэгээд би босож ирээд баруун хөмсгөө дарж үзэхэд цус гарчихсан байсан. Тэр үед нөгөө хүмүүс арай зайтай болтол, миний баруун гар талд улаан юүдэнтэй, урт шар цахилгаантай, урт хар өнгийн күртиктэй хар өнгийн өмдтэй, түрийтэй гуталтай, намхан 25 орчим насны залуу гартаа атгасан гарын чинээ хүрэн бор ирмэгтэй чулуу бариад зогсож байхаар нь арай  цохичихгүй байлгүй дээ гэж бодоод гараараа хөмсөг хэсгээ үзээд байж байтал, юу ч ярилгүй над руу дайрч ирээд шууд миний нүүр рүү цохих үед гарт нь чулуу байсан...” гэх мэдүүлэг /хх 13-26 тал/

2. Гэрч Б.Бын “...Тын энгэр заамнаас нь тэр хүүхэн зуураад тавихгүй болохоор Т 2 гарыг доош дарж салгасан чинь, тэр хүүхэн өөрөө хүчиндээ газар ойчсон, тэгээд эргээд хартал Балт гэдэг хүн Тыг бариад авчихсан эмэгтэй хүн зоддог хэн бэ гээд зодоогүй байхад худлаа ярьж шалтаг, нээнтэг хайж байсан. Тэр үед Тын баруун нүдний хөмсөгнөөс, хамраас нь цус гарч байсан. Тэгэхэд нөгөө хүүхнийг маажиж байхдаа хөмсгийг нь маажсан юм болов уу гэж харж байсан. Тэгээд би очоод бас Балтыг хорьж Тыг салгаад байх тэр үед улаан юүдэнтэй урт хар күрти, хар өмдтэй, түрийтэй гуталтай залуу барьж явсан чулуутай гараараа Тын нүүрэнд цохисон. Тэр үед Тын хүзүүнд байсан монетон гинж хаягдсан  байсныг би маргааш нь мэдсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Гэ бид хоёр хөдөө явж байхдаа тухайн үйл явдал болсон газар очиж үзэхэд гинж олдоогүй ...” гэх мэдүүлэг /хх 48-51 тал, 2 хавтас 45-47 тал/

3. Гэрч Э.Зийн “...Балт гэх хүний эхнэр Т дарга руу дайрч энгэрээс нь зуураад хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Т дарга гарыг тавиулаад түлхсэн чинь бид нар дээр чулуу түүж байсан хүмүүс эмэгтэй хүн зодлоо гээд бүгдээрээ үг хэлээрээ дайрсан. Тэгтэл нөгөө байсан хүмүүс Т даргын нүүр рүү цохисон. Тэгтэл тэр хүүхний нөхөр Балт эмэгтэй хүн зодлоо гээд чанга дуугараад дайраад байсан. ...Тэгж байснаа нэг харахад даргыг Балт гэх залуу эхнэрийнхээ хамт дарчихсан, эхнэр нь даргыг үсдээд доош дарчихсан байхад нь манай жолооч, галч хоёр тэр хоёроос салгаж авсан. Тэгээд дарга дөнгөж дээшээ босоод байхад нь улаан юүдэнтэй малгайтай 20 гаран насны залуу чулуутай гараараа нүүрэнд нь цохисон. Тэр залуу гэнэт чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх 31-33 тал, 2 хавтас 48-50 тал/

4. Гэрч Ц.Гийн “...тэр хүүхэн дайраад дахин зуурч аваад энгэрээс нь салахгүй байхад нь 2 гарыг нь тохойгоороо дарж байгаад салгасан чинь тэр хүүхэн чамайг алсан ч яадаг юм бэ гээд байсан. Ингээд нөгөө хүүхэн рүү намайг харах хооронд нөхөр болох Балт Тын хөмсгийг нь цохисон юм байна лээ. Тэр үеэр нэг улаан юүдэнтэй куртиктэй 20 орчим насны залуу гартаа чулуу бариад сонин яваад байснаа гэнэт Тыг чулуутай гараараа нүүрэнд нь цохисон. Тэгтэл Т доошоо суунгуут Балт, эхнэртэйгээ цуг дайрч дээр нь дараад эхнэр нь Тыг үсдээд толгойг нь доош нь дараад байсан...” гэх мэдүүлэг /хх 43-45 тал/

5. Шүүх эмнэлгийн №66 тоот

“...Г.Тын биед баруун талын нүдний ухархайн доод хана 2.0х1.7 см, өргөн хэсэгт доош гайморовын хөндий рүү 1.2 см хүртэл зөрүүтэй цөмөрсөн хугарал, тус нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 0.2 см зөрүүтэй хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид дээрх гэмтлүүд нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт  /хх 137-138 тал/

5. Шүүх эмнэлгийн №435 тоот

“...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №66 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

-Г.Тын биед хэрэг болсон гэх цаг хугацаанд баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун доод зовхи, дээд уруулд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 76-77 тал/

   6. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Тын эмчилгээний болон бусад зардалд нийт 4 006 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 3 800 000 төгрөгийг бэлнээр төлсөн ба үлдэх 206 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хохирогч шүүгдэгч нар сайн дураараа тохиролцсон нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Б Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуусан 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бас 206.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Тд олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ