| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0231/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/197 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/197
2018 оны 11 сарын 07 өдөр 2018/ШЦТ/197 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0231/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч М.М. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М.д холбогдох эрүүгийн 1839003870238 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.М. нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг Цэнхэрийн гол гэх газарт Н.Энхцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М. нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг Цэнхэрийн гол гэх газарт Н.Энхцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Энхцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн эхнэр Пүрэвдолгор, хадам ээж Сараа, хадам аав Анхбат, өөрийн төрсөн хүү Эрхэс нарын хамтаар Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн автомашинтай 2018 оны 8 дугаар сарын 03-ны 23 цагийн орчимд гарч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын М.М.ын гэрт 2018 оны 8 дугаар сарын 04-ний өглөө 05 цагийн орчимд очсон. Мөнхөө байхгүй байж байгаад 15 цагийн орчимд ирсэн. Тэгээд Мөнхөөг ирэхээр нь хотоос авч ирсэн Шар чингис нэртэй 1 литрийн архийг Мөнхөө болон түүний эхнэр, хадам ээж Сараа бид дөрөв хувааж уусан. Тэгээд ямаа боож өгнө гээд нэг ямаа бариад бид хоёр шараад үлдсэн. Манай эхнэр, хадам аав, ээж Мөнхөөгийн эхнэр нар сумын төв рүү миний машинтай явцгаасан. Тэгээд Мөнхөө, бид хоёр 0,5 литрийн Соёрхол архи хувааж уугаад эмээлийн чимэгнээс болж маргалдсан. Тэгтэл Мөнхөө намайг шууд нүүр рүү цохиод унасан чинь шууд дээрээс нүдчихсэн. Тэгээд би Мөнхөө ахаа та болилдоо би үхлээ гээд гол руу зугтаагаад голын эрэг дээр байж байгаад эхнэрийг ирэхийг харж байгаад ирэхээр нь очоод шууд хот руу явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/,
Гэрч Э.Жигдбаярын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг Цэнхэрийн гол гэх газарт нөхөр, хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай хүргэний найз болох Энхцогт манайд Улаанбаатар хотоос эхнэр хүүхдүүдийн хамтаар ирсэн. Тэгээд Энхцогт нь манай гэрт 0.75 литрийн Шар Чингис архитай орж ирээд архийг нь бид нар ууцгаасан. Архи уугаад дуусаж байхад манай нөхөр М.М. Энхцогтод ямаа боож өгнө гээд байхаар нь би Энхцогтын ээж, аав, эхнэртэй нь хамт сумын төв рүү ногоонд явсан. Энхцогт, М.М. нар ямаа боогоод үлдсэн. Бид нарыг яваад ирэхэд харанхуй болсон байсан. Тэгээд ирэхэд тэр хоёр согтуу муудалцсан байдалтай байж байсан. Тэр шөнөдөө Улаанбаатар хот руу явцгаасан. Манай нөхөр хэлэхдээ бид хоёр харилцан зодолдсон гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Манай нөхөр Энхцогтын хамрыг цохиогүй гэсэн. Би өөрөө байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
М.М.ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг Цэнхэрийн гол гэх газарт эхнэр, хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай хүргэний найз болох Энхцогт манайд Улаанбаатар хотоос эхнэр, хүүхдүүдийн хамтаар ирсэн. Тэгээд Энхцогт нь манай гэрт 0,75 литрийн шар Чингис архитай орж ирээд архийг нь бид нар ууцгаасан. Тэгээд би Энхцогтод хандан ах нь чамд ямаа боож өгье гээд ямаагаа боож эхэлсэн. Тухайн үед манай гэрт хүнсний ногоо байхгүй байсан учраас би эхнэр, хүүхдээ Энхцогтын эхнэр, хүүхэд, ээж, аавтай нь хамт Дэлгэрхаан сумын төв рүү явуулсан. Тэр хэдийг явахын өмнө Энхцогт машинаасаа 0,5 литрийн архи авч үлдсэн. Тэгээд Энхцогт, бид хоёр ямаагаа боонгоо архи уусан. Тэгээд согтуу байсан учраас бид хоёр эмээлний чимгэн дээрээс болж маргалдаад Энхцогт эхлээд намайг цохих гэж дайраад миний цээж хэсэг рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун мөрөнд нь нэг удаа цохьсон. Тэгээд Энхцогт намайг дахин цохих гэж дайрч байгаад онолгүй газарт халтираад унасан. Тэгээд босож ирээд уурлаад Цэнхэрийн гол руу яваад өгсөн. Тухайн үед хамарнаас нь цус гараад байсан шиг санаж байна. Би нилээн согтуу байсан...” гэх дүгнэлт /хх-ийн 13-15 тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №369 дугаартай: “...Н.Энхцогтын биед хамар ясны зүүн хажуу хана заадас хэсгээр бага зэрэг зөрөө бүхий хугарал, хамрын таславч урд хэсгээр бага зэрэг баруун тийш мурийлт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцгдсэн шүүгдэгч М.М.ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.М.ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас Н.Энхцогтын биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Н.Энхцогт нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 47 тал/ гэсэн тул шүүгдэгч М.М.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.М.ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч М.М. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.М.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.М.ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА