| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/00021/И |
| Дугаар | 130/ШШ2018/00079 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2018/00079
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, Н.а овогт М.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбараас ажилгүй байсан хугацааны олговорт 7590000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед миний бие дөнгөж амаржсан бөгөөд хүүхэд маань 4 сартай байсан. Би ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийдвэр гарч намайг мэргэжлийн дагуу ажилд томилохыг Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захиралд үүрэг болгосон. Хариуцагчаас дээрх шийдвэрт гомдол гаргаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс татгалзсан. Иймээс би шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, үүний дагуу намайг Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захирлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай тушаалаар ажилтай болгосон. Тийм учраас ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 11 сарын цалингаа нэхэмжилж байна. Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захирлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 133 дугаартай тушаалаар миний нэг сарын үндсэн цалин хөлсийг 690000 төгрөгөөр бодож олгохоор тогтоосон байна. Үүнийг ажилгүй байсан 11 сараар үржүүлэхэд 7590000 төгрөг болж байна. Иймд Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын /захирал Х.Ж/-аас ажилгүй байсан хугацааны цалин болох 7590000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захирал Х.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Аг Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбараас Төрийн банкны Баян-Өлгий салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг санал болгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.Аг ажилд эгүүлэн томилсон. М.А нь ажилгүй байсан хугацааны цалин буюу 7590000 төгрөгийг Төрийн банкнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.А нь ажилгүй байх хугацаанд Голомт банканд ажиллаж байсан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн нь нотлогдож байгаа тул банкны зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ан нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарт холбогдох иргэний хэргийн хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Жт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагт хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Ж нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч М.А нь Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбараас ажилгүй байсан хугацааны олговорт 7590000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь, нэхэмжлэгч М.Аг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захирлын 01 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн”-ний орон тоо цомхотгосон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгчээс жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орж ирэхэд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэснийг ажил олгогч зөрчсөн тул ажил олгогчид мэргэжлийн дагуу ажилд томилохыг даалгах тухай тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийдвэрээр Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг үүрэг болгож шийдвэрлэсэн байжээ.
Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болох нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба түүнд талууд маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор биш нэхэмжлэгчийн уг хугацаандаа авах ёстой байсан цалин гэж тайлбарлажээ.
Гэвч ажил олгогчоос ажилтан болох М.Аг жирэмсний амралтаас эргэж ажилд орох үед түүний Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас нь чөлөөлөөгүй байсан бол тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс түүнийг теллерийн ажилд томилсон буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаандаа ажлаа хийж цалингаа авч явах боломжтой байсан боловч ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хугацаандаа ажилгүй байсан болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийдвэр, Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захирлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн М.Аг теллерийн ажилд эгүүлэн томилсон 113 дугаартай тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7590000 төгрөг нь түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч буюу ажил олгогч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захирал нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.Аг теллерийн ажилд эгүүлэн томилсон ба түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-гийн а-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн НДД№А00065747 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт түүний жирэмсний амралтаа авахаас өмнөх гурван сар буюу 2016 оны 5,6,7 дугаар саруудын (822000+827400+723126) цалингаар дунджийг тооцоход 790842 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийг анх ажил олгогчийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/121 дугаартай тушаалаар “харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн” албан тушаалд томилоход үндсэн цалинг 750000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 11 сар 5 хоног ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговор нь 8250000 (750000 х 11 сар) төгрөг, 174415 ( 750000/21.5 х 5 хоног ) төгрөг, нийт 8424415 (8250000+174415) төгрөг байна.
Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг” олгоно гэж заасан хэдий боловч нэхэмжлэгч М.А нь ажил олгогчоос буюу хариуцагч байгууллагын захирлаас намайг бололцооны ажил болох теллерийн ажилд томилсон тушаалдаа миний сарын үндсэн цалинг 690000 төгрөгөөр тогтоосон ба тухайн үед намайг ажлаас чөлөөлөөгүй бололцооны дагуу ажил олгосон бол би сард 690000 төгрөгийн цалин авах байсан тул миний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 7590000 (690000 х 11 сар) төгрөгийг олгож өгнө үү гэж нэхэмжлэлдээ дурдсан, мөн түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхийг дэмжиж тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин хариуцагч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын захирал Х.Жт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбараас ирүүлсэн тайлбарт М.А нь ажилгүй байх хугацаандаа Голомт банканд ажиллаж байсан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн гэж тайлбар ирүүлсэн боловч тэр талаарх бичгийн нотлох баримт шүүхэд гаргаж өгч чадаагүй тул түүнд дүгнэлт хийх боломжгүй болно.
Иймд нэхэмжлэгч М.Ан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж, хариуцагч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбараас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7590000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 136400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбараас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7590000 /долоон сая таван зуун ерөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь “Баян-Өлгий” салбарын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 136400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж