Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/198

 

 

 

    

 

 

 

                          

2018 оны 11 сарын 12 өдөр                           2018/ШЦТ/198                            Хэрлэн сум

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0228/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Сайнболд

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                                      Б.Х. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х.д холбогдох 1739001900237 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х. нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 32-03 тоотод оршин суух иргэн Д.Төмөрбаатарын ажлын байрны цоожийг эвдэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд нууцаар хууль бусаар нэвтрэн алт мөнгөний дарханы ажлын багаж, эд зүйлсийг авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х. нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 32-03 тоотод оршин суух иргэн Д.Төмөрбаатарын ажлын байрны цоожийг эвдэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд нууцаар хууль бусаар нэвтрэн алт мөнгөний дарханы ажлын багаж, эд зүйлсийг авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 9 хоног Хэнтий аймгийн Халдвартын тасагт хэвтэж байгаад 2017 оын 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд эмнэлгээс гараад хашаандаа очиход миний ажлын байрны цоожийг хөшсөн юм шиг санагдахаар нь би Цагдаагийн газарт хандсан. Миний ажлын байрнаас өөрийн сийлбэрийн гар хийцний хутганууд, ойролцоогоор 20-25 см орчим урттай, ишийг нь ум хар мод болон ясаар тоноглосон, хоёр хутганы ишний урд үзүүрийг мөнгөөр тольтолсон, бусад нь зэс тольттой байгаа. Мөн миний өвөөгөөс уламжилж ирсэн мод цавчдаг төмөр иштэй ойл 1 ширхэг, модон бариултай хүрэн зандан ясыг хольж шигтгэсэн, мөнгөөр бүрсэн тольттой зис-5 машины нуух төмрөөр хийсэн сийлбэрийн хутга 3 ширхэг, орос сам хөрөөний гангаар хийсэн сийлбэрийн хутга 2 ширхэг, мөнгөн эдлэлээ угаадаг байваны тогоо 1 ширхэг, мөнгө хайлуулдаг шавар тогоо 2 ширхэг, бугын бүтэн эврээр сийлбэр хийхээр зүссэн эвэр 12 ширхэг, найман тахилтай бумбаны зэс таг 1 ширхэг, орос ган эвдэрхий данх 1 ширхэг, төмөр хавчуурга 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Би хулгайд алдагдсан эд зүйлсээсээ 6 ширхэг хутга, 3 ширхэг тогоогоо Б.Х.аас олж авсан. Одоо төмөр иштэй мужааны ойл төмөр 1 ширхэг, төмөр хавчуурга 1 ширхэг дутуу байгаа. Б.Х. нь миний үлдсэн хоёр эд зүйлийн хохиролд 1.700.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-21 тал/,

Гэрч А.Доржбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 сарын дундуур болов уу өдрийг нь сайн санахгүй байна. Хашаан дотроо мод хагалаад сууж байхад Б.Х. хашааны завсраар дуудахад нь хашааны дээгүүр өнгийж харахад алт мөнгөний дарханы багаж хүрэн иштэй хутга, богинохон иштэй алх гэх мэт нилээн хэдэн зүйлсийг харуулж бүгдийг нь 15000 төгрөгөөр зарах гэсэн юм авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь 15000 төгрөгөөр зардаг зүйлс биш байна даа би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Х. яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 сарын дундуур болов уу өдрийг нь сайн санахгүй байна. Б.Х. ах манайхаар орой намайг унтаж байхад ирээд гэрт маань жижиг цүнхтэй эд зүйлс орхиод явсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа манайхаар цагдаа ирж жижиг цүнхтэй эд зүйлсээ авахад нь харахад сийлбэр хийдэг жижиг хутганууд лав харагдаж байсан. Би тэр эд зүйлсийг хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Гэрч Н.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 сарын дундуур өдрийг сайн санахгүй байна. Б.Х. гэдэг хүн жаахан халамцуу ирээд Ганзориг ахынд жижиг цүнхтэй эд зүйлсээ тавиад байлгаж байгаарай хөдөөнөөс ирээд авна гэж хэлээд орхиод явсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа цагдаатай хамт ирээд цүнхтэй эд зүйлсээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч Д.Шинэзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 сарын дундуур боловуу өдрийг нь сайн санахгүй байна. Орой Ганзориг ахынд гаднаас ороход Б.Х. ах жаахан халамцуу ирчихсэн сууж байсан. Тэгээд надад жижгэвтэр 2 ширхэг зүйл өгсөн. Ах нь чамд бэлэглэж байгаа юм гэж хэлсэн. Тэр зүйл нь нэг нь төмөр, бөөрөнхий, нөгөө зүйл нь гуулин жижиг тогоо байсан. ...2-3 хоногийн дараа Б.Х. ах цагдаатай хамт орж ирэхэд нь надад өгсөн тэр хоёр зүйлийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Б.Х.ы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Алагчулуун гэх айлд очиж 0.5 литрийн “Хараа” гэх архи авахуулаад дүү Оюунтуяагийнх руу явах замдаа уучихаад Хийдийн суурингийн гудамжаар явж байтал нэг онгорхой хашаа байхаар нь ортол жижигхэн байшин байсан. Цоожтой байхаар нь цоожийг нь эвдээд унтах гээд орсон. Тэгтэл дотор нь дарханы багаж хэрэгслүүд байсан. Тэгээд би  мод цавчдаг төмөр иштэй ойл 1 ширхэг, модон бариултай хүрэн зандан ясыг хольж шигтгэсэн, мөнгөөр бүрсэн тольттой зис-5 машины нуух төмрөөр хийсэн сийлбэрийн хутга 3 ширхэг, орос сам хөрөөний гангаар хийсэн сийлбэрийн хутга 2 ширхэг, мөнгөн эдлэлээ угаадаг байваны тогоо 1 ширхэг, мөнгө хайлуулдаг шавар тогоо 2 ширхэг, бугын бүтэн эврээр сийлбэр хийхээр зүссэн эвэр 12 ширхэг, найман тахилтай бумбаны зэс таг 1 ширхэг, орос ган эвдэрхий данх 1 ширхэг, төмөр хавчуурга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг аваад гарсан юм. Тэгээд хашаанаас гараад банкны байр руу бугын эвэр авах хүн байна уу гэхэд байхгүй болохоор нь нэг байрных нь цахилгаан шийтэн дээр тавьчихаад Эрчмийн байр руу Ганзоригийнд очоод эд зүйлсээ тавьчихаад алга болгов маргааш ирж авна шүү гээд хоночихоод өглөө нь босоод хөдөө гэр рүүгээ унаанд суугаад явсан. Тэгээд хөдөө очоод нэг хоноод хонь нядлаад байж байтал цагдаа нар ирээд аймгийн төвд цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Б.Х.ы яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11 тал/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7 тал/,

Эд зүйлс хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Х.ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Х.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас Д.Төмөрбаатарт 780.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Төмөрбаатар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 32 тал/ гэсэн тул шүүгдэгч Б.Х.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Х.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Х.д 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялаас доогуур ял оноож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Б.Х.ы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж багатай, эрүүл мэндийн хувьд харааны бэрхшээлтэй, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байдал, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Х. нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Х.г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х.д 01 /нэг/ жилийн хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х.д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Х.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА