Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр                             2018/ШЦТ/199                                   Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/232/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                             М.Сайнболд,

Улсын яллагч                                           Ц.Цэен-Ойдов,

Өсвөр насны шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                             С.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Жавхлан,

Өсвөр насны шүүгдэгч                           Н.Т. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т.д холбогдох 1839003000216 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Н.Т. нь насанд хүрээгүй О.Ганцоожтой хамтран 2 удаагийн үйлдлээр 2018 оны 3 дугаар сар, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансар хооронд байрлах “Шинэ хөрс” дэлгүүрийн цоожийг эвдэн орж эд зүйлс бэлэн мөнгө хулгайлж, нийт 109.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Н.Т. нь насанд хүрээгүй О.Ганцоожтой хамтран 2 удаагийн үйлдлээр 2018 оны 3 дугаар сар, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансар хооронд байрлах “Шинэ хөрс” дэлгүүрийн цоожийг эвдэн орж эд зүйлс бэлэн мөнгө хулгайлж, нийт 109.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Алтан-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Биндэр сумын 5 дугаар баг, Сансар хороонд байдаг юм. Хашааныхаа зүүн талд байшин барьж, 6 *******ийн хүнсний дэлгүүрээ 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нээсэн. Тэгээд дэлгүүрээ манаад дотор нь хонодог гэр маань юм. Дэлгүүр маань зүүн, баруун талдаа хоёр хаалгатай. 2018 оны хавар 3 дугаар сарын 20-ны үеэр өдрийн цагаар дэлгүүрийн маань цоожийг эвдээд онгорхой орхисон байсан. Тэр үед алдагдсан эд зүйл мэдэгдэхгүй байхаар нь цагдаад мэдэгдэлгүй орхичихсон. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 04 цаг 30 минутаас 05 цаг 30 минутын хооронд дэлгүүрээ зүүн талынх нь хаалгыг дотроос нь түгэжээд баруун хаалгаа гаднаас нь цоожилсон. Тэгээд цэцэрлэгээс хүүхдээ аваад иртэл зүүн, баруун хоёр хаалга хоёулаа цоож нь цүүндээ зүүлттэй байхаар нь дэлгүүр рүүгээ ороод үзтэл тамхи, ундаанаас авсан бололтой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 тал/,

Гэрч П.Хишигчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Биндэр сумын 5 дугаар баг, Сансар хороонд гэрийн маань хашаанд манай ажиллуулдаг 6 *******ийн “Шинэ хөрс” *******тэй хүнсний дэлгүүр байдаг юм. Тэгээд манай дэлгүүрт 2018 оны 3 дугаар сарын 20-доор дэлгүүрийн цоожийг эвдлэн хулгай орж ченж эссэ 4 хайрцаг, LD CLUB тамхи 3 хайрцаг, “Парламент” тамхи 4 хайрцаг, “бор ЛД” тамхи 3 хайрцаг, “Cigar” тамхи 5 хайрцаг алга болсон байсан. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүрийн маань гадна талын цоожийг эвдлээд хулгай орж зарч байсан тамхи, ундаа, гар утасны нэгж зэрэг зүйлс алга болсон байсан. Эссэ тамхи 4 хайрцаг, парламент тамхи 5 хайрцаг, бор ЛД 1 хайрцаг, “Cigar” тамхи 1 хайрцаг, зэрэг зүйлс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Насанд хүрээгүй Н.Т.ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “....Би Биндэр сумын 2 дугаар баг, Энгэр булаг гэх газар ээж, эгч, дүү нарын хамт оршин суудаг. Би Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8А ангид сурдаг. 2018 оны 3 дугаар сард байх би Би******* сумын 5 дугаар баг, Сансар хороонд байрлах хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байгаад зүүн хаалганых нь цоожийг зүүгээд орхисон байхаар нь ороод 4 хайрцаг тамхи аваад ангийнхаа О.Ганцоож гэдэг хүүхдийнд очиж түүнтэй уулзаад “Шинэ хөрс” дэлгүүр онгорхой байна хоёулаа очих уу гэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр дэлгүүрт ороод би 2 хайрцаг тамхи, бэлэн 20.000 төгрөг нэмж авсан. Харин Ганцоож 5 хайрцаг тамхи, жи мобайлын 5000 нэгж бэлэн 3000 төгрөг авсан. Тэгээд энэ явдлаас хойш 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр намайг ногооны талбай дээр байж байхад Ганцоож гүйж ирээд “Шинэ хөрс” дэлгүүр хүн нь байхгүй байна, хоёулаа очиж орьё гэхээр нь би зөвшөөрөөд гэрээр дайрч алх аваад очтол дэлгүүр нь цоожтой байхаар нь алхаар цоожийг нь эвдлээд ороход Ганцоож гадаа хүн хараад үлдсэн. Би дэлгүүрт ороод 1 ундаа, 5 хайрцаг тамхи аваад гарч ирээд гэр рүүгээ гүйгээд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Ганцоожийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Биндэр сумын 5 дугаар баг, Сансар хороонд эмээгийн хамт оршин суудаг. Би Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангид оршин суудаг. 2018 оны 4 дүгээр сард Н.Т. манайд кармандаа олон хайрцаг тамхи, жи мобайлын 5000 нэгж бэлэн 2000 төгрөгтэй ирээд “Шинэ хөрс” дэлгүүр цоож нь дутуу болохоор чулуугаар цохиод онгойлгочихсон юм аа гэж хэлсэн. Тэгээд намайг орох уу гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр ороод 3 хайрцаг тамхи нэмж авсан. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сарын 01-нд Н.Т.тай уулзаад “Шинэ хөрс” дэлгүүр орьё гэж хэлээд замаараа манайхаар очиж алх аваад цоожийг нь эвдлээд орсон. Намайг хүн харж бай гэхээр нь би гадаа үлдээд хүн харсан. Н.Т. гарч ирэхдээ 5 хайрцаг тамхи авч гарч ирсан. Тэгээд Н.Т. гэр рүүгээ гүйгээд яваад өгсөн. Би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Т.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Н.Т.ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас Д.Алтан-Одод 109.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Алтан-Од нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 29 тал/ гэсэн тул шүүгдэгч Н.Т.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгч Н.Т.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн 6.5 зүйлийн 1.2 дах хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  хүндрүүлэх нөхцөл байдал болох 6.6 дугаар зүйлийн 1.2 дах  хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Т.д 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нь уг ялыг хойшлуулж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, сургалтанд хамрагдахыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Н.Т.ын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ ухамсарлаж ойлгосон, хэрэгт холбогдсон үеэс Хэнтий аймгийн хүүхдийн хууль зүйн хорооны сургалтанд хамрагдсан байдал болон түүний дунд сургуулийн сурагч зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх болон цоожийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Н.Т.г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Т.д 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 8.1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т.ын эдлэх ялыг хоёр дахин багасгаж, түүний эдлэх хорих ялын хэмжээг 01 /нэг/ жилээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Т.д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 7.6, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т.д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Т.д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургууль өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн хүүхэд гэр бүл  хөгжлийн газарт даалгаж, өсвөр насны шүүгдэгч Н.Т.г хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх С.Болормаад хариуцуулсугай .

 

8. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Н.Т. нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр бариултай алх 1 ширхэг, төмөр цагаан өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Н.Т.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ц.МӨНХТУЛГА