| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0018/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/23 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/23
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам Улсын яллагч: Д.Алимаа Шүүгдэгч: А.Дамдинхүү, О.Бадам Шүүгдэгч А.Дамдинхүүгийн өмгөөлөгч О.Хишигсүрэн Шүүгдэгч О.Бадамын өмгөөлөгч Н.Болд Насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурь, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батсүх Насанд хүрээгүй хохирогч Х.Алтан-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Бадарч Насанд хүрээгүй хохирогч Д.Цэрэнтогтох, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Идэрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөө овогт Амарсайханы Дамдинхүү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Отгонбатын Бадам нарт холбогдох 1727000650030 дугаартай, 146/2018/0018/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 97-40/а тоотод оршин суух, гагнуурчин мэргэжилтэй, урд ял шийтгэлгүй, Монгол овогт Отгонбатын Бадам /РД:АМ99051017/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын дэнжийн 01-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бөө овогт Амарсайханы Дамдинхүү /РД:ЙС99030917/ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч А.Дамдинхүү нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч А.Дамдинхүү, О.Бадам нар нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч А.Дамдинхүү мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О.Бадам, Д.Дэлгэрсайхан бид 3 хөдөө байдаг гэрээсээ сумын төв рүү орж ирсэн юм. Тэгээд доод өргөн чөлөөний “Найман-зуу”-гийн үүдэнд Б.Батсуурь, Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нартай таарсан. Ямар шалтгааны улмаас зодоон хийсэн юм бэ гэвэл Б.Батсуурь, Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нар доод ангийн хүүхдүүдийг дээрэлхдэг гэсэн. Миний дүү 10 дугаар ангид сурдаг бөгөөд өмнө нь мөнгө нэхэж авсан гэхээр нь очиж хэлсэн юм. О.Бадам эхлээд машинаас буугаад Д.Цэрэнтогтохыг алгадсан. Би араас нь буугаад Б.Батсуурийг 2 удаа алгадсан. Тэгээд Д.Цэрэнтогтохыг нэг удаа цохичихоод эргэж хараад Х.Алтан-Эрдэнээс яагаад доод ангийнхныгаа дээрэлхээд байгаа талаар асууж хэд хэдэн удаа цохисон. Х.Алтан-Эрдэнэ дуугарахгүй болохоор нь дахиж 2-3 удаа цохисон. О.Бадам, Д.Цэрэнтогтохтой уулзсаны дараа бид нар бүгд машинд суугаад гэр гэртээ харьсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Бадам мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А.Дамдинхүү, Д.Дэлгэрсайхан бид 3 манай хөдөө гэрт байж байгаад хөдөө гэрээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын төв рүү 4 цагийн үед орж ирсэн. Тэгээд доод өргөн чөлөөний “Найман-зуу”- гийн тэнд Б.Батсуурь, Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох 3 явж байсан. Тэгэхээр нь Б.Батсуурь, Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нартай уулзсан юм. Би машинаас буугаад Д.Цэрэнтогтох, Х.Алтан-Эрдэнэ хоёрыг алгадсан нь үнэн. Харин Б.Батсуурьт гар хүрээгүй. Өмнө нь би Д.Цэрэнтогтохоос фэйсбүүкээр 10000 төгрөг асууж байсан үнэн. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаагүй тул энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурь мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох бид 3 хойшоогоо халуун усанд орох гээд явж байсан чинь А.Дамдинхүү, О.Бадам, Д.Дэлгэрсайхан гурав машинтай явж байгаад бид гуравыг дуудсан. Тэгээд ахмадын өргөн чөлөөний хойд талаар ороод бид гуравыг яваад очсон чинь О.Бадам машинаас бууж ирэнгүүтээ Д.Цэрэнтогтохыг алгадсан. Дараа нь А.Дамдинхүү бууж ирж Х.Алтан-Эрдэнийг зодсон. Тэгээд миний чих рүү цохисон. Тэр үед манай сургуулийн н.Бямбаа явж байсан бөгөөд н.Бямбаагаар машинаасаа цүнхтэй зүйл гаргаж ирээд салфитик авч өгсөн. Цусаа арчаад зогсож байсан чинь О.Бадам Х.Алтан-Эрдэнийг алгадсан. А.Дамдинхүү нь Д.Цэрэнтогтохыг хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн орой 3 пиво авч өг гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл нэг пиво, нэг хайрцаг тамхитай авч өг гэж хэлсэн. Тэгээд энэ хэд явцгаасан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Алтан-Эрдэнэ мэдүүлэхдээ: Бид гуравыг халуун усанд орох гээд явж байхад А.Дамдинхүү, О.Бадам хоёр ирсэн. Тэгсэн О.Бадам, Д.Цэрэнтогтохыг цохиж авсан. Тэр үед Д.Цэрэнтогтох нүүрээ дараад доошоогоо тонгойсон. Харин А.Дамдинхүү намайг цохисон. Дараа нь О.Бадам, А.Дамдинхүү хоёр намайг цохиж өвдөглөсөн. Тухайн үед би нүүрээ дараад доошоогоо тонгойсон. О.Бадам, Д.Цэрэнтогтохын цээж рүү хэд хэдэн удаа элгэдсэн. Бид гуравыг доод ангийнхныгаа дээрэлхдэг гэж хэлсэн. Тэр бол худлаа. Бид 3 доод ангийнхныхаа хүүхдүүдийг дээрэлхэж байгаагүй. Тэгээд бид 3 явах гэсэн чинь мөнгө олж ир гэсэн. Мөнгө байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл 3 пиво авч өг гэсэн хэлсэн. Дараа нь 1 пиво, нэг тамхитай орой авч ирээрэй, авч ирэхгүй бол яахаа мэдэж байгаа биздээ гээд сүрдүүлээд байсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Цэрэнтогтох мэдүүлэхдээ: Б.Батсуурь, Х.Алтан-Эрдэнэ бид 3 хөдөөнөөс орж ирээд доод өргөн чөлөөний “Найман-зуу” дэлгүүрийн урд халуун усанд орох гээд явж байсан юм. Тэр үед О.Бадам, А.Дамдинхүү, Д.Дэлгэрсайхан гурав машинтай явж байгаад ахмадын өргөөний гудамж руу дуудсан. Тэгэхээр нь явж очоод О.Бадамыг машинаас бууж ирэхээр нь мэндлэх гэсэн чинь О.Бадам шууд намайг алгадсан. Араас нь А.Дамдинхүү бууж ирээд Х.Алтан-Эрдэнийг цохиж, Б.Батсуурийн чих рүү нь бас цохисон. Дараа нь миний цээж рүү 2-3 удаа цохисон. О.Бадам надад мөнгөө яасан бэ гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь орой 3 ширхэг пиво авч ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би бид нарт мөнгө байхгүй 2 ширхэг пиво, 1 ширхэг тамхитай авч өгье гэж хэлсэн. Тэгсэн хэлсэн зүйлийг авч ирэхгүй бол дараа нь юу болохыг мэдэж байгаа биз дээ гэж сүрдүүлсэн. Дараа нь бид 3 явсан гэв. Гэрч Д.Дэлгэрсайханы 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би аавын дүү Бат-Эрдэнэ ахын Верна аксент маркын автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед авч Хархорин сумын төвөөс хойш 10 гаран километрийн зайд байх О.Бадамын гэрт очихоор О.Бадам, А.Дамдинхүү нартай хамт явсан юм. Тэгээд О.Бадамын гэрт очоод удаагүй буцаж Хархорин сумын төв рүү явсан. О.Бадам, А.Дамдинхүү бид гурав доод өргөн чөлөөгөөр автомашинтай явж байхад Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 3 хүүхэд явж байсан. Тэгтэл О.Бадам тэр гурван хүүхдийг автомашин дотроос дуудсан. Тэгээд О.Бадам автомашинаас бууж Д.Цэрэнтогтох гэх хүүхдийг алгадах гэсэн чинь Д.Цэрэнтогтох бултсан. Тэрний дараа А.Дамдинхүү автомашинаас бууж Б.Батсуурийг алгадаж цохиж байсан. Тэгтэл О.Бадам боль гээд А.Дамдинхүүг салгаж байсан. Тэгээд О.Бадам Д.Цэрэнтогтохтой уулзаж 10.000 төгрөг ямар учраас өгөхгүй байгаа юм бэ гэж асуугаад байсан. Тэрний дараа А.Дамдинхүү Х.Алтан-Эрдэнийн зодож цохиод байгаа бололтой байсан. Тэрний дараа О.Бадам А.Дамдинхүүг автомашинд суулгасан. Бид гурав А.Дамдинхүүгийн гэрт очсон. Тэнд О.Бадам, А.Дамдинхүү хоёр үлдсэн. Би н.Бат-Эрдэнэ ахын автомашиныг хүргэж өгөхөөр явсан... Тухайн үед бид гурав эрүүл явж байсан. О.Бадамын хөдөө гэрт аав, ээж нь байсан. Миний бодлоор О.Бадам Д.Цэрэнтогтохоос 10.000 төгрөг нэхээд байсан...” /хх-ийн 48 дугаар хуудас/ Гэрч Б.Амараагийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Миний хүү Бадам нь 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Зан аашийн хувьд төлөв, эрх дураараа байдаг... Миний хүү О.Бадам нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед ангийнхаа А.Дамдинхүү, Д.Дэлгэрсайхан нарын хамт автомашинтай ирээд буцаж Хархорин сумын төв явсан юм... О.Бадам нь одоогоор нөхөр бид хоёртой цуг амьдардаг болохоор өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Одоо ажил хөдөлмөр сургууль соёл байхгүй. Хөдөө нөхөр бид хоёртой цуг малд явдаг юм... Манай хүү О.Бадам надад хэлэхдээ Б.Батсуурийг нэг удаа алгадсан тэрнээс бол цохиж зодоогүй гээд байгаа юм...” гэжээ. /хх 49 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Б.Батсуурийн биед тархи доргилт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 52 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Х.Алтан-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-ийн 57 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Д.Цэрэнтогтохын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-ийн 62 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 142 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 338 тоот дүгнэлттэй санал нэг байна. Б.Батсуурийн биед тархи доргилт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 123 дугаар хуудас/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас хуудас/ Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 22-24 дүгээр хуудас/ А.Дамдинхүү, О.Бадам нарын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ххийн 87, 93 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүгдэгч А.Дамдинхүү, О.Бадам нар нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, шүүгдэгч А.Дамдинхүү нь насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурь, насанд хүрээгүй хохирогч Х.Алтан-Эрдэнэ, насанд хүрээгүй хохирогч Д.Цэрэнтогтох нарын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Дэлгэрсайханы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 142 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дамдинхүү, О.Бадам нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Бөө овогт Амарсайханы Дамдинхүү, Монгол овогт Отгонбатын Бадам нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, шүүгдэгч Бөө овогт Амарсайханы Дамдинхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Дамдинхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч О.Бадамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 266.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх ба шүүгдэгч А.Дамдинхүү нь хохиролд 270.000 төгрөгийг хохирогч Б.Батсуурьд төлсөн нь 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. Насанд хүрээгүй хохирогч Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нарын хууль ёсны төлөөлөгч нараас тус бүр 500.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн хууль ёсны төлөөлөгч хохиролд 1000000 төгрөг нэхэмжилж байх ба нэхэмжилж буй хохиролтой холбоотой баримтаа гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогч Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нарын хууль ёсны төлөөлөгч нараас тус бүр 500.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн хууль ёсны төлөөлөгч хохиролд 730000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч нар нь урд ял шийтгэлгүй, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Дамдинхүү, О.Бадам нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 3 ширхэг зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болон тэнсэж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 8, 36.2 дугаар зүйлийн 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Бөө овогт Амарсайханы Дамдинхүүг нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Монгол овогт Отгонбатын Бадамыг нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Бөө овогт Амарсайханы Дамдинхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Монгол овогт Отгонбатын Бадамыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч А.Дамдинхүү, О.Бадам нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 4. Шүүгдэгч А.Дамдинхүү, О.Бадам нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч А.Дамдинхүү хохиролд 270.000 төгрөгийг хохирогч Б.Батсуурьд төлснийг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 730.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нарын хууль ёсны төлөөлөгчөөс тус бүр нэхэмжилсэн 500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтаст хэрэгт авагдсан 3 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дамдинхүү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Дамдинхүү, О.Бадам нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА