| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0137/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/104 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/104
2020 оны 05 сарын 21 өдөр 2020/ШЦТ/104 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0137/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Г.Мөнхболд
Хохирогч А.Х
Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц-т холбогдох 2039000000109 дугаартай хэргийг 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Ц нь Хэнтий аймгийн Мөрөн сумын ................... дэрс гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед А.Х-ийн биед халдан зодож түүний биед тархи доргилт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Цнь: “ хохирогчийг толгойнд нь цохиогүй, модоор гаранд нь цохьсон нь үнэн” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч А.Х-ийн өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай аав, ээж урагшаа .............. гэх газар луу хаваржаа руугаа нүүж бууна гээд надаар машин дээрээ хонины хашааны сургаагнууд ачуулсан. Тэгтэл манай өвөө Амарсанаа хүрч ирээд аав бид хоёртой цуг явахаар болсон бөгөөд эргэж ирэхдээ өөрийнхөө хашааг авчирна гээд цуг явсан. Аав, өвөө бид 3 хашаагаа ачаад Мөрөн сумын 2 дугаар баг Булангийн дэрс гэх газар луугаа хаваржаан дээрээ хашааны шургаагаа буулгахаа явсан. Ингээд бид гурав Булангийн дэрс гэх газар хаваржаан дээрээ очоод хашааны сургаагаа буулгаж байтал манай аавын төрсөн ахынх нь хүүхэд болох Ц ганцаараа ногоон өнгийн мотоцикльтой хүрч ирээд өвөөтэй мэнд ус мэдээд манай аавтай мэнд мэдэлгүй аавыг чи яахаараа гар утсаа авдаггүй пизда вэ гээд 2 удаа шанаа руу нь цохиж авсан. Ингээд цохисоныхоо дараа аавыг үхлээ шүү дээ пизда минь гээд инээгээд байсан. Тэгсэнээ аав руу банз мод аваад ална гээд дайрахаар нь би дундуур нь орж банз модыг нь тавиулсан. Ингээд Ц ах аав хоёр хэсэг зуур хоорондоо хэрэлдээд зогссон бөгөөд Ц ах ахиж нарийн сургааган мод барьж аваад ална гээд дахиж дайрсан ба тэгтэл би урдуур нь ахаа та болио гээд ортол намайг шууд шанаа руу гараараа хоёр удаа цохиж миний зүүн гарын тохой хэсэг рүү хажуунаас нэг удаа цохиж автал би эргэж хартал хүзүү дал орчмоор нөгөө барьж байсан нарийн шургааган модоороо дахин хоёр удаа цохиж авсан. Гэтэл манай өвөө Ц ахыг ач хүүг маань цохилоо гээд Ц ахын барьж байсан шургааган модыг барьж автал өвөөг Ц ах хөлөөрөө ташиж түлхэж унагаасан. Ингээд байж байтал аав машинаа асаагаад болъё явцгаая гээд өвөө бид хоёрыг суулгаад явцгаасан...Энэ өдрөөс хойш байнга миний толгой өвдөж, даралт ихэссэн бөгөөд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж тархины томограф-д үзүүлсэн...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Улаанбаатар хот очиж Мөнгөн гүүр эмнэлэгт тархи болон нуруу хүзүүний зураг авахуулсан...Мөнгөн гүүр эмнэлэгийн эмчийн эмчилгээ заасны дагуу Мөрөн сумын эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би одоогоор эмчилгээний зардал болон ирэх очих замын зардал хоол ундны мөнгө гээд ойролцоогоор 1.200.000 төгрөг гаргасан гэж бодож байна. Тийм учраас би эмчилгээний болон бусад зардал нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/
Гэрч Н.Амарсанаагийн өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед өвөлжөөнөөс машинаар хонины хашаагаа ачаад хаварждаг газар луугаа зээ хүү Хишигдорж, хүргэн Ц.Алтангэрэл нарын хамт явсан. Ингээд хаваржаандаа очоод хашаагаа буулгаж байтал мотоцикльтой Ц гэх манайд ойрхон хаваржиж байгаа залуу ганцаараа хүрч ирсэн. Тэгээд Ц шууд хүрч ирээд ална гээд манай хүргэн Алтангэрэлийг толгой болон шанаа хэсэг рүү гараараа цохиж аваад зодоод байсан бөгөөд дундуур нь манай зээ хүү Х зодоод байхаар нь хорьтол Хишигдоржийг бас зодож авсан. Мөн намайг мод руу түлхэж унагасан. Тэгээд бид шууд машиндаа сууж зугатаад сумын ирж цагдаад хандсан...гэх мэдүүлэг / хх-ийн 09-10 хуу/
Ц.Алтангэрэлийн биед тогтоогдсон эрүүний өнгөц зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 хуу/
Н.Амарсанаагийн биед гэмтэл тогтоогдоогүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 134 дугаартай дүгнэлт
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт
О.Ц ын яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өглөө 09 цагийн үед гэрээс гарч малдаа явсан. Гэрээс 10 гаран км зайтай явж байсан бөгөөд хажуугаар манай аавын дүү болох Алтангэрэл ах Бонго-3 гэх өөрийнхөө машинтай хонины хашаагаа аччихсан өнгөрч явсан. Тэгээд би Алтангэрэл ахын утас руу өөрийнхөө хаваржаан дээр буугаарай гэж хэлэх санаатай залгасан. Тэгсэн чинь гар утас нь дуудаж байсан бөгөөд түүний охин утсыг нь авч аав хаваржих газар луугаа явсан гэж надад хэлсэн. Ингээд би Алтангэрэл ахын араас нь 20-30-н минутын зайтай явж очтол Алтангэрэл ах түүний хүү Х хадам аав нь болох Амарсанаа 3 манай малын хаваржааны хажууд хонины модон хашаагаа машинаасаа буугаад зогсож байсан. Тэгээд ирээд би та өөрийнхөө хаваржаан дээр очиж буу гэж Алтангэрэл ахад хэлтэл миний өөдөөс чам шиг гөлөг миний хаана буухыг заадаг болсон юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа Алтангэрэл ахыг барьж аваад 2-3 удаа алгадаж авсан. Гэтэл Алтангэрэл ах миний урдаас нүүр лүү шүлсээ нулимж газраас шороо авч өөдөөс цацсан. Тэгэхээр нь би Алтангэрэл ах руу хохино шүү гээд дайртал хүү Х нь хажуунаас намайг барьж авсан. Хүү Х нь намайг бариад байж байтал түүний хадам аав болох Амарсанаа нь яасан их хүн цохидог хүн бэ чи намайг зод гээд миний дээлний зах хэсгээс барьж аван боох гэхээр нь би Амарсанаа гуай тантай би юм ярихгүй гээд түлхтэл хажууд байсан хашааны банзан дээр бөгсөөрөө сууж ойчсон. Ингээд би намайг барьж байсан Хишигдоржийг намайг тавь гэтэл өвөөтэйгөө цуг зуураад тавихгүй байсан. Тэгэхээр нь би хажууд газар байсан нарийн модыг барьж аваад зүүн гарын тохой хэсэг рүү уг модоор 1 удаа цохиж авсан. Гэтэл Алтангэрэл ах чамайг алчихъя гээд машиныхаа кабин дотор сууж машинаа хөдөлгөөд эргэж харж зогсохоор нь би очиж машиных нь түлхүүрийг авах гэж оролдсон. Гэтэл тэд нар машиндаа сууцгааж больё хэлдэг газар нь хэлнэ гээд машинтайгаа явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуу/
О.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуу/
О.Ц ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 13 хуу/
Хохирогч А.Х-ийн гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 91-94 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95-96 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.Ц т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг Булангийн дэрс гэх газарт хохирогч А.Хишигдоржтой маргалдаж түүнийг гараараа болон модоор цохиж тархи доргилт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч О.Ц нь шүүх хуралдааны үед хохирогчийг толгойнд нь цохиогүй гэж мэдүүлэг өгсөн боловч түүний энэ мэдүүлэг нь хохирогч А.Х-ийн өгсөн:... би урдуур нь ахаа та болио гээд ортол намайг шууд шанаа руу гараараа хоёр удаа цохиж миний зүүн гарын тохой хэсэг рүү хажуунаас нэг удаа цохиж автал би эргэж хартал хүзүү дал орчмоор нөгөө барьж байсан нарийн шургааган модоороо дахин хоёр удаа цохиж авсан...гэх мэдүүлэг, гэрч Н.Амарсанаагийн өгсөн:... манай хүргэн Алтангэрэлийг толгой болон шанаа хэсэг рүү гараараа цохиж аваад зодоод байсан бөгөөд дундуур нь манай зээ хүү Х зодоод байхаар нь хорьтол Хишигдоржийг бас зодож авсан...гэх мэдүүлэг, хохирогч А.Х-ийн биед тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Цнь хохирогч А.Х-ийг зодсоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас О.Ц ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.Х нь эмчилгээний зардалд 1.045.353 төгрөгийн нэхэмжилж, холбогдох нотлох баримт гаргаж өгсөнөөс 90.000 төгрөгийн үнийн дүн бүхий толгойн томограф зурагны баримт /хх-ийн 92 хуу/ нь хугацааны хувьд эргэлзээтэй /мөнгө тушаасан өдөр бичигдээгүй/ байх тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээс хасаж тооцон 955.353 /есөн зуун тавин таван мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Ц аас гаргуулж, хохирогч А.Х-д олгуулах нь зүйтэй байна.
О.Цнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 130 см урттай сургааг мод 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Цнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Цнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Цнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 130 см урттай шургааг мод 1 ширхэгийг устгагай.
6. Хохирогч А.Х-ийн эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 1.045.353 төгрөгийн нэхэмжлэлээс 90.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Ц аас 955.353 төгрөгийг гаргуулж хохирогч А.Х-д олгосугай.
7. Хохирогч А.Х-ийн нэхэмжилсэн 1.045.353 төгрөгөөс 90.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ