Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 061

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт Х.Еын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны  олговорт 1944117 төгрөг гаргуулах,  энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Е 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1944417 төгрөгийг аймгийн Хөдөлмөр  халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс гаргуулан мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Х.Еыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр тус байгууллагын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэр 3 шатны шүүхээр хянагдаж хүчин төгөлдөр болсон. Нэгэнт Х.Еыг буруугүй гэж тогтоосон учир нэхэмжлэгч Х.Еын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс гаргуулж өгөхийг хүсэж байна. Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаартай шийдвэрээр Х.Еын дундаж цалинг 648039 төгрөгөөр тодорхойлж өгсөн. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул Х.Еын цалинг дахин тодорхойлоогүй. Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар өгсөн. Х.Е 2016 оны 07 дугаар сард ээлжийн амралт авсан. Тухайн сардаа үндсэн цалинтайгаа нийлүүлээд 1182942 авсан. Тэгээд 08 дугаар сарын дундуур орж ирээд ажилласан хоногтоо ногдох цалинг авсан. Харин 09, 10 дугаар саруудад 677040 төгрөгийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна. Тийм учраас тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ бүгдийг дүгнээд Х.Еын 3 сарын дундаж цалинг 648039 төгрөгөөр тогтоож өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартай танилцлаа. Хариуцагчийн энэ тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч уг тайлбартаа нэхэмжлэгч Х.Еын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох боломжгүй гэсэн байна. Энэ нь Х.Еын буруутай ажиллагаанаас болоогүй. Мөн Нийгмийн хамгааллын яамд хандсан гэж бичсэн байна. Гэвч энэ бол бид нарт хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагч тайлбарлахдаа төсөвт суулгаж дараа нь төлж өгөх талаар дурдсан байна. Үүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Х.Еын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогч төлөх ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.Еын ажилгүй байсан үеийн нөхөн олговор болох 1944117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгох боломжгүй тухайгаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.  1. Х.Е нь хэдийгээр шүүхээр урьд эрхэлж байсан ажилдаа эргэн орохоор болсон боловч одоогоор албан тушаалын орон тоо байхгүй болохоор түүнийг ажиллуулах боломжгүй байна. 2. Нэхэмжилсэн 2 сар 20 хоногийн нөхөн олговор болох 1898900 төгрөгийг олгох боломжгүй байна. Учир нь а/ Зөвхөн Х.Еаас гадна урьд нь Хөдөлмөр болон Нийгмийн халамжийн хэлтсүүдэд ажиллаж байсан гэх би өөрөө тушаал гаргаж ажлаас чөлөөлөөгүй 5-10 гаруй тооны хүмүүсийг хуучин эрхэлж байсан гэх ажилд шүүхээс эгүүлэн томилж байна. Мөн эдгээр хүмүүсийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийг шүүхээс гаргаж олон сая төгрөгийн төлбөр төлөхөөр боллоо.  Энэхүү мөнгө болон  ажлын байр, орон тоог шийдвэрлэж өгнө үү гэж Хөдөлмөр,нийгмийн халамжийн ерөнхий газар мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдад хүртэл албан бичиг хүргүүлж биеэр очиж уулзахад өгсөн хариу нь. 1. Хэдийгээр орон тоо бүтэц цомхон ч гэсэн ямар нэгэн байдлаар эгүүлэн ажилд авах, нөхөн олговор олгох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно. 2. Ингэхэд нөхөн олговор, цалингийн шимтгэлийн талаар яам болон ерөнхий газраас зохицуулалт хийж шийдвэрлэж өгөх хүртэл одоо ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, бусад зардлаас гаргаж олгож болохгүй. Бусад ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байгууллагын хэвийн ажил алдагдана гэсэн. Иймд дээд удирдлагаас нэг мөр тууштай шийдвэр болон нөхөн олговрын мөнгө төсөвт орж иртэл Х.Еын нэхэмжлэлийг хангах боломжгүй байгааг тайлбарлая гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчийн хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хариуцагч тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дурдсан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай шийдвэр гарч байна, үүнийг шийдвэрлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Ерөнхий газрын дарга нарт албан тоот явуулсан, мөн биечлэн очиж уулзсан гэж ярьсан. Удахгүй шийдэж өгнө гэсэн хариу өгсөн байна. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж тайлбарлаж байгаа. Одоогийн байдлаар мөнгө төсөв нь шийдэгдээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг олгох боломжгүй байна гэдгийг хэлж өгөхийг хүссэн гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны  олговорт 1944117 төгрөг гаргуулах,  энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

Учир нь, нэхэмжлэгч  Х.Еыг  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаартай шийдвэрээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын программ, хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч нь эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаснаар  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын Дээд шүүхийн  тогтоолоор хариуцагч байгууллагын гомдлыг хангахгүй орхиж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Х.Еыг ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь тус газрын программ, хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилоогүй байгаа хэдий боловч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэхэмжлэх эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-гийн а-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно” гэж заасан байх ба түүний НДД№А000155058 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт нэхэмжлэгч 8 дугаар сард бусад саруудаас илт бага буюу 207561 төгрөг, 7 дугаар сард бусад саруудаас их буюу 1181942 төгрөгийн цалин хөлс авсан талаар бичигдсэн байх тул уг бичилтээс бусад саруудад ижил хэмжээнд авч байсан  2016 оны  6, 9, 10 дугаар саруудын  (679040+677040+677040 ) цалингаар дунджийг тооцоход 677706 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 677040 төгрөг болох нь  тус газрын ня-бо Ж.Мухибат болон мэргэжилтэн Т.Фарида нарын Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийг анхан шатны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дунджийг 677040 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх  дүгнэлээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд  2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх гурван сарын ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож 1944117 төгрөг нэхэмжилж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг”  олгоно гэж заасан байх тул шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 3 сарын олговрыг тооцоход 2031120  (677040 х 3 сар ) төгрөг гарч байгаа бөгөөд уг мөнгийг хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн  даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч байгууллагын санхүүгээс 1348 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, 46100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Х.Еын  ажилгүй байсан  бүх хугацаанд  нь  урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2031120 (хоёр сая гучин нэгэн мянга нэг зуун хорин) төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн  даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 1348 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, 46100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Еад олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.Ж