Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2018/00078

 
 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Ан Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин сууж байсан ***********регистрийн дугаартай, Б овогт Кийн Жг эрэн сурвалжилж өгөхийг хүсжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч Кийн Ж нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч А.Хээс 16000000 төгрөгийн үнэтэй ХОВО маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авсан. 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хариуцагч нэхэмжлэгчид 4500000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба хариуцагч үүнийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулна гэж гарын баримт үйлдэж өгсөн байна. Уг тохиролцсон хугацаа дууссан боловч хариуцагч дээрх үлдэгдэл төлбөрөөс зөвхөн 3000000 төгрөгийг төлж өгч үлдэгдэл 1500000 төгрөгийг одоо болтол төлж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч К.Жгээс гэрээгээр тохиролцон үнийн дүнгээс үлдэгдэл 1500000 төгрөгийг төлж өгөхийг шаардсан боловч элдэв шалтаг тоочиж төлж өгөхгүй зугтаагаад байна. Түүний улсын бүртгэл байгаа хаягт нь нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг хаяг дээрээ амьдардаггүй гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2550 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан болно. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир К.Жг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь Б овогт Кийн Жг эрэн сурвалжлуулахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

 

Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

 

Учир нь, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сы эрэн сурвалжлуулах гэж буй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1500000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2550 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй, заасан хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрэн сурважуулах гэж буй К.Ж нь хүсэлт гаргагч А.Хт өгөх өглөгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан миний бие Ж Хээс 4,500,000 төгрөг авлаа. 2015 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл өгөхөөр тохиролцлоо, 2015.08.06, тодорхойлолт өгсөн Ж, ******* гэж бичсэн гэх гарын баримтаар тогтоогдож байна.

- ***********регистрийн дугаартай Б овогт Кийн Жгийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд хаяг нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дүгээр баг, х ***гудамж, ****тоот гэсэн бүртгэлтэй байгаа боловч тэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн бүртгэлд байхгүй болох нь тухайн багийн Засаг дарга А.Жын тодорхойлолтоор нотлогдож байна.

Харин тэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар дугаарт бүртгэлтэй, одоогоор тус багт амьдардаггүй, Улаанбаатар хотод амьдарч байгаа болох нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Засаг дарга Х.Дийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, ***********регистрийн дугаартай Б овогт Кийн Ж нь оршин суугаа хаягтаа байхгүй ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-ийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 10 дугаар баг, 13-09 тоот хаягт оршин сууж байсан, ***********регистрийн дугаартай, Б овогт Кийн Жг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ***********регистрийн дугаартай, Б овогт Кийн Жг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ