Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/200

 

 

 

    

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр                  2018/ШЦТ/00200                              Хэрлэн сум

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0307/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               М.Сайнболд,

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                                      Б.Б, Г.М нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Б,  Б овогт Г М нарт холбогдох 1839000000235 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Шинэ авто тээврийн барилгын автомашины зогсоол дээр иргэн Г.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Шинэ авто тээврийн барилгын автомашины зогсоол дээр иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт иргэн Г.Мыг, шүүгдэгч Г.М нь иргэн Б.Бг тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Г.Мын “...намайг тэр залуу чи хүн танилцъя гэж байхад танилцаж болдоггүй юм уу яасан пээдгэр залуу вэ гээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Тэгсэн чинь нөгөө залуу дахиж над уруу дайраад миний бэлэг эрхтэн рүү хөлөөрөө цохихоор нь миний уур хөдлөөд замын хажуунаас чулуу аваад айлгах зорилгоор ойртож очоод нөгөө залуу уруу шидчихээд зугатаад явсан...” гэх мэдүүлэг /хх 18 тал/

2. Хохирогч Б.Бгийн “...Хэрлэн сумын 2 дугаар багт баригдаж байгаа авто тээврийн газрын зогсоол дээр нэг хүнтэй таараад юм ярьж байгаагаа санаж байгаа боловч тэрнээс хойшхи зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд би ээжийнхээ гэрт сэрсэн. Сэрээд архи сайн гараагүй байсан, гэхдээ миний толгойноос цус гарч байсан. Тэгээд эмнэлэг орж толгойндоо оёдол тавиулж боолт хийлгэсэн ...” гэх мэдүүлэг /хх 24 тал /

3. Гэрч Д.Шын “...Би 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 05-07 тоотод гэртээ ээж, эхнэрийн хамт унтаж байтал шөнө 2 цагийн үед манай хашааны хаалгыг нэг хүн хүчтэй нүдсэн. Тэгээд манай ээж босоод гэрлээ асаагаад хаалгаа онгойлгоод гарах гэтэл гэрийн хаалгаар манай ах Б орж ирээд шууд газар унасан. Архи үнэртэж байсан. Тэгээд эхнэр бид 2 цусыг нь тогтоох гэтэл ерөөсөө тогтохгүй байхаар нь эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлэг ирж ахыг авч аваад долоон оёдол тавиулж боолт хийлгүүлээд буцаагаад гэрлүүгээ аваад явсан. Өглөө 09 цагийн үед Б ахын бие нь гэнэт муудаад гар нь салганаад эхлэхээр нь дахиад түргэн дуудсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 25-26 тал/

4. Гэрч Б.Цгийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 2 цагийн алдад гэртээ унтаж байтал манай дүү Ш над уруу залгаад Б ах толгойгоо хагалуулсан байдалтай цусаа гоожуулаад ирлээ яах вэ гэхээр нь би түргэн дуудаад үзүүлчих гэсэн. Тэгээд өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед манай дүү ахин над уруу утасдаад өчигдөр Б ахыг эмнэлэг рүү авч яваад толгойд нь долоон оёдол тавиулсан чинь бие нь өвдөөд болохгүй байна гэхээр нь би одоо очлоо чи түргэн дуудаад байж бай гэсэн. Тэгээд би 11 цагийн үед дүүгийндээ очиход түргэний эмч ирсэн байдалтай өвчин намдаах тариа хийгээд байж байсан. Тэгээд Б ахыг түргэний машинтай авч яваад мэс заслын тасагт яаралтайгаар хэвтүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх 27-28 тал/

5. Гэрч Э.Сын “...Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цаг өнгөрч байхад нэг газар хамт ажилладаг ах нар болох Ухнаа, Б нартай караокед орсон. Бид 3 караокед 1 шил 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи, 3 ширхэг жижиг лаазтай “Боргио” нэртэй пиво уусан. Тэгээд бид гурав 23 цаг өнгөрч байхад караокегаас гараад би Ухнаад байрлаж байсан байрныхаа түлхүүрийг өгөөд очоод амарч бай би гадуур хүмүүстэй жаахан явж байгаад очъё гээд тэр хоёроос салаад явсан. Тэгээд би маргааш өглөө нь 10 цагийн үед ажил дээрээ байж байтал манай ажлын Батмөнх гэх хүн ирээд та хэд өчигдөр архи ууж хоорондоо зодолдсон юм уу гэж асуухаар нь би тийм зүйл болоогүй гэхэд Б ах чинь өчигдөр толгойгоо хагалуулсан гээд эмнэлэгт очсон байна гэхээр нь би Батмөнх ахтай хамт шууд Б ахын ээжийнд очсон. Гэрт нь ороход Б ах толгойгоо боолгуулсан байдалтай хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад надад юу ч хэлээгүй. Тэгэхээр нь би Ухнаатай ярих гээд утас уруу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би Ухнаагийн гэрлүү явж байгаад Ухнаатай таараад юу болсон талаар асуухад өчигдөр Б ах бид хоёрыг явж байхад караокед өөр ширээн дээр сууж байсан нэг залуу Элит мандал цайны газрын гадаа таараад толгой уруу нь чулуугаар цохичихоод зугтаагаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд би Ухнаатай хамт Б ахын гэрт очоод байж байтал Б ахын бие нь өвдөөд болохгүй байхаар нь түргэн дуудаад хамт эмнэлэг дээр очсон...” гэх мэдүүлэг /хх 31-33 тал /

6. Гэрч Ж.Үнын “...Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хамт ажилладаг дүү болох С, ах болох Б нартай Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд нэртэй караокед орсон. Караокед ороод нэг цаг шил архи, нэг, нэг лааз пиво уугаад дуулцгааж байгаад 23 цаг өнгөрч байхад гараад Элит мандал нэртэй цайны газрын гадаа очоод Б ах нэг хүнтэй юм яриад үлдэхээр нь би Стай хамт Элит мандал уруу орсон. Тэгсэн чинь С надад байрлаж байсан байрны түлхүүрээ өгөөд Б ах бид хоёрыг ороод амарч бай гээд өөрөө өөр тийшээ яваад өгсөн. Тэгээд би гадаа гараад Б ахыг байрлуугаа оръё гэсэн чинь Б ах нөгөө хүнтэй юм яриад орохгүй байсан. Тэгсэн чинь нөгөө юм яриад зогсож байсан залуу нь замын нөгөө талаас чулуу аваад Б ахын толгой уруу шидчихээд зугатаагаад яваад өгсөн. Тэгээд би гадаа гараад Б ах газар унаад өгөхөөр нь би тэврээд үзтэл толгойноос нь цус гарч байхаар нь Сыг дуудах гээд Элит мандал уруу ортол С байхгүй байсан. Тэгэхээр нь би буцаж гараад түргэн дуудчихаад хашааны булан уруу очиж шээчихээд эргээд иртэл Б байхгүй байсан. Удалгүй түргэн ирээд би тэр хавиар гэрэлтүүлж хайж байгаад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 34-36 тал /

7. Шүүх эмнэлгийн шинжээчийн 466 дугаартай

“...Г.Мын биед зүүн төмсөгний уутны цус хуралт бэлэг эрхтэн шодойн арьс, хуухнагийн зөөлөн эдийн бяцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт  /хх 44 тал/

8. Шүүх эмнэлгийн шинжээчийн 449 дугаартай

“...Б.Бгийн биед толгойн зүүн зулай хэсгийн няцарсан шарх, дух хөмсөгний зулгаралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь толгойн зулай хэсгийн хуйханд шарх, дух, хөмсөгний зулгаралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал үүссэн байна.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт  /хх 41 тал/

Хэргийн газрын схем зураг /хх 9 тал/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-12 тал/

Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Б, Г.М нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Б Б, Боржигон овогт Г М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М нарт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М нарт оногдуусан 800 000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ