Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                        С.Баянжаргал

             Улсын яллагч                                      Э.Энхбат

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                      П.Буманцэцэг

             Хохирогчийн өмгөөлөгч                      Ц.Гэнэндулам

                         Шүүгдэгч                                               С.Октябрь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Октябрьт холбогдох 201618020072 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум, 2 дугаар баг, Октябрийн гудамж 4-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд нь:

  1. 1993 онд Дархан хотын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2000 төгрөгөөр торгох ялаар,
  2. 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дархан хотын шүүхийн №69 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан,
  3. 1997 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №278 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан,
  4. 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №222 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 90.1, 239-р зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан,
  5. 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №77 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр суллагдсан,
  6. 2012 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн №54 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай РД:/ТЕ:72110771/ Чонос овогт Сайнцагийн Октябрь.

Шүүгдэгч С.Октябрь нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацууртын ам” гэх газарт 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Э.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зүүн гарын сарвуу хэсэгт хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Октябрь мэдүүлэхдээ:...2016 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө бид ууланд ажил хийж байсан. Тэнд олон хүн явж байсан. Би тэр алтны нүхийг ухаж гаргахын тулд 45-46 хоног ухсан.  Намайг ганцаараа ухаж байхад хүмүүс алттай чулуу олборлоод байна гэж бодож байсан хэдий ч би 30 метр ухаж байж алттай чулуундаа хүрсэн. Тухайн үед янз бүрийн хүмүүс байсан. Би хэрэг гарах үеэр машинд байсан юм. Нүхэн дотороос манай хүү Баатархүү гарч ирээд согтуу хүн нүхрүү ороод биднийг ална гээд дээрэлхээд байна гэж хэлж ирсэн. Тэгэнгүүт нь би нүхэн дотор хамт ажиллаж байсан хүмүүсээ хамгаалах өмгөөлөх зорилготой нүх рүү ороход хохирогч Амартүвшин гартаа хутга чулуу барьсан орилж хашгираад нүхний аман дээр байсан хүмүүсийг хөөгөөд байсан. Би очоод хутгатай гараас нь бариад авахад чулуутай гараараа намайг цохиод байсан. Гэвч би хутгатай гараас нь бариад ноцолдож байгаад газар тулсан. Газар тулахдаа л хутгаар гэмтээсэн. Түүнээс санаатай хутгалаагүй юм гэв.

Мөрдөн байцаалтанд Хохирогч Э.Амартүвшин мэдүүлэхдээ: … 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой очиход Дарханы хүмүүс гээд 4 залуу алт ухаад байж байсан юм. Тэр залуучууд дээр би ганцаараа очоод та нар гарах болж байна уу? одоо гарах юм биш үү гэж хэлээд нүхнээс гарахаар тэднийг дагуулаад явж байтал урдаас Дарханы Октябрь гэдэг бүдүүн том биетэй ах орж ирээд халааснаасаа шууд хутга гаргаж ирээд “Чамайг ална, чи муу ямар овоо юм бэ” гээд намайг хутгалах гээд дайрсан, би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарыг нэвт хутгалчихсан... Октябрийн ар гэрээс эмчилгээний мөнгө гэж 3 сая төгрөг бэлнээр авсан. Одоо нэхэмжпэх зүйл байхгүй... Уг хэрэг үйлдэгдэх үед миний буруутай үйлдэл байсан. Би Октябрь ахын бригадын хүмүүсийн ухаж байсан нүхэнд ороод дотор нь алт ухаж байсан хүмүүсийг гар гэж хөөгөөд ганц нэг чулуу шидсэн нь үнэн. Үүнээс болоод миний гарыг Октябрь хутгалсан байх гэж бодож байна. ... Октябрь л намайг хутгалж гэмтээсэн өөр хүн намайг хутгалж гэмтээсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Тэрбиш мэдүүлэхдээ: … Амартүвшин цаана алт ухаж байгаа хүмүүсийг буцааж гаргахаар цаашаа явсан юм. Тэгтэл дээрээс Дарханы Ок гэж дууддаг ах хутга барьчихсан ямар ч үгийн зөрүүгүй хажуугаар байсан хүмүүсийг түлхээд Э.Амартүвшингийн зүг рүү явсан. Тэр Ок гэдэг хүн бид нарыг гарцгаа гэж хэлээд цаашаа явсан... Сууж байсан хүмүүс бүгд дээшээ гарах гээд бужигналдаад байж байтал Э.Амартүвшин нүхний ёроолоос гараа барьчихсан гарч ирэхээр нь би урдаас нь яваад очтол гар луу нь хутгалчихсан байсан... 3амдаа Э.Амартүвшингээс хэн хутгалчихсан юм бэ гэж асуухад “Дарханы Ок гэх залуу” хутгалсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг. /ХХ-ийн 19-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Гэрч Э.Батбаатар мэдүүлэхдээ: … Э.Амартүвшин нүх рүү орох гэхээр нь байж бай гэсэн чинь надаас зөрөөд өөрөө нүх рүү орчихсон...Тэгтэл Э.Амартүвшингийн орсон нүхний аман дээр байсан хүмүүс “Данхараа танай хүн хутгалуулчихлаа” гэхээр нь яваад очтол Э.Амартүвшин нүхнээс гараад ирэхээр нь хаанаа хутгалуулсан гэхэд зүүн гараа заахаар нь ажлын улаан будган бээлийг нь тайлаад харсан чинь алганых нь гадна талд дунд хуруу, ядам хуруу хоёрынх нь ардхан хэсэгт хутгалсан цус гарч байсан... Э.Амартүвшин өөрөө нүхнээс гарч ирээд Ок хутгалчихлаа гэж яриад байсан... Э.Амартүвшинд хутга байгаагүй. Нүх рүү орохдоо хутга, шөвөг барьж хүн амьтан айлгаж сүрдүүлж ороогүй. Уг нүх рүү орохдоо ганцаараа орсон” гэх мэдүүлэг. /ХХ-ийн 21-22-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Гэрч Л.Баасанжаргал мэдүүлэхдээ: ... Э.Амартүвшинтэй цуг явсан залуу гүйж ирээд “эгчээ Амарааг хутгалчихлаа” гэхээр нь би дагаад нүхний аман дээр очтол Амараа нүхэн дотроос зүүн гар нь нил цус болчихсон “хутгалчихлаа ш дээ” гээд уйлаад гараад ирэхээр нь шууд сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан... 3амдаа Э.Амартүвшингээс хэн хутгалсан юм бэ гэхэд “Ок гэж залуу хутгалсан” гэж яриад байсан... Э.Амартүвшин нүх рүү орохдоо хутгатай ороогүй, бид нарт ч хутга байгаагүй” гэх мэдүүлэг. /ХХ-ийн 23-24-р хуудас/

             ШШҮХ-ийн шинжээчийн №4216 дугаартай дүгнэлтэнд:

                  1. Амартүвшингийн биед зүүн сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх, 3-р хурууны нугалагч болон 4-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

                  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: С.Октябрийн оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 67 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 68 дугаар хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 77 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Октябрь нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацууртын ам” гэх газарт 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Э.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зүүн гарын сарвуу хэсэгт хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч С.Октябрь нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Э.Амартүвшингийн зүүн гарын сарвуу хэсэгт хутгалсанаас 3-р хурууны нугалагч болон 4-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр гэмтэл бие махбодид нь учруулсан буюу удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Прокуророос энэ зүйл ангиар хэргийг зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь тохирсон байна.

            Хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөрт 3000000 төгрөг бэлнээр авсан, хохирол бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул хохирол төлбөр төлөгдсөн байна гэж үзлээ. /ХХ-н 11 дүгээр хуудас/

Шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан ба сүүлд 2012 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байгаад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 05 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хасч, оногдуулсан ялаа бүрэн эдэлсэнд тооцсон байна. 

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаа хэрэгсэхгүй болоогүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал арилаагүй байна. Энэ  нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9  дах хэсэгт заасныг баримтлан ял хөнгрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан албадан ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчид өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Октябрийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Сайнцагийн Октябрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар  шүүгдэгч С.Октябрийг 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар С.Октябрь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газар албадан ажил хийлгэх ялыг эдлэхийг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар С.Октябрь нь албадан ажил хийлгэх ялаас зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  С.Октябрийн  энэ хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 20-ноос 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 08 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.Октябрь нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Октябрьт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.