Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/324

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат                         

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон боролзой овогт Болдын Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 1821000000058 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорнод гурил ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 5-31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл , хэрэг хариуцах чадвартай, Боржигон боролзой овогт Болдын Эрдэнэбат /РД:УП89020555/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “30-ын толгой” гэх газар буюу аймгийн төвөөс зүүн урагш 30 км газарт “Тоёота Ланд Крузер” маркийн 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас “Дорнод гурил” ХХК-нд 61.850.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “30-ын толгой” гэх газарт “Тоёота Ланд Крузер” маркийн 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас “Дорнод гурил” ХХК-нд их хэмжээний буюу 61.850.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1821000000058 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч А.Рэнчиндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний орой ажлаар Халхгол сум руу ...албаны 55-66 ДОА улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. ...жолоочоор хүний нөөцийн мэргэжилтэн Б.Эрдэнэбат явсан юм. Тухайн үед манай байгууллага жолоочгүй байсан болохоор би Эрдэнэбатыг жолоочоор авч явсан юм. ...Халхгол сумаас аймаг руу явж байсан. Ингээд аймгаас ойролцоогоор 30 орчим км зайд урдаас хойш чиглэн явж байхад онхолдсон байсан. Тухайн үед би унтаж явсан болохоор яг ямар байдлаас болж онхолдсон талаар мэдэхгүй байна. Ингээд машин онхолдож 4 дугуй нь дээш харсан байдалтай унасан. Тэгээд араас машинууд ирээд бидний машиныг татаж 4 дугуйн дээр байрлуулсан юм. ...осол болох үед 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Эрдэнэбат жолоодон явж байсан. Б.Эрдэнэбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...би осол болох үед хамгаалах бүс хэрэглэж явсан юм, миний биед гэмтэл шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Сайжруулсан шороон зам байсан бөгөөд чулуу ихтэй, хотгор гүдгэр зам байсан, цаг агаарын хувьд цас хялмаалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 152-153 дугаар хуудас/,

Гэрч Э.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ослын газарт ажил үүргийн дагуу очсон. ...явж байсан гэх чиглэлд замын баруун гар талд замаас ертөнцийн зүгээр хойд талд 60 орчим метр газарт машин онхолдсон байсан. ...Тээврийн хэрэгслийн явж байсан зам нь сайжруулсан шороон зам байсан. Зам нь чулуурхаг, дэржигнүүр ихтэй зам байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 дугаар хуудас/, 

Гэрч Ц.Сүх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би арын машинууддаас нэлээн зайтай холдоод явсан байсан бөгөөд аймгийн төв рүү ороод Бунхан толгойн хойд талд явж байхад араас нэг нь залгаад машин онхолдчихлоо гэж хэлсэн. Ингээд шууд буцаад очиход Дорнод гурил ХХК-ийн Ланд-200 маркийн машин онхолдсон байдалтай, уг машиныг 4 дугуйн дээр нь босгосон байсан. ...аймгийн төвөөс Халхгол сум руу явдаг сайжруулсан шороон зам бөгөөд тухайн зам нь чулуурхаг, жаахан дэржигнүүртэй зам байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-159 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын 55-66 ДОА улсын дугаартай Тоёото Ланд Крузер маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон гэж сонссон. ...Байгууллагын машиныг даатгалаар нөхөн төлөх талаар материалаа бүрдүүлээд даатгалын компанид өгсөн байгаа. Иймд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

     Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. А.Рэнчиндоржийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Болд овогтой Эрдэнэбат  /УП 89020555/ регистрийн дугаараар лавлагаа авахад /В-564700/ жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

2. Жолооч Б.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5  “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

9.1 “Жолооч тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна.

4. Зам тээврийн осолд холбогдсон Тоёота Ланд Крузер-200 маркийн 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл . ... зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 51 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хариулт-1: Техникийн шинжээч д/ч Ч.Улзын 2018.03.04-ний өдөр гаргасан байцаалтын явцад дараах хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй байна.

  1. Жолооч Б.Эрдэнэбатын тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, туршлага зэргийг тогтоогоогүй.
  2. Тухайн зорчих хэсгийн гадаргуу тээврийн хэрэгслийн шарвалтад нөлөөлсөн эсэх, цаашлаад тухайн замын гадаргуу барьцалтын коффинцентэд хэрхэн нөлөөлсөн эсэх

3. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “жолооч тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн боловч тухайн зорчих хэсгийн гадаргуу тоормосны замд хэрхэн нөлөөлөх, цаашлаад шарвалтад нөлөөлсөн эсэхийг зайлшгүй тогтоож байж тухайн үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох нь зүйтэй байна.

4. МУ-ын ЗХД-ын 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад, аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь нотлогдохгүй байна.

Хариулт: 2 Тухайн зам тээврийн осол гарсан зорчих хэсгийн гадаргуу тээврийн хэрэгслийн дугуйн 2-ын хоорондын барьцалтын коффинцентоос шалтгаалан ослын шалтгаан нөхцөлийг тогтоох тул Мэргэжлийн хяналтын газрын авто зам хариуцсан улсын байцаагчийн мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй.

Хариулт: 3 МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн байна. Жолооч Б.Эрдэнэбат нь 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа аюул саад бий болохыг мэдэж, тээврийн хэрэгслийн хурдыг хасах арга хэмжээ авсан нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг зэрэгтэй танилцахад нотлогдож байна. Жолооч Б.Эрдэнэбат нь аюул саадыг харж, мэдрээд тээврийн хэрэгслийн хурдыг хасах, цаашлаад зогсоох арга хэмжээг авсан хэдий боловч тээврийн хэрэгслийн шарвалтад жолооч анх тоормос гишгэх үед тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал, залуур дугуйн байршил зэргээс шалтгаалан шарвалт үүсэх эсэх шалтгаална.

Уг ослын материалтай танилцахад жолооч Б.Эрдэнэбат нь анх тоормос гишгэх үед түүний жолоодон явсан тээврийн хэрэгслийн жолооны хүрд баруун тийш ялимгүй 10 градусаас ихгүй дарагдсан байдалтай байж болохоор байна.

Шинжээчид тавьсан асуултын тээврийн хэрэгслийг осол гаргахгүйгээр зогсоож болох эсэхийг шалгахдаа туршилтын аргыг ашиглах ба хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрч байлцуулан осол холбогдсон машинтай адил тээврийн хэрэгслээр туршлага бүхий жолоочоор гүйцэтгүүлэх боломжтой бөгөөд үүнээс урьдаад жолооч Б.Эрдэнэбатын тээврийн хэрэгсэл жолоодох чадвар, туршлагыг мэргэжлийн багш нараар тодорхойлуулах нь зүйтэй гэж дүгнэв...” гэх дүгнэлт /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

Тээврийн Цагдаагийн алба, Замын Цагдаагийн газар бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №851 дүгээр дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт, мөн Замын Цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтүүдийн аль дүгнэлт үндэслэлтэй эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж буй шинжээчид хариулт өгөх боломжгүй байна.

Зам тээврийн осол хэргийн материалын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтээр авагдсан зам, орчны байдал, автомашин замаас гарсан болон хөрсөн дээр үлдсэн дугуйн мөр, онхолдолтын үеийн зай, байрлал, түүний эвдрэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдийн гаргасан жолооч, зорчигчдын гэмтлийн талаархи дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Ландкруйзер-200 маркийн 55-66 ДОА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”  гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Дүрмийн энэ заалт нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон дээд хязгаараас хэтрүүлэх тухай ойлголт биш бөгөөд тухайн ослын хувьд замын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн шулуун хөдөлгөөнд шарвалт үүсгэж, хөндлөн тогтворжилтыг алдагдуулахгүйгээр хурдыг тохируулан явах тухай ойлголт гэж тодорхойлсон.

 2. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан Т.Ландкруйзер-200 маркийн 55-66 ДОА улсын дугаартай автомашинд Дорнод аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшингийн үйлдсэн үзлэгийн тэмдэглэлд “жолооны механизм, тооромосны механизм бүрэн, дугуйнд хийсэн үзлэгээр сайн” гэж дурдагдсан байна. Онхолдох хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын хувьд тээврийн хэрэгсэл, түүний механизм, эд ангиудыг шүүхийн шинжилгээний болон автотехникийн хяналтын үзлэгт оруулж, шинжлэх нь осол хэрэг нь техникийн бүрэн бус байдал, эвдрэл, гэмтэл нөлөөлж гарсан уу, эвсэл жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлээгүйгээс үйлдэгдсэн үү гэдгийг тодорхойлох боломжийг бүрдүүлдэг...” гэх дүгнэлт /хх-ийн 178-179 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 02 сарын 11-ний орой аймгийн төвөөс Халхгол сум руу ажлаар явсан. Энэ үед би Дорнод гурил ХХК-ийн Ланд крузер-200 маркийн авто машиныг жолоодон явсан бөгөөд надтай хамт захирал Рэнчиндорж явсан. ...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймаг руу гарсан. Өдөр 11 цаг 30 минутын орчимд аймгийн төвөөс урагш 30 орчим км зайд урдаас хойш чиглэн явж байсан, замын хувил, дэржигнүүр ихтэй замаар явж байхад гэнэт шарваж тэнцвэр алдаад замын хажуу руу гарч онхолдсон. Машин онхолдож 1 эргээд дээш харан унасан. Араас ирсэн машинтай хүмүүсээр татуулж машиныг 4 дугуй дээр нь босгосон. ...хөдөө явах үед автомашины жолооч өвчтэй байсан учир би машиныг жолоодон явж байсан юм. ...Зам дэржигнүүртэй, чулуу ихтэй байсан учир би нээх хурдтай явж байгаагүй, ойролцоогоор 75 орчим км цагийн хурдтай явж байсан. ...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. “Дорнод гурил” ХХК нь надаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн. Би эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймагт шилжин ирээд 2 жил болж байна. Би хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, ахуй амьдралдаа тээврийн хэрэгсэл жолоодох шаардлагатай байх тул миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хэвээр үлдээж өгнө үү. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

  • Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
  • Зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
  • Т.Ландкруйзер-200 маркийн 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний “Вендо” хөрөнгийн үнэлгээний ХХК-ны “Авто машин техникийн үнэлгээний тайлан” №09815092, №14707205 /хх-ийн 229-232 дугаар хуудас/,
  • Дорнод Гурил ХХК-ийн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх албан тоот /хх-ийн 40 хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч Ч.Одбилэг, Ц.Бат нарын мэдүүлэг /хх-ийн 17-20, 41, 44, 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1821000000058 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “30-ын толгой” гэх газарт “Тоёота Ланд Крузер” маркийн 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас “Дорнод гурил” ХХК-нд 61.850.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Рэнчиндорж /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Э.Энхтүвшин /155-156 дугаар хуудас/, гэрч Ц.Сүх-Очир /хх-ийн 158 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Энхбаяр /хх-ийн 15-16 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ны “Авто машин техникийн үнэлгээний тайлан” №09815092, №14707205 /хх-ийн 229-232 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 51 тоот дүгнэлт /хх-ийн 103-104 дүгээр хуудас/, Тээврийн Цагдаагийн алба, Замын Цагдаагийн газар бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №851 дүгээр дүгнэлт дүгнэлт /хх-ийн 178-179 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Т.Ландкруйзер-200 маркийн 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь “Тоёота Ланд Крузер” маркийн 55-66 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “...зам тээврийн осол гаргасны улмаас” Дорнод гурил” ХХК-нд их хэмжээний буюу 61.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Вендо” ХХК-ны “Авто машин техникийн үнэлгээгээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөс дээш хохирол хамаарч байгаа болно.

Шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь “Дорнод Гурил ХХК”-д их хэмжээний буюу 61.805.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Дорнод Гурил ХХК болон иргэний нэхэмжлэгч С.Энхбаяр нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар “...шинжээчид төлөх зардал” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь автомашины үнэлгээ хийсэн шинжээчийн зардал болох 2.098.000 төгрөгийг гаргуулах хүсэлт ирүүлсэн /хх-ийн 221 дүгээр хуудас/, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Эрдэнэбатаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох  2.098.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний “Вендо ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч УП89020555 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                        

1. Шүүгдэгч Боржигон боролзой овогт Болдын Эрдэнэбатыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Болдын Эрдэнэбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбат нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин  явахдаа хяналт тавьж байгаа  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эрдэнэбатад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Эрдэнэбатын УП89020555 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 2.098.000 /хоёр сая ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж тусгай зөвшөөрлийн 233/03 дугаар гэрчилгээтэй Хөрөнгийн үнэлгээний “Вендо ХХК”-нд олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН