Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/219

 

 

 

    

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр                         2018/ШЦТ/219                                    Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0251/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Т.Баярмаа

Шүүгдэгч                                                          Д.А. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А.д холбогдох 1839003520258 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А. нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-165 дугаар байрны 02-08 тоотод А.Ууганбаатарын баруун бугалганд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А. нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-165 дугаар байрны 02-08 тоотод А.Ууганбаатарын баруун бугалганд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 тал/,

Хохирогч А.Ууганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны орой Алтанутяа эгчийн хүргэнийх нь машин манай хажуу талын байрны гадаа байсан. Тэгээд Д.А. эгчийг ирчихсэн  байна гэдгийг нь мэдээд эх*******тээ хэлээд бичиг баримтаа олж авахаар  гэр рүү орсон. Тэгсэн харин хажуу айлынхаа Орхон гэдэг айлд байсан. Тэгээд Орхоны гэр рүү  ороход тэнд Орхон эгч, Д.А. эгч, бас нэг танихгүй эгчтэй гурвуулаа суучихсан 0,75 литрийн “хар экс” *******тэй архи уугаад бараг дуусч байсан. Би мэнд мэдээд Д.А. эгчтэй уулзья гэсэн чинь Д.А. эгч нилээн согтуу “гөлөг минь чамтай ярих юм байхгүй” энэ тэр гээд над  руу агсраад эхэлсэн. Тэгсэн Орхон эгч та хоёр энд битгий хэрэлдээд бай гал тогоо руу очиж учраа ол гэхээр нь Д.А. эгч бид хоёр гал тогооны өрөө рүү орсон. Тэгсэн манай эх******* гаднаас орж ирээд хүүгээ өгчихөөд гарсан. Тэгээд эх*******ийг гарсан хойно Д.А.г эгч намайг хэл амаар доромжлоод харааж эхэлсэн. Би ч хүүгээ тэврээд байж байсан болохоор бушуухан гарах гэсэн чинь намайг өрөөнөөс гаргахгүй татаж чангааж байгаад эхлээд миний нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгээд гөлөг минь би чамайг ална гээд шүүгээний шургуулганаас саарал өнгийн бариултай үйлийн хайч гаргаж ирээд далайсан. Би ч тухайн үед арай ч дүрчих нь гэж бодолгүй хаалгаар гарах гээд яг эргэтэл миний баруун гарын бугалга руу дүрчихсэн. Би ч бушуухан зугтаагаад өрөөнөөс гарсан. Яг тэр үед манай эх******* Орхон эгчтэй хамт байж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэг рүү явж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч О.Золзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед манай нөхөр Ууганбаатар “Алтаа эгч ирчихсэн байна. Би бичиг баримтаа асуугаад ирье” гэж хэлээд хүүгээ тэврээд гарсан. Тэр үед Ууганбаатарын хамаатны эгч болох Алтаа /Д.А./ нь манай зүүн талын байранд байдаг Орхон гэдэг  айлд ирчихсэн байсан юм байна лээ. Тэгээд манай нөхөр тийшээ орсон юм. Тэгээд хүүгээд тэврээд гарсан мөртлөө нэг хэсэг алга болчихоор нь араас нь Орхон эгчийнх рүү орсон чинь Д.А. эгч нилээн халамцуу, өндөр  дуугаар манай нөхөр Ууганбаатарыг загнаад байсан. Тэр үед Д.А. эгч “чамайг сайн явахыг чинь харна аа” гэх мэт үг хэлж байсан. Тэгсэн манай нөхөр “миний хань гараад байж бай, би эгчтэй учраа олж чадна” гээд хүүгээ тэврээд үлдсэн юм. Би өрөөнөөс нь гараад Орхон эгчийн унтлагын өрөөнд Орхон эгчтэй цуг байж байтал манай нөхөр гэнэт “ханиа хайч дүрчихлээ” гээд өрөөнийхөө хаалгыг нээсэн. Тэгтэл манай нөхрийн баруун гарын бугалга хэсгээс их цус гарч байсан. Тэгээд хүүгээ нөхрөөсөө аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Орхон, Д.А., бид гурав гэрт нь юм яриад сууж байтал... миний таньдаг хүн Ууганбаатар орж ирсэн. Д.А. чи юу хийж яваа юм бэ яв гэж хэлтэл Ууганбаатарын гар нь хөдлөх шиг болсон. Гэхдээ бол яг цохьсныг нь бол хараагүй. Тэгээд тэр хоёр учиргүй маргалдаад хэрэлдээд эхэлсэн чинь манай дүү Орхон энэ та нарын хэрэлддэг газар биш би та нар ах дүү улсууд байна гэрч наад асуудлаа шийд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Гэрч Б.Орхоны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр хоёр том өрөөнөөс гараад гал тогооны өрөө рүү орсон. Гал тогооны өрөөнд ороод тэр хоёр юу болсон талаар би мэдэхгүй. Удалгүй Д.А. яа яа гэж дуугарахаар нь би том өрөөнөөс гарч очиход тэр хоёр гал тогооноос гарч ирж байгаа таараад Д.А. нэг гараа сэгсрээд бариад гарч ирсэн. Харин араас нь Ууганбаатар яг аль гар болохыг нь сайн санахгүй байна, нэг гарынхаа бугалгыг барьсан байдалтай тэр хавиас нь цус гоожсон коридорын шалан дээр ганц нэг дусал цус дуссан байдалтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №330 дугаартай: “...А.Ууганбаатарын биед баруун гарын бугалганы гадна дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх шарх нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.А.гийн 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-165 дугаар байрны 02-08 тоотод А.Ууганбаатарын баруун бугалганд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Т.Баярмаа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.А.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.Ууганбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “эмчлүүлсэн эм тарианы мөнгөө нэхэмжилнэ, хавтаст хэрэгт баримтууд өгсөн” гэх хариуг хэлжээ. Хавтаст хэргийн 14-18 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх тул хохирлыг гаргуулах боломжгүй бөгөөд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.А.д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Д.А.гийн хувьд үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй, прокурорын саналыг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.А. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайчийг устгахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Далантайн Д.А.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А.г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.А. нь түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч А.Ууганбаатар нь хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.МӨНХТУЛГА