| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00000/И |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 41
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Соёлмаа, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М.Т*******ийн нэхэмжлэлтэй О.С*******т холбогдох “Гэм хорын хохирол 5.880.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг Нарангийн гудамж 57 тоотод оршин суух хаягтай,
Б******* овогт М*******н Т*******
Регистрийн дугаар: МЗ-********
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын * дүгээр баг, * дугаар хэсэг **** тоотод оршин суух хаягтай,
Боржигон овогт О*******ын С*******
Регистрийн дугаар: МЮ-*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О*******
Иргэдийн төлөөлөгч О.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... О.С******* нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас миний эрх чөлөөнд халдаж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан.
О.С*******ийн гэм бурууг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан.
Хохирогч М.Т******* миний үүдэн шүд рүү цохиж 2 шүд газар дээрээ унаж 2 шүд хөдөлж шүдний эмчээр шүдээ авахуулж гоо сайхнаараа хохирсон.
Энэ тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө цаашид имплант шүд хийлгэх шаардлагатай. Шүдний үнийг шүүгдэгч О.С*******ээс нэхэмжлэхээ илэрхийлсэн.
Шүүгч 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолын 8 дугаарт ... хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар дээрх гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа төлөгдөөгүй нөхцөлд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж өгсөн.
Миний бие Улаанбаатар хотын Цагаанзул шүдний хувийн эмнэлэгт очиж үзүүлж эмчилгээний урьдчилгаа зардлаа гаргуулсан.
Рентгэн зураг авахад 20.000 төгрөг 1121 шүд имплант шүд суулгахад 5.700.000 төгрөг, 12,22 шүд хагас булгаралттай шүдийг араа бүлгийн шүд рүү чиг тавьж бэхлэхэд 160.000 төгрөг нийт 5.880.000 төгрөг эмчилгээнд шаардагдаж байгаа.
Би энэ эмнэлэгийг яагаад сонгож эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр болсон гэхлээр “Цагаанзул” эмнэлэг нь ...18 настай хүний шүд бэхжээгүй байдаг учраас 6 сар эмчилгээ хийнэ гэж надад хэлсэн, мөн Цагаанзул эмнэлэг Имфлант шүдээр мэргэшсэн бөгөөд миний шүдэнд 20 жилийн баталгаа өгнө гэж хэлсэн учраас л сонгосон юм.
Түүний зөвхөн 1 шүдийг л гэмтээсэн тул 1 шүдний зардал төлбөр төлнө гэсэн нь мөн худал ташаа зүйл, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр 4 шүд унасан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон байгаа.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхээс шүүгдэгч О.С******* үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой дурьдсан. Ийм байхад хохирол төлбөрийг барагдуулахаас элдэв арга саам хэрэглэн зайлсхийхээр оролдож байгаад гомдолтой байна. Иймд О.С*******ээс 5.880.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч О.С******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Би шүүхэд энэ нэхэмжлэлийг ирсэний дараа нэхэмжлэгч М.Т*******тай утсаар яриад Улаанбаатар хотод уулзая эмнэлэгт хамт очиж эмчид үзүүлье гэж хэлсэн.
Тэгэхэд М.Т******* тэгье гэж хариу хэлсэн. Ингээд би Улаанбаатар хотод очоод “Цогц” гэдэг шүдний эмнэлэг дээр очиж имплант шүд ямар үнээр хийгдсэнийг асуусан.
Тэгэхэд хямдруулсан үнээр 1.800.000 төгрөгөөр хийж өгнө. Солонгос улсаас эмч нар ирж хийж өгнө гэсэн. Тэгээд би Т******* руу яриад энд ийм эмнэлэг байна хүрээд ирээч хамт үзүүлье гэхэд Т******* “би наад эмнэлэгт чинь үзүүлэх шаардлагагүй” гэсэн. Тэгээд би тус эмнэлэгээс үзүүлэх цаг аваад маргааш нь Т*******ийг хүлээсэн боловч тэр ирээгүй.
Нэхэмжилж байгаа 5.880.000 төгрөгийг өндөр үнэтэй байна гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй! гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч О.С*******т холбогдуулан гэм хорын хохиролд 5.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
М.Т*******, О.С******* нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж О.С******* нь М.Т*******ийг цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч О.С******* нь 5.880.000 төгрөгийг өндөр үнэтэй байна, ямар ч баримтгүй их хэмжээний мөнгө нэхэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх М.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... хиймэл эрхтэн хийлгэх ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” хэдий боловч хохирогч М.Т******* нь 5.880.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэмтсэн шүдийг хэдэн төгрөгөөр хийлгэх шаардлагатай, шүд хийлгэхэд гарах эмчилгээний зардал зэрэг зайлшгүй зардлуудаа нотлох баримтаар нотлоогүй төдийгүй тэрээр шүүх хуралдаанд ... 18 настай хүний шүд бэхжээгүй байдаг учраас 6 сар эмчилгээ хийнэ, Цагаанзул эмнэлэг имплант шүдээр мэргэшсэн бөгөөд миний шүдэнд 20 жилийн баталгаа өгнө ... гэх тайлбарыг өгсөн боловч энэ талын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгч М.Т*******т хэдий хэмжээний хохирол учирсан талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Хэрэгт “Цагаанзул” шүдний эмнэлэгийн амны хөндийн өвчнийг хянах диспансерийн хяналтын картын эмчийн тэмдэглэлд: Цаашид хийх эмчилгээний төлөвлөгөөнд рентген зураг авах 20.000 төгрөг, 11,21 имплант шүд суулгах 5.700.000, 12,22 хагас булгаралттай шүдийг бага араа шүдрүү чиг тавих бэхлэх 160.000 төгрөг гэх тэмдэглэл бүхий бичвэр байх бөгөөд тухайн үнэлгээг ямар баримтад үндэслэж гаргасан нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгч М.Т*******аас шүүхэд өгсөн “Цагаанзул” шүдний эмнэлэгийн амны хөндийн өвчнийг хянах диспансерийн хяналтын картанд заагдсан үнэлгээ нь шийдвэрийн үндэслэл болохгүй.
Иймд М.Т*******ийн гэм хорын хохирол 5.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн хариуцагч О.С******* нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ... “Цагаанзул” эмнэлэгээс өөр бусад эмнэлэгүүд ямар үнэ ханштай эмчилгээ хийдэг талаар тогтоолгож, М.Т*******ийг эмчилгээ хийлгэхэд нь хамт байж байгаад төлбөрийг нь эмнэлэгт нь тушааж өгөх хүсэлттэй байна” гэж дурьдсан боловч энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Т*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.С*******т холбогдох “Гэм хорын хохиролд 5.880.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дах хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дах хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.СОЁЛМАА
Б.МӨНХЗУЛ