| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0248/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/221 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/221
2018 оны 12 сарын 10 өдөр 2018/ШЦТ/221 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0248/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч А.С. нарыг оролцуулан
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С.т холбогдох 1839003510263 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.С. нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг Бор Хужир гэх газар 52-39 УБК улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 3.2, 3.5, 9.1, 1.5 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин хохирогч О.Дуламсүрэн, Д.Аюуш нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.С. нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг Бор Хужир гэх газар 52-39 УБК улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гарган О.Дуламсүрэн, Д.Аюуш нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/,
Хохирогч О.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр, хадам аав, өөрийн охины хамтаар 2018 оын 7 дугаар сарын 11-ний 10 цагийн үед нөхөр А.С.ын 52-39 УБК улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн автомашинтай Хэнтий аймаг руу явж байгаад Цэнхэрмандал сумаас хот тал руугаа 20 км зайд буюу өдрийн 15 цагийн орчимд төв зам дээр явж байхад машин маань гэнэт замаас гараад донсолж яваад зогссон шиг санаж байна. Тэгээд юу болсон талаар тэрхэн зуур санахаа байж байгаад нэг ухаан ороход машин маань 4 дугуй нь дээрээ ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай зогсож байсан. ...Тэгээд удалгүй зам дээрээс хэдэн залуучууд машинаасаа бууж ирээд охин, бид хоёрыг машинаас гаргасан. Тухайн үед миний хөл өвдөж байсан. ...Ослын улмаас миний зүүн хөлийн нарийн шилбэ хугарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,
Хохирогч Ц.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг “Бор хужир” гэх газарт 52-39 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд онхолдож биедээ гэмтэл авсан. Д.Аюушийн төрсөн хүү нь байгаа юм. Тухайн үед уг машиныг миний төрсөн ах А.С. жолоодож явсан юм. Миний хувьд А.С.т ямар нэгэн гомдол, санал байхгүй Тухайн машинд дандаа л манай гэр бүлийн хүмүүс зорчиж явсан юм л даа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Б.Мөнхцацралын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн аав А.С., ээж Дуламсүрэн, өвөө Аюуш нарын хамтаар аав А.С.ын 52-39 УБК улсын дугаартай “Тоёота Приус” маркийн машинтай амрахаар Хэнтий аймаг руу 10 цагийн үед Цэнхэрмандал сумын ойролцоо явж байхад гэнэт машин маань замаас гараад зогссон. Тэрхэн зуур юу болсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9127 дугаартай: “...О.Дуламсүрэнгийн биед зүүн шаант болон тахилзуур ясны үе дайрсан бяцарсан хугарал, зүүн шагайн гадна хэсэгт шарх, өвчүү ясны хугарал, 4 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 27 дугаартай: “...Тоёота Приус 10 маркийн 52-39 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Далай овогт Аюушийн А.С. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, 3.2-д дугуй нэвт цоорсон утаснууд нь тасарсан, 3.5-д нэг тэнхлэгт өөр хээтэй дугуй тувьсан, 9.1, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.С.ын дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 3.2, 3.5, 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд А.С.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.С.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Д.Аюушийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч О.Дуламсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 86 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батсүх нь гомдолгүй /хх-ийн 84 тал/ гэсэн тул шүүгдэгч А.С.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.С.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Энхболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь уг ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажэээ.
Шүүгдэгч А.С. нь гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.С. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.С.г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.С.н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар А.С.ын тэнссэн 01 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.С. нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан А.С.ын №10539 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйл үгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.С.т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА