| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00615/И |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 42
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 6-04 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овгийн ******* ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох
“Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн даргад ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие ******* овогтой ******* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон юм. Үүний дагуу гэрчилгээгээ 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргуулж авсан.
Улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа “Ургацын хишиг” ХХК-ийн захирал *******эд 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал саяхан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ийн захирал *******эд 60 жилийн хугацаатайгаар шилжсэнийг олж мэдлээ. Надад энэ талаар албан ёсоор, хуулийн дагуу мэдэгдээгүйгээр ийм зүйл болсонд гомдолтой байсан учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандахад тухайн үед намайг байлцуулахгүйгээр надад мэдэгдэхгүйгээр сумын тамгын газрын дарга нь хүсэлтийг баталж үүний улмаас миний 60 га газар иргэн Авирмэдэд шилжсэн байна. Тухайн хүсэлт гэх бичгийг миний бие нь Авирмэдтэй хоорондоо тохиролцвол хуулинд зааснаар гэрээ хийж баталгаажуулна гэж ойлгосон боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй байхад өөрөө дур мэдэн батлуулсан байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тамгын газрын дарга Алтанзоригийн Цагааннуур сумын засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөвийг гэрчилсэн 2007 оны 06 дугаар 29-ний өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа:
... Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттай газар 6 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатай газар эзэмшихээр болж улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газрыг “Ургацын хишиг” ХХК-ний захирал *******эд 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ний захирал *******эд 60 жилийн хугацаатайгаар шилжсэн.
Энэ үед надад мэдэгдэхгүйгээр намайг байлцуулахгүйгээр тухайн үед ажиллаж байсан сумын Засаг даргын тамгын газрын дарга хүсэлтийг баталсан.
Иймээс 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэж дурьдсан бөгөөд хариуцагчаар Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Цэдэндамба миний биеийг татсан байна.
Иймд дээрх иргэний нэхэмжлэлд тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга Д.Алтанзоригийн баталсан нотариатын үйлдлийг миний бие хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул уг нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбарыг гаргаж байна! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Цэдэндамба нь би энэ үйлдлийг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Б.******* нь өөрийн эзэмшлийн 0026413 тоот гэрчилгээ бүхий сумын засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 тоот шийдвэртэй 303 дугаартай 60 га газрыг цаашид үйлдвэрлэл, ашиглах боломжгүй тул 3 дугаар багийн иргэн Жавзан овогтой Авирмэдэд Монгол улсын газрын тухай хуулийн заалтын дагуу шилжүүлэн өгөх саналтай байна гэсэн өргөдөл хэрэгт
авагдсан ба уг өргөдөлд ******* овогтой ******* гэсэн гарын үсэг зурагдаж үйлчилгээний хураамжинд 1000 төгрөг хураасан бичилт хийгджээ.
Энэхүү нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10 дахь хэсэгт заасан баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэлд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар Б.******* нь *******эд өөрийн эзэмшлийн 0026413 тоот гэрчилгээ бүхий сумын засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 тоот шийдвэртэй 303 дугаартай 60 га газрыг Монгол улсын газрын тухай хуулийн заалтын дагуу шилжүүлэх тухай хүсэл зоригоо илэрхийлж улмаар түүнийгээ хүлээн зөвшөөрч, өргөдөлд гарын үсэг зурсан болох нь ... газрын даамалд гаргасан өргөдөл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн ... уг өргөдлийг би өөрөө бичсэн, өргөдөл дээрхи гарын үсэг минийх мөн ... гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь ... 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөв гэрчилсэн” үйлдлийг хийлгэсний улмаас Б.*******гийн газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ний захирал *******эд 60 жилийн хугацаатайгаар шилжсэн, мөн түүний “... тухайн хүсэлт гэх бичгийг Авирмэдтэй хоорондоо тохиролцвол хуулинд зааснаар гэрээ хийж баталгаажууна ...” гэж ойлгосон боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй байхад Авирмэд өөрөө дур мэдэн батлуулсан гэх тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадаагүй байна.
Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, мөн нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар нэг байдлаар хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар хариуцах үндэслэлгүй юм.
Иймд Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу түүний тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг, гэрчийн мэдүүлэг зэргийг судлаж үзэхэд: Б.*******гийн 6 сард авсан 100.000 төгрөгийн цалинг 12 сард нөхөж тооцсон нь эргэлзээтэй төдийгүй, гэрч С.Эрдэнэбатын шүүх хуралдаанд өгсөн ... 2007 оны 6 сард Б.******* надаас чөлөө гуйсан боловч ид ажлын үе байсан учраас чөлөө өгөөгүй ... гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байгааг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ