Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/24

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр                     2020/ШЦТ/24                         Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0033/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                    Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                            Б.Э   нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох 1939004800404 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Э нь  2019 оны 06 дугаар сарын 05, 07-ны өдрүүдэд  Хэнтий аймаг Баян-Адарга сумын төвд иргэн Ц.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.Н-ын өгсөн:...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед  мотоцикльтой хөдөөнөөс сумын  төв рүү орж ирсэн тэгээд Улаанаа гэх айлд очиж нэг шинэ мотоцикль  угсаралцаж дуусаад Мөнхбаяр гэх айлд очиж  мотоциклийн  юм авахаар утсаар ярихад  Мөнхбаяр адууны уяан дээр байна  хүрээд ир гэсэн тэгээд  мотоцикльтой очиход  тэнд зөндөө олон залуучууд  байж байгаад  нэг залуу  намайг  мангар Баяраа гэдэг  муу сайн гадныхан  гэхэд нь ямар гадаадаас ирээд байгаа юмиуу  гэсэн чинь тэр  Эрдэнэбаяр гэх залуу  газар байсан урт модыг аваад  миний баруун гар луу  цохисон мөн  тэр модны үзүүр нь  миний зүүн  нүдний  дээд хэсэгт цохиод тэгээд  би хөдөлж  чадахгүй байхад  тэр залуу  өөр хоёр залуутай  намайг алсан ч яадаг юм гээд ирэхээр нь С.Төрөө гэх залуу  салгаад намайг мотоцикль дээр суулгаж  өгсөн тэгээд  би шууд эмнэлэг дээр  ирээд Сарандаваа  гэх эмчид  үзүүлэхэд зүүн гарын  чинь шуу тохой хэсгээрээ мах нь  тасарсан байна гэсэн тэгээд  зүүн нүдний дээд хэсэгт зүсэгдсэн байна гээд 3 оёдол тавьсан тэгээд би мотоциклоо бариад  Энхбаяр гэх айлд  очоод байж  байхад  Эрдэнэбаяр  гэх залуу  овтерка бариад  намайг  гүйцээгээд алчихъя  гээд ирэхэд  нь тэнд байсан хүмүүс  салгаад овтеркийг нь  аваад явуулсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө би Энхбаярын дугуй засвар дээр  байж байсан чинь Эрдэнэбаяр  гэх залуу  машинтай ирээд миний нүд рүү цохиод  миний дээд уруулын дотор  талыг сэтэртэл  цохисон тэгээд миний дээд уруул хөхөрч хавдсан шүд хөдөлсөн байгаа... би Увс аймгаас Баян-Адарга  суманд шилжиж ирээд 2 жил болж байна...Би гомдолтой байна эмчилгээний зардал  гаргуулах  хүсэлтэй, мөн хуулийн  дагуу арга хэмжээг нь авахуулмаар байна...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Гэрч Д.Энхбаярын өгсөн:... Д.Мөнхбаярын хурдан морины  уяан дээр зөндөө хүмүүс  уугаад байж байсан  тэгээд  нөгөө авч очсон  пиво тойруулж дуусгаад би Ц.Нямжав гээд Увс аймгаас  шилжиж ирсэн залуутай  танилцаад  би барилдъя гээд Ц.Нямжав тэгье гээд бид хоёр барилдаад би тонгорч унагаасан юм аа. Тэгээд би Намсрай гээд залуу  мотоциклтой  сумын төв рүү орно гээд Намсрайгийн ард суугаад яваад өгсөн юм аа. Тэгээд 2019 оны  06 дугаар сарын 07-ны өглөө би Очир-Эрдэнэ ахын машинд  суугаад Өлзийт овооны  тахилга үзнэ гээд явж байтал Б.Эрдэнэбаяртай  гудманд тааралдаад  Б.Эрдэнэбаяр  цуг овооны  тахилга  үзнэ гээд  машинд суугаад явж байтал С.Энхбаярын дугуй  засварын гадаа Ц.Нямжав гээд залуу зогсож байхаар нь Б.Эрдэнэбаяр надтай  маргалдсан юм аа  уулзаадхъя гээд машинаас  буугаад Ц.Нямжавыг  чи ямар их эмнэлэгээр үзүүлж  явдаг амьсгаа бэ  хувиараа уулзаад тохиролцож болохгүй байна уу  гээд Ц.Нямжавын нүүр лүү цохисон  юмаа. Тэгээд тэнд  байсан хүмүүс Б.Эрдэнэбаярыг  салгаад  машинд суулгаад Очир-Эрдэнэ ах машинтайгаа хөдлөөд  явсан...Б.Эрдэнэбаяр нь Ц.Нямжав гээд залуу надад  зодуулсан гээд  толгой гараа  боочихсон явж  байна  сүртэй муу гөлөг  бэ гэж  хэлж  байсан юмаа ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Гэрч С.Энхбаярын өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед  намайг  сумын төвд гэртээ  байж байхад  гаднаас Баян-Адарга сумын 2 дугаар багийн иргэн Ц.Н гэх манай багийн залуу  тус сумын иргэн Б.Эрдэнэбаяр, Д.Энхбаяр нарт зодуулсан гээд  нүүр болон духан дээрээ  шалбарчихсан, нүд нь хөхөрсөн, зүүн  гар нь  тохой  хэсгээрээ  хөхрөөд  хавдчихсан орж ирсэн юмаа. Тэгээд  маргааш орой нь Ц.Нямжавыг манай  дугуй засварын гадаа  байж байхад  Б.Эрдэнэбаяр  гэх залуу Ц.Нямжавыг  гүйцээгээд ална гээд  овтерка барьчихсан Ц.Нямжав руу дайрахаар  нь манай  дүү болох  С.Энхтөр Б.Эрдэнэбаярыг салгаад  явуулсан юмаа. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны  өглөө Ц.Нямжавыг манай  дугуй засварын гадаа байж  байхад Б.Эрдэнэбаяр гэх залуу машинаас  бууж ирээд  Ц.Нямжавыг чи ямар  эмнэлэгээр үзүүлж  явдаг  амьсгаа  бэ  хувиараа уулзаж болохгүй байна уу гээд  уруул  шүд рүү нь цохисон юмаа  тэгээд манай  дүү болох С.Энхтөр салгаад Б.Эрдэнэбаяр  машиндаа буцаж суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

Гэрч С.Энхтөрийн өгсөн:...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны орой 16 цагийн үед Д.Мөнхбаяр гэх  айлын хурдан морины  уяан  дээр очиход  Ц.Нямжав гэх  залуу хүнд  зодуулсан гээд газар  хэвтэж байсан. Тэгээд би Нямжавыг  босгоод  мотоцикль дээр нь  суулгаж өгөөд  явуулсан...Тэгээд 2019 оны 06 дугаар 07-ны  өглөө Ц.Нямжав  бид хоёрыг  манай ах болох С.Энхбаярын дугуй засварын гадаа зогсож байхад Б.Эрдэнэбаяр гэх залуу Очир-Эрдэнэ ахын машинтай ирээд машинаас бууж ирээд Ц.Нямжавыг  ямар  их эмнэлэгээр  үзүүлж  явдаг  амьсгаа  бэ хувиараа  уулзаж болохгүй  байна уу  гээд нүүр лүү нь гараараа цохисон...Б.Эрдэнэбаяр нь уяаны модон шонгоор  цохиж  зодсон  гэж байсан Д.Энхбаяр  яаж зодсоныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 хуу/   

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны  өдрийн 380 дугаартай дүгнэлт

  1. Ц.Нямжавын биед  зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн хөмсөгний  дээд  хэсэгт  шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний  зовхи, зүүн гарын бугалга тохой, шуунд цус  хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг  болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 33 хуудас/

Б.Эрдэнэбаярын   яллагдагчаар өгсөн:...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын төвд  найз Д.Энхбаяр, Эрдэнэбаатар нарын хамт  архи уугаад нэлээн согтсон  байсан. Би сүүлдээ  юу болсон сайн санахгүй байгаа юм. Ингээд би 2019 оны  06 дугаар сарын 06-ны өдөр мөн архи уусан.  Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын төвд  архи ууж яваад  Д.Энхбаяр, Очир-Эрдэнэ нартай тааралдсан чинь, Д.Энхбаяр надад  чи уржигдар  Увсын Нямжавыг  зодсон. Тэр Нямжав чинь  цагдаад өгсөн гэнээ шүүхийн эмчийн  бичиг аваад явж байна шүү гэж хэлсэн. Тэгээд би гадуур явж байгаад  С.Энхбаярын дугуй  засварын гадаа  Увс аймгаас шилжиж ирсэн Нямжавтай  тааралдсан. Тэгээд би Нямжавд  юу болоод байгаа юм би чамайг зодсоноо санахгүй байна. Тийм юм болсон юм бол эр хүн шиг  ирээд уулзчихгүй, цагдаа сэргийлэх болоод байх  юм гэсэн чинь  Нямжав чамайг цагдаад өгчихсөн  гэхээр нь би гэнэт уур хүрээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод явсан... Ямар ч байсан Нямжавыг зодсон гэдгээ мэдэж байна.  Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Нямжавд учруулсан хохирлоо  төлнө...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/

Эд мөрийн баримтаар 2 метр урттай, нэг талын үзүүр нь 2 салаа шургааг мод, шар алаг өнгийн бариултай халивыг  хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, хохирогч Ц.Нямжавын гэмтсэн гэх үеийн гэрэл зургууд /хх-ийн 9-15 хуу/

Б.Эрдэнэбаяр хохирогч Ц.Нямжавын ХААН банкин дахь дансанд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохиролд тооцож 500.000 төгрөгийн шилжүүлсэн Хаан банкны  мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 76 хуу/

Б.Эрдэнэбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуу/

Б.Эрдэнэбаярын  иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 45 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 72-73 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь  2019 оны 06 дугаар сарын 05, 07-ны өдрүүдэд  Хэнтий аймаг Баян-Адарга сумын төвд хохирогч Ц.Нямжавтай согтуугаар маргалдан 2 метр урттай шургааг мод болон гараараа зодож түүний биед зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн хөмсөгний  дээд  хэсэгт  шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний  зовхин, зүүн гарын бугалга тохой, шуунд цус  хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Нямжав,  гэрч Д.Энхбаяр, С.Энхбаяр, С.Энхтөр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон,  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь хохирогч Ц.Нямжавыг зодсоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Б.Эрдэнэбаярын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбаяр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ц.Нямжав нь эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  түүний Хаан банкин дахь дансанд 500.000 төгрөгийг хохиролд тооцон шилжүүлсэн /хх-ийн 76 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 Б.Эрдэнэбаяр  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  2 метрийн урттай шургааг мод 1 ширхэг, шар алаг өнгийн бариултай халив 1 ширхэгийг тус тус  устгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Бямбын Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Эрдэнэбаяр  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  4  /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  2 метрийн урттай шургааг мод 1 ширхэг, шар алаг өнгийн бариултай халив 1 ширхэгийг тус тус  устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаярт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ