Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/226

 

 

 

    

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр                      2018/ШЦТ/226                                  Хэрлэн сум

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0249/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Т.Баярмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                       П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                                      Д.С., З.Н. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Н., Д.С. нарт холбогдох 1839004360243 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.С., З.Н. нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний шөнө  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өрөөнөөс хохирогч У.Дайриймаагийн “Самсунг Галакси жи-2” маркийн гар утсыг USB залгуур адаптерийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч У.Дайриймаад 359.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.С.  З.Н. нар нь хамтран 2018 оны 8 дугаар сарын 31-ний шөнө  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өрөөнөөс хохирогч У.Дайриймаагийн “Самсунг Галакси жи-2” маркийн гар утсыг USB залгуур адаптерийн хамт хулгайлж 359.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл.... /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд...../хх-ийн 8 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол..../хх-ийн 13 дугаар хуудас/

Хохирогч У.Дайриймаагийн “...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний шөнө Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламж үзүүлэх хэсгийн жижүүрийн өрөөнөөс тухайн шөнийн 01 цагаас 01 цаг 30 минутын хооронд Samsung Galaxy  J2 маркийн гар утсаа цэнэглээд унтсан хойно хулгайд алдсан байсан. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгч мэдэгдсэн. ...Энэ миний алдсан утас мөн байна. Имэй код нь яг тохирч байна. Харин утсан дээр маань дэлгэцэнд нэмж шинээр шилэн наалт хийлгэсэн байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Оюуны “...Би өглөө 11 цагийн үед Өгөөмөр бойн дээр ажлаа /мал махны ченж/ хийж байтал Д.С.гийн эхнэр нэг нимгэн хар утсыг цэнэглэгчийн хамт барьж ирээд утас зарна авах хүн байна уу гээд манай ажлынхнаас асуугаад явж байсан юм. ...Тэр хүүхэн надад 50.000 төгрөгөөр зарна гэхээр нь би урдуур нь ороод худалдаж авахаар болсон....Харъя гэж гар дээрээ авч сонирхож байгаад хямдхан болохоор нь шууд худалдаад авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “фэйр валуэшн” компаний 82 дугаартай дүгнэлт...../ХХ-ийн 37 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” компаний 110 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

ХААН банкны АТМ бэлэн мөнгөний машиныг дурандсан камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...2018 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 01 цаг 07 минутад гаднаас Д.Д.С. /цэнхэр цамц, ногоон эрээн өмд, хар гуталтай/, З.Н. /хул шар куртик, цэнхэр жинсэн өмд, улаан гуталтай/ нар нь хамт орж ирэх ба... ...З.Н. босч очиход Д.Д.С. дахин цааш өрөө рүү ороход З.Н. нь өрөөний гадна зар, мэдээллийн самбарыг харж зогсож байгаад Д.Д.С.гийн араас орж буй харагдана. Өрөөнд ороод удалгүй хамт гарч ирэх ба гарч ирээд хоорондоо ярилцаад дараа нь З.Н. өрөөний хаалгыг онгойлгож, Д.Д.С.г ар нуруунаас нь түлхэн өрөөнд оруулж өөрөө араас нь дагаж орж буй нь харагдана. Өрөөнөөс 01 цаг 10 минутанд З.Н. эхэнд нь, араас нь Д.Д.С. гарч ирэх ба Д.Д.С. өмсөж явсан хувцасныхаа баруун талын халаасанд утас кармалж байгаа нь уг бичлэг дээрээс харагдаж байна” гэх тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

Яллагдагч Д.Д.С.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...З.Н. надад утсыг нь авчих гэж хэлсэн. Тэгээд сувилагчийг нь унтаж байх хойгуур бид хоёр өрөөнд нь орж утсыг цэнэглэгчтэй нь залгуураас салгаж аваад гарсан. Нэг нимгэн хар утас байсан. Харин цэнэглэгч нь цагаан өнгөтэй. Тэр өдрийн маргааш манай эхнэр З.Н. нөгөө утсыг цэнэглэгчтэй нь хамт бойны ченж Оюунд 50.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/

Яллагдагч З.Н.ий мөрдөн байцаалтанд өгсөн: “...сувилагч нарын өрөөнд сувилагч нь бололтой хоёр эмэгтэй хүн унтаж байсан. Тэгээд тэр эмэгтэйг хаалгыг нь шагайж байгаад дуудтал сэрээгүй. Тэгсэн чинь тэр хоёр хүний унтаж байсан орны хажууд залгуураас цэнэглэсэн утас шалан дээр гэрэл асаад харагдаж байсан. Тэгэхээр нь би нөхөр Д.С.д утсыг нь авья гэж хэлсэн. Тэгээд Д.С.г нөгөө өрөөнд оруулаад би араас нь орсон. Тэгээд нөгөө утсыг цэнэглэгчтэй нь аваад бид хоёр эмнэлгээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Д.С., З.Н. нарын хамтран бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас У.Дайриймаад 359.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч У.Дайриймаа нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 21 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Оюун нь хохирлоо бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-ийн 27 тал/ гэсэн тул шүүгдэгч Д.Д.С., З.Н. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

      

Шүүгдэгч З.Н.ий хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д.С.гийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүйг дурдах ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.С., З.Н. нарыг хамтран бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С.г 06 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч З.Н.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5, 3.3-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С.д оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг З.Н.д анхааруулсугай.  

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч З.Н.ий тэнсэгдсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Н.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ