Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 17 өдөр                               2018/ШЦТ/229                                  Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0254/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         М.Долгоржав,

Улсын яллагч                                           Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                   Д.Э. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э.д холбогдох 1839000000267 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э. нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт өөрийн төрсөн эх, ахмад настан Г.Туяаг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э. нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт ахмад настан, өөрийн төрсөн эх Г.Туяаг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний орой гэртээ 20 цагийн үед байж байхад хүү Д.Э. согтуу орж ирсэн. Тэгээд юу болсон юм гэнэт та нар сая цагдаа дуудсан байна. Надтай сая 2 цагдаа таарлаа та нарыг ална хядна гээд дайраад эхэлсэн. Та нараас болж би шоронд ордог гээд гартаа модон сандал барьж ирээд цохих гээд байхаар нь чи чаддаг юм бол цохь гэж хэлсэн чинь доошоо сандлаа тавиад хажууд байсан хоолны кетчуп барьж аваад миний баруун шанаа руу цохиод авсан. ...сүүлийн үед шөнө өдөргүй архи ууж орж ирээд намайг иймэрхүү байдлаар дарамтлаад байх болсон. Надад үнэхээр хэцүү байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч Д.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед гэртээ байж байсан чинь дүү Д.Жаргал-Эрдэнэ утсаар яриад Д.Э. ах ээжийг зодсон байна гэж хэлэхээр нь би энэ талаар цагдаад мэдэгдээд гэрээсээ гараад ээжийнх рүү очсон чинь ээж маань хамраас нь цус гараад хувцас хунар нь цус болчихсон байсан... Урьд өмнө нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бас хэрүүл хийгээд хутга барьж ээжийг айлгасан, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бас ээжид агсам тавиад гар, хөлийг нь цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12 тал/,

Гэрч Д.Жаргал-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай ах Д.Э. согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хутга бариад ээжийг айлгаж, хэрүүл үүсгэсэн асуудал гаргаад энэ асуудлаар цагдаагийн газарт шалгагдаад аймгийн шүүхээс баривчлах шийтгэл өгсөн. Дараа нь мөн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр согтуу гэрт орж ирээд ээжид агсам согтуу тавьж байгаад хөл, гар руу нь цохисон асуудлаар бас шүүхээр баривчлагдсан. Үүнээс хойш сая буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуу ээж дээр очоод хоолны кетчупны саваар хацарт нь цохиж, хамраас нь цус гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

-Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай шийтгэвэр /хх-ийн 76 тал/,

- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 17-ны 398 дугаартай шийтгэвэр /хх-ийн 99 тал/,

Д.Э.гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гадуур найзуудтайгаа таарч архи уугаад гэртээ харьсан юм. Манай ээж надад хандаж чи архи дарс ууж гэж загнахаар нь урдаас нь хэрэлдсэн. Би кетчупны саваар ээжийгээ цохисон нь үнэн. Урьд нь мөн ийм асуудал гаргаж 2 удаа баривчлах шийтгэл авч, хоногоо эдэлж дуусгасан. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э.гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу ахмад настны эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Э.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Туяа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй /хх-ийн 7, 106 тал/ гэсэн тул шүүгдэгч Д.Э.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Э.д 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Э. нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Э. нь 6 хоног цагдан хоригдсон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6 ,8, 36.6, 36,7, 36,8 дэх хэсгийг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э.г ахмад настны эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА