| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0186/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/154 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/154
2018 оны 8 сарын 09 өдөр 2018/ШЦТ/154 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0186/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч М.Батхишиг
Шүүгдэгч Ж.О. нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О. холбогдох 1839003320185 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.О. нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн иргэн С.Алтандаваагийн бэлчээрт байсан адуунаас Б.Эрдэнэхуягийн өмчлөлийн, алдуул ташаатай хүрээтэй чандмань тамгатай хар хүрэн зүсмийн охин даагыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Б.Эрдэнэхуягт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.О. нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн иргэн С.Алтандаваагийн бэлчээрт байсан адуунаас Б.Эрдэнэхуягийн алдуул охин даагыг завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 2017 оны 11 дүгээр сарын эхэн үед Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Чандмань гэх газар өвөлжиж байхдаа уг газрын ойролцоох “Есөн хүн” гэх газарт бэлчээрт байсан хамар цагаан хээр зүсмийн 50 хувийн цустай эрлийз азаргатай адуунаасаа хар хүрэн зүсмийн цустай, ясандуу толгойтой, том биерхүү охин 1 тооны даага аа алдсан юм. Энэ үед азарга нь уг даагыг адуунаасаа хасаж хөөгөөд байсан учраас алга болсон....бөгсөн талруу нь хазгай дарсан хүрээтэй чандмань тамгатай байсан юм. Тэгээд би даага алга болсноос хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын эхэн үед манай гэртэй ойролцоо нутаглах Баян-Овоо сумын2 дугаар багийн харъяат Алтандаваа гэдэг залууг хул алаг зүсмийн азаргатай адуунд нийлчихсэн байхыг олж хараад тохитой нутгийн айлын адуунд нийлсэн байна гэж бодоод даагаа барьж авалгүй тэр чигт нь уг адуунд үлдээсэн. Би даагаа 2018 оны хавар авъя гэсэн бодолтой байсан чинь манай найз Эрдэнэбат гэх залуу Улаанбаатар хотоос надаас эрлийз адууны цустай охин байдас худалдаж авна гэж хэлсэн учраас би 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед хар хүрэн зүсмийн даагаа Алтандаваагийн адуунд байгаа эсэхийг харахад даага маань байхгүй болсон учраас Алтандаваагаас ахынх нь хүрэн даага яасан бэ? гэж асуухад Батноров сумын 4 дүгээр багийн харъяат Отгоноо гэх залуу миний даага гэж хэлээд тэр даагыг даагыг чинь аваад явчихсан гэж надад хэлэхээр нь чи юу ярьж байгаа юм бэ тэр даага чинь ахынх нь шүү дээ, чи мэдэж байгаа биз дээ манай адууны тамгатай байгаа биз дээ гэж хэлсэн юм... Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.О. хохирол барагдуулж 1.400.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-13 тал/,
Гэрч С.Алтандаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын сүүл үе билүү 2017 оны 12 дугаар сарын эхэн үе билүү сайн санахгүй байна. Манай хул алаг зүсмийн азаргатай адуунд хар хүрэн зүсмийн эрлийз адууны цус орсон болов уу гэмээр ясан дуу толгойтой том биерхүү 1 тооны охин даага нийлсэн байсан юм. Тэр дааганы зүүн талын ташаан толгойны доохон талд арагшаадуу дарсан болотой дугуй тамгатай байсан. 2017 оны 11 дүгээр сард Батноров сумын 4 дүгээр багийн харъяат Отгоноо гэх залуу хээр зүсмийн даага, хүрэн зүсмийн даага гэх 2 тооны адуу алдсан гээд манай гэрээр ороод сураглаж явахад нь би манай адуунд 1 тооны охин, хүрэн зүсмийн даага нийлсэн байна лээ гэж түүнд хэлж байсан юм. Отгоноо надаас алга болсон гэх 2 тооны даагаа тамгагүй гэж сураглаж байсан юм.Гэтэл энэ явдлаас хойш 20 орчим хоногийн дараа Отгоноо адуугаа эрж хайгаад явж байхдаа манай гэрээр нөгөө хүрэн даагыг манай адуунаас аваад явсан шүү, манай даага байсан байна лээ гэж хэлсэн. Тэгтэл үүнээс хэд хоногийн дараа манайхтай ойролцоо нутаглах Баян-Овоо сумын 2 дугаар багийн иргэн Эрдэнэхуяг ах надаас танай хул алаг азаргатай адуунд байсан охин хүрэн даага яасан бэ гэж надаас асуухаар нь би тэр даагыг Батноров сумын 4 дүгээр багийн иргэн Отгоноо гэдэг залуу минийх гээд аваад явчихсан гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэхуяг ах тэр даага чинь манай даага байсан юм. Би уг дааганд тамга дарах үед хөдлөөд тамгаа дээш нь ташаан толгойных нь доохон талд арагшаадуу гэхээр дарсан байсан юм гэж хэлсэн...уг дааганы тамга бүдэгхэн дарсан хүрээтэй чандмань тамга бололтой байсан. Эрдэнэхуяг ах надад хэлэхдээ хүрэн даагыг маань азарга нь хасаж хөөгөөд танай адуунд нийлчихсэн байхыг би хараад авалгүй байлгаж байсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/
Шүүгдэгч Ж.О.ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт өөрийн алдсан хээр болон хүрэн зүсмийн даагыг хайж явсан ... Алтандаваа манай адуунд нэг хүрэн зүсмийн даага байгаа гэж хэлсэн. Манай адуунд ирээд удаж байна гэж хэлсэн. Би Алтандаваагийн адуун дээр очоод хүрэн зүсмийн даагийг харсан. Би Алтандаваад манай даага мөн байна гэж хэлчихээд яваад өгсөн.. Миний алдсан даага биш юм шиг байсан. Гэхдээ Алтандаваад миний даага мөн гэж хэлчихээд дараа ирж авна гэж хэлээд явсан. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө адуунд явсан.Би Алтандаваагийн адуунаас хүрэн зүсмийн даагыг барьж аваад өөрийнхөө адуунаас 3 тооны адуу бариад нийт 4 тооны адууг нядалж Хэнтий аймагт махыг нь зарж мөнгө болгосон. Алтаандаваагийн адуунаас барьж авсан хүрэн зүсмийн даага зүүн гуян дээрээ хүрээтэй чандмань тамгатай байсан... Би хэд хоногийн дараа Алтандаваатай тааралдаад би танай адуунаас даагаа авчихсан шүү гэж хэлсэн....Би Эрдэнэхуяг ахын даагыг мэдсээр байж Алтандаваад миний даага гэж авчирсан миний буруу. Би Эрдэнэхуягт 1.400.000 төгрөг бэлнээр өгч хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 тал/
Малын үнэлгээ тогтоосон баримт / хх-ийн 21 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний бусдын алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэхуягийн эд хөрөнгөд 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Эрдэнэхуяг нь Ж.О.тай сайн дураараа эвлэрсэн, хохирлоо төлсөн гэсэн тул шүүгдэгч Ж.О.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.О.г бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О.г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ж.О.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О. нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.О.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ