Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/106

 

 

 

    

 

 

 

 

2018 оны 6 сарын 12 өдөр                           2018/ШЦТ/106                               Хэрлэн сум

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0121/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Уламбаяр

Улсын яллагч                                                  Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 П.Амаржаргал,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч            Х.О,                          

Шүүгдэгч                                                       С.Б нарыг оролцуулан

 

   Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурган овогт Сансар-Эрдэнийн Бд холбогдох 1839001140108 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  С.Б нь 2018 оны 03 дугаар сарын 03-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3-21 тоотоос иргэн Б.Уийн ХААН банкны виза картыг ашиглан 507.500 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б 2018 оны 3 дугаар сарын 3-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3-21 тоотод суух иргэн Б.Уийн ХААН банкны данснаас  507.500 төгрөгийг хулгайлсан болох нь:

Хохирогч Б.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 10 цагийн орчим Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Тулга” ахуйн үйлчилгээний дотор байрлах ХААН банкнаас манай нөхөр Ууганбаярын группийн зээлийг 9 сараар зээлээр авсан. ...Тэгээд 02 цаг өнгөрч байхад Сараагийн хүү Сугаржаргал нь манайд ирж надаас Сараагийн хадгалуулсан гар утсыг авья гэж хэлсэн. Тэгээд би Сараагийн авдарт хийж хадгалуулсан гар утсыг нь гаргаж өгөх гэхэд гар утас нь авдар дотор байхгүй байсан. Тэгээд утасны хажууд талд байсан цүнх, цүнхэн дотор нь байсан ХААН банкны виза карт алга болсон байсан. Өглөө нь миний ХААн банкны виза картнаас 500.000 төгрөг АТМ-ээс уншуулж авсан байсан. Мөн 7500 төгрөгний гүйлгээ бас хийгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-16 тал/

 

Гэрч Б.Угийн: “...Манай эх*******ийн виза картанд 1.372.000 төгрөг байсан. Үүнээс 500.000 төгрөг бэлнээр авсан. Мөн 7500 төгрөг дахин уншуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

Гэрч М.Х: “...Би өөрийн найз Дуламжавын хамт “Маргад” зочид буудалд очсон чинь Б паб руу орж 5 том пиво уусан. Б тооцоог нь бүгдийг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

 

С.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...У ахын хар өнгөтэй гар цүнх уначихсан байсан. Тэрийг нээгээд харахад ХААН банкны ногоон өнгөтэй виза карт байсан. Би виза картыг нь аваад өөрийнхөө куртикны энгэрийн халаасанд хийгээд нөгөө цүнхийг нь гэрт барьж ороод нөгөө хүмүүст анзааруулалгүй гэрийн зүүн орны ар талаар шидчихсэн. ...Тэр хоёр тухайн үед намайг авсан гэж сэжиглээгүй байсан. Би тэр хоёроос салаад 8 цаг өнгөрч байх үед Ханбүргэд дэлгүүрийн гадаа байдаг ХААН банкны АТМ дээр очоод тэнд байсан танихгүй эрэгтэй хүнээр тэр картнаас 500.000 төгрөг бэлнээр гаргуулж өөрөө авсан. Дараа нь Сэцэн хааны зоогийн газарт орж хоол идээд 7500 төгрөгийг бас нөгөө картнаас уншуулсан... Би ийм зүйл хийсэндээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй байж чадна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/

 

Б.Уийн 5954130030 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уид 507.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо бүрэн авсан, санал гомдолгүй /хх-ийн 62 тал/ гэсэн байх тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулахыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймаг дахь гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт, хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг шүүдэгчийн эх Х.Од тус тус хариуцуулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Д.ГАНЗОРИГ