Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 21

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00021

                         Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/28 дугаартай Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 153/2017/*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 11 сарын 22-ны А/28 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал гаргасан Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Д. нь...Номын сангийн ээлжит тооллогын явцыг зохион байгуулалтайгаар удаашруулсан, БСШУ-ны яамны мэргэжилтний үүрэг даалгаварыг биелүүлээгүй, номын сангийн орчин нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандартыг ханган ажиллаагүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл учруулсан...гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжпэгч бид хүлээн зөвшөөрөхгүй байна. 2006 оны 07 сарын 3-ны 33 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй гэжээ. Гэтэл 2017 оны 11 сарын 22-ны А/28 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал гаргасан Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Д. нь дээрхи нэр бүхий хүмүүст сахилгын шийтгэл оногдуулахдаа дээрхи зөрчил тус бүрийг тогтоогоогүй, хуулинд заасан үндэслэл журмыг зөрчиж хувийн таарамжгүй харьцаагаа албан тушаалын давуу байдлаа ашиглаж санаатайгаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Ховд аймгийн Нийтийн номын сангийн 2017 оны 01 сарын 18-ны Б/03 дугаартай захирлын тушаалаар Ээлжит тооллого хийх ажлын хэсэгт Тооллогын комиссын даргаар Д.*******, техникийн хяналт нарийн бичгийн даргаар П.Бямбазаяа болон Ц.*******, Б.*******, Д.*******, М.Чимгээ, Л.******* нарыг гишүүдээр томилсон. 2017 оны 10 сарын 17-нд Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлын тайлан гаргаж хугацаандаа 2017 оны номын тооллогын мэдээ гаргасан. 2017 оны 09 сарын 29-нд Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн зөвлөмжийн хариу болгож хувийн хэргийн бүрдүүлэлтийг өгсөн зөвлөмжийн хүрээнд шинэчлэн хийсэн байна. Гэтэл ажлын хэсэгт нэр нь байхгүй хүмүүст сахилгын шийтгэл оногдуулснаас гадна Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Д.гийн тушаалын дагуу ажлаа хийчихсэн байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдууллаа. Ховд аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагааны дотоод журмын 12.2 Ажилтан нь дор дурьдсан үүрэг хүлээнэ, 12.2.2 Үйлчилгээний чанар өгөөжийг дээшлүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажлын цагаар үр бүтээлтэй, идэвхитэй ажилласан гэж үзэж байна.

Иймд 2017 оны 11 сарын 22-ны А/28 дугаартай Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.

Хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Т. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Нийтийн номын сангийн ажилтнуудтай холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан А/28 тоот тушаалыг 2017 оны А/34 тушаалаар хүчингүй болгож, дээрхи тушаалд нэр дурдагдсан ажилтнуудыг сахилгын шийтгэлгүйд тооцсон. Хүчингүй болгох шалтгаан нь Улсын их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолтой холбоотой төрөөс олгож буй 300 мянган төгрөгтэй холбоотой бөгөөд сахилгын шийтгэлтэй хүмүүст олгохыг хориглосон. Соёлын салбарын ажилтнуудын цалин хөлс бусад салбартай харьцуулахад бага байдаг учир ажилтнуудынхаа ар гэрт дэмжлэг болох үүднээс энэхүү тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийт ажилчид тус мөнгийг авсан. Сахилгын шийтгэл нь нэр бүхий ажилтнуудын ажлын норм, стандарттай холбоотой гарсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаал хүчингүй болсон тул шүүхэд хариу тайлбар өгөх эрх зүй үүсэхгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нар нь Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/28 дугаартай Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч нарын хүсэлтээр хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Т. нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/28 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаар Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалаар хүчингүй болгож, Нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. /хх-ийн 43 дугаар хуудас/

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35100 төгрөг, хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/28 дугаартай Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сан нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35100 төгрөг, хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******, В.*******, Ц.*******, Б.*******, Д.*******, Г.*******, Л.******* нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ